Энэ тухай 1
Парламент хуралдана. Төсөв хэлэлцээд, төсөрдөө тарах шинжгүй. Гишүүд
тойргийнхоо нэрээр том бизнес хийж, 1-2 тэрбум төгрөг хуваарилуулчих гээд
ширүүхэн. Хүүхдийн мөнгийг нэмж 30 мянга болгох уу, Ерөнхий аудитор Л.Жавзмаа
гуайн хэлснээр шинээр гэр бүл бологсдын мөнгийг хасах болов уу?
Энэчлэн олон олон асуултыг хариулттай нь багцлан, олон нийтэд хүргэх ёстой.
Сэтгүүлч зав чөлөөгүй ажлынхаа хажуугаар өглөө гэрээс гарахад нь үе мөчний эм
захисан ээжийнхээ тухай бодно. Энэ өвчнөөр шаналаад удсан ээжийгээ ядаж
дулаахан, тохь тухтай байлгах сан. Өдөр бүр Төрийн ордонд ажиллаж, төрийн
томчуудад “эсэргүү” асуулт тавин, элдэв хэл ам таталж байдаг эрхэм сэтгүүлчийн
гэр Дарь-Эхийн эцсийн буудалд байдаг. Гурил будаа, түлээ нүүрс... Дөрөв дэх засаглалын
төмөр дайчинд ч бас эгэл жирийн бусадтай адил амьдрал бий.
Энэ тухай 2
Энэ тухай дурсахгүй байх нь дээр ч байж болох. 10 гаруй жил байгаль хамгаалах
сэдвээр бичиж, үзгээ хурцлан ухаан зангидсан ноён сэтгүүлч эл чиглэлээр үйл
ажиллагаа явуулдаг гадаад, дотоодын байгууллагынхны хувьд хамгийн чамбай
мэргэжилтэн. Сонирхолтой, амьд сурвалжлага хийхээр тэмүүлж, бодит байдлыг
нийгэмд үнэн зөвөөр хүргэхийн тулд хөр цас, хайруу намраар хөдөө гадаа томилолт
өвөртлөн мордсон нь олонтаа. Гэхдээ тэр, айлын халаасны өрөөнд амьдардаг. Нөгөө
мундаг сэтгүүлч маань байрны эзэн ах эгч хоёрыг харангуутаа гөлөг болж хувирна
даа. Халаасны өрөөний сарын өртөг 130 мянгыг шүргэж, ноён сэтгүүлч хэдэн ном,
үзэгхэн, өнгөтэй цөөхөн хувцсаа тэврээд жилийн дөрвөн улирал нүүдэллэсээр
санхүүгийн хувьд эцэж туйлдсаны эцэст гэр хорооллын хашаа байшин түрээслэн нэг
алхам ухарсан удаатай.
БОАЖ-ын сайдтай дориун хэгжүүн ярилцлага хийж байхдаа хамгийн хямдхан хоолны
газрын хаягийг зурвас санагалзан толгой дохиж суусан үе түүнд бий.
Энэ тухай 3
Өдөр тутмын сонинд ажилладаг өрх толгойлсон эмэгтэй сэтгүүлчид хэн нэгэн дарга
Багахангайгаас хонины гулууз мах илгээжээ. Жолоочоороо хүргүүлсэн энэ мах
сэтгүүлч бүсгүй эрхэм даргын элдэв шударга бус алхмын талаар үг дуугаралгүй
тэвчиж, харин ч түүнд эелдэгээр үйлчлэн сурталчилсны төлөө олгож буй “гавьяаны
медаль” аж. Яг энэ үеэр төрийн ордноос сэтгүүлч Н шинэхэн хос гутал сугавчлан
баяртай гэгч гарч явлаа. Нэгэн түшээ түүний гутал илэрхий муудсаныг анзаараад
эмзэг газар нь “оносон” бэлэг өгч, адилхан эр улсын хувьд мөрийг нь алгадан
дотноссоноор ар талаа аргагүй л сайн хамгаалсан хэрэг. Гулууз мах, гуталнаас
худалдагддаг дөрөв дэх засаглалыг зах зээлийн утгаараа хөгжиж байна гэж ойлгох
уу, эсвэл…
Таагүй мэдээ 1
Боловсролоо дээшлүүлэх тухай бодох ч хэрэггүй гашуун үеийг сэтгүүлчид бор
зүрхээрээ туулж байна.
