Эдийн засагтайгаа ноцолдооч

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
судлаач Судлаач проф. Олхонуд Баярхүү "Засгийн газрын мэдээ" сонин

2019-08-14 09:55 GMT+8

ДЭЛХИЙН ХАМГИЙН ХУРДТАЙ ТЭЛЖ БУЙ ЭНЭ ТИВД МОНГОЛ УЛС УНАЛТЫН УЛААН ДОХИО ХАНГИНУУЛСААР

Наадмын урин зуны цаг. Нийтээрээ амралт баяр ёслол. Юун энэ Баярхүүгийн шүүмжийг сонсох манатай хэмээн тээршаах хүн маш олон байгаа ч мохохгүй бичье. Сумынхаа төдөн жилийн сүрлэг ойг тэмдэглэж буй сумын Засаг дарга нар, иргэдэд эхлээд хандая.

Магадгүй 90 жил, 80 жил, 85 жилийн ой нь тохиосон боловч сумын төв нь нурж унах дээрээ тулчихсан, сумын төвөөрөө дүүрэн ажилгүй, гиюүрсэн иргэдтэй. Хөдөөгүүр хэдэн мал нь өөрийнхөө эр чадлаар өсчихсөн, тэрийг нь хариулдаг хэдэн малчинтай, бултаараа арчаагүй амьдарч байгаа ойгоо тэгж сүржин тэмдэглэх гэж үхэлдэх хэрэг байна уу? 90 жил болохдоо юу хийж бүтээсэн бэ гэхээр паг. Нийслэл рүү төрөл арилжаад алга болчихсон ганц нэг гавьяат, доктор, МУСТА-г олоод заачихна. Мал тэгж өслөө гэсэн бүртгэл зүй үзүүлчихнэ. Энэ чинь 90 жилийн бүтээл нь үү?

Уг нь Монголын эдийн засаг-нийгмийн хөгжилд энэ олон зуун сумууд жинтэй хувь нэмэр оруулчихсан ёстой юмсан. Сумын жижиг дунд үйлдвэр, фермүүд яралзаад, аймгууд нь өрсөлдөж хөгжөөд улсаа босгоод ирэхийг Монголын төр хүлээсний 100 жилийн ой хоёр оны дараа тохиох гэж байна.

Сумууд байгуулагдаж эхэлсний энэ олон ойгоор ажилгүйдэл, ядуурал, мөнгөгүйтэл, авлига гэдэг үгс үнэхээр сонсмооргүй байна.

“Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2019” гэх илтгэлд бичсэнээр бол Монгол, Венесуэл хоёр сүүл мушгин сүүлчийн хоёр байрт бичигджээ. Өөрөөр хэлбэл манай эдийн засгийн өрсөлдөх чадвар тэг зааж байна.

Үндсэн сэдэв. Энэ ертөнц хөгжлийнхөө шинэ загварыг ид ярилцаж байна. Хөгжлийн цоо шинэ загвараа олохыг мэдээллийн эрин, хурд, даяаршил бидэнд тулгасан. Халуун хошуут мал хэмээн уянгалуулах, ой тэмдэглэх, гавьяатын төлөө уралдахаас чинь илүүтэй цаг хугацаатай ана мана уралдаж цаана нь гарах чухал байна. Хэрэв тэгж эс чадвал биднийг маш том ангал хүлээж байна.

Эх орныхоо эдийн засгийг өрсөлдөх чадвараар нь дэлхийд гаргаад тавьчих. Зэрэглэл тогтоож байгаад дэлхийн 63 улсыг жагсаажээ. Эдийн засгийг нь 235 хэмжүүрээр үнэлжээ. Ажилгүйдэл, эдийн засгийн өсөлт, эрүүлийг хамгаалах, боловсролын салбарт зарцуулах зардал зэрэг шууд хэмжиж болдог хатуу өгөгдөл ярайна. Нийгмийн уялдаа, даяаршил, авлигыг ажиглалт тандалтаар гаргадаг зөөлөн өгөгдөл бас байна. Шүүлтийг нь юуны түрүүнд Эдийн засгийн өрсөлдөх бодит чадавхи ачаа даах эдийн засгийн чадавх, засаглал, бизнесийн үр өгөөж гэх үндсэн дөрвөн ангиллаар гаргая.

“Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2019” гэх илтгэлд бичсэнээр бол Монгол, Венесуэл хоёр сүүл мушгин сүүлчийн хоёр байрт бичигджээ. Өөрөөр хэлбэл манай эдийн засгийн өрсөлдөх чадвар тэг зааж байна. Шалгуур 235 үзүүлэлтээр эрэмбэлэхэд тэр шүү дээ. Тэр 235 үзүүлэлтийн 143 статистик мэдээлэл нь 92 асуулгын хариулт болж гарч ирнэ. 2019 оны өрсөлдөх чадвараараа Сингапур, Хонконг, АНУ гурав эхний байруудад тэргүүлж байгаа бол манай хоёр хөрш БНХАУ 14-т, ОХУ 45-т эрэмбэлэгдэв.

Орос мөн л тэг рүү гулсаж яваа юм байна. Зүүн Азийн хамтын нийгэмлэгт хэтдээ элсэнэ хэмээн бид хөөрцөглөдөг. Тэр бүс нутгийг тольдоё. Зүүн өмнөд Ази дахь хамгийн том эдийн засаг гэгддэг Индонезийн эдийн засаг Ази- Номхонд далайн бүс нутагтаа тогтвортой сайн үзүүлэлттэй гэсэн байна. Үр дүнтэй засаглал, гайгүй дэд бүтэц, бизнесийн нөхцөл нь 11 байраар ахиж 32 дугаарт оржээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн бүтээмжээрээ Тайланд таван байр алгасаж 25 дугаарт орж иржээ. Эдийн засаг удааширч, Засгийн газрын зээл ихсэж, бизнесийн нөхцөл суларсан гэдгээр Япон таван байраар ухрав.

Зүүн өмнөд Ази дахь хамгийн том эдийн засаг гэгддэг Индонезийн эдийн засаг Ази- Номхонд далайн бүс нутагтаа тогтвортой сайн үзүүлэлттэй гэсэн байна. Үр дүнтэй засаглал, гайгүй дэд бүтэц, бизнесийн нөхцөл нь 11 байраар ахиж 32 дугаарт оржээ.

Манай улс өрсөлдөх чадварын эрэмбээрээ 63 улс орноос Венесуэлийн өмнө 62-т байгаа ба 2018 онд бас тийм байжээ. Онооны хувьд өмнөх жилийнхээс буурчээ. Өрсөлдөх чадварын оноо ийнхүү буурсан шалтгаан нь хэрэглээний үнийн индекс, урсгал тэнцэл, ил тод байдал, тэтгэврийн сан зэрэг үзүүлэлтүүд гэнэ. Нааштай төсвийн алдагдал, хөрөнгийн зах зээл, худалдаа-үйлчилгээний экспорт, аялал жуулчлалын орлого, бас судалгаа шинжилгээний үзүүлэлт сайн дүнтэй аж.

Жилийн дараа хийхээр төлөвлөж буй УИХ-ын сонгууль нь улс төрийн тогтворгүй байдал руу хүргэх, хөрөнгө оруулалтыг үргээх буюу азнуулах магадлалтай. Бас Засгийн газрын зардлаас шалтгаалж дотоодын эрэлт нэмэгдсэнээр инфляц өсөх магадлалтай гэсэн байх юм.

Тэтгэврийн сан гэх мэт өрсөлдөх чадварыг сулруулдаг үзүүлэлт гэснийх энэ рүү орж тайлбар хайхаас аргагүй мэт. Магтаал сайшаал, халамжинд дасч пээдийсэн эмнэг хангал гурван сая хүний тухай яриа. Бид бол нийгмийн халамжийн бодлогоороо Азидаа эхний зургадугаарт бичигдсэн хэт зүүний халамжийн бүгд найрамдах улс шүү дээ. Манай улсад 72 төрлийн халамж хэрэгждэг. Түүнд жилдээ 700 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг.

