Хэн нэгний гашуунаар уйлахыг сонсч, харж суухыг хүсэх юм биш ээ. Тиймээс ч,
“инээснийг асуу, уйлсныг бүү асуу” гэсэн үг гарсан биз. Ялангуяа эх хүний
гомдол цөхрөл, шаналлын нулимс хацар нүүрийг нь даган урсахыг харах шиг хэцүү
мөч бий гэж үү. Зовлон зовлонгийн дундаас төрүүлсэн үрээ алдсан эхийн зовлон
шиг нь хаа байх вэ.
Эл сурвалжлагыг хийх гэж очоод баахан ижийн сэтгэлийн шархыг хөндөж, гашуун
нулимсыг нь урсгасандаа үнэхээр харамссан. Басхүү тэднийг ийм зовлонд унагасан
эмч, эмнэлгийн ажилтнуудын тухай сонсоод зэвүүцэл төрж, бодол манантлаа.
Тэднийг “цагаан нөмрөгтэй алуурчин” гэж нэрлэхэд хатуу сонсогдсон ч буруутгаж
чадсангүй. Би эмч хүн гэж хэн байдгийг хамгийн сайн мэднэ. Учир нь миний аав,
ээж, эгч, дүү бүгд эмч мэргэжилтэй. Аав, ээж хоёр маань өвдсөн зовсон хүний
төлөө шөнө дөлөөр ч дуудагдан, алс холын дуудлагад явж, хоолтой хоолгүй,
нойртой нойргүй зүтгэж, гэрийн бараа харах нь өдрийн од шиг байсныг би тод
санадаг. Мянга мянган хүн эдүгээ аав, ээжийн тань буянаар үхлээс аврагдсан,
алтан гартай хүний үр сад шүү чи гэж хэлэхийг сонсох бүрий бахархдаг.
Хожим тэднийхээ “Одоогийн эмч нар өөр болжээ. Хүнээ гэхээсээ илүү хэний гарын
алга хэр дэлгэгдэж байгааг л хардаг болчихоо юу даа” гэж харамсангуй ярихыг
сонсоод төдийлөн ойшоогоогүй юмдаг. Эмч нарын хэнэггүй, хайхрамжгүй басхүү
цэвдэг хүйтэн сэтгэлтэй хийгээд өнгө, мөнгө харж тал тохой татдаг болсон тухай,
тэдний алдаанаас болж эрдэнэт хүний амь үрэгдэх болсон жишээг цөөн биш сонсох
болсон ч арай ч ийн үзэг цаас нийлүүлэхээс аргагүйд хүргэх юм чинээ санаж
явсангүй. Тэр тусмаа дотроо дотноор төсөөлж явдаг Эх нялхсын эрдэм шинжилгээний
төв (ЭНЭШТ)-ийг олон ижий нар “Аймшгийн газар” гэж сэтгэлийн гүнээсээ үзэн
ядсан өнгөөр тодорхойлох юм гэж бодож байсангүй. Ингэж хэлэхдээ гашуунаар уйлж
байсан тэдний төрх царай надад мөддөө мартагдахгүй бололтой.
Би бүтэн нэрийг нь дурдах дэмий гэж бодлоо. М хэмээх эмэгтэй энэ жил 28 настай.
Энэ өнгөрсөн тавдугаар сарын 31-нд төрөх гэж тус эмнэлэгт очжээ. Хүчтэй өвдөлт
өгсөн учир тэрбээр өөрөө явж очсон гэсэн. Өглөө 09.00 цагт очсон цагаасаа л
эмч, сувилагчдыг царайчлан үдээс хойш 15.00 цаг хүргэх юм гэдгээ хэрхэн
төсөөлөх.
“Би Ариунжаргал гэдэг эмчийг өглөөнөөс үд хүртэл дагахдаа ядаж л гарыг нь
цайлгачих байсан юм билээ. Миний хүүгийн амь нас аравхан мянган төгрөгийн
үнэтэй байсныг би яаж мэдэх вэ. Өөртөө харамсаад ч барахгүй байна. Эмч нарыг
ийм гэдгийг эрт мэдсэн бол хүү минь энх тунх байх байлаа” хэмээн тэр эх
өгүүлээд уйлсан юм.
