Сэхээтэн подкаст: Иранд оюутнууд өдөр шөнөгүй номын санд сууж хичээлээ хийдэг

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон

2019-08-07 09:50 GMT+8

Энэ удаагийн дугаарт Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Тегераны Их Сургуулийн улс төр, хуулийн сургуулийн магистрын түвшний оюутан Алтангэрэл овогтой Анхбаяр оролцлоо. 

Подкастыг Б.Тайван хөтөллөө. Доорх холбоосоор шууд сонсох боломжтой.

-Хэдэн жил Иранд суралцаж байна вэ 

-Би 2016 онд МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийг төгссөн. Тухайн үед Гадаад хэргийн яамнаас Исламын Бүгд Найрамдах Иран улс, Монгол улсын хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд 2-3 оюутныг олон улсын харилцааны чиглэлээр сургана гэсэн зарлал ирж, улсын хэмжээнд бүртгэл явагдсан. Миний бие, найз н.Билгүүний хамт шалгараад 2017 онд Ираныг зорьж байлаа. Хоёр жил өнгөрсөн байна.

Эхлээд Ираны Казвин хотод олон орны гадаад оюутнуудын хамт перс хэлний төвд суралцсан. Анхны төсөөллөөр очоод шууд л магистрийн түвшинд их сургуульдаа орж, англи хэл дээр хичээл үзэх байв. Ираны хуулинд гадаадын бүх оюутнууд үндэсний хэлийг /перс/ төгс сурсан байх шаардлагатай гэж заасан байдаг. Анх хичээлд ороход “Багш бид 2-той мэндлээд дахиж англиар ярихгүй шүү, гадаад ямар нэгэн хэлээр ангид ярихгүй” гэж сануулсан. Анхны хичээл перс хэл дээр орж байлаа.

-Яагаад Иран улсад суралцахаар болсон бэ?

-Иранд суралцах нь миний амьдралдаа гаргасан чухал шийдвэрүүдийн нэг байсан гэж боддог. Их сургуулиа төгсөөд ”MCS” групп болон хувийн старт-ап компанид ажиллаж үзсэн. Магистр суралцана гэсэн шийдвэр гаргаад Япон, АНУ-ын их дээд сургуулиудад өргөдлөө явуулж байх үед Иранд сурах боломж гарч ирсэн. Иран гэхээр хамгийн эхэнд террорист гэдэг үг бодогдож байлаа. Тэнд бөмбөг дэлбэрдэг, аюултай орон гэсэн мэдээлэл олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гардаг.

Энэ шийдвэрийг гаргахад манай өвөө их нөлөөлсөн. АНУ, Европт Монголын олон мундаг залуучууд суралцаж байна. Иранд анх удаа Монгол оюутан суралцана гэдэг манай улсын хувьд том алхам. Чамд хэр баргийн хүнд олдохооргүй бүхэл бүтэн Ислам, Ойрхи Дорнодын ертөнцийг нээх боломж олдож байна гэж хэлсэн. Хэцүү байсан ч  өвөөгийнхөө үгийг сонсоод зоригтойгоор сурахаар явсан.

-Иранд очсон анхны сэтгэгдэл?

Анх перс хэлийг сурч чадахгүй юм байна гэж боддог байлаа.

-Эхний гурван сар хичээлээ ойлгодоггүй байсан. Ираны нийгмийн ёс зүй, дэг журмыг мэддэггүй, хэлийг нь ойлгодоггүй, өөр ертөнц байсан болохоор сэтгэл санаагаар унаж байсан. Анх перс хэлийг сурч чадахгүй юм байна гэж боддог байлаа.

Гурван сарын турш манай найз бид хоёр шантарсан, уйлсан. Иранд нэгэнт очсон бол чи гарч болохгүй, гарах зөвшөөрлөө авах ёстой. Сурахаас өөр арга үгүй. Ирсэн бол уйлаад ч болов сур гэсэн тийм итгэл үнэмшилтэй байсан.

-Дээр хэлсэнчлэн та 2-оос өмнө Иранд өөр Монгол оюутан суралцаж байгаагүй гэсэн үг үү?

