- Залуу хүний
хувьд эрх чөлөөт байдлыг бусдаас илүү эрэлхийлдэг байх. Төрийн ордон дотор хувь хүний эрх чөлөөг
тун бага мэдэрдэг биз. Таны эрх чөлөө хаана байдаг вэ?
- Би маш энгийн хүн. Өмнө нь УИХ-ын гишүүн байхдаа чөлөөт хувцастай ордон дотор орж ирээд костюмаа
өмсдөг байсан. Гарахдаа нөгөө хувцсаа өмсөөд л.
Нэгдүгээрт залуу байж, хоёрдугаарт хүмүүс нэг их анзаардаггүй байлаа.
Гудамжинд залуучууд ямар байдаг яг л тэрэн шиг. Тэр үед
их чөлөөтэй байдаг байж. Одоо ч радио
телевиз их болчихсон. Байнга л чуулганы ажиллагаа гараад л. Хүмүүс нэлээд
мэддэг болчихсон болохоор жаахан хэцүү. Манай гэр бүлийнхэн гадаадад байдаг байсан. Тиймээс би чөлөөт цаг гарангуут
л гадагшаа явчихдаг байлаа. Гадаадад таньдаг хүн байхгүй болохоор чөлөөтэй байж
чаддаг. Тэнд оюутан ч юм шиг их энгийн байж чаддаг.
Мэдээж гэртээ бол энгийн, эрх чөлөөтэй ...
- Тэгэхээр 24
цагийн эрх чөлөөг гадаадад л мэдэрдэг гэсэн үг үү?
- Улс төрч гэдэг бол хэцүү ажил. Бидэнд амралт гэж
байдаггүй. Ажил дээрээ байхгүй байсан ч
ажлаа л үргэлж бодож явдаг. Толгой байнга л ажиллаж байдаг гэх үү дээ.
Хүүхдүүдтэйгээ л байхаар хамгийн их эрх чөлөөтэй байдаг юм уу даа. Бүх зүйлийг мартаж
чаддаг. Охин хүү хоёр маань надад их энерги өгдөг. Хүнийг цэнэглэдэг батерей
гэж байдаг бол хүүхдүүд маань намайг
цэнэглэгч.
- Таны өрөөнд мөнх цаст уулсын зураг их байна.
Магадгүй та ажлын өрөөнд байхдаа эдгээр
зурагнуудаасаа энерги авдаг уу?
- Эдгээр зураг Алтай таван богдын оргил дээр гарч байх үеийн
зурагнууд. Хүүтэйгээ хамт гарч байсан
зураг байна. Тэр үед явж байсан зурагчид надад бэлэглэсэн.
- Энэ Линкольны
зураг нүдэнд туслаа.
- Линкольны
баримал, зургийг байнга өрөөндөө байлгадаг. Мөн хамгийн хүндэтгэж явдаг улс
төрч талийгаач С.Зоригийн хөшөө байна. Бид
хоёр нэг сургуульд сурч байсан. УИХ, АИХ,
нэг Засгийн газарт хамтран ажилласан. Нэг фракцын андууд байлаа. Яг энерги авдаг зүйл гэвэл сайн хүн, сайн ном,
сайн кино гэж хэлж болно. Мөн явган аялал, ууланд авирах зэргээс их энерги, эрч
хүч авдаг. Өнгөрсөн жил нэлээд олон уулан дээр гарсан. Хоёр долоо хоногтоо нэг удаа Цэцээ гүн дээр гарчихаад байдаг байсан.
Сүүлийн өвөл хөлөө хугалаад жаахан хүнд байгаа. Одооноос л хөл арай гайгүй болж байна. Биеийн тамир ч
хийж чадахгүй. Таргалаад л хэрэг алга аа.
- Хоёр долоо хоногтоо
нэг гардаг байсан гэсэн. Амжих уу?
- Хуучин
бол амждаг байсан. Сүүлдээ дасчихаар нэг цаг 30 минут яваад орой
дээр нь гараад, цаг 10 минут алхаад буучихдаг. Ганцаараа гараад замдаа юм бодоод
л. Нэг талаараа аливааг эргэцүүлж бодох
боломж, дээрээс нь цэвэр агаар, биеийн
тамир болно гээд их олон давуу талтай.
