Б.Батаа: Уншиж, бичээд сурчихсан хүүхэд багшийн анхаарлаас гадна үлдэх магадлалтай

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч О.Ариунбилэг

2019-08-14 11:39 GMT+8

-Шинэ хичээлийн жилд ТА БОЛОН ТАНАЙ ХҮҮХЭД БЭЛЭН ҮҮ?-

ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗЭХ

Шинэ хичээлийн жил эхлэх гэж байна. Бүгд л догдлон хүлээж буй энэ цаг үед “хүүхдүүд маань сурахад бэлэн үү” гэдэг асуулт магадгүй хамгийн чухал нь байх. Тиймээс Боловсрол судлаач Баатарын Батааг gogo.mn сайт ээлжит ярилцлагын зочноороо урьлаа.

Эхний хэсэг: ЗУРГААН НАСТНУУДАД ЮУГ АНХААРАХ ВЭ?

-Зургаан настнууд маань цэцэрлэг, зуны амралт гээд тоглоомноос өөрийг мэдэхгүй байсаар хичээлийн шинэ жилтэй золгох нь. Түрүүнд нь “бэлтгэл анги” гэж байсан. Одоо бэлтгэл ангигүйгээр хүүхдийг шууд оруулахаар хэр байдаг юм бол?

-Сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт хүүхдийг бэлтгэх үйл ажиллагаа явагдах ёстой. Хэрвээ бэлтгэл заавал шаардлагатай байсан гэж яригдах гээд байгаа бол СӨБ-ын сургалт буюу 2-5 насанд юу хийгдсэн бэ гэдэг асуудал гарч ирнэ. Мөн гэрийн орчинд буюу 0-3 насанд хүүхэд юу сурсан бэ гэдэг зүйл яригдана.

-Зургаан настнуудыг хичээл сургах гэдгээс өмнө сууж сургах гэж нэг том аюул бий. Хэдэн минут сууж байвал боломжийн, хичээл хийчихээр гэж үзэх вэ?

 Эхлээд 1-2 минут төвлөрүүлэх, улмаар 5, 10 гэх мэтээр нэмсээр 6 настай хүүхэд 25 орчим минут төвлөрч чадаж байвал их сайн.

-Сууж сурна гэдгийг цаана анхаарал төвлөрөлтийг ярих ёстой. Анхаарал төвлөрөлтийн хувьд гэрийн хүмүүжлээр болон цэцэрлэгт сургасан байх ёстой. Эхлээд 1-2 минут төвлөрүүлэх, улмаар 5, 10 гэх мэтээр нэмсээр 6 настай хүүхэд 25 орчим минут төвлөрч чадаж байвал их сайн. Насанд хүрсэн дундаж хүн 30-40 минут төвлөрөх чадвартай байдаг. Энэ төвлөрлийг өмнөх шатны үйл ажиллагаануудаар хэвшүүлж, бэлтгэж сургасан байна.

-Анхаарлыг нь төвлөрүүлж сургахын тулд ямар дасгал хийлгэвэл үр дүнтэй вэ?

-Хичээл сургалт болон хөгжүүлэх үйл, тоглоом байдлаар хийлгэж болно. Тоглоом тоглох, ном уншиж өгөх, цаасан дээр тодорхой дасгалуудыг хийлгэх зэрэг байж болно. Хүчилсэн, хүчлээгүй хүүхдэд анхаарлаа төвлөрүүлэх үйлийг өөрт нь мэдэгдэлгүйгээр бий болгох нь зүйтэй. Хүүхдийн сэтгэл зүйд анхаарна. “Хичээл хийнэ, наашаа суу” гээд зандрах байдлаар хэлээд байвал хүүхэд яваандаа дургүй болж эхэлнэ. Бичих, унших үйлийг тоглоом маягаар хийлгэх боломжтой.

-Ер нь бид хүүхэдтэйгээ өөрийн мэдэлгүй л зандарсан, тушаасан байдлаар хандчихаад байдаг даа.

-Тэр нь бидний сэтгэл судлалын боловсролын түвшин сул байгаатай л холбоотой. Тиймээс эцэг, эхчүүд өөрийгөө анзаарч, хянаж байх ёстой. Эцэг, эхчүүдийн алдаа нь өөрийнх нь эцэг, эх, нийгэм яаж хандаж өсгөсөн яг тэр байдлаар хүүхэдтэйгээ харьцаж, хүмүүжүүлэх гээд байдаг. Гэтэл тэр нь алдаатай арга байсан бол яах билээ.