-Хоёр улсын засгийн газрын хоорондын хэлэлцээрийн хүрээнд албан ёсоор боловсрол эзэмшиж байгаа анхны хоёр оюутан болсон. Бусад Монгол оюутнуудад замыг нь нээж өгч байгаа гэсэн үг. Хэлний бэлтгэл нь хатуу дэг журамтай. Иранчууд шалгалтыг хоёрын хооронд бус асар чанга авдаг. Үнэхээр мэдлэгийг шалгадаг. Хэлний бэлтгэлдээ улираад хоёр гурван жил сууж байгаа гадаад оюутнууд олон байдаг.

Перс хэлийг сурч байхад анхан болон ахисан түвшний хоёр шалгалт авдаг. Ахисан түвшинд их сургуульд орох суурь нийгмийн ухааны хичээлүүдийг шууд зааж, хүнд түвшинд шилждэг. Усанд сэлж сурахын тулд ус руу шууд үсэр гэсэн үг байдаг. Түүнтэй л адил. Сэлж чадахгүй байсан ч хамаагүй чи амьд гарахын тулд тэмцэж эхэлнэ. Сэтгэлээр унаж, өөрийн гаргасан шийдвэртээ эргэлзэх үе байсан. Гол нь сонголт байгаагүй. Иранчууд чи давж чадахгүй бол давах хүртлээ явах хэрэгтэй гэх үзэлтэй.

-Сургуулиа хаяад ирэх боломж нээлттэй байсан уу?

-Боломж нээлттэй байсан ч даваад туулаад гарсан. Перс хэлний онооноос шалтгаалаад Ираны Боловсролын яам оюутнуудыг их сургуульд нь хуваарилдаг. Миний хувьд 20-оос 18.25 оноо авсан. Бухимдалтай нэг жилийг өнгөрүүлээд Ираныг нулимстай үдэж байлаа. Буцаж ирэхэд хэлний оноог зарлаад Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Тегераны их сургуульд магистрийн түвшинд суралцаж эхэлсэн.

Чи Иранд сурч байгаа болохоор манай хэлээр 100 хувь ярьж, бичдэг байх хэрэгтэй гэж шаарддаг.

Гадаад оюутнуудад зориулсан дэлхий судлалын их сургууль гэж байдаг. Хичээл нь англи хэл дээр явагддаг юм. Харин манай сургуулийн хувьд бараг гадаад оюутан байдаггүй. Хичээлүүд мэргэжлийн түвшинд бүгд перс хэл дээр явагдана. Багш нар маш өндөр шаарлага тавьдаг. Чи Исламын Бүгд Найрамдах Иран улсад сурч байгаа болохоор манай хэлээр 100 хувь ярьж, бичдэг байх хэрэгтэй гэж шаарддаг.

Үүнээс гадна магистрийн түвшний оюутан болохоор олон улсын харилцааны суурь мэдлэгтэй байх ёстой. Багш нар ярилцлага хийх замаар мэдлэгийг чинь шалгаад явна. Монголын хувьд манай найз бид 2 персээр хамгийн сайн ярьж чадна гэж ам бардам хэлнэ. Одоо нэг жилийн дараа их сургуулиа төгсөнө. 

-Перс хэлийг хамгийн сайн эзэмшсэн Монгол хүмүүс гэж ойлгож болохоор байна. Хоёр жилийн уйгагүй хичээл зүтгэлийн үр дүнд перс хэлийг сурж чаджээ. Хүнд хэцүү үеүүдийг яаж давж туулсан бэ?     

-Шийдвэр гаргаад эх орноо төлөөлөөд анх удаа Иранд очсон болохоор сонголтдоо бат зогссон. Монгол гэдэг нэр надтай хамт явж байгаа шүү дээ. Иранчууд нэгэн цагт Монголын эзэнт гүрний эрхшээлд явж байсан түүхтэй. Монгол хүн энд ирээд сүүлээ хавчаад зугтаж байгаагүй гэж бодсон. Сонголт байсан ч шүдээ зуугаад даваад гарсан.  