- Эргэцүүлэн
боддог гэлээ. Бясалгал гэж ойлгож болох
уу?
- Улс төрч хүний амьдрал эрч хүчтэй, хурдтай байдлыг шаарддаг. Түүнд зохицох, тэвчээртэй, хүлээцтэй байж, олон
зөрөлдөөнтэй саналын дундаас зөв шийдвэрийг гаргахын тулд хүн өөрөө өөртэйгээ
маш их ажиллах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бясалгал юм.
- Та сайн
киноноос их энерги авдаг гэсэн. Сонин сонсогдлоо.
- Би Холливудын Оскар
авсан кинонуудыг их хөөж үздэг. Миний хамгийн дуртай кино “Америкт нэг удаа”. Өөрийгөө ялж, зөв байр суурь эзэлсэн. Хэдийгээр нийгэм, хамт
олны дарамт шахалт их байсан ч өөрөө өөрийнхөөрөө байж чаддаг гол дүрийн
баатруудтай кинонууд их урам зориг өгдөг. Гэхдээ Оскар авсан бүх кино тийм сайн биш ээ. Зарим нэг кино үнэхээр таалагддагүй. Заримдаа Оскарын академийг
гайхдаг л юм./инээв/ Яагаад ийм кинонд оскар өгдөг юм болоо гээд. Яахав кино
хийсэн талаасаа гайхамшигтай л даа.
- Хамгийн
сүүлд ямар сайн кино үзэв?
- Саяхан
охинтойгоо онгоцон дотор нэг хүүхдийн
кино үзсэн. Зохиол нь их сайн юм билээ. Маш жаахан зүйлээр их юм ойлгуулсан.
Мөн “Holiday” –ыг үзсэн. Хүн бол хэзээ ч,
хаана ч үргэлж хайраар дутагддаг. Хэн хайрлаж хайрлагдаж байна тэр их азтай. Хайрын
тухай өгүүлсэн, сайхан төгсгөлтэй кино байсан.
-Та бид хоёрын
яриа хайрыг бага зэрэг хөндлөө. Ер нь хорвоод
хүн болж төрөхдөө хайрлуулах гэж л ирдэг
гэдэгтэй санал нэгдэх үү?
- Тийм
шүү.
- Улс төр хийх гэж, мөнгө цуглуулах гэж хорвоод
ирээгүй нь лавтай.
- Тийм шүү. Хорвоод үнэхээр хайрлуулах, хайрлах гэж ирдэг
байх. Тиймээс дандаа хайрын тухай ярьдаг байх л даа. Миний баримталж явдаг хоёр зарчим
байдаг. Нэгдүгээрт хүн өөрөө өөртөө үнэнч байх.
Хоёрдугаарт хүнийг байгаагаар нь хүлээж авах хэрэгтэй. Заавал ч үгүй гоё
бол, заавал ч үгүй ухаантай бол гээд л. Өв тэгш болгох гэж хичээсний хэрэггүй. Байгаагаар нь хайрлах хэрэгтэй. Тэгвэл аз жаргалтай. Ер нь энгийн юм гэдэг
чинь их гоё байдаг ш дээ. Ц.Хулангийн бичсэнээр “Зүлгэн дээр гэрээ бариад,
Зүгээр л нэг амьдрах юмсан” гэж их боддог.
- Хөдөө гарч
амьдрах хүсэл их төрнө биз?
- Би угаасаа хөдөөний хүүхэд. Байгальдаа ойр амьдралыг мэдээж
хөдөө л мэдэрдэг. Залуу байхдаа газар үзье гээд гадагшаа их тэнэдэг байсан. Тэгсэн ч гэсэн Монголдоо
ирэхээр л яагаад ч юм их гоё байдаг. Илүү их эрч хүч авдаг. Хэдийгээр их
асуудалтай байдаг ч гэсэн, энд л хүн
гэдгээ, хайрыг мэдрээд л. Манайх Орхон Сэлэнгийн бэлчирт уултай, устай, элстэй газар байсан. Тэр
үед байгалийн гоо сайхныг мэдэрдэггүй байж. Одоо ингээд харахаар их сайхан газар өсч хүмүүжсэн байгалийн бүтээгдэхүүн юм байна даа гэж боддог.