ЭНЭШТ-ийн эхийн нэгийн Ариунжаргал гэдэг эмч хөөрхий тэр бүсгүйг ёстой л
“тамласан” бололтой. “Эмч ээ! Би үхэх нь ээ. Та намайг хэвтүүлээд өгөөч” гэж
гуйхад нь “Битгий маяглаад бай.Чамайг төрөх болоогүй гэдгийг би мэдэж байна.
Өрөө, ор ч алга” хэмээн загнах зүрх зориг түүнд байсан аж. Ийнхүү дөрвөн цаг
хүлээлгэх хооронд эмнэлгийн коридорт М бүсгүйн ус нь гарч хүүхдийнх нь толгой
цухуйсан гээд бодохоор санаанд буумгүй. Орь дуу болон уйлах бүсгүйг тэнд хэвтэж
байгаа эхчүүд өрөвдөн “Миний дүү эмчдээ юм өгөөч. Тэгвэл чамайг
хурдан хэвтүүлж, анхаарал тавьдаг юм” гэдгийг сануулсан аж. Үнэхээр ч
өглөөнөөс хойш түүний хойно ирсэн бүсгүйчүүд Ариунжаргал эмчид тортой юм өгөөд,
тэр дороо аль нэг өрөөнд ор гаргуулан хэвтээд байсны учрыг хожимдож ойлгосон
бүсгүй нөхөр рүүгээ холбоо барьж “Би үхэх нь. Чи хурдан 100 мянган төгрөг аваад
ир” гэж гуйсныг нь сонсоод өр зүсэгдэх шиг болсон.
Хэн ч гэсэн төсөөлөөд бодоход ийм эмгэнэл гэж байх уу. Хөөрхий эх авлига
өгөхийн тулд эмчийнхээ нэрийг асуухад “Чамд миний нэр ямар хэрэгтэй юм” гэсэн
бүр ч хүйтэн хэгжүүн хариу сонсч. Арай хийж нэг сувилагчаар эмчийнхээ нэрийг
хэлүүлсэн ч ядаж байхад “Ариунтуяа” хэмээн буруу тогтоогоод авчихаж. Хүүхдийнх
нь толгой цухуйчихсан байхад тэр их өвдөлтийг тэсвэрлэн хүний нэр асууж нөхөр
рүүгээ дахин залгаж “Наад мөнгөө Ариунтуяа гэдэг эмчид өгөх юм шүү” гэж хэлэх
тэвчээр, сэтгэлийн хат гагцхүү эх хүнд л байдаг билээ. Нөхөр нь Ариунтуяа гэдэг
эмчийг хайсаар цаг барсан юм байх. Эцэст нь Ариунжаргал эмч хонгилд цөхрөнгөө
баран суугаа М бүсгүйг харж сувилагчдаа “Чи наад бүсгүйгээ шагайгаад
хараадахаач арай төрж байгаа юм биш байгаа” гэжээ. Ургийн толгой
цухуйчихсан байхыг нь харсан сувилагч эмчтэйгээ нийлэн М бүсгүйг сугадан босгож
түшсээр төрөхийн орон дээр гаргасан ийм харгис явдал тус эмнэлэгт болсон байгаа
юм. Бүсгүйн зовлон үүгээр дуусаагүй. Үргэлжлүүлэн бичих юм бол хүний дотор
зарсхийм өчнөөн бэрхшээлийг тэр туулжээ. Бэрхшээл гэж байгаа нь тус эмнэлгийн
эмч нарын хүнд суртал, хатуу ширүүн харилцаа, эмч хүнд баймгүй цэвдэг сэтгэл
шүү дээ.
Өөр нэгэн баримт. 39 настай Ж бүсгүй ийн ярьж байна.”Миний хүү 1.7 кг
жинтэй дутуу төрсөн ч маш цовоо байсан юм. Хүчилтөрөгчийн аппаратад оруулаад
тэр чигт нь орхисон. Гэтэл хүчилтөрөгч нь тасалдаад тэнд байгаа олон хүүхдэд
бүтэлт болж байхад эмч нар тоогоогүй. Бүр царай нь хөхрөөд ирэхээр
сандарч уйлж хашгирч байж, Билгээ гэдэг сувилагчийг хөдөлгөн аппаратаас
нь гаргуулсан. Ер нь тус эмнэлгийн тэр аппарат нь хуучин юм уу, эсвэл
хүчилтөрөгчөө хангалттай нөөцтэй байлгадаггүй юм уу, байсхийгээд л тасарчихдаг
явдал олон гардаг.