-35 үсгээ заагаад сургуульд оруулах эцэг эхчүүд байна. Огт заагаагүй эцэг, эх ч байна. Аль нь зөв бэ?

Эцэг, эхчүүдийн алдаа нь өөрийнх нь эцэг, эх, нийгэм яаж хандаж өсгөсөн яг тэр байдлаар хүүхэдтэйгээ харьцаж, хүмүүжүүлэх гээд байдаг.

-Танхимын сургалт гэдэг тэр ангид сурч байгаа нийт хүүхдийн дундаж хурд, сурах чадвар, түвшинд нийцүүлж багш сургалтын үйл ажиллагаа явуулдаг. Уншиж, бичээд сурчихсан хүүхдийн хувьд зүгээр суух, багшийн анхаарлын гадна үлдэх алдаа байдаг. Ямар аргаар тэр хүүхэд уншиж, бичиж, бодож сурсан бэ гэдэг бас асуудал бий. Тэр нь багшийн заах аргатай зөрөх үү. Өөр аргаар сурчихсан хүүхэд нэг ангийн хүүхдүүдэд зориулсан нэг түвшний сургалт явуулж байхад багшдаа хүндрэлтэй байдаг гэсэн үг. Хүүхдийн хувьд буруу гэж хэлэхэд хэцүү. Хүүхдийн сурах чадвар, оюуны чадавхаас их хамаарна.

-Бидний үед хүүхдүүд 1-3-р ангидаа онц сураад, тэрнээс цааш сурлагын дүн нь мууддаг ерөнхий байдал их анзаарагддаг байсан. Энэ нь магадгүй багшийн заах аргатай зөрчилдсөнөөс болж сурахаас цааргалах үйл явц явагдаж байсан байж болох уу?

-Хоёр зүйл нөлөөлсөн болов уу. Бидний үед 1-3-р анги бага анги байж байгаад, дунд ангид орох үед олон багш орж эхэлсэн нь. Мөн хүүхэд өөрийгөө том болсон гэж бодож, хойш сууж эхэлдэг. Хоёрдугаарт, эцэг эхчүүд хүүхдээ дунд ангид ороод ирэхэд нь “том болчихлоо” гэж эндүүрээд анхаарлаа сулруулж эхэлдэг. Ер нь боловсрол хүүхэд, багш буюу сургууль, эцэг эх гэсэн тулгын гурван чулуун дээр тогтдог. Хүүхдийн нас бага байх тусам хамгийн их оролцоо эцэг, эхээс гарна. Үүний дараа багш, хүүхдийн оролцоо нэмэгдэнэ. Цаашдаа бие даан сурна гэх мэт. Харвардын их сургуулийг 1954 оны төгсөгч, төгсөлтийнхөө баяр дээр “энэ дөрвөн жилийн хугацаанд их зүйл сурлаа. Сургуулиараа бахархаж байна. Хамгийн гол нь одоо би багшгүйгээр сурч болох юм байна гэдгээ ойлголоо” гэсэн гэдэг. Тэгэхээр хэн нэгний оролцоогүйгээр сурч эхлэх нас бол нэлээд хойно байх нь. Тиймээс эцэг, эхчүүдэд “боловсролд та бүхний оролцоо маш их шүү” гэж хэлмээр байна.

Өөр аргаар сурчихсан хүүхэд нэг ангийн хүүхдүүдэд зориулсан нэг түвшний сургалт явуулж байхад багшдаа хүндрэлтэй байдаг гэсэн үг

-Бага ангид багш чухал уу, сургууль чухал уу?

-Хэрвээ тухайн багш сургуулийн удирдлага, менежментээс үл хамаараад өөрөө хичээл зүтгэлтэй, туршлага сайн байгаа бол багшийн шинж илүү чухал байна. Сургууль нь боловсролын үйл ажиллагаа сайтай, нийт багш нарынхаа чадавхийг сайжруулж ажилладаг бол сургуулийг чухалд тооцно. Ер нь бага ангид багшийн чадвар чухал байдаг. Дунд ангид олон багш ордог учир сургуулийн менежмент сайн байж гэмээ нь сайн байна.