- Хайрын тухай
сэдэв лүүгээ эргээд оръё. Та өөрийнхөө хайр болох гэр бүлийн хүнээ
танилцуулаач.
- Гэр бүлийн хүнтэйгээ Москвад
хамт сурч байгаад танилцсан. Сургуулиа төгсч ирээд АУИС, ЭЗИС–д эдийн
засгийн онолын багшаар ажиллаж байгаад Австралийн Сиднейгийн их сургуульд мастер
хамгаалсан. Сангийн яам, Засгийн газрын
төсөл дээр зөвлөхөөр ажиллаж байгаад Жорж тауны
Мэрилэндийн их сургуульд суралцаж байна. Одоо нэг олон улсын төсөл дээр
захирлаар ажилладаг. Ер нь бол номын хүн.
Унаган орос хэлтэй, маш сайн англи хэлтэй. Хөдөөний амьдрал надаас илүү мэддэг. Сайн багш,
эрдэм шинжилгээний ажилтан.
-Таныг гэрийн
ажилд их сайн гэж дуулсан юм байна?
- Эхнэр маань ойр ойрхон ажлаар гадагшаа явчихдаг. Бас хүнд
чинь нэг хобби гэж байдаг ш дээ. Миний хобби гэр цэвэрлэх. /инээв/ Хүмүүс нэг
их итгэддэгүй юм аа. Гэрийн эзэгтэй шиг
л хувцас хунараа угааж цэвэрлэх дуртай.
- Одоо өмсч
байгаа хувцсаа өөрөө угаасан юм биш биз?
- Өөрөө
угаасан гэхэд хаашаа юм. Угаалгын машин хатаагч байгаа. Ер нь өөрөө хийж чадах зүйлээ хүнээр хийлгэх дургүй. Би үнэхээр өөрөө хийж
чадахгүй бол хүнээс туслалцаа авдаг.
- Хүүхдүүддээ
хамгийн сүүлд хэзээ үлгэр уншиж өгсөн бэ?
- Манай
том хүү хятадад сурч байгаа. Охин маань цуг байдаг. Хамт кино их үздэг. Манай
охин бараг надаас илүү ном уншдаг. Тийм
болохоор би үлгэр уншиж өгөх
шаардлагагүй. Хэтэрхий их ном уншиж, компьютерийн ард суудаг. Бид нар тэрийг нь хязгаарлах гэж оролддог. Харин хамт
их зугаалдаг. Тоглоод л. Охинтойгоо найз
нь юм шиг л байдаг.
- Одоо хэдтэй
билээ?
- 13-тай. Сая Кёкүшюзан Д.Батбаярын үс авах ёслолд япон руу хамт яваад ирсэн “Токио таун” гээд
хүүхдийн парк дээр бүтэн өдөржингөө тоглосон. Тэр их мартагдашгүй мөч байсан. Ер нь очсон газрынхаа бүхий л хамгийн гоё,
сайхан газраар хүүхдүүдээ дагуулж
явдаг.
- Таныг их сайн
аав гэж дүгнэж болох нь ээ?
- Өөрийгөө их сайн аав гэж боддог ш дээ.Тэрийг гэхдээ хүмүүс дүгнэх ёстой байх. Охин маань нэлээн
том болтлоо надаас өөр хүнтэй нийлдэггүй
байсан. Ааваасаа гарсан гэдэг байлаа. Тэгэхээр их сайн аав юм болов уу гэж
боддог.
- Амралтын өдөр
гэж гарч байна уу? Гэр бүлийнхэнтэйгээ
хамт байх боломж ч гэдэг юм уу.
- Бид
нарт тийм боломж их бага л даа. Хөлөө хугалаад гэртээ байхдаа хүүхдүүдтэйгээ
нэлээн удаан хамт байсан. Хамт тоглоод,
кино үзээд л. Би гурван удаа Солонгост очиж эмчлүүлсэн. Хоёрт нь манай охин
намайг дагуулж явсан.
