Зэвсгийн ослын дараа цацраг туяаны хэмжээ 16 дахин их байжээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон GoGo.mn

2019-08-15 09:24 GMT+8

Өнгөрсөн пүрэв гарагт ОХУ-ын Нёнокса тосгоны ойролцоох цэргийн байгууламжид шинэ пуужин турших үеэр дэлбэрэлт болж таван мэргэжилтэн амиа алдаж, гурван хүн гэмтсэн билээ. “Rosatom” агентлагийн мэдээлснээр мэргэжилтнүүд цөмийн эрчим хүч бүхий хөдөлгүүрийг туршиж байх үед осол гарчээ.

Ослын ойролцоох бүс нутагт гамма цацраг туяа хэвийн хэмжээнээс 16 дахин их байсан талаар ОХУ-ын цаг уурын байгууллага өчигдөр мэдээлэв. Туршилтын талбайгаас 47 км-ийн зайтай 180 мянган хүн амтай Северодвинск хотын зургаан цэгт цацраг туяаны хэмжилт хийхэд хэвийн хэмжээнээс 4-16 дахин их байжээ. Хортой туяа агаарт хамгийн багадаа хоёр цаг 30 минут байсны дараа хэвийн болсон байна. 

Дэлбэрэлтийн дараа оршин суугчид цацраг туяаны нөлөөг багасгах зориулалттай эм бэлдмэлийг ихээр худалдсан авсан гэнэ. Мягмар гарагт Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков туршилтын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзаж, зөвхөн золгүй осол байсан гэдгийг сэтгүүлчдэд хэлжээ. Туршилтын талбайтай ойрхон Нёнокса-гийн оршин суугчид өчигдрөөс эхлэн тосгоноо орхих хэрэгтэй болсон байна. 

Инженерүүд туршилтыг хийж дуусгасны дараа гэнэт гал гарч, хөдөлгүүр дэлбэрсэн гэж BBC агентлаг мэдээлсэн юм. Тэд цөмийн хөдөлгүүртэй далавчит пуужин туршиж байж. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн жилийн гуравдугаар сард уг шинэ зэвсгийнхээ тухай засгийн газартаа танилцуулж байсан гэнэ.  

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ослоос их зүйл сурсан талаараа твиттер хуудсандаа бичсэн. Тэрээр АНУ илүү их дэвшилтэт технологи ашиглан энэ төрлийн пуужинг хөгжүүлж байгаа талаараа дурдсан аж.  

Эх сурвалж: BBC

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 330 санал өгсөн байна.

Дээшээ