-Улсын сургуульд хүүхдээ оруулж чадаагүй эцэг эхчүүд, 60 хүүхдийн нэг болгоод хүүхдээ сургуульд өгөхдөө тийм ч таатай биш байгаа байх. Яагаад гэвэл ганц багш яагаад ч 60 хүүхдэд хүрэх боломжгүй. 60 хүүхдийн нэг болсон ч сурлага сайтай хүүхэд болгохын тулд яавал дээр вэ?

-Юун түрүүнд хүүхэд нь сургуульд сурахад бэлэн үү. Харандаа, үзэг барих, зурлага хийх, анхаарал төвлөрч сууж чаддаг, сургуулийн талаарх ойлголт зөв үү зэрэг асуудал яригдана. Сургуулийн талаарх ойлголт зөв гэдэг нь сурахыг баяр баясал болгож хүлээн авч чаддаг, юм сурч мэдэх хүсэл тэмүүлэлтэй, хүний үүрэг даалгаврыг сонсдог, хүлээцтэй байдлыг хэлж байгаа юм. Эдгээрийг эзэмшиж чадсан бол сургалтын үйл ажиллагаа явуулахад их амар болно. Сайн орчин, сайн багштай атлаа сурдаггүй хүүхэд байна шүү дээ. Энэ бол явж явж гэр бүлийн хүмүүжлийн асуудал юм шүү. Тэгэхээр “ээж, аав ажлаа хийсэн үү” гэж л асууна даа.

-Зургаан настай хүүхдээ сургуультай нь зэрэгцүүлээд элдэв дугуйланд явуулаад байвал ямар вэ?

-Бид хүүхдэдээ иж бүрэн, олон талт хөгжлийг олгоё гэвэл юу, юуг сургавал зохистой вэ гэдгийг мэдэх хэрэгтэй болно. Нэгдүгээр анги бол уншиж, бичиж сурч байгаа ачаалал өндөртэй, онцлогтой анги. Гэхдээ өмнөх түвшний сургалтуудын хоцрогдол бага, агуулгыг асуудалгүйгээр сурч чадаж байгаа бол дахиад сургалтад явуулж болно. Хүүхдийн түвшингээс хамаарна гэсэн үг. Ингэхдээ аливааг тэнцвэртэйгээр өгөх хэрэгтэй. Оюуны төрлийн хичээл их байгаа бол бүжиг, биеийн тамир зэрэг хөдөлгөөний сургалтад явуулвал илүү өгөөжтэй, хүүхэд ядардаггүй. Хүүхэд аливааг баяр баясал болгож хүлээж авч байх нь чухал.

Багшийн ажил хийж байгаа хүн чинь ямар сайхан хүн билээ дээ. Гэтэл яагаад нэн түрүүнд буруутгах талаас нь тэр хүнийг хараад байна вэ. 

-Еврейчүүд хүүхдээ сургуулиас нь авахдаа “өнөөдөр чи багшаасаа ямар чухал асуулт асууж чадсан бэ” гэж асуусан гээд л ярьдаг. Үнэн худлыг мэдэхгүй. Харин бид хүүхдээ сургуулиас нь авахдаа “өнөөдөр багш нь миний хүүхдийг загнасан уу, хүүхдүүдэд дээрэлхүүлээгүй биз дээ” гэж асуудаг. Ер нь хүүхэдтэйгээ ярилцах энгийн асуултууд юунаас эхлэх ёстой вэ?

-Багшийг буруутгаж харах гээд байна уу, сургалтын үйл ажиллагааг хэрэгтэй гэж үзэж байна уу, юуны төлөө сургуульд явж байгааг ойлгож байна уу гэдэг сэтгэл зүй. Нарийн ярьвал сэтгэлгээ болж хувирна. Хүүхэд бол эцэг, эхийнхээ үлгэр дуурайлаар багш, сургуулийнхаа талаарх ойлголтттой болно. Сурна гэдэг баяр баясал. Юм танин мэднэ, чаддаг болно гэдэг чинь сайхан шүү дээ. Гэтэл яагаад хүүхэдтэйгээ “хэцүү дээ, одоо яана даа” гэж яриад байдаг юм. Багш нь бол чадлаараа л хичээж байгаа. Багшийн ажил хийж байгаа хүн чинь ямар сайхан хүн билээ дээ. Гэтэл яагаад нэн түрүүнд буруутгах талаас нь тэр хүнийг хараад байна вэ. Хятад улс хурдтай хөгжиж байгааг хүн бүхэн мэднэ. Саяхан нэгэн судалгааг харахад багшийг хамгийн ихээр хүндэтгэдэг улс гэнэ. Тэгэхээр тэнд шинжлэх ухаан хөгжинө. Эхлээд аливаад хандаж байгаа хандлагаа эерэг болго. “Та өсөж байгаа хүүхдээ хар, өвдөж байгаа биеэ чагна. Танд эмч, багш хоёроос ойр хүн олдохгүй” гэж үг байдаг.