- Уучлаарай таныг хөлөө хугалсныг хэвлэлд их олон янзаар бичсэн байсан.
- Зүгээр сагс тоглож байгаад л хөлөө хугалчихсан.
- Саяхны нэг
хэвлэл дээр таныг улс төрчдөөс хамгийн
жентельмен залуу гэж онцолсон байна лээ. Үүнтэй санал нэгдэх үү?
- Би их энгийн. Жэнтельмен залуу гэж би өөрийгөө хэлж
чадахгүй. Нийгэмд баримталдаг ёс зүйн хэм
хэмжээг л дагадаг.
- Таны бөгж их гоё
харагдаж байна.
- Манай эхнэр бид хоёр
америкт явж байгаад авсан. Хуримын 15 жилийн ойгоороо. Италийн Домайнь компани, Брэд Питт
жүжигчний хамтарсан загвараар хийсэн бөгж. Орсон алт, мөнгө, алмазны
хэмжээ бага ч гэсэн их гоё...
- Жентельмен
залуусын гол илэрхийлэл нь нэртэй брэндийн бүтээгдэхүүн хэрэглэх гэдэг. Таны
бөгж үүний нэг илрэл болов уу?
- Бас ч
яг тийм зорилготой аваагүй. Нэг их элбэг
байдаггүй тийм зүйлийг л хэрэглэхийг хүссэн. Онгоцон дотор сэтгүүл үзээд явж
байгаад энэ бөгжний загварыг харсан.
Вашингтонд буугаад хайгаад олдоогүй.
Хүнд захиж байж авч байсан. Хувцасны хувьд өөртэй эвтэйхэн спортлог хувцас
өмсөх дуртай. Энгийн, залуу стильтэй хувцас таалагддаг. Надад Hugo Boss –ын хувцаснууд их таалагддаг. Их
үнэтэй ч биш, хямдхан ч биш. Одоо жишээ нь өнөөдрийн байдлаар Hugo Boss –ын костюм, цамц, оймс өмсчихсөн байна.
- Хувцасны чинь шүүгээнд хичнээн костюм байдаг
вэ?
- Хүмүүс зөвөөр ойлгох юм болов уу даа. Гурван удаа
сонгуульд ялж байсан. Гурвууланд нь нэг костюмтай байсан. Сонгуульд ялахгүй бол
дахиад сургуульд сурна гэж бодож байсан. Тиймээс костюм авах шаардлагагүй гэж
үзээд. Тэр үед костюмаа солиочээ гэсэн мессэж, мэйл хүртэл ирж байлаа. Одоо хориод костюм байна. Бид нарын өдөр тутмын
хэрэгцээ костюм болохоор. Өдөр тутмын,
ёслолын, өвөл, зуны гээд...
- Гурван
сонгуульд ялахдаа өмссөн костюмаа одоо өмсдөг
үү?
- Одоо өмсдөггүй ээ.
Гэхдээ өлгөөтэй байдаг л даа.
-Түрүүн таны
ярианд фракц гэж яриа гарч байсан. Одоо таны фракцад хэн хэн байна?
- Ер нь бол АН бол өөрөө хориод жижиг намаас бүрдсэн. Сөрөг
хүчин болсноор өөрийн зөвлөл дээр
фракцын тотолцоогоо арилгаж чадсан. Угшлаараа хөөх юм бол “Алтан гадас”-ын фракц гэдэгт харъяалагддаг л даа. Тэгээд олон фракц бий.
- Би фракц
гэдгийг асуухдаа таны дотны найзуудын
талаар сонирхсон юм. Дээр дурьдсан фракцууд дотор чинь байдаг уу?