Хоёрт хүн аливаа нэг шийдвэр гаргасан бол түүнийхээ төлөө тэмцэх хэрэгтэй. Хэлсэн үг, гаргасан шийдвэртээ эзэн болоод эцсийг нь үзье гэж бодсон. Асар их сэтгэлээр унана л даа. Хүн яг амь тулсан үед, шаардлага байгаа тохиолдолд сурдаг юм байна лээ. Чи өнөөдөр англиар биш персээр унших хэрэгтэй бол уншаад л сурчих. Ингэж өөрийгөө хурцалж ирсэн. Хэл сурах чин хүсэл эрмэлзэл, шаардлага байвал асуудалгүй сурчихна. Гурван сар юу ч ойлгохгүй байсан би өнөөдөр перс хэл сурчихсан л байна. Иранчууд “Хэлээ сурчих, тэгээд визээ ав. Эх орондоо тавтай морил” гэдэг байсан.

-Бид нарын төсөөлдөг Иран улс чиний очоод амьдарсан Иран улсын ялгаа юу вэ? Ираныг товчхон тодорхойлж өгөхгүй юу?

-Би анх явахдаа Иранд бөмбөг дэлбэрдэг, буудалцдаг, террорист халдлага гардаг, хүнийг цаазалдаг, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэгш эрхийг хангадаггүй орон гэж бодсон. Очсоны дараа бодол маань өөрчлөгдсөн. Иран 7000 жилийн түүхтэй соёл иргэншилтэй, 85 сая хүн амтай, дэлхийн газар нутгийн хэмжээгээрээ 17-дахь том улс. Дэлхийн газрын зургийг хавтгай тавиад харвал Иран дэлхийн зүрхэнд оршдог. Байгалийн баялаг нь дэлхийн нийт нөөцийн аравны нэгийг эзэмшдэг. Машин, метро, хувцас гээд бүх бүтээгдэхүүнээ 100 хувь өөрийн улс орондоо үйлдвэрлэдэг.

Иранчууд гүн агуулгатай, эерэг үгсийг ихээр ашигладаг.

Иранчууд харилцааны өндөр соёлтой ард түмэн. Хэрэглэж байгаа үгнүүдийг нь нарийн харвал гүн агуулгатай, эерэг үгсийг ихээр ашигладаг. Перс хэл хүний мэдрэмжийг хамгийн сайн илэрхийлж чаддаг. Мөн Иранд залуучууд маш олон ур чадварыг эзэмшихээс гадна хичээлийг тултал нь хийдэг.     

Монголчууд өөрсдийгөө ардчилсан, хүний эрхийг дээдэлдэг улс гэж тодорхойлдог ч 100 хувь барууны эх сурвалжаас мэдээлэл авдаг. Ойрх Дорнодын эх сурвалжийн мэдээлэл барууныхнаас асар их ялгаатай. Иранчуудын харах өнцөг, бид нарын харах өнцөг хоорондоо өөр. Ямар эх сурвалжаас мэдээ уншиж байгаадаа анхаарах хэрэгтэй. Барууны мэдээллийн эх сурвалж алдаатай ч байж мэднэ.

-Иран залуучуудаас бид юуг суралцах хэрэгтэй вэ? Тэдний сул тал юу вэ? Бид олон улсын залуучуудтай өрсөлдөх хэмжээний мэдлэгтэй, ур чадвартай байх хэрэгтэй шүү дээ.

-Олон зүйлүүд бий. Нэгт Иранчууд өндөр харилцааны соёлтой ард түмэн. Тэд хүмүүстэй яг жинхэнэ утгаараа илэн далангүй, чин сэтгэлээсээ харилцдаг. Хэрэглэж байгаа үгээрээ дамжуулаад тухайн хүнийг хүндэлж байгаагаа илэрхийлж, бүрэн дүүрэн мэдээлэл өгдөг. 

Хоёрт Иран, Араб залуучууд маш их тэвчээртэй. Би өөрийгөө хичээл хийдэг төрлийн хүн гэж боддог байлаа. Очоод хэн ч биш болсон. Иранд оюутнууд өдөр шөнөгүй номын санд сууж, хичээлээ хийдэг. Би хичээлийн дараа дөрвөн цаг номын санд суухад л тэвчээр алдагдаж эхэлдэг. Гэтэл тэр залуучууд анхаарлаа 100 хувь төвлөрүүлээд, хичээлдээ шимтээд, чин сэтгэлээсээ юм суръя гэсэн хүсэл эрмэлзэлтэйгээр номын санд суудаг. Хамгийн гол нь сурсан зүйлээ ашигладаг.

