Томчуудын анхааралгүйгээс эрүүл хүүхэд насан туршийн эмгэгтэй болж үлддэг нь харамсалтай

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2019-08-13 10:45 GMT+8

Амралт, зугаалгын улиралд хүүхдэд тохиолдох эрсдэл, осол гэмтэл жирийн үеийнхээс ихэсдэг тухай ЭХЭМҮТ болон ГССҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч нар хэлж байна. Зуны цагт эцэг эх нь ажилтай үед хүүхэд хүүхдээ харж гэртээ үлдэх, эсвэл амралт зугаалгын үеэр томчуудын анхаарал болгоомжгүйгээс хүүхдүүд осолд орох, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол хамгийн их байдаг.

ГССҮТ-ийн 2019 оны долоодугаар сарын мэдээгээр тус эмнэлэг 11792 хүнд яаралтай тусламж үзүүлснээс 35.4 хувь буюу 4178 нь 0-15 хүүхэд байжээ. Осол гэмтэлд өртсөн нийт хүүхдийн 1973 нь гэртээ, 1032 нь гудамж талбайд, 302 нь биеийн тамир спортын талбайд, 516 нь хөдөө орон нутагт явж байсан аж. Эрүүл саруул төрсөн хүүхэд эцэг, эх асран хамгаалагчдын анхаарал болгоомжгүйгээс осолдож, насан туршийн өвчтэй болж хоцрох харамсалтай тохиолдол цөөнгүй байгаа учир томчуудад анхааруулах зорилгоор нарийн мэргэжлийн эмч нар дараах зөвлөмжийг өгч байна.

Б.ДЭЛГЭРМАА: БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ЧИХ, ХАМРЫГ ҮЕ ҮЕ ШАЛГАЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ 

ЭХЭМҮТ-ийн Чих, хамар, хоолойн мэс заслын тасгийн эрхлэгч Б.Дэлгэрмаа, Амьсгалын замд гаднын биет саатаж, бөглөрөл болох нь хүүхэд болон насанд хүрэгчдэд ч тохиолддог бөгөөд энэ нь хүүхдийн гэнэтийн нас баралтын үндсэн шалтгааны нэг юм. Төвөнхөд гадны биет орвол хүүхэд бүтэлт өгч маш хурдан амиа алдах эрсдэлтэй.

ЭХЭМҮТ-д төвөнхөд гаднын биет орсон тохиолдол жилд дунджаар 10-15 бүртгэгддэг. Харин АНУ-д 2016 оны байдлаар 150 хүүхэд ийм шалтгаанаар нас барсан нь бүртгэгджээ. 3-аас доош насны хүүхдэд шүдлэлт болон залгих үйл ажиллагаа бүрэн гүйцээгүй, мөн амаараа аливаа зүйлийг таних рефлекс нь арилаагүй байдаг тул гаднын биетийг амандаа хийх нь түгээмэл.  Ийм гэнэтийн тохиолдолд эцэг, эхчүүд яаралтай хамгийн ойр эмнэлэгт хандах шаардлагатай.

Манай эмнэлэгт хамгийн сүүлд пластик зүйл залгисан, цагаан самрын хатуу бүрхүүл хүүхдийн төвөнхөд орж амьсгаа боогдсон хүүхэд ирсэн. Жижиг биет орвол хүүхэд муухан амьсгална, том биет бол хахаж цацаад маш хүнд байдалтай ирдэг. Ам залгиураар орсон гаднын биетийн 10 хувь нь төвөнх рүү орсон байдаг.

Төвөнх рүү гадны биет орвол хүүхдийг амьсгалын дутагдалд оруулдаг тул ийм үед хүүхдэд амьсгал оруулахын тулд шууд цагаан мөгөөрсөн хоолойг зүсэж яаралтай тусламж үзүүлэх шаардлагатайг бүх эмнэлгийн эмч нарт зааж зөвлөдөг. Энэ бол хүүхдийн амь нас аврах яаралтай тусламж. Гэхдээ ийм тохиолдол чих, хамарт гадны биет орохоос маш цөөн ч аюулын хувьд нэгдүгээрт эрэмбэлэгдэнэ. Харин чих, хамарт гадны биет орвол харьцангуй хожуу ирдэг ч гарах хор уршиг бий. Төвөнх бол амьсгалын хамгийн чухал эрхтэн учир томчууд дараах зүйлд анхаарал хандуулна уу.