- Фракцад бол дандаа улс төрийн найзууд байгаа. Найзууд олон
байна. Урьд нь УИХ-д хамт байсан найзууд
гээд л. Тухайлбал З.Энхболд бид хоёр чинь нэг сургуулийн параллель ангийн хүүхдүүд. Я.Санжмятав бид хоёр МЗХ-нд цуг ажиллаж байсан. МАХН-ын найз гишүүд ч олон байна. Д.Одбаяр, У.Хүрэлсүх гээд. Сэлэнгийн арван жилийн ангийнхан
маань их хамт олонч. Байнга уулзалддаг. Би
дөрвөн дээд сургууль төгссөн. Хүмүүс бас дургүйцээд байдаг юм. Өөрийгөө
рекламдаад гээд. Дөрвөн дээд сургуулийн олон найзууд байна. Тэгээд парламентэд
олон жил цуг зүтгэсэн найзууд. Хичнээн хоорондоо муудалцаад, үзэл бодлын зөрчилд
ордог ч удаан хамт байхаар өөрийн эрхгүй найзууд болдог л юм байна лээ. 90 оноос хойш хамт байсан Гончигоо, Лүндээ, Очирхүү, АИХ-аас хамтран зүтгэсэн
Батбаяр, Э.Бат-Үүл, Р.Раш, Ж.Гүррагчаа гээд найз гишүүд олон.
Хэдийгээр насны зөрөөтэй ч тэдэнтэй үзэл
бодол нийлдэг. Мөн миний хамгийн идэвхитэй залуу үе МЗХ-нд өнгөрсөн. Нэг жил дэд
ерөнхийлөгчөөр, долоон жил ерөнхийлөгчөөр нь ажилласан. Тэр үеийн найз нөхөд
маань миний хамгийн дотны найзууд минь
байдаг. Миний хамгийн сайн найз
Ч.Сайханбилэг гэдгийг хүмүүс андахгүй байх.
- Та хамгийн
сүүлд хэзээ пиво уусан бэ?
- Би ерөөсөө архи ч
уудаггүй, пиво ч уудаггүй, шампанск ч уудаггүй, айраг ч уудаггүй. Үүнийг манай найзууд, улс төрийн хүрээнийхэн бүгд
мэддэг. Тиймээс намайг ямар нэгэн хүлээн
авалт, баяр ёслол дээр архины төрлийн
зүйлээр ерөөсөө шахдаггүй. Надад зориулж бараг хундага ч тавьдаггүй. Дандаа ус
л тавьчихдаг.
- Архинаас эрс
татгалзаж чадна гэдэг маш авууштай чанар.
Анхнаасаа огт уугаагүй юу?
- Ээж
маань анх Москвад сургуульд явахад “миний хүү битгий архи уугаарай” гэсэн
тэгээд л уугаагүй. Тэгээд ч би их олон дутагдалтай. Дээрээс нь зохиомол дутагдал нэмээд яах юм бэ. Тийм биз
дээ. Архины хор уршгийг бид хангалттай л мэднэ ш дээ.
- Олон
дутагдалтай гэлээ. Таны ажил хэрэгт хамгийн ихээр саад болдог дутагдал чинь юу
вэ?
- Манай бүх найз нар хэлдэг юм. Намайг цаг барьдаггүй гэж.
Ер нь унтах дуртай.Голдуу унтаж байгаад юмнаас
хоцорчих гээд байдаг.
- Таныг улс төрд
хөл тавьсан хамгийн залуу түшээдийн нэг гэдэг. Анх улс төрд орох болсон
шалтгаан. Юу таныг хатгасан бэ?
