“Х ТҮЦ” уран бүтээлийн нэгдлийн жүжигчин Л.Баттулга буюу Аглуу: Миний ард түмэн намайг мэдэх байх. Тийм учраас Арго гуай намайг юу ч гэж ярьж болно. Гэхдээ би хятад хүн биш

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Монголчуудын амьдрал

2008-11-08 14:39 GMT+8

 

-Хамтлагаа яагаад уран бүтээлийн нэгдэл гэж нэрлэх болов. Уран бүтээлийн олз омог их үү?

-Нэгдэл гэдэг асар том уран бүтээлийн цогцолбор. “X” гэдэг өөрөө үл мэдэгдэгч. Тийм учраас уран бүтээлийн маш олон төрөл жанруудаар ажиллах бүрэн боломж нээгдэж байгаа юм. Манай хамтлаг ” X түц” уран бүтээлийн нэгдэл болоод найман сарын нэгнээс ажил цугласан. Сая киноны зурганд явж дуусаад шинэ тоглолтынхоо бэлтгэл сургуулилтад ороод байна.

-Ямар кино юм?
-Бид урьд нь хошин мюзиклуудыг туурвиж байсан, харин энэ удаад уран саихны кино хийхээр сэтгэл шулуудан хүч үзлээ. “Үхэж үл болно Чингис хаан” киноны зургийг авсан техникүүдийг ашиглан 45 хоног зураг авалтаа хийлээ.

-”Миний хөрш чөтгөр” гээд их сонин нэртэй юм билээ. Сэдэв, жанр нь?
-Яг өнөөгийн залуучуудын хайр дурлал, нийгэмд хандаж байгаа хандлага зэргийг харуулсан мелодрам. Сэтгэлд хоногшиж үлдэх кино болсон. Чадвал шинэ жилийн баяраас өмнө гаргачих санаатай байгаа. Одоо эвлүүлгийнхээ шатанд явж байна. Манай нэгдлийнхэн бүрэлдэхүүнээрээ гаднаас Карма эгч, залуу жүжигчин Болдоо, дуурийн дуучин Батмэнд нарыг урьж тоглуулсан.

-Танай хамтлагаас сүүлийн үед санаанд оромгүй хосууд их төрөх болсон. Одноо Бархүү, одоо Тэмка Нарансолонго гээд. Эхнэр нөхөр хоёр нэг дор ажиллах хэрэггүй гэх яриа ч байдаг. Өөрсдөд нь, бусаддаа ч хэцүү биш үү?
-Манай ээж аав хоёр нэг албан газарт ажилладаг байсан. Аав дарга, ээж даамал хийдэг. Надад бол гоё санагддаг, ээж аав хоёр маань ажилдаа цуг явдаг, цуг ирдэг, ажлынхаа талаар ярьдаг. Үнэхээр гайхамшигтай хосууд байсан. Манай аав ээж хоёр одоо хоёулаа бурхан болсон л доо. Миний эхнэр ч гэсэн мэргэжлийн жүжигчин хүн, манай хамтлагт бас жүжигчин хосууд төрж байна. Бие биенийгээ илүү их хүндлэх, ойлгох сэтгэл эндээс төрдөг болов уу гэж боддог юм. Бид цаг наргүй ажилладаг улсууд. Үүнийг ойлгох, ойлгохгүй гээд амьдралд есөн шидийн проблем гардаг ш дээ. Энэ проблем харин манай хамтлагт бага. Тэр утгаараа ч илүү их сэтгэл нийлсэн улсууд энэ хамтлагт байгаа гэж бодож явдаг. Тэгэхдээ хувь хүмүүсийн амьдралд би оролцдоггүй.

-Та саяхан охинтой болсон гэсэн. Хуучин эхнэр, хүүхэдтэйгээ хэр холбоотой байдаг вэ?
-Миний эхнэр Оюунчимэг “Шинэ үе продакшн”-д ажилладагийг та нар мэдэх байх. Бид сая хөөрхөн охинтой болсон. Ер нь амьдрал гэдэг их баялаг, таашгүй. Амьдрал гэж хууль байхгүй. Яах вэ нэг дэх амьдралаа зохиолоо, нэг нэгийгээ ойлгоогүйгээс болоод салж сарнисан. Үр хүүхдүүд маань байгаа, би хүүхдүүдтэйгээ байнга харьцаатай байдаг. Хуучин эхнэртэйгээ бол харилцаа холбоо байхгүй ээ. Хүний ертөнцөд байдаг л амьдрал надад тохиолдож байна. Түүнээс “би их мундаг, гавъяатай од” гэж би өөрийгөө хэлэхийг хүсэхгүй, харин урдаа байгаа ажлаа мундаг хийнэ, сайн хийнэ. “Би ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэгтэй. Намайг дэмждэг үзэгчиддээ баярлалаа. Энэ урлаг гэж аугаа юм, би үргэлж энэ урлагийн боол нь болно” гэж шагнал авч байхдаа хүртэл хэлж байсан. Энэ үгэндээ л үнэнч яваа. Би ард түмэнтэйгээ адилхан буузаа идээд л, тоостой дрожин дээрээ бүжиглээд л, шинэ уран бүтээлээ туурвиж байна. Ард түмэндээ шинэ уран бүтээлийг үзүүлэх гэж л ажиллаж, амьдарч байна. Харин энэ болгонд миний эхнэр дэм тус болж, миний үр хүүхдүүдийн буян заяа намайг харж, би өдий зэрэгтэй ард түмнийхээ танил болж яваа болов уу.