Гуравхан сая хүнд ийм их халамж үзүүлдэг нь нэг бол хэт энэрэнгүйнх. Эсвэл нэг мөнгөө барж ядсан асар их баялагтай улс. Мөн цагаандаа гарсан популизм, ард түмэн нь туйлын арчаагүй, өөрийгөө яваад явах чадваргүй – нэг үгэндээ туйлын сул үндэстэн. Өөрөөр нэмж нэрлэх аргумент надад лав алга.

Энэ их халамжийн бодлогоо эргэн харах шаардлагатай хэмээн ОУВС, олон улсын санхүүгийн, хандивлагч байгууллагууд, түнш улс орнууд амаа цангатал хэлдэг байх аа даа. Монголын төр нь элдэв төрлийн халамжаар угжсаар байгаад ажил хийх сонирхолгүй, гиюүрсэн, хувиа хичээсэн, архинд толгойгоо мэдүүлсэн, бүтээмжгүй бүхэл бүтэн анги давхаргыг бэлтгэчихсэн. Бүр үр удмаар нь төлөвшүүлчихсэн. Ажилгүй гиюүрсэн иргэдийн ихэнх нь ид тэгширч яваа хөдөлмөрийн насны залуучууд байгаа нь маш том гамшиг.

Жилийн дараа хийхээр төлөвлөж буй УИХ-ын сонгууль нь улс төрийн тогтворгүй байдал руу хүргэх, хөрөнгө оруулалтыг үргээх буюу азнуулах магадлалтай. Бас Засгийн газрын зардлаас шалтгаалж дотоодын эрэлт нэмэгдсэнээр инфляц өсөх магадлалтай гэсэн байх юм.

Манай улсын өрсөлдөх чадварыг сулруулдаг хүчин зүйлийг л яриад байна л даа. Энэ эрчээрээ яваад байвал манай улс дэлхийн эдийн засгуудын бөгсөнд эдийн засгаа аваачиж үнэлүүлээд сүүл мушгигчдын тоонд Монгол маань зоолттой байсаар байх болно.

2030 онд дэлхийд сүүл мушгигчдын тоонд Монгол багтжээ гэсэн орчуулгын мэдээ “Засгийн газрын мэдээ” сонинд явж байсныг дахиад давтая. Америкийн “National Interest” сэтгүүлээс танилцуулсан эдийн засгийн өсөлт, дэвшлээр сүүл мушгих орнуудын жагсаалтыг Хойд Солонгос тэргүүлнэ. Папуа Шинэ Гвиней удаална. Монгол Улс араасаа гуравдугаарт бичигдэнэ. Өмнө нь Азербайжан, Казахстан жагсана хэмээн бичсэнийг “Засгийн газрын мэдээ” хөрвүүлж тавьсан байсан даа.

Би энд тайлбар хэлж эдийн засагтайгаа ноцолдооч ээ гэсэн ятгалгаа үргэлжлүүлнэ. Нэг зах зээл, ганц салбараас хэт хараат байгаа эдийн засаг гэдэг үнэлгээ ирэх 11 жилд маниусаас арилахгүй байх гэсэн бараан таамаг америкийн сэтгүүлд хийчихсэн байна. Тэр утгаараа манай улс 10 жилийн дараа ч гэсэн хэзээд эмзэг, дорой буурай байсаар байх болно гэдэгтэй би санаа нийлнэ.