- 1985 оны 5 сард Горбачев Зөвлөлтийн Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга болоод өөрчлөн
байгуулалт эхэлсэн. Би 1984 онд Москвад сургуульд яваад
төгстлөө л өөрчлөлт шинэчлэлтээр хүмүүжигдэж ирсэн. 1989 монголдоо ирэхэд мөн л
өөрчлөн байгуулалтын нөлөөн дор хүмүүс нэлээд хүчтэй хөдөлгөөнд орж эхэлсэн
байсан. 1989 оны 12 сарын 10-нд Ардчилсан Холбоо байгуулагдаж улс төрийн өөр зохион
байгуулалттай байгууллага байгуулагдаж,
цагаан морин жилийн хувьсгал гэдэг нь эхэлсэн. Бид нар дөнгөж сургууль
төгсчихсөн залуучууд байсан. Би тэр үед Монголын хувьсгалт залуучуудын эвлэлд ажиллаж байлаа. 1990 оны 4 сард бид анх
удаагаа намын оролцоогүйгээр хурлаа хийж, үр дүнд нь өөрсдөөсөө удирдлагаа сонгосон. Хэдийгээр миний ажлын
туршлага бага байсан ч МХЗЭ-ийн хоёрдугаар
даргаар сонгогдсон. Тэр үед би 23 хүрч байлаа. МХЗЭ-ийн гадаад харилцаа, олон нийтийн, төр засгийн байгууллага,
үзэл суртлын гээд олон асуудлыг хариуцдаг байсан учир МАХН-ын, Засгийн газрын
хэлэлцээрүүдэд, Үндсэн хуулийн өөрчлөлтөд ажиглагчаар оролцож байсан. Тухайн
үед МХЗЭ хууль санаачлах эрхтэй байгууллага байсан. Мөн Монголын анхны ардчилсан сонгуулийн зохион
байгуулагч комиссын гишүүн байлаа. Анхны
чөлөөт сонгуульд өөрийнхөө нутгаас Ардын Их Хурлын депутат болоод Улсын Бага Хуралд дахиж сонгогдсон. Хэдийгээр улс төрд залуугаараа орсон ч гэсэн ардчилалд бүх
монголчууд нас харгалзахгүй суралцаж байсан. Тиймээс УБХ-д суусан бүх л хүн нам,
нас гэлгүй ардчиллын шанг татсан
идеалистүүд байсан юм болов уу гэж боддог. Би монголд болсон таван сонгуулийн дөрөвд нь
оролцоод нэгэнд нь ялагдсан. Нэгэнд нь
бол суралцах хэрэгтэй юм байна гээд
оролцоогүй. Эргээд улс төр хийж явснаа харахад алдаж оносон зүйл бас их байна.
Ардчилсан хувьсгалыг хийсэн бүх хүн өөрсдийнхөө алдаанд суралцаад бас нэлээд хат
суусан байна. Одоо ард түмнийхээ итгэлийг дааж, улс орноо авч явах хэмжээнд хүрчээ. 90 оны эхээр хорь, гучтай залуучууд байсан
бол өнөөдөр дөч тавьтай хүмүүс болсон байна.
- Нэг сонгуульд
ялагдсан гэж байсан. Тэр үедээ юу хийж байв?
- Улс төрийн амьдралын хэмнэлийг харвал надад их тааламжтай
байсан. Эхний сонгуульд сонгогдоод, дараагийн сонгуульд нь ялагдсан тэр үедээ германд
сургуульд сурсан. Давхар Хуулийн дээд сургуульд сурсан. Харин түүний дараагийн
сонгуульд ялсан. УИХ-ын гишүүн, Байгаль орчны сайд хийж байлаа. Дараагийн сонгуульд ороогүй. Тэр үедээ АНУ-д Олон
улсын эдийн засгаар мастер хамгаалсан. Тэгээд сүүлийн сонгуульд сонгогдоод одоо
ажиллаж байна. Бусад хүмүүст ийм боломж олдохгүй байх гэж бодож байна.
- Хувь заяа
гэдэгт та ер нь итгэдэг үү?
- Итгэлгүй яахав. Гэхдээ хувь заяаг хүн өөрөө бүтээдэг. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг их үнэн. Энэ үгийг л баримталж ирсэн. Өөрөөр
хэлбэл боломж бэлтгэл хоёр нийлээд аз
болдог гэдэг. Тэгэхээр үргэлж бэлтгэлтэй
байх ёстой. Боломж олдоход бэлэн байх ёстой гэсэн үг. Миний эргэн тойронд
дандаа сайн хүмүүс байснаар би бас их азтай. Сайн хүмүүсийн хүчинд өдий зэрэгтэй амьдарч явна.
- Та бэлтгэлтэй
байжээ. Таны амьдралд олдсон хамгийн том боломж юу байсан бэ?