Хүүхэд дараах зүйлийг залгих нь түгээмэл:

  • Самар, жимсний үр, дугуй хэлбэрийн эм зэрэг
  • Латекс, гялгар уут амьсгалын замд орж бөглөрөл болж, богино хугацаанд үхэлд хүргэх эрсдэлтэй.
  • Бага насны хүүхдийг 5 см-ээс бага хэмжээтэй тоглоомоор тоглуулахгүй байх
  • Хийжүүлсэн ундааг халуунд сэгсэрч байгаад ам руугаа буудуулсан
  • 3-аас дээш насны хүүхдэд загас, тахианы жижиг яс, ам залгиур, залгиурын хөндийд зоогдоно.  Эдгээр нь биед орсон хугацаанаас хамаарч салстыг гэмтээж, шархлаа халдвар, зэрэг цаашдын хүндрэл үүсгэнэ.
  • Зуны улиралд хүүхэд усанд живэх тохиолдол цөөнгүй байдаг.
  • Бассейнд сэлж байгаад хүүхэд нас барсан тохиолдол жилд 1-2 удаа гарч байна.  Тэгэхээр гол, бассейн хүүхдийн эцэг, эхийн хараа хяналтад байлгахыг анхааруулъя. Хоёрдугаарт бассейнд явуулахдаа бассейны багш болон эмч хүүхэд живсэн тохиолдолд анхан шатны тусламжийг зөв үзүүлж чадах эсэхийг тодруулах, ийм шаардлага тавих ёстой.  

    Том бассейнд хүүхэд эндсэн тохиолдол гарсан. Голын усанд хүүхэд живсэн тохиолдолд эхлээд амны хөндийг чөлөөлөх ёстой. Замаг, шороогоор дүүрсэн байвал эхлээд амьсгал дэмжихийн тулд амны хөндийд орсон замаг шороог авна. Үүний дараа хамрыг чимхэж, хэлийг нааш нь гаргаж, амаар амьсгалуулах арга хэмжээ авна.

ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн долоо хоногийн мэдээнээс харахад:

  • Гадны биет орсон хүүхэд ирэхгүй байх тохиолдол маш ховор. Долоо хоногт дунджаар 20 хүүхэд ийм шалтгаанаар ханддаг.
     
  • Хүүхдийг батерейгаар бүү тоглуул. Батерейтэй тоглоом байвал шураг нь чанга эсэхийг шалгаж байх хэрэгтэй.  Мөн батерей залгисан, хамартаа хийсэн хүүхэд хандаж байсан. Батерейнд агуулагдах химийн элемент хүүхдийн хамрын таславчийг цоолчихдог. Хамрын таславч цоороход хамрын мөгөөрс унаж, хүүхдийн гоо сайхан алдагддаг.
     
  • Хүүхэд пролон болон ариун цэврийн цаас хамартаа хийдэг. Энэ нь удвал өмхийрнө. Улмаар гамривын хөндий, духны хөндийн агааржилтыг алдагдуулж хамар дайврын үрэвсэл үүсэх нөхцлийг бүрдүүлдэг. Тиймээс бага насны хүүхдийн амьсгал хоёр талдаа ижилхэн байгаа эсэх, өмхий үнэртэж байгаа эсэхийг шалгаж байх ёстой. Мөн хүүхэд чихэндээ гадны хийдэг учир орох, чихийг үе үе шалгаж, эвгүй үнэр байгаа эсэхийг үзэх хэрэгтэй юм.
     
