“Халх голын ялалтын 80 жил” үзэсгэлэнг дэлгэнэ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2019-08-10 13:53 GMT+8

“Халх голын ялалтын 80 жил” үзэсгэлэнгийн нээлт наймдугаар сарын 12-нд Монголын үндэсний музейд болно. Халхголын ялалтын түүхт ойг тохиолдуулан Монголын Үндэсний музей, ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах улсын Үндэсний музейтэй хамтран дэлгэх гэж буй энэ тусгай үзэсгэлэнг наймдугаар сарын 25-ныг хүртэл олон нийтэд толилуулна.

Монгол Улсын  Засгийн газрын 2018 оны долоодугаар сарын 4-ний өдрийн 210 дугаар тогтоолоор “...Ахмад дайчдын гавьяа, зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх, Оросын Холбооны Улстай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилгоор” Халхын голын 1939 оны байлдааны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх гэж буй юм.

Үзэсгэлэнд Монголын Үндэсний музейн сан хөмрөгөөс 80 биет үзмэрийг дэлгэн тавина. Тухайлбал, Маршал Х.Чойбалсангийн цэргийн дүрэмт хувцас, буу, Монгол Улсын баатар Л.Дандарын сэлэм, Монгол Улсын баатар Д.Нянтайсүрэнгийн буу, Ч.Дугаржавын хэрэглэж байсан богц, Халх голын байлдааны хуягт бригадын комиссар Г.Лувсангийн одон медаль, Халх голын байлдаанд оролцсон ахмад дайчдын байлдаанд хэрэглэж явсан зарим эд өлөг, буу зэвсгийн зүйл, түүхэн гэрэл зургийг үзэсгэлэнд байрлуулах аж.

Харин Буриадын Үндэсний музейгээс Халх голын ялалтын ойн баярын үеэр дайчдад гардуулсан баярын бичиг, гэрэл зураг, диплом, дурсгалын медалиуд, баримт бичгүүд зэрэг сонирхолтой материалуудыг үзүүлэх юм байна.

Мөн Буриадын Бүгд Найрамдах улсын Улсын архивын баримт бичгүүд, Халх гол орчимд Японы цэргүүдийг бүр мөсөн устгах зорилгоор анги нэгтгэлүүдийг шийдвэрлэх довтолгоонд шилжүүлэх тухай Армийн 1-р бүлгийн командлагч Г.К.Жуковын 1939 оны наймдугаар сарын 17-ны №0068 дайны тушаал, сонины хайчилбар, байлдагчдын дурсамж гэх мэт сонирхолтой баримтуудыг дэлгэхээр төлөвлөжээ.

“...1935 оноос эхэлсэн Монгол, Манж-Го-гийн хооронд хилийн будлиан тасралтгүй үргэлжилсээр 1939 оны тавдугаар сар болоход Японы цэргийн командлал Халхын голын орчим нутагт цэргээ төвлөрүүлж эхэлжээ. Тавдугаар сарын 11, 12-нд болсон хилийн тулгаралтын дараагаар  Дунд овооны баруун талд байрлаж байсан БНМАУ-ын хилийн 7 дугаар заставыг Японы нисэх онгоц 5 дугаар сарын 15-нд бөмбөгдөв. 5 дугаар сарын 28-ны үүрээр Японы 40 орчим онгоц манай цэргийн байршлыг бөмбөгдөн, давшилтад орсноор  Халх голын бүс нутаг дахь байлдагч талуудын  цэргийн  ажиллагаа эхэлсэн” хэмээн тэмдэглэгджээ.

“...Халхын голын дайны явцад байлдааны бүх төрлийг хамарсан нийт 101 томоохон тулаан болж, нийтдээ 74522 хүний хохирол учирснаас 28246 нь амь үрэгдсэн тооцоо бий. Халхын голын дайн нь  харьцангуй бага  нутаг дэвсгэрт болсон хэдий ч оролцсон хүн хүч, зэвсэг техникийн хэмжээ, орчин үеийн цэрэг техникийн бүх ололтыг ашигласнаараа онцлог бөгөөд дэлхийн Хоёрдугаар дайны  өмнөх томоохон байлдаан, түүний эхлэл болсон юм”.  

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 309 санал өгсөн байна.

Дээшээ