- Бид нарын үед мэргэжлээ маш хязгаарлагдмал байдлаар
сонгодог байсан. Хүүхдүүд яг ямар мэргэжилтэй болохоо сонгож чаддаггүй байсан
үе. Одоо бол сонголт ихтэй, боломжтой. Тэр үед маш их тус болсон зүйл бол
“Сурах чиглэлийг эрхэм болговол хандах зүг өөрөө тогтоно” гэдэг шиг чи ямар нэг
юм хийхээ мэдэхгүй байгаа бол сураад л бай. Тэгвэл
цаашаа өөрөө л аяндаа яваад
байна. Сэлэнгэ аймагт намайг арван жилээ төгсөхөд улс төр, эдийн засгийн ухааны хуваарь ирсэн. Арван жилээ алтан медальтай төгссөн байсан. Тэгээд
тэр хуваарийг авч Москва явж сурахаар болсон. Энэ мэргэжлийг сонгосноороо би их
азтай, надад өгсөн хамгийн том боломж
болов уу гэж бодож байна. Москва яваад эхнэртэйгээ танилцаад л. Учрал болгон
надад аз авчирч байсан. Түүхэн хүмүүс,
алдартай, суут хүмүүсийн намтар түүхийг их уншдаг. Тэднээс хувь заяаны их үлгэр
авдаг гэх үү дээ. Уншдаг номны минь 40,
50 хувь нь өөрийгөө хөгжүүлэх номнууд байдаг.
- Одоо уншиж
байгаа номыг чинь сонирхож болох уу?
- Хэд хэдэн ном
зэрэг эхлүүлээд уншдаг. Одоогоор дөрөв, таван ном уншиж байгаа. Б.Клинтоны тухай номыг хураагуур дээр бичээд
ажил хийж байхдаа үргэлж сонсдог. “Дэлхий
хавтгай” гээд ном байдаг түүнийг саяхан монгол хэл дээр орчуулсан юм байна лээ.
Түүний Томас Фрийдмений гарын үсэгтэй эх хувь нь байдаг. Тэрнийг бас харьцуулж харж байна. Мөн Бразилийн зохиолч Паула
Колияагийн хамгийн сүүлд англи хэл дээр орчуулагдсан нэг номыг уншиж
байна.
- Таны ордог
номын дэлгүүр?
- Ордны номын дэлгүүр, “Интер” номын их дэлгүүр орно.
Ихэвчлэн интернэтээр шинэ гарсан номнуудыг хараад захьчихдаг. Ер нь явдаг газруудынхаа хаана хаана ямар
номын дэлгүүр байдгийг маш сайн мэднэ шүү. Одоо миний уншдаг номны 90, 95 хувь нь англи хэл дээр байдаг. Сүүлдээ
англиар уншихаар илүү амар санагддаг болчихдог юм байна лээ.
- Сонсох дуртай
хөгжим?
- Уянгын талын дуунууд сонсох дуртай. Англи ч, монгол ч
ялгаагүй. Гэхдээ миний Ipod-д бүх төрлийн
дуунууд байгаа. Өвчтэй байхдаа хөгжим сонирхдог найзуудынхаа Ipod –уудыг авч
байгаад бүх дуунуудыг нь авсан. Хувь хүнийхээ хувьд маш сайн дууны сантай. Зургаа, долоон мянга орчим дуу,
Монголын бараг бүх клип, 250 орчим
тоглолтын бичлэг байгаа. Кинонуудаа ерөөсөө оруулахгүй хэлсэн шүү. /инээв/
- Сонсох дуртай дуу,
байнга сонсдог гэх юм уу даа.
- “Чингис”- ийн Жагаа, “Хурд”-ын дуунуудыг сонсох дуртай.
Сүүлийн үед хамгийн их сонсох дуртай дуу гэвэл
Т.Баясгалангийн “Хайрлан дуулмаар байна” гээд дуу байна. Н.Жанцанноров
гуайн үг ая юм билээ. Мөн 2001 оны
есдүгээр сарын 11-нд хоёр өндөр нурахад би АНУ-ын Манхэттанд сурч байсан. Тэр үед дотны
хүмүүсээ алдсан хүмүүс FM-ээр бие биедээ маш их дуу захиалж сонсдог байлаа. “Миний далавчан доорх салхи” гээд уянгын, найзын тухай их гоё дуу байдаг.
