Гишүүнийг иргэд болон УИХ-ын санаачилгаар эргүүлэн татах заалтыг Үндсэн хуульд оруулах ёстой

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2019-08-13 15:30 GMT+8

АН-ын зөвлөл өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцсэн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар ЗТХ-ийн сайд болон холбогдох газрын дарга нарыг өргөн бүрэлдэхүүнтэйгээр хуралдаанд оролцуулж, нээлттэй хуралдаан хийжээ.

Зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Дарханы замын ажил, Дарханы болон Налайхын түр замын асуудал иргэдийг маш их бухимдуулж байна. Улс орон иргэдийнхээ төлөө ажилладаг бол иргэдийн аюулгүй байдлыг хангасан, эдийн засаг, эрүүл мэндэд хохирол учруулахааргүй авто зам байх ёстой. Яамнаас өгсөн мэдээллээр замын ажлын явц болон санхүүжилт нь хангалтгүй байгаа нь харагдаж байна.

200 гаруй км түр замыг барихад 6.5-хан тэрбум төсөвлөнө гэдэг байж боломгүй үнэлгээ. Энүүгээр ийм зам тавих боломжгүй. 11 дүгээр сард энэ замыг дуусгахаар төлөвлөсөн ч хугацаандаа дуусгах боломжгүй харагдаж байна. Энэ асуудалд онцгой анхаарал хандуулахыг салбарын сайдад анхааруулж хэллээ. Тиймээс маргаашнаас эхлэн яамныхан энэ замын ажлыг урагшлуулахад онцгой анхаарал хандуулах байх.

Мөн Үндсэн хуулийн ажлын хэсэгт АН-ын зөвлөлөөс гурван заалт бүхий шаардлага хүргүүлсэн. Ардчилсан үндсэн хуулийг төгөлдөршүүлье гэвэл бид гурван зүйлд анхаарах ёстойгоо илэрхийлсэн.

Нэгдүгээрт, Улс орон маань парламентийн засаглалтай байвал Ерөнхийлөгчийг Их хурлаас сонгодог байх ёстой. Хоёрдугаарт, улс орны эдийн засгийн хөгжлийг бүрэн хангана гэвэл орон нутгийн хөгжлөөс эхлэх ёстой. Орон нутгийн хөгжлийг хангаж байж орон хэт төвлөрөл сарнина. Өнөөдрийн төсвийн хуваарилалтаар ажиллаад орон нутгийн хөгжил шийдэгдэхгүй. Тийм учраас ялангуяа орон нутгийн эдийн засгийн бие даасан байдлыг хангах асуудал дээр Үндсэн хуульд заавал өөрчлөлт оруулах ёстой.

Гуравдугаарт, Ард түмний засаглах эрхийг хангах, Парламентийн хариуцлагыг дээшлүүлэхийн тулд УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах тухай заалт. УИХ-ын гишүүн үүргээ биелүүлээгүй бол иргэдийн болон УИХ өөрийн санаачилгаар гишүүнийг эргүүлэн татдаг өөрчлөлтийг Үндсэн хуульд тодорхой тусгах шаардлагатай гэв. 
 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 310 санал өгсөн байна.

Дээшээ