Оюутнууд өдөр шөнөгүй номын санд сууж, хичээлээ хийдэг.

Гуравт Иранчуудын амьдралын хэв маяг онцлогтой. Исламын шашинд магтах зүйл байна, сул талууд ч байна. Гэхдээ архийг нийгэмд хориглодог. Архийг хориглоод нийгмийн асар олон асуудлыг багцлаад шийдсэн юм шиг санагдсан. Оронд нь залуучууд спортоор хичээллэж, өөрийгөө хөгжүүлдэг.

Мөн Иран гэр бүл хүүхдүүдийнхээ зөвхөн сурах биш бусад ур чадваруудад анхаарч, хүүхдийг бүр багаас нь бэлтгэдэг. Гэхдээ залуучууд өөрсдийгөө эрх чөлөөт нийгэмд амьдрахгүй байна гэж боддог. Хүсэж байгаа бүх зүйлээ хиймээр байна гэж ярьдаг. Миний хувьд зөв нийгэм юм шиг л санагддаг. Гэхдээ энэ нийгэмд амьдарч байгаа залуучууд үнэт зүйлээ мэдэхгүй байгаа юм шиг санагддаг. Энэ бол сул тал.

-Сургуулиа төгсөөд хамгийн эхэнд юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Нэгдүгээрт гадаад харилцааны салбарт ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй байна. Нэг талаараа үүрэг хүлээж байгаа. Мөн Иран судлалыг Монголд хөгжих ёстой гэж хувьдаа бодож байна. Нэгэн цагт агуу түүх, соёл иргэншлийн өлгий болсон энэ нутагт манай өвөг дээдэс 13-14-р зуунд Ил хаант улсыг байгуулж байлаа. Бид түүхээ муу мэддэг юм байна.

Ил хаант улсын үед Монгол хааны зарлигаар анх удаа дэлхийн түүхэнд кампус сургуулийн суурийг тавьж байсан юм байна. Анхны сансар судлалын төвийг цогцоор нь Ираны Тебриз хотод бүтээх санаачилгыг гаргаад манай хаадын тушаалаар барьж байж. Тухайн үед Монгол хаан зарлиг өгөөд дэлхийн түүхийн номыг бичүүлж байж гээд яривал их зүйл бий.

Монголчууд түүхээ илүү их уншмаар санагдсан. Би тэнд Ирак, Араб, Сири гээд Ойрх Дорнодын орнуудын залуучуудтай хамт суралцаж байна. Тэд түүхээ маш сайн мэддэг. Түүх бол өөрсдийгөө таньж мэдэх асар том сургамж. Монгол хүн гэж хэн юм? гэж асуухад хариулж чадах хүн цөөн. Харин хамт сурч байгаа залуучууд энэ асуултад ам бардам хариулдаг.

 Бид түүхээ муу мэддэг.

- Иран улс техник технологийн хувьд хэр түвшинд хөгжиж байна вэ?

-Америк, Европын түвшинд хараахан хүрээгүй. Дэлхийн хөгжлөөс түрүүлж явдаггүй юм аа гэхэд хамт алхаад явж байгаа. Ази тивдээ технологийн хөгжлөөрөө дээгүүр орно гэж бодож байна.

- Гадаадын залуучуудаас ялгагдах Монгол хүний сэтгэлгээ ямар байна?  

Монгол хүн юм сурахдаа хурдан, сэтгэн бодох, дасан зохицох чадвар нь маш сайн санагдсан. Монгол хүн ялгагддаг юм байна лээ. Хамгийн харамсалтай нь бид нэг асуултад байнга унадаг. Монгол хүнийг тодорхойлооч гэхэд өөрсдийгөө мэддэггүй, түүхээ мэддэггүй.  Монголд мундаг, авьяаслаг, ур чадвартай залуучууд олон байдаг ч нэг зүйлийг анхаараасай гэж үе тэнгийнхээ залуучуудаас хүсмээр байна. Бид хэн байсан бэ, хаанаас гаралтай вэ гэдгээ заавал мэддэг байх хэрэгтэй.  

-Ярилцсанд баярлалаа.

 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 453 санал өгсөн байна.

Дээшээ