Тэр дуунд маш дуртай. Гэх мэтчилэн шинэ шинэ дууг ер нь бол сайн мэднэ. Манай хүүхдүүд шинэ дуу гарангуут нь л шууд
татаж авдаг. Би тэрэнд нь тусалдаг учраас мэдэхгүй дуу ховор шүү.
- Таныг их гоё
дуулдаг гэж дуулсан юм байна?
- Нэг их сайн биш ээ. Залуучуудын байгууллагад байхдаа янз
бүрийн соёлын арга хэмжээнд дуулаад л явдаг байлаа. Дуулах стресс тайлдаг юм шиг санагддаг. Юм хийхдээ дуулаад хийх дуртай.
- Гитар дардаг
уу ?
- Би хөгжмийн талын
болон бүжгийн авъяас ер байдаггүй ш дээ.
- Мөрөөдлөөс чинь сонирхож болох уу?
- Би уг
нь багш мэргэжилтэй. Цагаар багшилж байсан. Хэзээ нэгэн цагт багшаараа ажиллаад,
хүүхдүүдээр шүтүүлээд л явахыг хүсдэг. Хичээл заагаад л байж байх
юмсан гэж их боддог. Хүсвэл тэгж болно.
Тэгэхийн тулд наана нь доктор /Ph.D/
болох ёстой.
- Азтай юм.
Биелэгдэх боломжтой мөрөөдөлтөй юм байна.
- Гэхдээ
хүн бол биелэх боломжгүй мөрөөдөл тавиад үе шатаар нь түүнийгээ биелүүлээд явах
хэрэгтэй.
- Чуулган дээр
таныг харж байхад та ер нь дуугүй байж харагддаггүй. Зарим гишүүн биеийн амрыг хараад
сууж л байдаг ш дээ.
- Бидэнд бас хариуцлага гэж байна. Манай зөвлөл дотор
Гончигоо дарга дөрөв сонгогдсон. Би гурав сонгогдсон. Бид хоёр анхнаас нь явсан. Бүх хуулинд анализ хийгээд , харьцангүй
их бэлддэг. Байнга л байнгын хороо, чуулган дээр саналаа хэлдэг. Бусад хүний
хараагүй, бодоогүй зүйлүүдийг л хэлдэг.
Тэр үүднээс жаахан идэвхитэй харагддаг байж магадгүй.
- Та улс төрд ороод маш олон зүйлийг хийсэн байх.
Өөрийн хувьд бахархдаг, би үүнийг хийчихсэн юм шүү гэж бодож явдаг зүйл чинь юу вэ?
- Үндсэн
хууль баталсан хамгийн залуу улс төрч. Үүгээрээ
бахархдаг. Үндсэн хуулийг өөрчилж сайжруулах үйл явцад бүгдэд нь оролцсон. Бас
талбай дээгүүр явахдаа их сэтгэл хангалуун байдаг. Их эзэн Чингис хааны хөшөө,
цогцолборыг барих шийдвэр гаргалцсан гээд оролцож, баталсан хууль бол зөндөө. Яг байнга бодож,
бахархдаг зүйл гэвэл дээрх хоёр байна.
- Наадам болох
гэж байна. Хаагуур баярлах вэ. Ямар
бөхийг дэмжиж байна вэ?
- Хотод бас нутагтаа очино гэж бодож байна. Залуу гурван
аваргын нэг нь л түрүүлэх байх даа.
- Дээр ярьсан зүйлүүдийг сонсохоор та
туршлагатай улс төрч, АНУ, Герман, Орост сургууль төгссөн. Спорт, кино, ном, хөгжим гээд
сонирхдоггүй зүйл гэж бараг байхгүй. Та
өөрийгөө хэдхэн үгээр тодорхойлбол?
- Би их азтай,
энгийн залуу.
Ярилцсан Ч.Болортуяа