Эхчүүдийн нулимсыг урсгасан "Аймшгийн газар" нийтлэлийн дараа олон хүн над руу утасдаж, бас мессеж бичжээ. Олонх нь эмч гэж өөрсдийгөө танилцуулахдаа нэрээ хэлэхээс татгалзаж байлаа.
"Би ЭНЭШТ-ийн эмч байна. Чи эмч хүний хүүхэд байж эмч нарын тухай ингэж бичиж болж байгаа юм уу" хэмээн тун ууртай нэгэн утасдав. Дараахан нь "Гэрэлмаа гэдэг эмч манай төвд хоёр байдаг юм. Миний нэрний өмнө л лав чиний бичсэн шиг том цол гуншин байхгүй..." гэж баахан агсарсны хойно 99099982 гэсэн дугаартай утаснаас өөрийгөө мөн л ЭНЭШТ-ийн эмч гэж танилцуулсан нэгэн "Сэтгүүлч ээ! Нярай хүүхэд энддэг юм ш дээ. 10000 хүүхэд тутамд иймэрхүү тооны хүүхэд үхэх ёстой юм, тэнэг ээ!" гэж загнав.
Бас л эмч бололтой нэгэн манай сонины е-мэйл хаягаар бичсэн сэтгэгдэлдээ "Эмчгүйгээр та нар хэн юм бэ. Бидэнд хандахгүй байхыг чинь харна аа. Эмчийн буруугаас болж хүн үхнэ гэж огтхон ч байдаггүй юм. Муусайн юмнууд өөрсдөө бидэнд юм өгдөг байж дэмий донгосохоо болих хэрэгтэй. Ганц шоколад өгдгөө юу гэж боддог юм" хэмээн бухимдсан байх юм.
Иймэрхүү утгатай гомдол гэхэд ч хаашаа, гэмээр хуурай агсралыг энэ хэдэн хоногт их сонслоо. Яахав бичсэн нийтлэл маань цөөн бус нэгний бухимдлыг асааж, дотрыг нь арзагануулсан бололтой. Эмч хүний гэр бүлд төрсөн учраас эмч нарын алдаа дутагдлын талаар бичиж болохгүй учиртай байж. Гэхдээ хэн нэгэнд хонзогнож, эсвэл хэн нэгний мууг үзэх гэж би бичсэнгүй. Тэр тусмаа сонингоор "хүн алах" гэж бичээгүй юм. Надад тийм ёс зүй байдаггүй гэдгийг бардам хэлж чадах байна. Хамгийн гол нь эмч нар маань юундаа ингэтлээ бухимдана вэ? Тэр нэгэн эмч бүр "...Хүүхэд үхэх ёстой юм" хэмээн хэлж чадаж байна шүү дээ. Яаж ч аргалж болохгүй, бүх мэддэг чаддагаа өвчтөнд зориулаад үхлийн өмнө хүчин мөхөсдөх гунигтай тохиолдол эмч хүнд зөндөө. Тийм үед тэдний тухайд юуг ч өгүүлж эс чадна. Зүгээр л биширнэм. Харин эмч хүн "Тэдэн хүнээс тэд нь үхэх ёстой" гэсэн сэтгэлээр хүнийг эмчилдэг байж таарахгүй. Тийм бодолтой ч явж болохгүй бус уу. "Хүн үхэх ёсгүй" гэж эмч хүн хүнийг эмчилдэг гэж "тэнэг" би бодож явдаг.
Анх нийтлэлээ бичихдээ дотроо ихэд эмзэглэснээ нуух юун. Харин одоо зөв зүйлийг хөнджээ гэдэгтээ итгэлтэй байна.
"Эмч нар байхгүй бол та нар яах юм. Бидэнд хандаад ирэхгүй байхыг чинь харна аа" гэдэг болтлоо тэдний ёс суртахуун унасныг харлаа. Хүн гэдэг мод төмрөөр бүтсэн биш хойно өвдөж л таарах. Өвчин зовлонд автсан бол эмч, эмнэлэг рүү зорих нь ч тодорхой. Ийм нийтлэл бичсэний минь төлөө харин тангараг өргөсөн, өөрсдийгөө ариунаас ариун бараг бурхан хэмээн өргөмжилж явдаг эмч нар бусдыг "Та нар бидэнгүйгээр яах юм" хэмээн тавлан, заналхийлж болно гэж үү. "Ганц шоколад өгснөө юу гэж боддог юм" хэмээн увайгүй хэлж чадаж байгаа эмч өөр юуг хүсдэг байж таарах бол оо. Бүх эмч муу биш ээ! ЭНЭШТ эмнэлэг ч тэр чигээрээ "аймшиг" биш. Гагцхүү та бүгдийг ингэтлээ эмзэглүүлэхэд хүргэсэн идээ бээр нэгээхэн хэсэгт тань байгаа юм байна. Тос дотроосоо өтдөг гэдэг. Хаа нэгтээ бугласан идээ бээрийг эртхэн хагалж, шахаж цэвэрлэхгүй юм бол хавь орчноо тэр чигт нь бузарлаж халдварладгийг эмч та бүхэн юун эс андах. Бичсэн нийтлэлдээ хэрэвзээ хэн нэгэн эмчийг гүтгэсэн байх аваас сэтгүүлч би хариуцлагаа хүлээхэд бэлэн гэдгээ дуулгая. Ламбаа сайд аа!
Эх нялхсын төвийн төрөх хийгээд сэхээн амьдруулахын тасагт эх үрсийг зовоосон ямар асуудал байдгийг үүнийг өгүүлэгчийн өөрийн бус тэрхүү бусармаг бүхнийг бие сэтгэлээрээ мэдэрсэн ижий нарын үгээр илэрхийлсэн билээ. Хүүхдээ алдсан хэдхэн хүний үгээр бидний нэр төрд халдлаа гэж эмч нар тань бухимдаж байна. Хүний амь л бол амь. "Хэдхэн" гэж хандах нь эмч хүний ёс зүйд таарч байгаа юм гэж үү! Тэгвэл уг нийтлэлийн дараа манай сонинд маш олон хүн. ЭНЭШТ эмнэлгийн эмч нарт төдийгүй энэ салбарт бугшаад байгаа нийтлэг дутагдал болох эмч нарын хариуцлагагүй, хийгээд хүнд суртал гар харж ялгавартай ханддаг болсноос болж хэрхэн хохирсноо бас гомдож явдгаа бичсэн 500 гаруй захидал ирүүлснийг гүтгэлэг гэж хэлж болох юм уу.
Эмч хүн хамгийн энэрэнгүй, хамгийн шударга байж эс чадваас бусдыг эмнэхийн утга учир юу болох билээ. Үнэхээр баярласан хүн эмчдээ ганц шоколад байтугайг ч өгч болно шүү дээ. Энэ нь эмч өвчтөнүүдээсээ "юм" нэхэж өгсөнтэй нь дүйцүүлж эмчилгээ, үйлчилгээний ялгаа гаргахаас шал ангид ойлголт билээ. Эцэст нь өгүүлэхэд энэ асуудал цаашид ч манай сонины байнгын сэдэв байх болно. Эмзэглээд хэрэггүй ээ! Эмч нар аа! Идээ бээр гэдэг ямар хортойг ээжүүдийн нулимс өгүүлнэм. Хэн нэгэн хариуцлагагүй эмчийн алдаанаас болж хүүхэд эндэх ёсгүй юм. Эхчүүд уйлах учиргүй юм гэдгийг л сануулсан билээ.
Ш.Даваадорж