-Та өөрөө ч үзсэн байх. Саяхан Арго багш таныг “Хятад хүний хүүхэд” гэж Монгол даяар зарлалаа. Нээрээ тийм биш байгаа гэж эргэлзэн тээнэгэлзэх хүн ч гарч байна?
-Тэр хүн “Танайд хоноё” нэвтрүүлгийг үзсэн юм уу даа. Манайд ааваас минь үлдсэн дөрвөн мөнгөн хундага байдаг юм. Аавыг минь төрөхөд өвөг эцэг маань хүүдээ зориулж ойн хундаганууд хийлгэсэн юм билээ. Дээрээ “Г.Луушаан мэндлэв. Нэг ой хүрэв” гэсэн бичээстэй дөрвөн ой хүртэл нь цэвэр цалин цагаан мөнгөөр хийлгэсэн дээр доороо алхан хээтэй хундаганууд үе дамжин манайд үлдсэн байдаг юм. Түүнийг л харсан юм шиг байна. Манайх чинь эцэг эхээс дөрвүүлээ, бид дөрөвт нэг нэгээрээ үлдэх ёстой эд байхгүй юу. Би доороо нэг дүүтэй, дээрээ нэг ах нэг эгчтэй хүн. Манай аав Улаанбаатар хотын унаган иргэн, энд төрж өссөн. Ээж Хэнтий аймгийн Биндэр сумынх. Бид боржигон овогтой их хааны удмын хүмүүс. Би хөх толботой төрсөн Монгол хүн. Миний эцэг өвгөд, аав ээж хоёр ч дээрээс харж байгаа байх.

-Анх дуулаад та хэрхэн хүлээж авав?
-Саяхан л харин Арго гэж нэг хүн тэглээ гэж манай найзууд хэлэхээр би бүр инээгээд “тэгж л байг, тэгж л байг” гэсэн. Ер нь би хүнтэй муудалцахыг хүсдэггүй. Тэр хүнээс илүү миний ард түмэн намайг мэдэх байх. Тэгэхээр хүн юу ч гэж ярьж болно, би өөрөө тэрийг нэг их хүндрүүлээд бодоод байхгүй л дээ. Би бас хүнд муу санаж чаддаггүй, хэрэлдэхийг хүсдэггүй. Ер нь ч хүн надтай хэрэлддэггүй. Хамгийн гол нь хүмүүс намайг зөвөөр ойлгоосой, тэр над руу дайрч байгаа Арго гэдэг хүн ч гэсэн намайг зөвөөр ойлгоосой, гудамжаар өнгөрч байгаа хүн болгон надтай зөв харьцаж, миний талаар зөв бодолтой байгаасай гэж би бодож байна. Миний ард түмэн намайг ойлгодог, бүгд миний тоглолтыг үздэг би уран бүтээлч хүн. Түүнээс биш би телевизээр заргалддаг хүн биш, хуулийн хаалга тогшоод явдаг хүн ч биш. Би жирийн л жүжигчний диплом өвөрлөсөн, ард түмэндээ Аглуу гэж нэрлэгдсэн жүжигчин хүн.

-Нууц биш бол таны сарын орлого хэд байдаг вэ. Бүтэн сарын турш тоглочихдог болохоор та нарыг цөм хийдэг гэж ойлгох хүн олон байдаг?
-Бид тогтмол цалинтай төрийн албан хаагч биш, тэд чинь харин биднийг бодвол өндөр цалинтай ш дээ. Тоглолт хийхгүй бол бид хоосон л байна. Жүжигчид биднийг их мөнгө олдог юм шиг боддог байх, тэгвэл үгүй. Уран бүтээлд ямар их зардал гардагийг хүмүүс мэдэхгүй л байна. Өнөөдөр бид дуртайдаа л энд байгаа, бид зах дээр гараад наймаа хийж чадахгүй, хүнтэй адилхан их хуралд дэвшээд байх мөнгө байхгүй, арван найм есхөн настайдаа энэ мэргэжлийг сонгосон. Үүгээрээ л бид хоолоо олж иддэг, өөр ямар ч арга зам байхгүй. Сайн уран бүтээл хийвэл сайн мөнгө орж ирнэ, муу уран бүтээл хийвэл биднийг хүн үзэхгүй. Сайн уран бүтээл хийхийн тулд, энэ олон жүжигчдээ тэжээхийн тулд манай уран бүтээлийн нэгдэл явж байна даа.

-Тоглолтын бэлтгэлтэй байх шиг байна, ямар тоглолт хэзээнээс хийх гэж байна?
-Манай хамтлаг “Хэнд ч хэлээгүй нууц” тоглолтоо хийх гэж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-аар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх уг хуулийн төсөлд буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хилээр оруулахыг хориглосон заалт бий. Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хилээр оруулахыг хориглохыг Та дэмжиж байна уу?
Нийт 4274 санал өгсөн байна.

Дээшээ