-Зургаан настнууд нь хичээлээ сайн суралцах чухал уу, эсвэл ангийнхантайгаа найзлаж нөхөрлөх нь чухал уу?

-Нэн түрүүнд яригдах зүйл бол хүүхэд тэр ангид явж, тэр сургуульд сурч байгаадаа баяр баясалтай байна уу. Сурах хүсэл тэмүүлэл эндээс бий болно. Үүний дараа бичиж, уншиж чадаж байна уу гэдгийг ярих нь зөв. Үүнийг бий болгохын тулд эцэг, эх-багш сайхан харилцаатай баймаар, дараа нь хүүхэд-багшийн харилцаа, хүүхэд-хүүхдийн харилцаа эерэг, дулаан, зөв байх учиртай.

Даалгаврыг гэртээ очоод багшгүйгээр бие даан суралцах аргад сургаж байгаа үйл юм гэж бодвол хэрэгтэй.

-Хүүхэд бүрийн зан чанар өөр байх шиг. Жишээ нь, зарим хүүхэд төрөл бүрийн тоглоомоор тоглох дуртай бол, зарим нь нэг л тоглоомоороо тоглоод байх дуртай. Хүүхдээ хэрхэн ажиглаж, онцлогт нь тохируулж яаж боловсруулмаар юм бэ?

-Харилцаан дээр хүн нээлттэй, дотогш чиглэсэн гэж хоёр хуваагддаг. Дотогш чиглэсэн хүн өөрөө асуудлын шийдлийг бодож олдог, өөрөө өөртэйгээ ажиллах чадвар сайн. Сул тал нь хүн өөрөө л очихгүй бол өөрөө харилцааг үүсгэдэггүй. Энэ төрлийн хүүхдийг сургуулиас гадуурх үйл ажиллагаанд оролцуулах, өөрийгөө нээж илэрхийлэх боломжийг нь эцэг, эх нь дэмжиж өгөх хэрэгтэй. Нээлттэй хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, бусадтай харилцааг амархан үүсгэдэг. Сул тал нь бодож суух, төвлөрөхөд тааруухан. Тиймээс энэ төрлийн чадварыг нь суулгахад анхаарах хэрэгтэй. Зарим эцэг, эхчүүд шатрын дугуйланд ч явуулдаг.

-Гэрийн даалгавар гэж нэг хэцүү зүйл байна. Ер нь гэрийн даалгаврыг бага ангид нь хийлгэх нь зөв юм уу?

-Даалгаврыг өгч ч болно, өгөхгүй ч байж болно. Даалгаврыг гэртээ очоод багшгүйгээр бие даан суралцах аргад сургаж байгаа үйл юм гэж бодвол хэрэгтэй. Хүүхдийн нас бага байх тусам даалгавар хийхэд нь эцэг, эхийн оролцоо их байх юм гэдгийг ойлгочихвол хүндрэлгүй зүйл болно. Даалгаврыг юу гэж ойлгохоос л хамаарна.  

ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ СОНСОХ:

Хоёрдугаар хэсэг: ЭРДМИЙГ ХИЧЭЭЛЭЭР СУРАХ НЬ БУЮУ ДУНД АНГИЙНХАНД ЮУ АНХААРАХ ВЭ?

-Бага ангид харьцангуй цөөн багштай байж байгаад дунд ангид ороход олон багш нар хичээл ороод эхэлдэг. Үүнтэй холбоотойгоор дунд ангиас хүүхдүүд хичээл дээрээ “орхигдох” нь бий. Энэ үед хүүхдээ яаж бэлтгэх ёстой вэ?

 Дунд ангид орсон эхний хагас жил хүүхэд нэлээд тэвдэж байгаа нь анзаарагддаг.

-Эцэг, эх, багш аль аль талаас нь бэлтгэж, хүүхдийг ойлгож сурах, дэмжих хэрэгтэй. Дунд ангид орсон эхний хагас жил хүүхэд нэлээд тэвдэж байгаа нь анзаарагддаг. Багшийнхаа яриаг гүйцэхгүй, олон багшийн зан ааш өөр санагдаад, өмнөх багштайгаа харьцуулаад эхэлдэг.

