Х.Отгоо: Өөрийнхөө амьдралаар дуу хийнэ гэвэл өрөөсгөл шүү

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Зууны мэдээ

2019-08-09 12:37 GMT+8

“Альтернатив Отгоо” нэрээрээ олонд танигдсан дуучин Х.Отгончимэг анхны бие даасан пянзны баяраа энэ сарын 17-нд “Vinyl lounge”-д хийх гэж байна. Энэ нь рок поп урлагийн эмэгтэй уран бүтээлчдийн хамгийн анхны бие даасан пянз болж байгаараа онцлогтой. Түүнийг “Өөр зочин” буландаа урьж ярилцлаа.

-Анхны бие даасан пянзны баяраа хийх гэж буйд нь баяр хүргэе. Олон хүний хүч хөдөлмөрөөр энэ пянз бүтсэн болов уу. Энэ талаар яриагаа эхэлье?
-“Зууны мэдээ” сонины байнгын уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе.Уран бүтээлийн дөрөв дэх альбом маань пянз хэлбэрээр гарч байна. Бидний ээж аавын үеэс хүмүүс пянзыг сонирхдог, сонсдог байсан. Манай гэрт байсан орос пянзыг тавиад ээж аав Итали дуу сонсоод, бүжиглэж байсныг тод санадаг.

Уран бүтээлээ пянзаар үлдээх, өөрийнхөө дуунуудыг пянзаар сонсох  дуучин хүний хувьд их дурсамжтай зүйл байдаг.

Жилийн өмнө “The Colors”, “The Lemons” хамтлаг зэрэг пянзаа гаргасан. Тэрийг хараад орчин үед гадаад дотоодын уран бүтээлчид пянз гаргадаг болжээ гэж бодсон. Гэтэл “Лемонс” хамтлагийнхнаас “Отгоо чи пянзаа гаргавал яаж байна” гэсэн санал ирсэн. Уран бүтээлээ пянзаар үлдээх, өөрийнхөө дуунуудыг пянзаар сонсох  дуучин хүний хувьд их дурсамжтай зүйл байдаг. Хүүхдүүд минь дараа нь сонсоосой гэж хүссэндээ пянзаа гаргая гэж шийдээд хоёрдугаар сараас хойш ажилласан пянз одоо миний гар дээр бэлэн болсон байгааг хараад  би үнэхээр их жаргалтай байна.

-Орчин үеийн хэв маягтай шинэ дуунууд багтсан гэж сонслоо?
-Энэ пянз аналоги дуугаралттай 40 минут үргэлжилнэ. А,Б тал дээрээ дөрөв, дөрөв нийт  найман дуутай. Пянзанд багтсан “Гүзээлзгэний амьдрал” дууны үгийг яруу найрагч Б.Эрдэнэсолонго, “Хөөсөн бөмбөлөг” дууны аяыг “A Sound” хамтлагийн басс гитарчин Мөнхболд найз маань зохиосон. Бусад нь үг, аяыг өөрөө зохиосон дуунууд багтсан байгаа. Пянзны дууны продюсерээр Лемонс хамтлагийн басс гитарчин Анар, бөмбөрчин Өөжгий ажилласан. Өөрийнхөө дотоод амьдралыг дүрсэлвэл тохирох юм болов уу гэж “Гүзээлзгэний амьдрал” дууг сонгож  сонсогчдодоо хүргээд байна.

-Урлагийн амьдралд хөл тавьснаас хэдэн жилийн дараа пянзны баяраа хийх гэж байна.  Анх урлагт хөл тавьсан үеэ дурсвал?
-1997 оны үед дуучин Ариунаа эгчийн шавь болоод гамм уншдаг байлаа. Ариунаа эгчийн төрсөн өдрийн тоглолтод нь анх удаа тайзан дээр гарч өөрийн зохиосон “Би ч үгүй”дуугаа дуулсан. Бараг анхны тоглолт нь байсан байх. Халимаг үстэй, ногоон гитар барьсан, би өөрийгөө альтернатив дуучин болно гэж боддог гэж их ярьдаг охин байсан. Дараа жил нь СУИС-д орсон. Сургуулиа төгссөнийхөө дараа анхны цомгоо “Маргааш надад ирнэ” нэртэйгээр 2005 онд гаргахад “Нисванис” хамтлагийн ах нар хүндтэй үүрэг гүйцэтгэсэн.

Дараа нь 2007 онд “Tentones”   цомгоо гаргахад  гитарчин Буянаа, бөмбөрчин Золоо, басс гитарчин Цогоо ах гурав хөгжим дээр нь ажилласан. Энэ цомгийн онцлог нь дандаа миний зохиосон дуунууд багтсан юм. 2008 онд хийсэн анхны бие даасан тоглолт хоёр хоногийн турш аз жаргалтай, дурсамж дүүрэн болсон доо.