  • Чих булагтсанаас зуны цагт өт цацдаг. Ийм тохиолдол хөдөө орон нутагт голдуу тохиолддог. Хүүхдийн чихэнд гадны биет орсон тохиолдолд ЭХЭМҮТ-ийн Чих, хамар, хоолойн мэс заслын тасагт хандах ёстой. Томчууд өөр эмнэлэгт очих, өөрсдөө ухаж байгаад хэнгэрэг цоолдог, чихийг  үрэвсүүлж хүндрүүлэх, улмаар дүлийрэх аюулыг бүрдүүлсэн байдаг.
     
  • Залгиурт загасны яс тээглэсэн, нарийн согоовор өвс залгиурт зоогддог. Зуны цагт ийм тохиолдол ихэснэ. Мөн хүүхэд лего тоглоомын жижиг хэсгийг санамсаргүй болон санаатайгаар залгисан байдаг.

Б.ГАНБАЯР: ХҮҮХДЭД ТОХИОЛДОХ ЭРСДЭЛИЙН ДАВТАМЖ АМРАЛТЫН ҮЕЭР ИЛҮҮ ИХ БОЛДОГ

Эцэг, эхчүүд нь ажилдаа явж хүүхэд хүүхдээ харж үлдэх болдог. Найман настай хүүхэд 2-3 настай дүүгээ хараад үлдэх жишээтэй. Хүүхэд аливаа эрсдэлийг урьдчилан таньж мэдэх боломж хязгаарлагдмал.


ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Б.Ганбаяр, Зуны амралтаар хүүхэд, эцэг эхчүүдэд анхааруулж сэрэмжлүүлмээр зүйл их байдаг. Хүүхэд гартаа барьсан зүйлээ голдуу амандаа хийж мэдэрдэг. Үүнтэй холбоотойгоор амьсгалын болон хоол боловсруулах эрхтэн тогтолцоо руугаа гаднын биет оруулчихдаг. Амралтын улирал эхэлснээр эцэг, эхчүүдийн хүүхдэдээ тавих хараа хяналт сулардаг нь хүүхдэд тохиолдох гэнэтийн осол гэмтэл ихэссэнээр мэдэгддэг. Ер нь энэ мэт эрсдэл жирийн үед тохиолдох ч амралтын үеэр давтамж илүү их болдог.

Жишээлбэл:
Амаар залгисан зүйл шууд хүний хоол боловсруулах эрхтэн рүү ордог. Амьсгалын замын эрхтэн тогтолцоонд гадны биет орох нь хоол боловсруулах замыг эрсдэлийг бодоход харьцангуй бага. Хэрэв том гадны биет амьсгалын зам руу орвол хүүхэд шууд амьсгалын дутагдалд орж, эндэх эрсдэлтэй. Тэгэхээр аль хамгийн ойрхон эмнэлэгт хандах шаардлагатай.

Хүүхдүүд түгээмэл залгидаг зүйлс: 

  • Төрөл бүрийн батерей: Тоглоомны, цагны зай, бөөрөнхий шүр, гар утасны сим карт, жингийн зайг их залгисан байдаг. Батерейд агуулагдах хүчил улаан хоолой болон амьсгалын замд орвол хүчил шүлт нь уусаж, химийн нэгдэл дотор эрхтэнийг түлнэ. Түлэгдэж цоорсон эд эрхтэн эдгэрвэл сорвижиж, нарийсна. Гол хүндрэл нь энэ.
     
  • Мөн соронз залгисан хүүхэд хэд хэд ирсэн. Хүүхдийн оюун ухаан хөгжүүлэх, төрөл бүрийн дүрс үүсгэдэг соронзтой тоглоомуудын соронз маш амархан ховхордог. Тэр соронзыг залгисан тохиолдол олон гарсан. Хүүхдүүд ихэвчлэн сониуч, саваагүй байдаг.  Соронз наалдуулж, хэлхэлдүүлэн нааш цааш хөдөлгөж тоглодог. Соронзоо хэлэн дээрээ тавьдаг, залгадаг. Залгисны дараа өөр соронзоор наалдуулж, буцаж гаргаж ирнэ гэсэн ойлголт байдаг. Тэр саваагүй зангаас болж нэг биш  10, дээд тал нь 22 соронз залгисан өсвөр насны  хүүхэд манай тасагт ирсэн. Олон тооны соронз хүүхдийн гэдэсний ханыг хавчуулж хоорондоо наалддаг. Үүнээс болж гэдэс цоорно.


