Уур амьсгалын өөрчлөлт онгоцны нислэгт халгаатай

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
"Засгийн газрын мэдээ" сонин

2019-08-13 14:00 GMT+8

Атлантын далай дээгүүрх агаарын нислэгийн үеэр суудлын бүсээ тайлахгүй явах нь улам бүр зөв болсоор байгааг цаг уурын хэмжих хэрэгслүүдээс цуглуулсан статистик баталлаа.

Английн Ридингийн их сургуулийн цаг уур судлаачдын судалгаа өнгөрсөн долоо хоногт Nature сэтгүүлд нийтлэгдсэн. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас харилцан адилгүй өндөр дэх салхины хурд улам эрчтэй болж, онгоц нисэхэд тохиромжгүй агаарын хуйларсан урсгал ихэссэнийг эрдэмтдийн судалгаа харуулав. Умард Атлантын бүсэд Европ, Умард Америкийн хооронд агаарын нислэгийн нэг төрлийн “хурдны зам” үүсгэдэг агаарын урсгалд босоо чиглэлтэй хуйлрал 1979 оноос хойш 15 хувиар ихэссэнийг эрдэмтэд тодорхойлоод байна. 

“Нисэх онгоц зорчдог агаарын урсгалд салхин хуйлрал хиймэл дагуулын ажиглалт эхэлсэн цагаас хойш нэмэгдсэн” хэмээн уг судалгааг удирдсан профессор Пол Уильямс мэдэгдэв. “Ийм хуйлрал нь цэлмэг тэнгэрийн турбуленс буюу сэгсчсэн хөдөлгөөн үүсгэдгийг та бид мэднэ. Тиймээс энэ үзэгдлийн уялдаа хамаарал илт ойлгомжтой.” Тропикийн догшин шуурга гэх мэт нүдэнд шууд үзэгдэх цаг агаарын үзэгдэл байхгүй нөхцөлд нисгэгчийг гэнэт цочирдуулдаг цэлмэг тэнгэрийн турбуленс нь нисэх онгоцонд аюултай. Цэлмэг тэнгэрийн турбуленс ихэссэн нь агаарын нислэгийг доргио донсолгоотой болгож, суудлын бүсээ зүүгээгүй зорчигч гэмтэж бэртэх магадлалыг эрс нэмэгдүүлэх эрсдэлтэй.

Цэлмэг агаар дахь турбуленс олширсон нь нисэх онгоц осолдох, сүйрэх аюулыг ихэсгэнэ гэсэн үг биш ч зорчигчид нислэгийн үеэр бүхээгт чөлөөтэй хөдөлж, явах боломжийг хязгаарлаж, онгоц товлосон хугацаанаасаа оройтох магадлалыг ихэсгэнэ.

Ийм турбуленстэй учирсан онгоц секундын дотор 30 хүртэл метр унадаг тул үр дагавар нь ноцтой аж. Өнгөрсөн сард хөлгийн багийн гишүүдтэй нийлээд 284 хүн тээж явсан Air Canada-гийн онгоц Ванкуверээс Сидней хүрэхээр хөөрснийхөө дараа агаарын жигд бус "халаас"-тай таарсны улмаас лавтай 37 хүн бэртсэн юм.

Чиглэлээ өөрчилж Хонолулуд газардсан уг онгоцноос гучин хүнийг яаралтай эмнэлэгт хүргэснээс долоо нь ноцтой гэмтсэн тухай British Broadcasting Corp мэдээлсэн. Дэлхийн алсын агаарын тээврийн дээд зэрэглэлийн хонгил болох Умард Атлантын бүсэд аюултай турбуленс энэ зууны дунд үе гэхэд 149 хувиар ихсэх тооцоог профессор Уильямс урьд нь гаргаж байжээ.

Агаарын урсгал дахь салхины хурд сүүлийн 40 жилд төдий л өөрчлөгдөөгүй нь хүмүүсийн дунд хуурмаг тайвшрал үүсгэдэг ч салхины хуйлралын статистик тэс өөр зүйл өгүүлж байгааг эрдэмтэн анхааруулав. Jet stream гэгддэг энэхүү агаарын урсгал нь экватор болон умард, өмнөд туйлын хоорондох агаарын температурын зөрүүнээс үүдэж үүсдэг учраас дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст ч мөн адил үзэгдэл болж байгаа хэмээн Уильямс үзлээ. Уильямсын тооцоог үзвэл, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр атмосферын дээд давхаргад дээрх зөрүү ихсэж агаарын урсгал ширүүссэн ажээ. Гэтэл Арктикийн бүс дэх дэлхийн дулаарлаас үүдэн агаар мандлын доод давхаргад уг урсгалын эрч суларсан. Үр дүнд нь ялгаатай өөр өөр өндөр дэх агаарын урсгал хооронд жинхэнэ “олс таталцах тэмцээн” өрнөж байгааг тэрбээр ярилцлагын үеэр тайлбарлав.

Цэлмэг агаар дахь турбуленс олширсон нь нисэх онгоц осолдох, сүйрэх аюулыг ихэсгэнэ гэсэн үг биш ч зорчигчид нислэгийн үеэр бүхээгт чөлөөтэй хөдөлж, явах боломжийг хязгаарлаж, онгоц товлосон хугацаанаасаа оройтох магадлалыг ихэсгэнэ. “Олж авсан мэдлэгтээ суурилан дүгнэвэл цэлмэг агаарын турбуленсын улмаас осол сүйрэл ихсэх учир байхгүй” хэмээн Уильямс үзэж байна. Зорчигчид суудлын бүсээ тайлахгүй явах хугацаа ихсэх, чиглэл өөрчилснөөс нислэгийн хугацаа сунах нь ойлгомжтой байна.

 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 308 санал өгсөн байна.

Дээшээ