Минийх гэж өмчлөх орон байр байтугай унааны мөнгө ч үгүй шахам тууж явдаг эрхэм
сэтгүүлчийн хувьд боловсролын тухай бодох нь саранд хүрэхтэй адил санааны гарз.
Юун боловсрол, тэрний оронд ядаж автобусны мөнгө хураагчид хөөгдөлгүй, өрөөг нь
хөлсөлдөг ах эгч нарт тал алдалгүй, хоосон хонож шившиг бололгүй явж байвал
болж байгаа нь тэр. Үзэг, дуу хураагч, цүнх зэрэг мэргэжлийн “багаж” ч
яахав бэлгэнд ирчихнэ. Ар гэрийн амьдралаа харин яалтай. Аль нэг яам, тамгын
газар, эсвэл байгууллагынхаа зардлаар хааяа нэг гадагшаа явах нь байртай,
баталгаатай амьдралтай болохоос амархан.
Таагүй мэдээ 2
Ажил, амьдралын энэ мэт гачигдлаас үүдэлтэй шантааж хэмээх шал сонин үг
хэвлэлийн салбарт моодлох болсон нь үнэн. Мэргэжлээ ашиглан баахан баримт
цуглуулна. Баримтыг чинь дэлгэлээ гэж сүрдүүлэх, шоглох хоёрын завсар төрийн
болон бизнесийн томчуудын чихэнд эвтэйхэн шивнэнэ. Гэхдээ сэтгүүлч болгон
иймэрхүү амьдралтай, тиймэрхүү арга барилтай байдаг гэж ойлговол дэгсдүүлсэн
болно. Тийм боловч өнөөдөр мэргэжлээрээ ажиллаж байгаа 3000 орчим сэтгүүлчийн
70 хувь нь ажил, амьдралын асар том ялгаагаа арилгах гэж энэ байтугайг туулж
яваа нь үнэн юм.
Харьцуулалт 1
Хамгийн хурдтай бөгөөд үсрэнгүй хөгжиж буй салбар бол хэвлэл мэдээлэл гэдгийг
бүгд мэднэ. Харин энэ салбарт хүчин зүтгэж буй сэтгүүлчдийн нийгмийн асуудал өр
өвтгөх эмзэг сэдэв болж хувираад байна. Сэтгүүлчийн амьдрал бүх талын
мэдээллийг багтаасан хүчирхэг сонин, орон даяар цацагддаг олон суваг шиг
гайхалтай өнгөлөг байдаггүй. Хачирхалтай нь үйл явдлын түрүүнд, үнэний эрлийн
эхэнд гүйж, үзэл бодол ур ухаан, итгэл сэтгэлээрээ их ажлыг амжуулан зүтгэдэг
сэтгүүлчийн нийгмийн байдлыг дарга даамлаас нь эхлээд төр засаг, энэ нийгэм
бүхлээрээ мартаад байх шиг. Салбар нь үсрэнгүй хөгжлөөрөө гайхуулж ахуйд салаа
цэрэг нь улам бүр цөөрсөөр, чанаргүйжсээр…
Харьцуулалт 2
Гоёмсог дуурийн театрт тоглолт сурвалжлаад гарч яваа сэтгүүлч тоостой
гудамжаар шороо манаруулан алхаж, тортогтой агаараар амьсгалан гэрийн зүг
унаатай, унаагүй жирийлгэдэг. Гэхдээ тэр гол дуурийн тухай гоёмсог сурвалжлагаа
бодсоор харьдаг. UB Palace-т өмссөн даашинз, зүүсэн бугуйвчийнхаа сая саяар
тоологдох үнэ ханшаар гайхуулах урлагийнхны тоглолтыг сурвалжлаад гарахдаа
сэтгүүлчийн зүрх сэтгэл гэртээ хар цай оочлон суугаа ээжийгээ, ажлын төлөө
насаараа зүтгэсэн цалин татуу аавыгаа бодохгүй байж чадах болов уу.
