Гэр хорооллын өрхүүдэд 600 ширхэг соруулдаг жорлон барьж өгчээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-08-13 18:22 GMT+8
Төсөл хэрэгжиж буй айл өрхүүдэд одоогоор хэрэглэгдэж буй нүхэн жорлон ба МОН-9189 төслийн хүрээнд баригдсан сайжруулсан ариун цэврийн байгууламж

Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах МОН-9189 төслөөс хэрэгжүүлж буй  байгальд ээлтэй жорлонг 600 өрхөд барьж суурилуулж өгчээ.

Төслөөр дахин 900 бордоожуулах жорлонг барьж суурилуулах ажил эхэлсэн байгаа аж.

Нийслэлд энэ зун ихээхэн бороо хуртай байна. Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийн одоогийн ашиглаж буй доторлогоогүй нүхэн жорлонгоос үүдэлтэй элдэв халдварт өвчин хөрс, усаар дамжин үер, усны дараа дэгдэх өндөр эрсдэлтэй. 

Төслөөр дахин 900 бордоожуулах жорлонг барьж суурилуулах ажил эхэлсэн

Тиймээс ч энэ асуудалд Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр Азийн хөгжлийн банк, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хамтран хэрэгжүүлж буй “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах” МОН-9189 төслийг хэрэгжүүлж байна.

Энэхүү буцалтгүй тусламжийн төсөл 2017 оны 2 дугаар хагасаас эхлэн 2020 оныг дуустал УБ хотын хоёр дүүргийн гурван хороонд хэрэгжинэ.

МОН-9189 төслөөр Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд буюу Сонгинохайрхан дүүргийн 6,7 дугаар хороодод, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд нийтдээ 1500 ширхэг сайжруулсан ариун цэврийн байгууламжийг (САЦБ) барьж суурилуулан, хуучин доторлогоогүй нүхэн жорлонг халж, иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой юм.

Ингэхдээ зөвхөн нүхэн жорлонг сайжруулсан ариун цэврийн байгууламжаар солиод орхих бус, харин хаягдлын зохистой менежментийн циклийг хийж туршин, хүний хаягдал ялгадсыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, шинэ дэвшилтэт технологи туршлагыг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.

Манай улс 2015 онд "Нүхэн жорлон, угаадасны нүх, Техникийн шаардлага" гэсэн MNS 5924:2015 стандартыг батлан гаргасан боловч, энэхүү стандартад заасан 4 хувилбарын сайжруулсан ариун цэврийн байгууламжийг өнөөг хүртэл барьж туршаагүй, амьдралд хэрхэн нийцэж байгаа талаар хийсэн зүйлгүй явж иржээ.

Төсөлд хамрагдсан айл өрхүүд үлгэр жишээчээр ашиглаж байна

Харин энэхүү буцалтгүй тусламжийн төсөл хэрэгжснээр стандартад заагдсан 2 хувилбарын сайжруулсан ариун цэврийн байгууламжийг бодит амьдралд ажил хэрэг болгон, төсөлд хамрагдсан өрхүүдэд үнэ төлбөргүй барьж өгч байна.

Төсөл тун амжилттай хэрэгжиж эхний ээлжийн нийт 600 ширхэг нэвчилтгүй суурийн нүхтэй САЦБ буюу бидний хэлж заншсанаар соруулдаг жорлонг барьж суурилуулах ажил бүрэн хийгдэж дууссан бөгөөд төсөлд хамрагдсан айл өрхүүд үлгэр жишээчээр ашиглаж байна.

Төслийн дараагийн үе шатанд барьж байгуулах 900 ширхэг экологид ээлтэй  ариун цэврийн байгууламж (Экосан)-ийг барьж турших ажил эрчимтэй явагдаж байна.

Төслийн хүрээнд дан ганц САЦБ-ыг барьж суурилуулах бус, иргэдийн дунд ахуйн болон орчны бохирдлын тухай, САЦБ-ын талаар сургалт, сурталчилгаа, судалгаа, нөлөөллийн ажлуудыг үргэлжлүүлэн хийж байна.

Гэр хорооллын бүсэд нийгмийн эрүүл мэндийн нөхцөл сайжирч, хөрсний бохирдол буурна

Хэрэв бид өөрийн амьдарч буй орчин ахуйдаа зөв дадал зуршилтай гараа тогтмол угааж заншвал 5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд  элбэг тохиолдох гэдсэний халдварт өвчлөлийн тоо тодорхой хэмжээгээр буурах магадлалтай юм.

Урт хугацаанд гарах төслийн үр нөлөө нь гэр хорооллын бүсэд нийгмийн эрүүл мэндийн нөхцөл сайжирч, хөрсний бохирдол буурна. Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг бууруулахын тулд иргэдэд зөв дадал, ухамсар хандлагыг төлөвшүүлж, олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг төсөл хэрэгжиж буй хороодод тогтмол хэрэгжүүлж, хүний хаягдал ялгадсаас үүдэлтэй хөрсний бохирдлыг бууруулах загвар үйл ажиллагаануудыг туршин цаашид тогтвортой ажиллах нийгэм эдийн засгийн орчинг бүрдүүлэх гэж төслийн багаас мэдээллээ.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 310 санал өгсөн байна.

Дээшээ