Хоол боловсруулах замд орсон гаднын биетийн улмаас хүүхэд эндэх тохиолдол бага. Энэ нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, манай эмнэлэг, манай тасаг, манай эмч нар амь тэнссэн яаралтай тусламжийг маш сайн үзүүлдэг. Амьсгалын болон хоол боловсруулах эрхтэн системд орсон гаднын биед авдаг багаж хэрэгслүүд маш их сайжирсан. 22 соронз залгисан хүүхдийн 10 гаруй өтгөнөөр гарсан. Үлдсэн нь гараагүй. Дундаа гэдэс хавчуулаад хоорондоо наалдсан учир хавчуулагдсан гэдэснүүдийг тайрах мэс засал хийж, хагалгаа амжилттай болсон. Хоёрдугаарт, энддэг тохиолдол нь авто осол.

Хүүхдийн биед орсон гадны биетийн ихэнхийг дурангийн мэс заслын аргаар авна. Авч болохгүй тохиолдол ч бий, энэ үед нээлттэй мэс засал хийнэ. Ганц соронз залгисан, тэр нь ходоодноос гарсан байвал хагалгаа хийхгүй, өтгөнөөр гарчихдаг тул ажиглана.

  • Хүүхэд хананы хадаас, чихний ээмэг, гинжний зүүлт зэрэг үзүүртэй зүйлс залгисан байдаг. Тэр нь явах замдаа гэдсийг хатгаж цоолно. Хүүхдүүд зүү залгих тохиолдол цөөнгүй. Эмээ нар юм оёж байгаад зүүгээ хадгалахгүй орхих, төөрөх нь бий. Мөн шүдний чигчлүүр залгисан тохиолдол бий.

Гадны биет залгисан хүүхэд ихэнх тохиолдолд хэлдэггүй. Дундаа нүхтэй зоос залгисан бол амьсгалаад байж чадна. Хоол идэхэд бага зэрэг тээглээд дундуур нь гарна. Тийм учраас эмнэлэгт хугацаа алдаж ирдэг.

  • Найр наадмууд үргэлжилсээр байна. Энэ үед хүүхэд мориноос их унадаг. Мориноос унасан хүүхдийн бөөр, нойр булчирхай, эмээлийн урд бүүрэгт цохигддог. Хоёрдугаарт дугуй их унадаг. Дугуйны чиглүүлэгч рульд цохигдон унаж ирэх нь олон байдаг. Нойр булчирхай бяцарна, задарна, гэмтэнэ.


“Эрүүл саруул өсөн торниж байгаа хүүхэд аав, ээж, асран хамгаалагчийн анхааралгүйгээс өвчтэй болгож байгаа юм. Алсын урхаг нь хагалгаа талаас нь яривал хагалгааны дараах наалдац үүснэ. Наалдцын түгжрэл болно, тэр нь эрт орой хэзээ вэ гэдэг нь тодорхойгүй. Хагалгаанд ордоггүй юм юм гэхэд хүүхдийн биеэс батерейг авсан ч ууссан бодисын нөлөөгөөр химийн түлэгдэл үүсэж сорвижиж таталдаад эдгэрдэг. Улаан хоолой ходоодонд бүр илүү нарийсдаг. Улаан хоолой нь нарийссан хүүхэд бууз, хоёрдугаар хоол идэж чадахгүй болдог. Тэгэхээр биеэс гадны биет авахуулснаас хойш нэг сарын дараа дурангаар харуулж, хяналтад байх ёстой” хэмээн Б.Ганбаяр эмч анхааруулав.

Э.ГАЛБАДРАХ: ГЭМТЭЛ БОЛ ХАМГААЛЖ БОЛОХ ЭРСДЭЛ 

ГССҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч захирал Э.Галбадрах, Зуны улиралд найр наадам олон болдог тул хүүхэд мориноос унах осол наадмын үеэр ихэсдэг. Хүүхдүүд гэртээ үлдэх, чөлөөт цаг нь их байх тусам осол, гэмтэлд өртөх эрсдэл нэмэгддэг. Мөн орон сууцанд амьдардаг хүүхдүүд зусланд болон хөдөө гадаа явахдаа орчинг сайн мэдэхгүйгээс жорлонд унах, галд түлэгдэх зэргээр гэмтдэгийг анхааруулмаар байна. 

