У.Хүрэлсүх: “Сауд гоби коэл транс”-ийн лицензийг өнөөдөр цуцал, техник хэрэгслийг журамла

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-08-12 12:20 GMT+8

Тост, Тосон бумбын нуруунд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж буйтай холбоотой асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх БОАЖ-ын сайд, УУХҮ-ийн сайд хууль хяналтын байгууллагуудын удирдлагуудыг дуудаж шуурхай хуралдаан хийлээ.

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгаль орчны сайдад Тост, Тосон бумбын нуруунд ашигт малтмал олборлож буй компанийн лицензийг өнөөдөр цуцлах үүрэг өглөө.

Тост, Тосон бумбын нурууг бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад ав

Мөн энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол сайд нар төдийгүй Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын дарга, албан тушаалтнуудыг ажлаа өгөхийг сануулсан юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, “Сүүлийн үед уул уурхайн салбарт ажиллаж буй зарим нэг хүн, зарим нэг олигархиуд Монгол төрийн хуулийг ихээхэн зөрчиж байна. Уул ус хилэгнүүлж, ард түмнийг уйлуулж байна. Гурван тэс сумын иргэд газар нутгаа хамгаалж, уйлаад ярьж байна. Тэд төрөөс юу ч гуйгаагүй, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалж үлдэхийн төлөөх илэрхийлэл.

Ард түмэн газраа ухуулахгүй гээд байхад яагаад ухаад байгаа юм бэ. Энэ бол анхнаасаа хууль зөрчиж олгогдсон зөвшөөрөл гэж би ойлгож байгаа. Ерөнхий сайд энэ асуудлаар та нарт 2-3 удаа даалгавар өгсөн. Энэ уурхайтай холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнтэй би хэд хэдэн удаа уулзаж, анхааруулж хэлсэн. Яасан цадаж ханадаггүй шунал вэ. Эх орны газар сэндийчээд, ард иргэдийг бухимдуулаад хувьдаа ашиг хонжоо олохын төлөө УИХ-ын гишүүнээр сонгогддоггүй гэж би бодож байна. Албан тушаалтнуудыг авилгаддаг байсан бол одоо ард түмэнд авилга өгөх гэж байна. Тагнуулын дарга аа, Цагдаагийн дарга аа. 

Хэлэлцүүлгийн үеэр иргэн хүн авлигын асуудлыг ярьж байна, яагаад шалгахгүй байна вэ? Хэлэлцүүлэгт оролцохоор ирсэн 40 гаруй хүнд авлига өгөхөөр завдсан гээд үнэн байдлаа ярьж байхад яагаад шалгахгүй байгаа юм бэ? 

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнтэй би хэд хэдэн удаа уулзаж, анхааруулж хэлсэн. Яасан цадаж ханадаггүй шунал вэ

Байгаль орчны сайд өнөөдөр Ашигт малтмалын газартай Тост, Тосон бумбад ашигт малтмал олборлож буй газрын лицензийг цуцал, үүрэг өглөө шүү. Машин, техникийг нь журамла. Цагдаагийн дарга газар дээр нь очиж ажилла. Ард түмэнд хээл хахууль өгөх гээд байгаа асуудлаар Тагнуулын ерөнхий газрын дарга хэрэг үүсгэж шалга. Хууль бусаар олборлолт хийсэн “Сауд гоби коэл транс” компаниар нөхөн сэргээлт хийлгэ. Хэрэв энэ ажлыг хийж чадахгүй бол сайд нар, албан тушаалтнууд ажлаа өг.

Өвлийн тэсгим хасах 30, 40 градусын хүйтэнд 30 мянган хүн Сүхбаатарын талбайд жагссаныг битгий мартаарай. Энэ хүмүүс Монгол Улсад шударга ёс тогтоож өгөхийг хүсэж жагссан. Ард түмний хүсэлт, итгэл найдварыг бид нар хуулийн хүрээнд хариулах үүрэгтэй. Тиймээс хууль зөрчин үйл ажиллагаа явуулсан “Сауд гоби коэл транс” компанийн үйл ажиллагааг нэн даруй таслан зогсоо. Түүнээс гадна өнөө маргаашгүй газар ухах гээд бэлдэж байгаа 2-3 компани байна. Эдгээрийн лицензийг ч мөн цуцал. Тост, Тосон бумбын нурууг бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад ав.

Одоо ашиглаж байгаа уурхайгаа ашигла, энэ асуудлыг журамла, Д.Сумъяабазар сайд аа

Монголын хууль хяналтын байгууллага шударгаар ажиллана гэж итгэж байна. Монголын шүүх шударгаар ажиллана гэдэгт ч итгэж байна. Одоо ашиглаж байгаа уул уурхайгаа л ашигла. Илүү газар битгий уул уурхайн ажил явуулаад бай. Үүнийг таслан зогсоо.

Таван толгой, Оюу толгойгоо ашигла. Одоо ашиглаж байгаа уурхайгаа ашигла, энэ асуудлыг журамла, Д.Сумъяабазар сайд аа. Та бол төрийн далбааг бусдын нутагт мандуулж байсан хүн. Эх орон гэж юу байдгийг биднээс илүү мэднэ. Эх орон газар нутаг дээр тогтож байна. Газар нутгийн бүрэн бүтэн байдал, экосистемийг ямар ч хүн хөндөж болохгүй, ямар ч хууль үүний өмнө бөхийх ёстой. Ийм үүрэг даалгавар өгье. Ажилдаа орцгоо” гэлээ.

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 451 санал өгсөн байна.

Дээшээ