Х.Мандахбаяр МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн албаа дахин хүлээн авлаа

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2019-08-15 10:56 GMT+8

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/- ийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр албан тушаалаа шилжүүлсэн Х.Мандахбаяр өчигдөр энэ сонгуульт албаа дахин хүлээж авлаа. Тэрбээр өнгөрсөн зургаадугаар сарын 3-ны өдөр МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн ажлаас түдгэлзэж буйгаа мэдэгдэж, өөрийн төрсөн нутаг Тост, Тосон бумбын нуруунд ашигт малтмал олборлож буй уурхайн үйл ажиллагааг зогсоохын төлөө тэмцэхээ илэрхийлж байв. 


Өмнөговь аймгийнхаа иргэдийг манлайлан хийсэн түүний тэмцэл үр дүнгээ өгч, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн даалгавраар Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж байсан “Сауд Гоби Коэл транс” компанийн үйл ажиллагааг зогсоож, Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах Засгийн газрын шийдвэр гарлаа. 

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, түүний МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн сонгуульт албан тушаалыг сэргээсэн байна. 

Х.Мандахбаяр сонгуульт албаа хоёр дахь удаагаа хүлээн авсны дараа “Би МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихдээ амласан амлалт, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө бүрэн биелүүлэхийн төлөө хичээн зүтгэх болно. Амласан ёсоор 16 давхар сэтгүүлч ордноо барина. 1000 сэтгүүлчийн орон сууц хөтөлбөрөө хэрэгжүүлнэ. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиа шинэчлэн батлуулна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн санхүүгийн эх үүсвэр, эзэд нээлттэй ил тод байх асуудалд онцгой анхаарч, хуулинд тусгуулахын төлөө ажиллана.

Мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх үндэсний хөтөлбөрөө хэрэгжүүлж, сэтгүүлчдээ гадаад, дотоодод мэргэжил дээшлүүлэхэд бодитой алхам хийж ажиллана. Гадаад харилцаагаа өргөжүүлж, ойрын гурван жилд дэлхийн 25 улстай хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээр байгуулж, сэтгүүлч солилцоо, контент солилцоо, харилцан туршлага судлах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Энэ бүх санаачилга бол эцсийн бүлэгт сэтгүүлзүйн салбарын хараат бус байдлыг дээшлүүлэх, сэтгүүлчийн хараат бус үйл ажиллагааг дэмжих замаар нийгмээ соён гэгээрүүлэх, шударга ёсыг тогтоох үндсэн зорилгын төлөө гэдгийг нийт иргэддээ, салбарынхандаа хариуцлагатайгаар мэдэгдье” хэмээн өөрийн цахим хуудастаа бичсэн байна. 

 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 325 санал өгсөн байна.

Дээшээ