-Хамгийн анх 1996 онд “Би ч үгүй” гэдэг дуугаа зохиож байсан гэсэн. Анхны бүхэн хүний сэтгэлд хадаастай байдаг. Энэ дууг зохиох санаа хэрхэн төрсөн юм бол?
-“Би ч үгүй” дууг амьд хөгжим сонсч байх үедээ зохиосон. “Тэнгэр цэлмэхгүй мэт бүрхэг байна, тэндээс салхи над руу үлээж байна. Наран мандахгүй мэт жаргаж байна, надаас гуниг салахгүй мэт дагаж байна” гэсэн үгтэй болохоор гунигтай  үедээ бичсэн байх. Найз залуу нь орхиод явчихсан юм шиг өнгө аястай. Энэ дууг сонсоод намайг олон удаа дурласан гэж бодож магадгүй. Гэхдээ амьдралд тохиолдсон зүйлээс сэдэвлээгүй.

Надад хэн нэгэн таалагдаад гэтэл би түүнд таалагдахгүй бол тэр хүнтэй нэг их юм ярих хэрэггүй гэсэн бодолтой явдаг.

Тухайн үедээ ийм утгатай дуу хийвэл гоё юм байна гэж бодоод хийсэн. Би эмэгтэй хүн гэдэг утгаараа хүнд түрүүлж сэтгэлээ нээх нээлттэй хүн биш. Бага байхдаа таньдаг хүмүүстэйгээ нээлттэй ярьдаг танихгүй хүмүүстэй уулзахаараа биеэ барьчихдаг  байсан.  Гэхдээ тэр залуу нь яваад өгсөн ч “Чи надаар дутахгүй бол би ч бас үгүй” гэснээ хоёрдугаар бадаг нь “бүрхээд байсан тэнгэр цэлмээд байна” гэсэн утгатай. Тэр нь дээр миний үзэл бодол гарч ирнэ. Надад хэн нэгэн таалагдаад гэтэл би түүнд таалагдахгүй бол тэр хүнтэй нэг их юм ярих хэрэггүй гэсэн бодолтой явдаг.

-Хэн нэгэнд зориулж дуу гаргаж байсан уу?
-Жаахан байхдаа ээж аавдаа зориулж дуу зохиож байлаа.Хүнд зориулаагүй уран бүтээл гэж байхгүй. Дан ганц амьдралд тохиолдсон зүйл бас биш. Эмэгтэй хүний дотоод ертөнцийг өөрийнхөө талаас харуулж байгаа нэг өнгө нь юм л даа. Зөвхөн өөрийнхөө амьдралаар дуу хийгээд байна гэж бодох нь бас өрөөсгөл зүйл. Намайг тойрсон найз нөхдөд баяр, гунигтай янз янзын зүйл тохиолдож байгаа. Тэрийг дуундаа оруулахыг хичээдэг . Тэр хүний оронд өөрийгөө байгаагаар төсөөлж дуу хийвэл сайхан санагддаг. Энэ пянзанд нөхөртөө зориулж хийсэн дуу орсон.

-“Tentones” бие даасан хоёр дахь цомгийнхоо  бүх дууны үг, аяыг өөрөө зохиосон. Дууныхаа үг, аяыг өөрөө зохионо гэдэг дуучнаас  өндөр ур чадвар шаарддаг байх?
-Хоёрдугаар ангид байхдаа дуу хөгжмийн хичээл дээр  анхныхаа шүлгийг зохиож байсан. Гэрээ цэвэрлэж байх үедээ жимсний тухай, аав ээжийн тухай гээд тухайн үед санаанд орж ирсэн зүйлийнхээ тухай дуу  зохиогоод дуулчихна. Аав, ээж урлагийн хүмүүс биш боловч өвөө эмээгийн талд авьяаслаг удам байдаг юм билээ. 

Үүнд би их баярладаг.  Энэ  л намайг хөглөөд урлагийн зам руу оруулаад дуу зохиох сэдэл төрүүлсэн юм болов уу гэж боддог юм. Тэрнээс  хоёрдугаар ангийн хүүхдэд хэн ч  чи дуу зохио гэж зааж, хэлж өгөхгүй. Ганцаараа, уйтгартай байх үедээ дуу дагаж эсвэл өөрөө зохиож дуулдаг хүүхэд байсан.Хүн ихэвчлэн гунигтай, ганцаардсан үедээ дуу зохиодог болов уу гэж би боддог. Тийм үед амьдралыг олон талаас нь өөр өнцгөөс хардаг.

-Хэзээ гитар тоглож сурсан юм бэ?
-Манай гэрт хуучны шар банзан гитар байдаг байсан. Эвдрэхээр нь аав ээж хоёр шинийг аваад өгнө. Мөн байрны ах эгч нар манай гитарыг аваад дуулж байсныг харж өссөн болохоор энэ зам руу орсон байх.

“Cardenas”, “Cranberries” гэсэн гитартай, эмэгтэй рок хамтлагуудын дуунуудыг сонсдог байлаа. Тэднийг хараад дуучин гэхээрээ ганган хувцас өмсөөд нүүрээ гоё будах албагүй, зүгээр өөрийнхөөрөө дуулах ёстой юм байна гэдгийг ойлгосон.

