Ямааны ноолуурын үнэ буужээ. Үүнээс болж УИХ, Засгийн газар бүтэн нойртой хонохгүй шахам байна. Ноолуурын үнийг Засгийн газар 30-32 мянган төгрөгөөр авна хэмээн зарласан. Одоо УИХ төсвийн тодотгол хийж ноолуурын кг тутамд таван мянган төгрөг төсвөөс олгох талаар хэлэлцэх юм гэсэн. За яахав, хэдэн малчид ноолуурын үнээрээ хэл ам хийхгүй амьдраад сайхан байдаг юм байж. Төр засагт дараа тээргүй амар байгаа л даа. Харин ямааны ноолуурыг өндөр үнэтэй барьж байх хэрэг байгаа юм уу гэсэн бодол төрөөд байх боллоо. Ноолуур үнэтэй болохоор ямааг их өсгөж байна. Тэгээд ч хурдан өсдөг мал юм хойно.
“Баяжихын түрүүнд ямаа, балрахын сүүлд ямаа" хэмээн малчин ардууд хэлэлцдэг нь оргүй ч юм биш.
Ямааны тоо толгой ингэж их өссөнөөр бэлчээр, байгаль орчинг сүйдлээд дууслаа. Байгаль орчинд ямаа шиг хорлотой амьтан энэ дэлхий дээр байхгүй гэцгээдэг. Ямаа хурц туурайгаараа хаданд авираад зогсохгүй өвсний үндсийг ухаж иддэг. Үндсээр барьцалдсан хөрсийг ухаад сэндийлчихээр тэр хэсэг шороо салхинд хийсэн замхардаг. Нэгэнт хөрсгүй болсон газар элс л нүүж тогтохоос өөр юм тогтдоггүй аж. Үүнийг эрдэмтэн мэргэд судлан тогтоосон байдаг. Мөн энэ талын жишээ баримт ч их дурддаг.
Хамгийн ойрын жишээнд Хятадын цагаан хэрмийн эргэн тойрон халцгай ургамал хөрсгүй байдаг. Энэ нь эртний хятадууд хэрэм барьж байх үедээ ямааг сүрэг сүргээр нь хүнсэндээ хэрэглэж байсантай холбон тайлбарладаг. Тэр үед нанхиадууд идэх ямаа болгоныхоо нуруун дээр уут шороо ачин авчирч байсан гэдэг. Ингэж хүнс, шороо зөөх ажлаа зэрэг амжуулж байсан тухай эртний сурвалжуудад үлджээ. Мөн Египетийн цөл, Сахарын их цөл зэргийг нүүдэлчин малчид тэр дотроо ямаан сүрэг бий болгосон хэмээн үздэг. "Нүүдэлчин ард түмэн говь цөлийн хүү нь гэхээсээ эцэг нь юм" гэсэн мэргэдийн үг ч байдаг.
Энэ нь дур дураараа нүүдэллэн явдаг малчин, мал хоёрыг хэлсэн үг юм. Ийм учраас ноолуурын үнийг өндөр барьж нялуураад, нүүдэлчин малчдыг яг энэ хэвээр нь амьдруулаад байвал Монгол орон бүрэн цөлжих нь байна.
Цөл бол эх орон биш. Бүүр энэ дэлхий ч биш. Усгүй, ургамалгүй хоосон элсэн цээр амьдрах гээд үз дээ. Ямааны тоо толгойг одоо байгаагаар нь байлгаад байхад ганцхан жарны дотор бид элсэн цөл дунд хоцрох болно. Тэгэхээр ямаатайгаа үлдэх үү, эх оронтойгоо үлдэх үү гэсэн асуулт урган гарч байна. Хонин сүргийн хориод хувь нь ямаа байхад болдог хэмээн манай малчид үзсээр ирсэн. Үүнээс илүү гаргаж байсан удаа түүхэндээ байхгүй. Харин одоо хонин сүргийн наяад хувь нь ямаа болчихоод байна. Үүнийг зохистой хэмжээнд нь хүргэж ямааны гоо толгойг цөөлж ямаагаа устгах нь зөв юм. Энэ зохилдолгоог эдийн засгийн болон хууль эрхзүйн аргаар даруй шийдмээр байна.
Тэгэхгүй бол бид эх оронгүй болцгоож, харин хэдэн ямаатай үлдэх шинж бүрдэж эхлээд байгааг одоо бүгдээрээ ний нуугүй ярилцах хэрэгтэй. Алийн болгон хүн амын цөөхөн хувийг эзэлдэг малчдын дур хүслээр бүхнийг зохицуулах вэ. Нүүдэлчин малчин гэдэг бол юу ч хийдэггүй, дээр нь ямар ч хариуцлага хүлээдэггүй мөртлөө өлсч үхдэггүй дэлхийд өөр хаана ч байхгүй тийм мэргэжил. Хийдэг ажил нь малаа дагаад л явж байдаг. Хаана ус өвс элбэг байна. Тэнд очиж талхалж талхалж байгаад улаан халцгай газар үлдээгээд нүүгээд явчихна. Байгаль орчныг доройтуулсныхаа төлөө хэний ч өмнө хариуцлага хүлээхгүй. Одоо цагт сүргийнх нь дийлэнх ямаа болчихсон. Тийм учраас бэлчээр, байгалийг бүүр илүү сүйтгэнэ.
Энэ өлсөхгүй байгаад л бидний монголчуудын хоцрогдлын хамаг нууц оршдог. Гэдэс өлсөхгүй болохоор ном хэрэг болдоггүй. Ном мэдэхгүй болохоор юм хийж бүтээж мэддэггүй. Юм бүтээдэггүй болохоор нэмүү өртөг бий болдоггүй. Нэмүү өртөг бий болгохгүй болохоор хуримтлал байдаггүй. Хуримтлал байхгүй улс чинь хувхай хоосон л байж таарнаа даа. Хоосон улс хөгжиж байхыг хэн ч, хэзээ ч хараагүй байдаг.
Дэлхийн улс орнууд ямааны тоо толгойг зохистой хэмжээнд нь хуулиар барьж байдаг аж. Миний дуулснаар Грект гэхэд л нэг хүн нэг ямаатай байхыг зөвшөөрдөг гэсэн. Үнэн худлыг нь мэдэхгүй. Үүн шиг ямааны тоо толгойг төрөөс тогтоож өгөх хэрэгтэй. Тэгэхээр хүчирхэг эдийн засагтай, говь хангай хосолсон эх оронтойгоо байя гэвэл ямаагаа устгах хэрэгтэй. Юун ноолуурын үнийг зохиомлоор нэмж тоо толгойг нь өсгөх.
Ж.Сандагдорж