Эмзэглэл 1
Талхны мөнгө, байрны түрээсэнд шаналсан сэтгүүлчийн тархи толгой төрийн их
ажлыг түмэнд мэдээлж, гэмт хэргийн ул мөрөөр мөрдөн байцаагч шиг шогшиж, агуу
их ярилцлагын хойноос амралтгүй ажиллаж чадах уу? Энэ утгаараа хурдтай
хөгжлөөрөө гайхуулдаг хэвлэлийн салбарын боловсон хүчний асуудал хямрахын өмнөх
завсрын үеийг туулж байна. Багахан цалингийн төлөө барагдахгүй их ажилд зүтгэх
хүн нэг бол оюун санаа, боловсрол төдийгүй сэтгэлгээний хувьд асар ядуу нэгэн
байж таарна. Эсвэл сэтгүүлчийн зүрх сэтгэл нь л энэ бүхэнтэй эвлэрэхийг
зөвшөөрсөн “тэнэг” нэгэн байх нь эргэлзээгүй.
Эмзэглэл 2
Нисдэг тэрэг унаж, олон хүний амь эрсэдсэн хүнд өдрүүдийн түүхийг сэтгүүлч
л бичиглэдэг. Хэн нэгэн алдартан амьдралаас буцахад гашуудлын аялгууг гуниг
зовлонтой нь сэтгүүлч л нийгмийн сэтгэл зүрхэнд хүргэдэг. Баяр наадам, түүхт
ойн өдрүүдээр амрахыг мэдэхгүй ажиллаж, бодит мэдээлэл, болсон явдлыг цаг
алдалгүй уншигчдад хүргэдэг үүрэг тэднийх. Томчуудын булхайг уудлан бичсэнийхээ
төлөө цагдаад дуудагдаж заналхийлэлд өртдөг эрсдэлтэй ажил бас л сэтгүүлчийнх.
Шинэ замын нээлт, шилэн байшингийн суурь тавих ёслол, ахмадын орон сууцны
асуудал, гэр оронгүй эмэгтэйн өр өвтгөсөн амьдрал, гавьяа шагнал хүртсэн
эрхмийн тухай… сэтгүүлчийн зүрх сэтгэлээр амилсан, амьдарсан мэдээлэл, нийтлэл,
сурвалжлага болгон үнэтэй. Аль нэгэн ядарсан өрхийн ахуй байдлыг дэлгэн тавьж,
албаны хүмүүсийн сонорыг дэлдэн, орон байр, гэр олгох хэмжээнд хонх дамар
дэлдэж чаддаг атлаа өөрсдийнхөө өр өвтгөх зовлон, нулимстай, баяртай амьдралыг
гачигдал зовлонтойгоо хамт үүрч явдаг сэтгүүлчийн төлөө энэ нийгэм, эрх
баригчид, хэвлэл сонины эзэд юу хийсэн юм бэ? Юу хийх юм бэ? Хааяа нэг тохиодог
хачир чимэг бүхий будаалгыг эс тооцвол дээрх асуултад өгөх хариулт бараг л
үгүй. Сонины холбоо, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл гэсэн гоё нэр, том гуншин
дунджаас доогуур амьдралтай сэтгүүлчдийн хувьд гялгар чимэглэл, ганган малгай
шиг үүрэгтэй…
Эмзэглэл 3
Сэтгүүлчид худалдагдаж байна хэмээн харчирхах. Өөрөөр яаж энэ мухардлаас
гарах гэж…
Ухаарал 1
Амжилт ялалт, алдаа оноо, баяр хөөр, зовлон гуниг бүхний түрүүнд гүйж, энэ