Тэдний гитар тоглож байхыг хараад энэ дээр нь ингэж дардаг юм байна гэдгийг нь цээжлээд тэрийгээ гэртээ ах эгч нартаа шалгуулж байгаад гитар тоглож сурсан санагддаг. “Эмээ, өвөө, бясаа гурав”-ыг анх гитараар тоглож сурсан. Тавдугаар ангид байсан болов уу. Ахлах ангид байхдаа “M tv” сувгаас “Cardenas”, “Cranberries” гэсэн гитартай, эмэгтэй рок хамтлагуудын дуунуудыг сонсдог байлаа. Тэднийг хараад дуучин гэхээрээ ганган хувцас өмсөөд нүүрээ гоё будах албагүй, зүгээр өөрийнхөөрөө дуулах ёстой юм байна гэдгийг ойлгосон.

-Таны хувьд уран бүтээлээ хэсэг хугацаанд завсарласан. Энэ хугацаанд юу хийв.“Алдарт эх”-ийн одон авсан учир ээжийн үүргээ гүйцэтгэж суув уу?
-Анхны тоглолтоо хийсний дараагаар гэр бүлийн амьдрал зохиож анхны хүүхдээ төрүүлээд нэг мэдсэн арваад жил өнгөрчээ. Хүүхдээ төрүүлчихээд завсраар нь уран бүтээлээ хийж, “Chill out”цомгоо таван жилийн өмнө гаргасан. Тэгэхээр зүгээр суусан гэж хэлж болохгүй байх. Харин гэр бүлдээ ихэнх цагаа зориулж уран бүтээлээ түгээх, хүмүүст хүргэх тал дээр анхаарах нь багассан болов уу.

-Ямар зан чанартай хүмүүс таалагддаг вэ?
-Хүн ер нь өөрийнхөөрөө, ямар нэгэн юманд баригдмал бус, хэнтэй ч яриа өрнүүлж, ямар ч хүнийг ойлгож чаддаг байвал сайхан санагддаг. Үгээ хэлж чадахгүй биш зоригтой хүмүүс таалагддаг. Бас даруухан хүмүүст дуртай. Тэдэнтэй ярьж суухад амар, дотроо маш гоё үзэл бодолтой байдаг. Гэхдээ  рок сонсдог, шивээстэй боловч сонсдог хөгжим нь таалагддаг өөрийн гэсэн үзэл бодолтой найзууд олон бий. Хүнийг гаднаас нь дүгнэх буруу гэж боддог.

-Энэ зуныг хэрхэн өнгөрүүлж байна. Саяхан“Хонхон дуун” фестивальд оролцоод ирсэн үү?
-Урлагтаа эргээд орсон болохоор арга хэмжээнүүд оролцоод явж байна. “Хонхон дуун” наадамд Монголын урлагт тодорхой хэмжээний байр суурь эзэлсэн уран бүтээлчид оролцоод ирлээ. Амьд хөгжмийн “Rec On”, “The Colors”, “The Lemons”, “А Sound”,”Nisvanis”  хамтлаг, хип хоп  чиглэлээс реппер Gee,Desant хоёр оролцсон. Өвөр Монголын ахан дүүс ар Монголын дуучдыг гоёор хүлээж авдаг юм байна гэдгийг мэдэрсэн хоёр өдрийн том тоглолт болсон.

-Хөгжмийн жижиг зэмсгүүд цуглуулдаг гэсэн. Ямар ямар цуглуулгатай вэ?
-Аман хуур, шигшрэг, цохивор хөгжим, гитар тоглоход хэрэглэдэг метал хуруувч гэсэн хөнгөн, овор багатай жижигхэн зүйл цуглуулдаг. Цуглуулсан зэмсгүүдийг хүүхдүүд барьж гүйгээд зарим нь олдохоо больсон доо.

-Дуучин байх хэцүү санагдаж байсан үе таньд байсан уу?
-Урлагт дөнгөж хөл тавьсан залуу байхад шантрах үе байсан. Намайг олон хүн ойлгохгүй мэт бодож, юу хийгээд яваад байгаадаа эргэлзэж, гутарч байсан үе бий. Гэхдээ урам хугарсан сэтгэл гонсгор үед гоё дуу сонсохоор тэр нь намайг өдөөгөөд дотоод хүнийг минь сэрээчихдэг юм. Сүүлийн үед хааяа тайван, хааяа дуугаа дуулаад явж байгаа нь сайхан санагдаж байна.

-Пянз гаргасны дараах төлөвлөсөн ажил юу байгаа вэ?
-Намар том тоглолт хийх юмсан гэж бодож байна. Бас  “Гүзээлзгэний амьдрал” шиг бусад дуунуудаа хүмүүст түгээнэ.Тоглолт хийсний дараа дахиад нэг мөрөөдөл гарч ирэх байх. Тэрийгээ биелүүлэхийн төлөө хичээнэ дээ.Мөн уран бүтээл гэж явж байгаад хүүхдүүдээ орхигдуулахгүй юм сан гэж бодож байгаа.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 310 санал өгсөн байна.

Дээшээ