-Хүүхдүүдийг дунд ангиас нь элдэв олимпиад, уралдаанд оролцуулах асуудлыг жил бүр больё гэж ярьдаг ч хийсээр байдаг. Энэ багштай, сургуультай холбоотой байдаг юм уу эсвэл эцэг, эхчүүд шахалт үзүүлээд байдаг юм уу?

-Уг нь боловсролын систем, удирдлагууд, багш нар ойлгоод уралдаан тэмцээнүүдийг аль болох зөв тал руу нь чиглүүлье гэж харж байгаа. Эцэг, эхийн ойлголт хурдан хүлээж авч чадахгүй байх шиг. Яагаад уралдаан тэмцээнийг таашаахгүй байна вэ гэдэг нь их учиртай. Хүн төрөлх чадвараараа 5 ангилагддаг.

  • 2,5 хувь нь аливааг ойлгох, сурах чадвар маш сул
  • 13,5 хувь нь дундаж хүнээс доогуур байдаг
  • 68 хувь нь дундаж,
  • 13,5 хувь нь дунджаас дээгүүр
  • 22,5 хувь нь гойд сайн байдаг.

Уралдаан тэмцээн гэдэг голдуу гойд сайны хооронд байдаг. Тодорхой төрлийн олимпиадад байр эзэлж байгаа хүүхдүүдийг харвал гойд сайн хүүхэд, сайн багшийн ачаар гарч ирсэн байдаг. Хэт их уралдаан тэмцээн хөөгөөд ирэхээр сургалтын үйл ажиллагаа ч алдагдана. 100 хүүхэд дотор гойд хүүхэд 2-3 байтал үлдсэн 97 хүүхдийнхээ сурлагыг сайжруулах ёстой байтал гойд 3 хүүхдээрээ дүгнэгддэг багш нар байна. Багш өөрөө ч хүүхдээ ангилахдаа “та нар сурах чадваргүй” гэж бодоход хүрдэг. Гойд сайн хүүхдийг хөгжүүлэх сургалт байдаг. Жишээ нь, 11-р сургууль бол математикийн гойд сургалттай хүүхдүүдийг бэлтгэдэг. Энэ сургалтыг бид маш сайн хөгжүүлэх ёстой. Гэвч бид гуравхан сая хүн амтай тул, хүн бүр л хөгжиж байвал сайн.

Хэт их уралдаан тэмцээн хөөгөөд ирэхээр сургалтын үйл ажиллагаа ч алдагдана. 

-Дунд сургуульд олон төрлийн хичээл заадаг. Эцэг эхчүүд “амьдралд огт хэрэг болохгүй хичээл” хүүхдэд зааж, цагийг нь үрлээ гэж их ярьдаг. Биеийн тамир, хөдөлмөр, гоо зүй гэдэг ч юм уу олон төрлийн хичээлийн ач холбогдол нь юу юм бэ?

-Математик сайн хичээл үү гэвэл сайн хичээл. Гэхдээ бид хүүхдийн хөгжлийг олон талт хөгжил талаас нь харах нь зүйтэй. Өмнөх зуунд I хэлбэрийн чадвартай буюу нэг л зүйлийг их сайн мэддэг, чаддаг хүнийг зөвшөөрдөг байсан. Одоо гэтэл хөрвөх чадвартай хүн шаардлагатай болсон. Тиймээс чадварын олон суурийг, олон хичээлийг судлах хэрэгтэй. Үүний тулд I үсгийн дээр малгай үүсгэж, Т үсэг бий болгоно. Өөрөөр хэлбэл, олон хичээл сурснаар тэр хүүхдийн суурь мэдлэг чадвар, ерөнхий мэдлэг нь өргөн тавигдаж байна гэсэн үг. Оросоор кругозор гэдэг. Дараагийн удаад хөлнийхөө тоог хоёр болгож П үсгийг, гурав болгож M үсгийг бий болгох хэрэгтэй. Энэ үүднээс нэг зүйлд төвлөрөхөөсөө илүү хүүхдийг бага, дунд ангид байх тусам нь олон талт мэдлэгийг олгох нь зүйтэй. Их эртнээс төвлөрөх одоо цагт тийм сайн биш. Эцэг, эхчүүд сургах арга зүйн хэлбэрүүдийг сайн ойлгох хэрэгтэй.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 308 санал өгсөн байна.

Дээшээ