Төв банкны хараат бус байдал яагаад чухал вэ?

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
GoGo.mn

2019-08-13 12:40 GMT+8

ТӨВ БАНКНЫ ХАРААТ БУС БАЙДЛЫН ТАЛААРХ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ

Аливаа төв банкны үйл ажиллагааны үр дүнг түүний зорилтдоо хүрч байгаа байдлаар хэмждэг билээ. Харин төв банк зорилтдоо хүрэх, үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэхэд нөлөөлдөг томоохон хүчин зүйл нь төв банкны хараат бус байдал юм.

Төв банкууд анх XVII зуунд байгуулагдахдаа хувийн өмчлөлийн хэлбэртэй, иргэдээс хөрөнгө татаж, хариуд нь баталгаа болгон үнэт цаас буюу мөнгөн тэмдэгт гаргадаг, нөгөө талд нь засгийн газарт зээл олгох хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг байв. Орчин үед төв банкууд нь улс орны мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, эдийн засаг болон санхүүгийн тогтвортой байдлыг хангадаг институци болж хөгжсөн.

XX зуунд төв банкуудыг нийгэмчилж, төрийн мэдэлд шилжүүлсний дараа тулгарсан нэг хүндрэл нь Засгийн газрын эрх мэдэл, оролцоо хэт өндөр байсны улмаас инфляци хурдтайгаар өсөж байв. Ялангуяа 1970-аад онд АНУ, Их Британи зэрэг дэлхийн тэргүүлэх эдийн засаг, санхүүгийн хөгжилтэй орнуудад инфляци 2 оронтой тоонд хүрч иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлөв. Төв банк нь Засгийн газартай хэт ойр байж, эрх мэдэлд автах нь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар инфляцийг өсгөх аюултай. Энэ асуудлын гаргалгаа болгож 1990-ээд оноос Шинэ Зеланд, Чехийн Төв банкууд үйл ажиллагаандаа хараат бус байдлыг нэвтрүүлсэн. Улмаар Их Британи, АНУ, Европын Төв банкууд энэ жишгийг дагаснаар өдгөө Төв банкны үйл ажиллагаанд томоохон ахиц буюу түүхэн шинэ хуудсыг нээсэн юм. Өдгөө төв банк хараат бус байх нь зүйтэй гэдэг үзэл олон улсын жишиг болж тогтоод байна.

Төв банкны бодлогын шийдвэр нь ихэвчлэн ирээдүйд чиглэсэн, дунд урт хугацаанд эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилготой байдаг. Тиймээс ч зарим тохиолдолд төв банкны бодлого нь богино хугацаанд хэрэглээг танах буюу эрсдэл хуримтлагдахаас сэргийлсэн, “консерватив” хандлагатай байдаг бөгөөд ийм бодлого хэрэгжүүлж байгаа үед бусдаас дарамт шахалт ирэх нөхцөл байдал үүсдэг. Тиймээс улс орнуудад төв банкны хараат бус байдлыг хуулиар баталгаажуулдаг болов.

ХАРААТ БУС БАЙДЛЫГ ТОДОРХОЙЛОХ НЬ

Төв банкны хараат бус байдлыг тодорхойлж, хэмжих нь өөрөө шат дараалсан судалгаа шинжилгээ бүхий үйл ажиллагаа бөгөөд тооцоолоход хэд хэдэн арга аргачлалуудыг ашигладаг. Тэдгээрийн дундаас мэдээллийг тоон хэлбэрт шилжүүлж шинжлэхэд дөхөм болгодог CWN, GMT, LVAW индексийн аргуудыг ашиглах нь түгээмэл. Эдгээр аргуудын хувьсагчид, хэмжигдэхүүнүүд нь хоорондоо зарим талаар өөр ч зарчмын хувьд үндсэн гурван ойлголтын хүрээнд ажилладаг. Тэдгээрээс дурдвал зорилгын хараат бус байдал, арга хэрэгслийн хараат бус байдал, үйл ажиллагааны хараат бус байдал юм.

