Гол өндрийн тэнгэр буюу Зотол Хан

Өдрийн сонин

2008-08-30 14:50 GMT+8

Зуны дэлгэр цагт нутагтаа бараалсангүй гурван жил шахам болсон миний хувьд энэ зуны аялал нэг л ер бусын байлаа. Ер нь би нутаг­таа очих болгондоо л нэг ийм мэдрэмж эн тэргүүнд тээдэг дээ.

Хүсэл дуудах салхи минь,
Хүй цөглөсөн тал минь,
Хөлд орсон шороо минь,
Хагацахын аргагүй нутаг минь
болохоор тэр юм болов уу даа.

Аав ээжтэйгээ уулзаж нялхраад оройн наранд сууж ахуйдаа энэ жил Бүдүүн овоондоо мөргөхөөр явцгаая гэж уриаллаа. Бүгд л миний саналыг дуун дээр нь хүлээн авч, аав минь шатахуунаа бэлдэж, ээж минь Овоонд өргөх идээний дээжээ зэхлээ. Бидний Бүдүүн овоо хэмээн цээрлэн дуудах овоо бол эртний сүлдэн их тахилгат, дөрөвдөгч галавын үед ор­гилж байгаад унтарсан, да­лайн түвшнээс дээш 1425 метр өндөр Сүхбаатар айм­гийн Эрдэнэцагаан сумын ну­тагт орших Зотол Хан уул юм.

Эрхт сод Богдоос янагш алтан ургийн ураг дор хүртэл
Түмний тэрхүү мян­ганы эх болсон эзэд хаад, ноёд
Түшмэл, ард бид бүг­дээр энх амгалан жаргах болтугай
Эрэл сурал үгүй амар тайван жаргатугай
хэ­мээн "Онгон Зотол ханы сан" хэ­мээх сударт өгүүлнэ.

Овоондоо очно гэхээр нэг л нойр хүрэх янзгүй. Задгай хашаан дотроо шөнийн одод­той ярилцсан шиг алхсаар үүрийн цолмон гарангуут л гэрийнхнээ сэрээгээд аялал­даа гарлаа. Наран мандахыг овооныхоо энгэрээс үзэх гэж яарсан хэрэг л дээ. Ийн­хүү бид сумаас баруун хой­шоо гарч Хулстайн гол өгсөж овооны замаар давхисаар на­ран ургахад овооныхоо наад энгэр Найрын дов дээр сая­хан барьсан, шинэхэн су­варганы дэргэд хүрээд очлоо. Урьд хатагин гурван хошууны дээдэс, мяндагта­нууд хий­гээд Егүзэр хутагт өөрөө морилон саатаж найр наад­маа дэглэж асан өлгий. Өглөө эрт овоо ууландаа гарч, сан утлагаа тавиад, энэ дов дээр ирж өргөн олноороо морио уралдуулж, бөхөө ба­рил­дуулж нааддаг байжээ. Эцэг дээдсийн минь заларсан өл­гий хэмээн сүсэглэдэг манай нутгийн мэргэн ах Сумъяа­гийн Амартайван энэ жилийн зуны эхэн сарын та­хилгаар энэхүү бодь сув­рагыг босгож, бурхан хутаг­тууд минь эргэн залрахын ерөөл тал­бижээ. Ерөөл бат сайхан оршиж өлгий нутагт минь өв­гөд минь эргэн заларч хайр­ла.

Айлын газраас бараа нь сүндэрлээд, энгэр бэлдээ өөрийнхөө уран бүтээлийг тойруулаад манай нутгийн ноён уул Зотол Хаан уул биднийг угтлаа. Уул минь өндөлзөн угтлаа, бид бөхөл­зөн мэндчиллээ. Энэ бол тийм гэж илэрхийлж хэлэмгүй тийм нандин золголт байлаа. Ба­рааны газраас л аав минь манай овоо үнэхээр чамин шүү. Хар даа, цэлийсэн талд босгосон пирамид шиг гээд л уулга алдаж байна. Уул ус байгаль үргэлж хүмүүн бид­ний сэтгэлийн утсыг хөндөн бие хэл сэтгэлийг уяруулан баясуулдаг билээ. Харин хажуу бэлд нь ирээд аав маань нэг л дуу шуугүй. Тэр жил надад овооны дэргэд нэрийг нь хэлдэггүй ёстой юм шүү гэж байсныг нь саналаа.

