АНУ-ын 285 сая долларын тусламжаар төсөл хэрэгжүүлэх Монголын Мянганы Сорилтын Сангийн нээлт боллоо

GoGo.mn

2008-05-31 17:05 GMT+8

Монголын Мянганы сорилтын сангийн нээлтийн ёслол 5-р сарын 30-ны орой "Хаан палас-Кемпински"" зочид буудалд болов. Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Марк С.Минтон, Засгийн газрын гишүүд, АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн төлөөлөгчид, Монголын Мянганы сорилтын сангийнхан оролцлоо.

Монголын ардчиллыг дэмжиж байгаа Америкийн ард түмний сайхан сэтгэлийн илэрхийлэл болгож АНУ-ын Мянганы сорилтын сангаас Монгол улсад олгож байгаа 285 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төслүүдийг Монголын мянганы сорилтын сан (ММСС) хариуцах юм. ММСС нь төмөр зам, эрүүл мэнд, мэргэжлийн боловсрол, хөрөнгийн эрхийн бүртгэл, хот орчмын бэлчээрийн менежментийн чиглэлийн төсөл хэрэгжүүлнэ.

АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Бушийн санаачлагаар байгуулагдсан Мянганы сорилтын корпорациас хөгжлийн тусламж авах болзлыг хангасан орнуудын тоонд Монгол улс 4 жилийн өмнө багтаж, тусламж авах эрхтэй орны тоонд орсоныг АНУ 2005 онд зарласан. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын 2007 оны 10-р сард АНУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн Монгол Улстай хийсэн гэрээнд гарын үсэг зурсан юм. ММСС-ийн нээлтийн ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр АНУ-ын Засгийн газарт талархал илэрхийллээ. Монголын Мянганы сорилтын сан нь хоёр орны харилцааны гол билэг тэмдэг болж байгааг АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Марк С.Минтон энэ үеэр онцлоод, АНУ-ын ЭСЯ дэмжиж ажиллана гэв.

Мөн Монголын Мянганы сорилтын сангийн Үндэсний зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Б.Энхтуяа: “АНУ-ын тусламжийн энэхүү 285 сая ам.доллар нь манай улсын хөгжилд том хувь нэмэр болж байгаа”-г тэмдэглээд улс төрийн намууд, иргэний нийгэм, төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил бүгд хамтран ажиллаж, энэхүү тусламжийг эх орныхоо хөгжилд хувь нэмэр болгож чадахыг харуулсаныг онцолж байлаа. ММСС-ийн гүйцэтгэх захирал С.Баярбаатар ММСС-ийн ажлын алба байгуулагдан, ажиллаж эхэлсэн тухай албан ёсоор мэдэгдсэн юм.

Ерөнхийлөгч Н.Энхбаяр МСК-ийн шалгуурыг хангах бэлтгэл ажил, Монголын Мянганы сорилтын сангийн Удирдах зөвлөлийг байгуулах, төслүүдийг боловсруулах зэрэг бүх л шатанд Ерөнхий сайд байх үеэсээ онцгой анхаарал хандуулсаар ирсэн байна.

МУ-ын Ерөнхийлөгчийн ХМА

GoGo Facebook Хуудас
 
 
Та хувийн эмнэлэгт хүүхдээ үзүүлэхдээ сэтгэл хангалуун байдаг уу?
Нийт 2304 санал өгсөн байна.

Дээшээ