Зорилгын хараат бус байдал:

Энэ нь төв банкны үндсэн зорилтыг хэн тодорхойлдог, зорилт нь хэр тодорхой эсэхийг хэмждэг. Улс орнуудын төв банкууд нь ихэнхдээ “үнийн тогтвортой байдал”-ыг үндсэн зорилтоо болгодог. Тухайлбал судалгааны үр дүнгээс үзэхэд 94 орны төв банкуудын 85 нь үнийн тогтвортой байдлыг зорилтоо болгодог. Харин үнийн тогтвортой байдлыг ярих үед инфляцийн зорилтыг хаанаас тодорхойлох нь чухал хэмжүүр болдог. Английн Төв банкны инфляцийн зорилтыг Засгийн газраас нь тодорхойлдог бол АНУ-ын Холбооны нөөцийн банкны инфляцийн зорилтыг Конгрессоос тодорхойлдог. Энэ нь төв банк өөрийн зорилтоо үе үе өөрчилж, нийтийн эрх ашгийг хохироох эрсдэлээс хамгаалдаг.

Монгол Улсын төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг УИХ-аас жил бүр хэлэлцэж, баталдаг. Энэ замаар инфляцийн зорилтыг хөндлөнгийн субьект тодорхойлж байгаа нь олон улсын жишиг юм. Гэхдээ дунд, урт хугацаанд хэрэгжих ёстой мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг жил бүр УИХ-аар хэлэлцэж байгаа нь өөрөө бодлогын тууштай байдалд хүндрэлийг бий болгож байна.

Монголбанкны үндсэн зорилт нь салаа утгатай тайлбарлагддаг нь хараат бус байдлыг хэмжиж тодорхойлоход оноо алддаг нэг шалтгаан болж байна. Монголбанкны үндсэн зорилт нь “Үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” гэж байгаа нь төгрөгийн дотоод үнэ буюу инфляци, гадаад үнэ буюу ханшийн тогтвортой байдлыг давхар хангах утгыг илэрхийлдэг. Судалгаануудаас үзэхэд олон зорилттой төв банкуудын гүйцэтгэл нь цөөхөн буюу тодорхой зорилттой банкуудынхаас сул байдаг. Иймд зорилтыг илүү нарийвчилж, нэг утгаар тайлбарлах боломжтой болгож, төв банкинд үнийн тогтвортой байдлыг хангах үүргийг ногдуулах нь илүү ач холбогдолтой. Угаас Монгол Улсын хэрэглээний сагсны бүтээгдэхүүнүүдийн 40 орчим хувь нь импортын бүтээгдэхүүн байдаг учраас инфляцийг тогтворжуулахын тулд ханшийг анхаарах нь зайлшгүй юм.

Арга хэрэгслийн хараат бус байдал:

Энэ нь төв банк зорилтоо хангахын тулд ямар арга хэрэгслүүдийг ашиглаж байгааг хэмждэг. Мөнгөний бодлогыг үр ашигтай хэрэгжүүлэхэд бодлогын хэрэгслүүдээс сонгох шаардлага тулгардаг бөгөөд энэ нь төв банкны бүрэн эрх мэдлийн асуудал. Нөгөөтээгүүр, бодлогын шийдвэрийг ямар зарчмаар гаргаж байгаа нь арга хэрэгслийн хараат бус байдлын нэг хэмжигдэхүүн болдог. Төв банкны бодлогын шийдвэр гаргах процесс нь засаглалын зарчмыг хэрэгжүүлж, хөндлөнгийн нөлөөгүй байх ёстой. 2018 онд Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд орсон нэг чухал дэвшил нь мөнгөний бодлогын болон хяналт шалгалтын шийдвэрийг хамтын удирдлагын зарчмаар гаргадаг болсон явдал юм. Монголбанкны мөнгөний бодлогын хорооны үйл ажиллагааг урд өмнө нь хуульчилж өгөөгүй байсан. Өмнө нь мөнгөний бодлогын шийдвэрийг зөвлөлийн гишүүдийн зөвлөмжийг үндэслэн Ерөнхийлөгч дангаараа гаргадаг байсан. Харин хуульд нэмэлт өөрчлөлт орсноор 7 хүний бүрэлдэхүүнтэй хорооны бүтцийг бий болгож, гишүүд тус бүр нь саналын тэгш эрхтэйгээр шийдвэр гаргах процесст оролцдог болсон.