Зуны улиралд хүүхдэд хамгийн түгээмэл тохиолддог гэмтлүүд:  

  • Зуны улиралд түлэгдэлт хамгийн их тохиолддог. Түлэгдэж эмнэлэгт ирж байгаа хүмүүсийн 95 хувь орчим нь дандаа амьдарч байгаа орчиндоо түлэгддэг. Түүний 85 хувь нь гэртээ, бидний хэрэглэдэг  шингэн халуун зүйлд буюу буцалсан ус, сүү, шөл, аарц гэх мэт зүйлсэд түлэгддэг. Түлэгдсэн хүүхдийн 90 орчим хувь нь гэр хороололд, гэрт амьдардаг хүүхэд байдаг. Гэрийн ширээ намхан байдаг учир халуун савтай  ус, цайгаа тавих, мөн аягатай хоол цайгаа тавьдаг.
     
  • Халуун тогоог газарт тавьж хоолоо хийдэг. Халуун тогоотой шөлөнд түлэгдэж амиа алдсан хүүхэд ч цөөнгүй байдаг. Хүүхэд ихэвчлэн санамсаргүй байдлаас гэмтэж түлэгдэж байгаа.  Мөн эцэг, эхчүүдийн хараа хяналт сул байгаатай холбоотой.
     
  • Хүүхэд гадуур тоглож, зугаалах нь ихэсдэг. Энэ үед тоглоом дээрээс унаж гэмтэх, мөн гэртээ ээж, аавынхаа эзгүйд өндөр юман дээрээс унах, цонхны тавцан дээр гарах зэргээр сахилгагүйтдэг. Тэгэхээр орон сууцны айлууд цонхны хаалт сараалж төмөр заавал хийлгэх шаардлагатай.
     
  • Хүүхэд авто осолд орж гэмтэх тохиолдол ихэсдэг. Зун хүүхдүүдээ аваад гэр бүлээрээ аялал зугаалгаар явдаг. Машинд хүүхдээ буруу тээвэрлэх, хурд хэтрүүлсэнтэй холбоотой ослууд хөдөө орон нутгийн замд олноор гардаг. Үүнтэй холбоотойгоор хүүхдүүд олноор гэмтэж ирдэг. Эмнэлгийн ачаалал жинтэй нөлөөлж байгаа нэг зүйл нь авто осол.
     
  • Түлэнхийн тасгийнхэн түлэгдэлт ихэслээ гэж мэдээлж байна. мөн өмнө нь манай эмнэлэгт ямар нэг мэс засалд орсон хүүхэд зун хичээлээ амрахаар ирж, эмнэлгийн ачааллыг нэмэгдүүлдэг.
     
  • Нүхэн жорлонд унах
     
  • Хүүхдийг машинд буруу тээвэрлэснээс огцом тоормос гишгэхэд хүүхэд цонхоор шидэгдсэн тохиолдлууд ч гарсан.
  • Гэртээ хүүхэд орхиод гаднаас нь түгжиж болохгүй. Гэртээ цоожлуулж үлдсэн хүүхдүүд гэртэйгээ шатаж амиа алдсан харамсмаар хэрэг гарсан.  
  • Үер усны аюултай үед хүүхэд усанд унадаг. Тэгэхээр эцэг, эхчүүд л хүүхдэдээ анхаарал тавьж, аюулгүй байдлыг нь хангаж байвал

Энэ бүхэн хүүхэд өөрөө мэдэж өөрийгөө хамгаалах зүйл биш, зөвхөн эцэг эх, асран хамгаалагчидтай холбоотой асуудал. Гэмтэл бол хамгаалж болох эрсдэлд ордог. 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 310 санал өгсөн байна.

Дээшээ