2019.08.09: Өнөөдөр болсон ОНЦЛОХ таван үйл явдал

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2019-08-09 17:46 GMT+8

Өнөөдөр болсон онцлох таван үйл явдлыг тоймлон хүргэж байна. 

-"Тост, Тосон бумба" үндэсний хэлэлцүүлэг Төрийн ордон дахь “Иргэний танхим”-д боллоо. 2014 онд УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Эрдэнэчимэг нар Тост, Тосон бумбын нуруунд очиж, нутгийн иргэдтэй уулзаж, газар дээр нь ажиллаад ирсний дараа  Тост, Тосон бумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлжээ. Төсөлд 896527.44 га газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар тусгасан ба төсөл 2016 оны 4-р сард батлагдаж, тус газрыг  Улсын тусгай хамгаалалтад авсан байна.


Харин хилийн заагийг тогтоож чадалгүй УИХ-ын 2016 оны сонгууль болсон. Дараагийн Засгийн газар гарсны дараа Тост, Тосон бумбын нуруунд улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийг тогтоохдоо төсөл дээрх талбайнаас 150 мянган га газрыг хасаад, тогтоол гарсан. Гадна үлдсэн талбайд “Сауд Гоби коэл транс” ХХК-ийн талбай үлдэж, одоо үйл ажиллагаа явуулж байгаа юм. Энэ тогтоол Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд, Д.Оюунхорол БОАЖ-ын сайд байх үед гарсан гэж хэлэлцүүлгийн үеэр ярив.

-Наймдугаар сарын 5-6-нд Улаанбаатар хотод усархаг бороо орсноос үүдсэн зам талбайн эвдрэлд үзлэг шалгалт хийж, гарсан хохирлыг судалж байна. Хамгийн анхаарал татсан хэсэг бол Яармагийн замд ус их хэмжээгээр хуримтлагдсан. Хоёр ААН-ийн буруутай үйл ажиллагаанаас ийм байдал үүслээ.

Улаанбаатар хотын Засаг дарга газар дээр нь ажиллаж, ААН-үүдийн үйл ажиллагааг түр зогсоосон. Өмнө нь их хэмжээний бороо орж байсан ч энэ замд ус  хуримтлагдаж байгаагүй. Талст ширээт компани Богд уулаас унадаг усны сувгийг хааж барилга барьснаас Наадамчдын зам усанд автсан гэж Нийслэлийн авто замын газрын дэд дарга Индра мэдээллээ. 

-УИХ-ын гишүүн,  БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг тэргүүтэй төлөөлөгчид энэ долоо хоногт Япон Улсад ажлын айлчлал хийж, салбарыг хөгжүүлэх олон асуудлаар чухал уулзалтуудыг хийжээ. Тэрбээр, Токиогийн Олимп, Паралимпын асуудал эрхэлсэн сайд Шүничи Сузукитэй уулзсан байна.

Уулзалтын үеэр, Элчин сайдын яамнаас Монголын үндэсний олимпийн хороо, Монголын Паралимпын хороо, Биеийн тамир, спортын газартай хамтран хэрэгжүүлж буй Японы хотуудын "Хост таун" хөтөлбөр, олимпийн наадамд оролцох Монголын тамирчид, Олимпын үеэр Токиод Монголын талаас нээж ажиллуулахаар төлөвлөж байгаа "Монгол хауз" соёлын сурталчилгааны төсөл,  олимпийн нээлт, хаалтын аль нэг тоглолтод Монголын уран бүтээлчдээс оролцуулах зэрэг асуудлаар санал солилцсон байна.

-2019 он гарсаар  улсын хэмжээнд 17 аймгийн 43 сум, нийслэлийн 9 дүүрэгт усны ослын нийт 79 тохиолдол бүртгэгдэж, 67 иргэн амь насаа алдсан байна. Үүний 58 нь том хүн, 9 нь хүүхэд байгаа юм.

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна гэж ОБЕГ-аас мэдээллээ

-ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг Олон улсын цэргийн наадам энэ жил 10 улсын нутаг дэвсгэрт 38 төрлөөр наймдугаар сарын 3-10-ны өдрүүдэд болж байгаа юм. Монгол Улс энэ жил анх удаагаа зохион байгуулагч улсын статустайгаар “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг зохион байгууллаа.

Уралдаанд оролцогчоор Монгол Улс, ОХУ, Бүгд Найрамдах Казакстан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, АНУ, БНХАУ, Бүгд Найрамдах Зимбабве Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс ажиглагчаар оролцжээ. 

Нэгдсэн дүнгээр тэмцээнийг ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн Биеийн тамир, спортын тасгийн мэргэжилтэн, дэд хурандаа Ч.Мөнхтүшиг дасгалжуулагчтай Зэвсэгт хүчний 120, 232, 256, 330 дугаар ангийн шилдэг офицер, ахлагчдаас бүрдсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тэргүүллээ. 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 310 санал өгсөн байна.

Дээшээ