Манай овооны зүүн энгэрт нь өөрөөсөө тасадсан үр гэлтэй хотгор хүнхэрийг нь хүртэл дуурайсан бага овоо бий. Овоо уул өөрийгөө урлан бүтээхдээ ийм уран бөлгөө. Үрт амьтан, үндэст ургамал л өөрөөсөө адилыг төрүүлдэг дээ яг л тийм зохилдлого бөлгөө. Мөн уул өөрийгөө бүтээж, өөрийгөө шүтэх жая­гийг бүтээдэг гэлтэй. Овоон­доо очсон хүн шууд овооны орой руу гүйгээд гарчихгүй. Эхлээд унаа мориноосоо бууж сангийн бойпорт арц хүжээ уугиулна. Дараа нь эхийн агуйгаар орно. Энэ агуй яг эх хүний умай шиг бү­тэцтэй бөгөөд эндээс хүн эхээс анх хэрхэн мэндэлсэн шигээ толгойгоороо гарч ир­нэ. Өөрөөр гарах бололцоо байхгүй. Манай отгон дүү Цацаанаа маань урт чацтай өндөр болохоор гарах гэж нэлээд юм боллоо. Бид түү­нийг чи дахиад өсвөл эхийн агуйгаас гарч чадахгүй юм байна гэж цаашлуулж явлаа. Ингэж эхээс шинээр дахин төрж, хир буртгаа ариутган, шинэ хүн болоод овоогоо нар зөв тойрохдоо Дэрсэн үүд, Майхан хад зэрэг манай овооноос тэсэрч тогтсон хад агуйгаар дайрч гороолсоор Яам хадан дээр очно. Бид­нийг Майхан хаданд очиход тэнд нутгийн хоёр залуу нэ­лээд эрт овоондоо гарчихаад жаахан хэвтсэн чинь дугхий­чихжээ гээд морьтойгоо байж байна. Бараг дөчөөд хүн багт­даг юм гэнэ. Үүрээр овоон­доо гарчихаад агуйд нь унтчихаад босоод давхиад явах нь бас л нэг ер бусын байлаа. Дараа бүр нэг тавтай ирж овооныхоо бэлд, бүр майхан хад эсвэл дэрсэн үүдэнд нь хонож, цай чанаж ууя гэж бид ярилцлаа. Дараа жил хоёр дүүгээ ам­ралтыг нь тааруулж авахуу­лаад гэрээ­рээ овоондоо ирж хоноё. "Зотолханы сан сац­лын судар" хэмээх монгол хүн монголоор машид хичээнгүй­лэн бийрээр бичсэн онц со­нирхолтой су­дар байдаг ту­хай сонссон бөгөөд дараа жил ирэхдээ тэр судрыг олж Овоон­доо сан сацлыг өргөх үнэнхүү сэтгэл намайг эзэм­дэж явлаа. Манай нутгийн нэрт эрдэмтэн О.Сүх­баатар гуай энэ талаар нэлээд су­далж хэд хэдэн сангийн суд­рын тухай бич­сэн нь буй. Яам хад хэмээх дөрвөлжин ширээ шиг энэ хаданд шинэ хүн маань бүрт­гүүлнэ. Өөрөөр хэлбэл "зин­даа тогтоож" ул­маар түүний­гээ баталгаа­жуулахад Тамга хад руу явуулна. Тэнд овоонд гарах зөвшөөрлийн тамга даруулна. Дээд язгууртан хүн Бүдүүн овоонд, доодос Бага овоондоо гардаг байна. Уул усны тогтоц хийгээд хүмүү­ний ёс жаягийг уялдуулан зохиосон нь нэн гайхалтай. Очсон бүхэн овоо­ныхоо орой руу хошуураад байвал юу болох сон билээ дээ. Найр наадмаа ч овоо­ноосоо нэ­лээд зайтай Найрын дов дээр хийнэ. Манай Бү­дүүн овооны оройд хэдэн хайлаас найган ганхан байх нь үзэгдэнэ. Ламхай тарьсан юм гэнэ лээ. Дээр үед лам нар гарч ном уншдаг байж. Бодвол сүүд­рэвч нь болдог байсан болов уу даа.

Ийнхүү овоогоо тойрч мөргөсөн бид буцах замаараа Уур хаданд мөргөхөөр бол­лоо. Энэ нь цайны уур шиг нүхтэй цагаан чулуу Ханын голын урд ухаа дээр байна. Хавар, намартаа нутгийнхан цагаан идээнийхээ дээжийг өргөдөг гэнэ. Энэ чулуу үхэр өсгөдөг гэж ярьцгаадаг бөгөөд манай эгчийн таван настай охин Бөлтүүш маань "Манай аав ээжийг олоон үхэртэй бол­гоорой" хэмээн тойрч биднийг хөгжөөж явлаа. Уур чулууг эрдэнээ манаж байгаа овоо­ны манаач гэж ээжийн багад хөгшид ярьдаг байжээ. Ба­рааны газартаа манаачтай манай нутгийн Бүдүүн овоо Зотол буюу Сүр жавхлант цог бадрах уул юмаа. Зотол нэрийг орчуулбаас Цо-То-Лха буюу Гол өндрийн Тэнгэр хэмээх утгыг илэрхийлнэ. Утгачилбаас манай уул гучин гурван тэнгэрийн голд сүн­дэрлэх ноён уул ажгуу. Уул минь, овоо минь, хайрхан минь унасан үр хүүхэд бид­нийгээ ургийн урагт тэтгэж ум сайн амгалан болтугай.

Ду ноён овгийн Ооёогийн Мөнхнаран

GoGo Facebook Хуудас
 
 
Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
Нийт 3176 санал өгсөн байна.

Дээшээ