Тэнд Тунгалаг, Гэрэлмаа, Оюунчимэг гээд нэрнийхээ өмнө мундаг цол гуншинтай эмч
нар байдаг ч эхчүүдэд ялгавартай ханддаг. Тэд эх үрсийн хагацлыг юман чинээ
тоохоо байсан “чулуун зүрхтэй” хүмүүс. Үргэлж уйлаан, майлаан нулимс, үхэл
хагацал дунд байгаад дөжирсөн байж болно. Гэхдээ тэд эмч. Тангараг өргөсөн
хүмүүс шүү дээ. Олон эх тэднийг царайчлан аргаа бардаг юм. Хүүхдүүдийнхээ
амь насыг аврахын төлөө, тэр эмч нарын царайг хүүгийнхээ зүг хандуулахын төлөө
ЭНЭШТ-ийн шалыг долоо гэсэн ч бэлэн тийм байдалд ордог” гэж уйлан
ярихад нь чихэндээ итгээгүй. Түүний хүүг зонд тавьж хооллоно гээд гуурс
тавихдаа улаан хоолойг нь 1.5 см урснаас болж бяцхан хүүгийн амаар цутгасан сүү
нь ходоодондоо бус дотор эрхтнүүдээр тархаж, улмаар үрэвсэн идээлж эцэстээ нас
барсан гэнэ. Үүнийхээ төлөө тус эмнэлгийн эмч нар ямар ч хариуцлага
хүлээсэнгүй. Яагаад тэр билээ.
27 настай эмэгтэй Б өнгөрсөн аравдугаар сард тус эмнэлэгт эсэн мэнд амаржиж,
хөөрхөн охинтой болжээ. Эрүүл саруул төрсөн бяцхан охин эмнэлэгт байх
хугацаандаа халдвар авч эцэстээ тэр нь менингит болон эндэв.
Ийм тохиолдол бол хэдэн арваараа. Арай ч дээ. Хүмүүн заяа олж төрнө гэдэг атга
будааг зүүн дээр асгахад нэг ширхэг нь үзүүрт онож тогтохтой адил гэдэг
бус уу. Ийм ховор заяаг олж эхээсээ эрүүл саруул төрсөн хэдэн арван нялхас тус
эмнэлгийн бохир орчин, эмч, сувилагчдын сэтгэлгүй байдлаас болж халдвар аван
энддэгийн бурууг хэн хариуцах ёстой юм.
Статистик нярайн эндэгдэл их байгааг нотолдог. Гэтэл эмч нар эсрэг дүн
хэлээд сууж байдаг. Төрөлт ихэсч байгааг эмч нар дутагдлаа хайцаалах гол бамбай
болгодог юм биш байгаа. Зөвхөн өнгөрсөн тавдугаар сарын 31-нээс долдугаар сарын
5-ны хооронд ЭНЭШТ-ийн нярайн тасагт эрүүл саруул төрсөн 12 хүүхэд эндсэнийг юу
гэж тайлбарлах юм бол. Сарын дотор 12 нярайн амь нас өөрсдийнх нь
хариуцлагатай шууд холбоотойгоор эндсэн байхад “Эндэгдэл бага” хэмээн хүйтэн
царайлж, гар хүндрүүлэхийг хүлээж суудаг “алуурчин” эмч нараас эндэгдлийн тоо
хэдэд хүрэхээр “их боллоо” гэж хэлэх ёстойг нь асуумаар байна.
Сувилагч нар тоног төхөөрөмжөө ариутгадаггүй. Өрөө тасалгаагаа
бактергүйжүүлэн, цэвэршүүлдэггүй, хөшүүн хойрго, хүйтэн сэтгэлээр эх нялхаст
ханддаг явдал энэ эмнэлэгт хэзээ эцэс болох ёстой гэж. Хэдэн хүүхдийн амь нас,
хэчнээн эхийн зовлонт нулимсаар сэхээрэх юм бол оо.
39 настай А гэх эмэгтэй мөн л уйлан байж “Дахиж хэзээ ч тэр эмнэлэгт очиж
төрөхгүй ээ. Хүүхдээсээ хагацъя л гэвэл тийшээ очих ёстой юм байна” хэмээн
гомдолтойгоор юуны учир өгүүлэв. Энэ эмнэлэгт олон эх амаржиж эх үрийн аз
жаргалыг амтлан явааг үгүйсгэхгүй ээ. Гагцхүү эмч, эмнэлгийн ажилтанд байж
боломгүй хүнд суртал, хөшүүн хойрго, хүйтэн харилцаа тус эмнэлэгт байгаа нь
эрүүл саруул хэчнээн бяцхан үрсийг энэ орчлонд ирэхэд нь “тээг” болсныг л
сануулах гэсэн юм.