Эдийн засаг нь 2030 онд эмзэг байна гэхлээр гэрэлт ирээдүй сэтгэлд ер бууж өгөхгүй. Ази тивд бидний яг дэргэд дэлхийн хоёр дахь том эдийн засаг хаалгаа нээгээд энгэрээ яраад хүлээж байна. Чухам тэр стандарт гэдгийг нь хангачих юм бол юу л үйлдвэрлэнэ, юу л бүтээнэ бүгдийг нь худалдан авъя. Дэлхийн хамгийн том импортлогч болъё гээд хүлээж байна. Хятадаас цаашлаад хар. Эдийн засгийн өсөлтөөрөө толгой цохиж буй Энэтхэг, Индонез араас нь Ази тивээс мэндэлнэ. Манай оршин буй эл бүс нутгийг дэлхийн эдийн засгийн шинэ хүч, шинэ ирээдүй өөд өсөлтөөрөө татах зүтгүүр хэмээн тодорхойлж байна.

Харин өсөлтийн өлгий болох энэ бүс нутгийн улс орон бүр үсрэнгүй хөгжиж дэвжихгүй, зарим нь сүүл мушгина. Дэлхийн хамгийн хурдтай тэлж буй энэ тивд уналтын улаан дохио хангинуулсаар байх ганц нэг улс байгаагийн нэг нь Монгол болчихсон нь нэн харамсалтай бөгөөд ичмээр.

Гол шалтгааныг нь “National Interest” нэрлэж, нэг үгээр бидэндээ дохио сануулга өгчээ. Ганц зах зээл, ганц салбараас хэт хараат бүү бай. Учир нь тийм байх аваас ямагт эмзэг, дорой буурай, арчаагүй байх болноо гэсэн санаа л даа. Монголыг гэлтгүй эхлээд хаа холын Азербайжаныг жишээлсэн байна. ДНБ-ийхээ 40 хувийг зөвхөн газрын тос, байгалийн хийгээс олдог, түүнийгээ төрөлжүүлж, эдийн засгийн олон салбарт хүч сорь гэсэн нь зөв байх. 

ХЯТАДЫН ДНБ-ИЙ ӨСӨЛТ ХЭР БАЙХААС МАНАЙ ЭКСПОРТЫН ХЭМЖЭЭ ИХ БАГА ХЭЛБЭЛЗДЭГ

Манайх руу хандуулж хатуухан үгээр бичмээр үг санж. Гэхдээ би Азербайжанд очиж үзэж байсных тэр улсын цэцэглэн хөгжсөн салбарууд, хотуудаар явсан. Лав хүн амын тал орчим нь ядуурах гэж байгаа, гуравны нэг нь ядуурчихсан гэдгийг олж үзээгүй, сонсоогүй. Мэдээж Азербайжан, Казахстан, Монгол нь Орос, эсвэл Хятадаас газрын тос, байгалийн хий, зэс, нүүрсний аль нэгээс шууд хамааралтай. Гэлээ гээд нөгөө хоёр улс нь Монгол шиг ирээдүйгээ бүрхэгдүүлчихсэн гэж би бодохгүй байна. 2030 он гэхэд ДНБ-ээ хүн ам тутамдаа хуваагаад нэг хүний бодит орлого гээд гаргаад ирвэл Азербайжан, Казахстан хоёр Монголыг бараагүй хаяад явчихсан байх вий гэдэгт л бид яс хавталзаж суух ёстой юм.

Манай улсын эдийн засаг Хятадын хөгжлийн бараа сүүдэрт өсөлт үзүүлж байсан, үзүүлэх ч болно. Харин нүүрс, зэс зэрэг цөөн түүхий эдээс энэ нь бүрдээд байх нь хамаарлын шалтгаан мөн. Энэ байдлаараа Хятад гэдэг нэг худалдан авагчтай, Хятадын буюу Хятадаар дамжих нэг зах зээлтэй л дахиад 10 жилийг туулах хэрэггүй мэт. Энэ их хэт хараат байдал чинь улс төр рүү нөлөөлөхгүй гэх баталгаа алга.

Энэ байдлаараа Хятад гэдэг нэг худалдан авагчтай, Хятадын буюу Хятадаар дамжих нэг зах зээлтэй л дахиад 10 жилийг туулах хэрэггүй мэт. Энэ их хэт хараат байдал чинь улс төр рүү нөлөөлөхгүй гэх баталгаа алга.