Үйл ажиллагааны хараат бус байдал:

Энэ нь төв банкны удирдлагыг томилж байгаа механизм, үйл ажиллагааны санхүүжилтийг хэрхэн шийдэж байгааг тодорхойлж, хэмждэг. Үйл  ажиллагааны хараат бус байдлыг заримдаа удирдлагын болон санхүүгийн хараат бус байдал хэмээн нэрлэх явдал бий. Мөнгөний бодлогын хорооны гишүүдийг үндэслэлгүйгээр чөлөөлөөд байвал мэргэжлийн түвшинд, хараат бус ажиллаж чадахгүй. Нөгөө талаар ийм зүйл олон давтагдах үед төв банкинд итгэх итгэл сулрах аюултайгаас гадна хорооны гишүүд олон солигдох нь үйл ажиллагааны зарчмыг алдагдуулах эрсдэлтэй.

Монголбанкны үйл ажиллагааны хараат бус байдлыг хэмжих үед бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан Ерөнхийлөгч ердөө 1 байна. Энэ нь эргээд оноо алдах шалтгаан болдог. Санхүүжилтийн хувьд төв банкийг үйл ажиллагаагаа хараат бусаар явуулах нөхцөл бололцоог хангах ёстой. Хэрэв санхүүгийн хувьд хэн нэгнээс, ялангуяа Засгийн газраас хамааралтай бол бодлогын арга хэрэгслийг ашиглах, санхүүжилтийг хийхэд хүндрэл тулгардаг. Монголбанк 2012-2016 онд төсвийн шинжтэй үйл ажиллагааг санхүүжүүлж, зээлээр гадаад  валютын албан нөөцийг нэмэгдүүлж байсан нь алдагдлыг 3 их наяд төгрөг хүртэл өсгөсөн байдаг. Хэдийгээр Монголбанк нь ашгийн төлөө бус төрийн байгууллага ч гэлээ ийм хэмжээний алдагдалтай удаан ажиллавал Засгийн газраас санхүүжилт авч хараат бус байдлаа алдах, эсвэл бодлогын хэрэгслүүдээ бүрэн ашиглахгүй байх эрсдэл үүсч болзошгүй. Тиймээс ч Монголбанк хуримтлагдсан алдагдлаа буруулахад анхаарч 2018 оны эцэст 1.8 их наяд төгрөгт хүргэсэн.

ИЛ ТОД БАЙДАЛ БА ХАРААТ БУС БАЙДЛЫН ҮР НӨЛӨӨ

Төв банкны хараат бус байдлыг дагаж урган гардаг нэг чухал ойлголт бол ил тод, нээлттэй ажиллах зарчим. Төв банкны ил тод байдал нь засаглалын нэг элемент бөгөөд нөгөө талаас олон нийттэй харилцах харилцаа нь бодлогын нэг хэрэгсэл болдог. Тиймээс Монголбанк мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэх, инфляцийн хүлээлтийг зүй зохистой удирдахын тулд олон нийттэй харилцах харилцаандаа сүүлийн хугацаанд томоохон дэвшил гаргасан. Ил тод байдал болон хараат бус байдал нь харилцан биенээ дэмжих боломжтой үзүүлэлтүүд юм. Ил тод ажиллах зарчмын хүрээнд хараат бус байдлаа хангах боломжтой бол хараат бус байдлаа сайжруулснаар бодлогын тууштай байдал хангагдаж, эргээд олон нийттэй харилцах суваг илүү үр ашигт болох юм.

Төв банкны хараат бус байдал бидний амьдралд ямар нөлөөтэй вэ гэсэн асуултад дараах байдлаар хариулж болох юм. Засгийн газар хүүхдийн мөнгийг төв банкаар дамжуулж олгох нь богино хугацаанд бидний амьдралд нэмэртэй мэт боловч урт хугацаандаа мөнгөний нийлүүлэлтийг удирдлагагүй болгож, цаашлаад худалдан авалтаар дамжуулж хэрэглээний бүтээгдэхүүний үнэ буюу инфляцийг өсгөх аюултай. 2012-2016 онд үнэ тогтворжуулах гэх мэт төсвийн шинжтэй олон хөтөлбөр хэрэгжиж байсан нь тухайн цаг үедээ эерэг дүр зургийг бий болгож байсан ч үнэн хэрэгтээ дараа дараагийн жилүүдэд ханшийг өсгөх, зах зээлийн зарчмыг алдагдуулах, тэгш бус байдлыг нэмэгдүүлэх нөхцөл байдлыг үүсгэсэн. Тиймээс төв банкны ил тод байдлыг сайжруулж, хараат бус байдлыг хуульчилж өгөх нь урт хугацаандаа эдийн засагт тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг бий болгоход эергээр нөлөөлдөг.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 308 санал өгсөн байна.

Дээшээ