Эмч нарт ичиж зовох ёс ч байхгүй болж шууд л нэхэх юмаа нэхэж, хэлэх үгээ
хэлдэг болсныг үүнийг бичигч бивээр хүртэл гайхан сонсч билээ. “Өө наадах чинь
оёоны утсаа өөрөө авчирсан юм. Сайн хийгээд өгчихөөрэй”. “Наад хүүхэд
чинь Даваажав эмчийн захиасны хүүхэд шүү дээ. Гарт нь “Д” үсэг зүүлээ. Сайн
анхаар гэж жижүүрийн эмчид хэлээрэй” гэх ил тод, ичгүүргүй
ярих нь ЭНЭШТ-ийн нярайн тасагт бол хэвийн үзэгдэл. Хэн нэгэн эмч
таньдаггүй, бэл бэнчин тааруу нэгнийд заяасан хүүхдийн амь нас өөрийнх нь аз
эзийн л асуудал болсон юм биш үү.
Эцсийн эцэст эндсэн нярайн “истори”-г “Удамшлын өвчинтэй, гаж, дутагдалтай,
бүтэлттэй төрсөн” гэх өгүүлбэрийн аль нэгнээр хаахаа эмч андахгүй.
Эмчийн, сувилагчийн буруугаас гэдэг нэг ч үг, өгүүлбэрийг энд бичиж болохгүй.
Та ойр тойрноо сайн анзаар.
“Төрөх гэж байгаа юм уу, Эх нялхаст хэрэггүй шүү. Өөр эмнэлэгт очоорой.
Найдваргүй. Эсвэл гадаадад очиж төр” гэх яриа үргэлж сонсогдох буюу. Энэ юуг
хэлээд байна вэ?
ЭНЭШТ-ийн эмнэлэг тэгэхээр эхчүүдийн хэлж байгаа шиг “найдваргүй”, эмч нар нь
“алуурчид” гэж тодорхойлогдох хэмжээнд хүрсэн нь үнэн хэрэг үү.
Энэ эмнэлгийн төрөх тасгийн нэг өрөөнд өчнөөн эх яг л “шпрот” шиг
чихэлдээд хэвтэж байна. Эмч нарын гарыг арай гайгүй хүндрүүлсэн нэг
нь тусгай гэх өрөөнд ганц хоёроороо байдаг дэндүү шударга бус явдлыг өчнөөн эх
өгүүлэх юм билээ.
Эх нялхсын гэх тодотголтой Монгол Улсад цорын ганц төв эмнэлгийн төрөх тасагт
бие засах өрөөгүй, хэн нэгэн эмчийн мэдлийн тусгай гэх тасгийн болон нийтийн
бие засах газрын үүдэнд төрөх дөхсөн, төрсөн эхчүүд дугаарлан зогсдог гэдгийг
Эрүүл мэндийн эрхэм сайд С.Ламбад дуулгах гэсэн юм, мэддэг юм болов уу.
Эсэн мэнд төрсөн 1000 хүүхэд тутамд ногдох нялхсын эндэгдэл 22.3 хувьтай хэмээн
тунхаглан зарлахаасаа ЭНЭШТ-ийн эмч нар хийгээд Эрүүл мэндийн яамны түшмэд ичиж
үхэх ёстой юм шиг ээ. Монгол Улсын хүн ам найман минут 21 секунд тутамд нэг
хүнээр нэмэгдэж, 35 минут 31 секундэд нэг хүнээр хорогддог тухай баяр
баясгалантай мэдэгдэх нь бидний, тэр тусмаа эмч хүний ёс зүйд таарч
байгаа хэрэг үү. Цадигаа алдсан эмч нар хэдий болтол хүүхдийн амь насаар
тоглож, эхчүүдийн нулимсыг барах ёстой юм бэ, Сайд аа!
Монгол Улсаа хөгжүүлэх нь миний туйлын хүсэл биш ээ. Удам залгах үртэй болох нь
миний хүн болсны, амьд яваагийн утга учир. Би лав хувьдаа энэлэн шаналсан мянга
мянган эхийн адил ЭНЭШТ-ийн эмнэлэг, эмч нараас айж байна.
Ш.Даваадорж