нийгмийн цохилох зүрх, эгэл түмний эмтрэх сэтгэл, он оныхны омогшил, үе
үеийнхний тэмцлийг төлөөлдөг сэтгүүлчийн хөдөлмөр хэтэрхий хямдарч, том эзний
тордлоготой боолын хэмжээнд байгаа нь хэцүү. Сонин, радио телевизийнхний
“солиотой” амьдралыг туулж чадалгүй ухарч буцсан, ууж дуулсан сэтгүүлчдийн
багахан арми бий болсон гэж хэлэхэд хилсдэхгүй. Гудамжинд золбирч, хогын овоон
дээр чимээгүйхэн амьсгал хураасан Л тухайн цагтаа сэтгүүлч явсан гэдгийг хэн ч
санахыг хүсдэггүй. Үүнтэй адил өнөөдрийн сэтгүүлчдийг ядрах цагт нь ямар
тавилан хүлээж байгааг хэн ч хэлж мэдэхгүй. Ингээд бодохоор сэтгүүлч гэдэг асаад
унтардаг лаа, гэрэлтүүлээд бөхдөг бамбар, шатаад дуусдаг гал юм уу...
Ухаарал 2
Том сэдэв хөнддөг том сэтгүүлч байх сайхан. Будаалга тоож очдоггүй бузгай
том байх сайхан. Шагналын араас гүйхгүй шазруун байх сайхан. Тэгэхдээ
сэтгүүлчийн зүрх сэтгэл минь дөрөв дахь засаглалын иймэрхүү хямралыг тэвчихгүй
сэмрээд байх нь ухаарал, эсвэл шаналан...
Төгсгөл 1
Бичиж болохгүй юм гэж бас бий. Мэддэг бүхнээ бичиж байх ч албагүй…
Төгсгөл 2
Магадгүй, энэ тухай дуугараагүй нь илүү дээр ч байсан байж болох…
Гэхдээ сэтгүүлчийн оргилж буцалсан, омголон дэврүүн, бас багахан хөөрүү зүрх
сэтгэлийг талхан дээр жимсний чанамал болгон түрхээд хүртэж болохгүй. Орон байр
болгоод ороод сууж бүр болохгүй. Унааны мөнгө болгон тасалбараар сольчихож бас
болдоггүй…
Төгсгөл 3
Энэ мэтийн элдэв ахуйн асуудлаас шалтгаалан сэтгүүлчийн зүрх хэмнэл алддаг.
Нийгэм ч бас хэмнэл алдан өвчилдөг.
НАЙДВАР 1
Авьяас чадвар, ухааны бяр, оюуны цар шаардсан сэтгүүлч хэмээх сайхан
мэргэжлийг аваа өгөө, өнгө мөнгөөр хэмжүүлмээргүй байх юм. Зүсэм талх,
өнөөдрийн хэрэгцээгээр бүр ч арилжмааргүй. Гэхдээ сэтгүүлч ч гэсэн хүн. Аргадаж
хүлээдэг ээжтэй, алгаа тоссон нялх үртэй, амсахаараа гунигладаг аавтай,
амьдралаа үүрсэн атгахан зүрх…
Сэтгүүлч ч гэсэн хүн гэдгийг тоолдог хэдийг нь олгодог боссууд, тоомжиргүй
загнан чичилдэг харуул хамгаалалтынхан, ажлаа сурталчлуулах гэж аргалдаг албаны
түшмэдүүд, төр түшсэн эрх мэдэлтнүүд битгий мартаасай. Сэтгүүлчийн төлөө
томоохон шийдвэр гаргаж чадах зориг тэдэнд бүү дутаасай.
Р.Эмүжин