Үнэндээ өөрсдөө ч мэднэ. Хэдхэн түүхий эдийн (хоёр гуравхан) ханш даган Монголын эдийн засаг бүхэлдээ савлаж байдаг. Хятадын ДНБ-ий өсөлт хэр байх хувь процентоор экспортын маань их бага хэлбэлздэг. 2018 оныг нэрлэе. Монгол маань нийт экспортынхоо 92.8 хувийг Хятад руу гаргажээ. Тэр чигтээ уул уурхайн салбарын олборлосон түүхий эд. Нэгэнтээ ухаад гаргаж ирээд ачаад урд хил рүү зөөчихнө, цаанаас нь тосч аваад төлбөр хийчихнэ. Уг нь тун хялбар наймаа. 100 жилийн өмнө бол болоод байх л наймаа. XXI зуунд хаашаа ч юм, тэгээд бас тэр наймаанаас ард түмэнд нялзах нь тун өчүүхэн. Нийгмийн халамжийн нөхвөр мөнгөнд ихэнх нь (нөгөө 700 тэрбум төгрөг чинь) явчихна.

Ийм хамаарал нь залхуурал ба бэлэнчлэлийг монголчуудад суулгаад өгчихсөн. Урд хөршийн эдийн засгаас хамааралтай, түүндээ огтоос санаа зовдоггүй, өнөө хэр нь улсынхаа эдийн засгийг төрөлжүүлж, үйлдвэрлэл хөгжүүлэхэд мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргахгүй, тэр нь уриа, хурлын сэдэв болчихсон. Нэг үгээр арилчихсан дотортой хүмүүс дэндүү ихээр үржиж байна.

Худалдаанаас гадна хөрөнгө оруулалт нь бас хамаарлын том үзүүлэлт. Ихэнх нь Хятад, мөн Канадаас. Хоёр улсыг жингийн туухайд тавибал Хятад нь даваад явчихна. Орж ирдэг мөнгөний урсгал нь мөн л олборлох болон түүнтэй холбогдсон боловсруулах салбар руу чиглэнэ. Энэ нь нийт хөрөнгө оруулалтын 80 хувийг эзэлнэ. Үүнээс үзэхэд худалдаа, хөрөнгө оруулалтын урсгал ганцхан салбарт хэт төвлөрчээ.

Манайд нэг болохгүй зүйл бий. Гуравхан сая хүн амдаа ахдахаар дэндүү том данхгар Засгийн газрын ба засаг захиргааны бүтэцтэй. Хэрэглэдэг зардал нь хэт өндөр. Тэгсэн хэрнээ үр ашиггүй, тэр чигтээ гарлага. Монгол Улсын Засгийн газрын зардал, хөрөнгө оруулалт хоёр тогтмол өссөн ч хангалттай үр дүн үзүүлээгүй. Төрийн албан хаагч нь 200 мянга хүрч яваа. Тэд нь төсвийн мөнгө юүлэгчид, ихэнх нь гуйлгачнаас арай дээгүүр, тиймээс авилгадна гэдгийг үзүүлж өгнө. 2030 он гэхэд манай улсыг бөгсөнд байлгаад байх бас нэг үзүүлэлт бол авлигын индекс юм. Энэ шалгуураар 2019 оныг сүүлийн таван жилтэй харьцуулахад зургаан байраар ухарч, 180 улс орноос 93 дугаарт бичигджээ. Ардчилал суларч, авлига бэхэжсэн, “Авилгажсан ардчилал” гээд нэрлэгдчихсэн байж байна.

Төсвийн хөрөнгө оруулалт хэр үр ашигтай вэ гэсэн олон улсын шалгуураар дэлхийн 200 орчим улсуудаас Монгол Улс 124 дүгээрт бичигдсэн нь хөгжиж буй орнууд дотроо тун доогуур үзүүлэлт юм.

