“Ханбогд Кашимер” компани ноолууран хувцасны дээж бүтээгдэхүүнээ зах зээлд танилцууллаа

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Бизнес мэдээ

2019-08-14 07:28 GMT+8

Монгол улсын стратегийн гол бүтээгдэхүүний нэг болох самнасан ноолуурыг өндөр стандартаар бэлтгэж дотоодын төдийгүй дэлхийн брэндүүдэд нийлүүлдэг 21 жилийн арвин тушлагатай Ханбогд Кашимер компани үйл ажиллагаагаа өргөжүүлэн ноолууран хувцас үйлдвэрлэж эхэллээ. Ханбогд Кашимер компани ноолууран хувцасны үйлдвэрийнхээ нээлтийн үеэр дээж бүтээгдэхүүнээ зах зээлд танилцуулах загварын шоу хийсэн юм.

Нээлтийн ёслолд Салбарын дэд сайд Ж.Сауле, Ноос ноолуурын холбооны тэргүүн Ж.Бат-Эрдэнэ, МХАҮТ дарга А.Амартүвшин болон албаны бусад хүмүүс оролцож Ханбогд Кашимер компанийн захирал Ч. Ганцэцэг нээж үг хэлсэн.

Тэрээр “Бид өмнө ноолууран бүтээгдэхүүний үндсэн түүхий эд болох самнасан ноолуурыг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж дотоодын болон гадны зах зээлд гаргадаг байсан бол одоо нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж олон улсын зах зээлд гаргах болсон доо мөн олон зуун ажлын байр шинээр бий болгож байгаа даа туйлын их баяртай байна.

Манай үйлдвэр Итали, Герман, Япон улсын сүүлийн үеийн технологийн машин тоног төхөөрөмжтэй. Загвар зохион бүтээлт тал дээр Италийн зөвлөх компанитай хамтран ажиллаж байгаа мөн Герман загвар зохион бүтээгчидтэй хамтран ажиллаж биед эвтэйхэн, дулаахан, тав тухтай байх шинэлэг загварын ноолууран хувцасыг үйлдвэрлэж эхлээд байна. Бид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлээс гадна Америк Европын зах зээлд гаргахаар урлаж байна” гэж нээлтийн үгэндээ онцолсон.

Харин салбарын дэд сайд Ж. Сауле ”Бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ. Ноолуур бол манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүн. Бид экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидээ дэмжиж ажиллаж байгаа. Ингэснээр манай улсын валютын нөөц нэмэгдэж эдийн засагт чухал хувь нэмэр оруулна. Мөн ажлын байр нэмэгдүүлж ажилтай орлоготой Монгол гэр бүлийн тоо нэмэгдэж байгаад баяртай байна” гэж хэлсэн юм.

Ханбогд Кашимер компанийн зорилго хувь хүний хөгжлийг эрхэмлэн, байгальд ээлтэй, аюулгүй үйлдвэрлэлийн орчинг бүрдүүлэн дэлхийд өрсөлдөхүйц чанартай ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэж Монгол улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах ажээ.

Энэ зорилгынхоо хүрээнд үйлдвэрийн аюулгүй таатай орчинг бүрдүүлэхэд онцгой ач холбогдол өгсөн нь үйлдвэртэй танилцах явцад анзаарагдаж байлаа. Үйлдвэр гэхээсээ илүү уран бүтээлчдийн урланд ороод ирсэн мэт сэтгэгдэл төрөхөөр маш тохилог орчин үеийн зохион байгуулалттайгаар шийдэж өгчээ. Жишээ нь үйлдвэрийн орчинд шилэн хаалтууд хийж өгсөн нь самнах хэсгийг шууд дээрээс нь харах боломжийг бүрдүүлж өгсөн байлаа. 

Ханбогд Кашимер компани нь концепцийн хувьд ч гэсэн ёс зүйтэй хариуцлагатай үйлдвэрлэгч байхыг эрмэлзэн ажилладаг бөгөөд нийгмийн хариуцлагатай худалдан авалт хийхийг хүсэмжлэх болсон Европын хэрэглэгчдийг гол сегментээ болгон ажиллаж байгаа юм байна.

Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд өрх толгойлсон эмэгтэйчүүдийг ажлын байраар хангахыг зориж ажилладаг бөгөөд ажиллагсадынх нь 90 хувь эмэгтэйчүүд ажээ.

Түүнчлэн Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын зорилтот гэр бүлүүдээс 100 хүнийг ноолуур самнах, угаах, сүлжих үйлдвэрт үнэ төлбөргүй сурган үйлдвэртээ цалинтай дадлага хийлгэн ажилд авах зэрэг олон ажлыг хийж гүйцэтгэж байна. Үйлдвэрээ өргөжүүлж ноолууран хувцас үйлдвэрлэх болсоноор 200 гаруй ажлын байр шинээр бий болгож нийтдээ 400 гаруй ажиллагсадтай болжээ.

Ханбогд Кашимер компани нь бэлчээрийн тэнцвэртэй байдлыг хангах, бэлчээрийг нөхөн сэргээх, ноолуурын худалдааг малчдаас жижиглэн худалдаачдад хүргэх хүрээнд үйл ажиллагаа явуулдаг Ноос ноолуурын тогтвортой хөгжил /SFA/ хэмээх ашгийн бус олон улсын байгууллагын гишүүн бөгөөд тус байгууллагатай нягт хамтран ажилладаг байна.

Ийнхүү Монгол улсад маань Ханбогд Кашимер хэмээх нэгэн үндэсний үйлдвэрлэгч үйл ажиллагаагаа өргөжүүлэн Монгол гэсэн  шошгоороо дэлхийд гарч Монголоо таниулан сурталчилах боллоо. Бидэнд ч бас шинэхэн, дулаахан, эко бүтээгдэхүүнийг худалдан авах сонголт нэмэгдэж байна.

 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 310 санал өгсөн байна.

Дээшээ