Гуравхан сая хүн амдаа ахдахаар дэндүү том данхгар Засгийн газрын ба засаг захиргааны бүтэцтэй. Хэрэглэдэг зардал нь хэт өндөр. Тэгсэн хэрнээ үр ашиггүй, тэр чигтээ гарлага.

Ийм дорой байж байтал гадаад өр төлөгдөх хугацаа тулаад ирнэ. Бараг 30 тэрбум ам.доллар болж байгаа гэв үү? Өрийн дарамт асар өндөр улсуудын жагсаалт руу орж явчихна даа. Өр гэснээс бидний мэдэх нь 500 сая ам.долларын “Мазаалай” бондыг бүхэлд нь, нэг тэрбум ам.долларын “Чингис” бондыг 2022 он гэхэд тус тус төлнө. 2023 онд 600 сая ам.долларын “Хуралдай”, 2024 онд 800 сая ам.долларын “Гэрэг” бондын төлбөр төлөх гэхчлэн хуваариарааа хөвөрч өгнө.

Гэтэл өдөр өдрөөр өсч буй дээрхи зээлүүдийг төлөх үндсэн хуримтлал бага тул дахин зээл тавьж, өрийг өрөөр санхүүжүүлж таарна. Улсын төсөв болон гадаад валютын нөөцөнд дөрвөн жил өндийх завгүй үргэлжлэх их дарамтын тухай би өгүүлж байна. Хойд хормойгоороо урдахаа нөхсөөр, өр зээлийн хэлхээ ирэх жилүүдэд ч хөвөрнө гэсэн үг. Ингэснээр бид 2030 онд ч гэсэн өрийн тоолуур зогсолтгүй гүйсэн чөтгөрийн тэр тойргоос зайлж чадахгүй байх бололтой.

2019 онд гадаадын арилжааны болон хөнгөлөлттэй зээлийн зөвхөн үндсэн төлбөрт гэхэд л 850 тэрбум төгрөг буцааж төлөхөөр байгаа нь айсуй жилүүдэд бидэн дээр буух өрийн дарамттай харьцуулахад хамаагүй бага дүн шүү дээ. Үүндээ санаа амралгүй 2021 оноос амсхийх завсаргүй жил дамнасан их эргэн төлөлтүүдийг яралзтал хийх учиртай. Харин түүнийгээ хилэгнэсэн ард түмэндээ улс төрчид нь юу гэж тайлбарлах бол гэхээс яс хавталзах юм. Цагаан сар, наадмаа цуцалж золигтохгүй байгаа гэж айж байна.

Энэ их өр төлөлтөөр далимдуулаад төр толгой дээрх их ачаанаасаа бага ч болов салчих бас нэг алтан боломж гараад ирж байна. Энд нэгдүгээрт бүс нутагчлал-аймаг сумдын тоог эрс цөөлөх. Аймаг 5-7 байхад хангалттай, үр ашиггүй, балгас болчихсон, ой тэмдэглэхээс цаашгүй бүх сумдыг тарааж хооронд нь нэгтгэх. Хоёрдугаарт төрийн албан хаагч гэх им тамганаас нь багш эмч нарыг 100 хувь чөлөөлөх, тэдний өмнө төр толгой гудайлгахаа болих, үр ашиггүй хэт төвлөрлийг сааруулж бүс нутгийн төвүүд руу нийслэлийн хүн амын талыг буцаан илгээх. Мөн хэдэн биендээ юм зарж өдөр хоног өнгөрөөдөг улсын хэмжээний худалдааг цэгцлэх; 5) Өр төлөх нэрээр зарим салбарт хуулийн дарангуйлал тогтоох– ажилгүйдлийг хүчээр арилгах, архидалт, ядуурлыг гэмт хэрэгт тооцох гэх мэтийг санал болгон дэвшүүлж байна.

Монголын эдийн засаг сэргэж буйг одоо ам уралдан магтахаа азнавал ядаж ард түмнээ хуурахгүй юм даа!

 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 310 санал өгсөн байна.

Дээшээ