"Тунгалаг Тамир" киноны Цахиур Төмөрийн дүрээр ард түмний сэтгэл зүрхэнд хоногшиж үлдсэн хайртай жүжигчин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Тогтохын Сандуйжавтай уулзаж ярилцлаа.
Нас сүүдэр өдгөө 73 хүрч байгаа тэрээр хотоос зайдуухан Мойлтын тохой хэмээх газар хөгшнийхөө хамт аж төрж байна.
-Сайхан өвөлжиж байна уу та. Бие
тэнхээ ямар байна даа?
-Тавлаг өвөлжиж байна. Бие тэнхээ гайгүй ээ. Нэг үеэ бодоход арай л
дээрдээд байна. Ах нь 1993 онд цус харвасан. Түүнээсээ болоод бие их дор орсон.
Жил гаруй хугацаанд бусдын асаргаанд байлаа. Сайн хань, үр хүүхэд, олон
түмнийхээ буянаар өдий зэрэгтэй болоод байна. Эрийг нас, уулыг цас дарна гэдэг
үнэн аж. Одоо ч өнөө Засагт ханы Цахиур Төмөр биш болсон. Хүнд өвчнөөс болж
эцэж тураад, бие жижигрээд хэрэг алга. Харин сүүлийн хэдэн жил эрүүл агаарт
гараад хөгшнийхөө хэлснээр "далавчтай юм шиг" болчихоод байгаа.
-Гэр зуураа ямар ажил хийж байна?
-Өдрийн турш ганцаараа мод хөрөөдөж, түлээ хагалдаг. Би чинь их дотогшоогоо
хүн. Бусадтай санал бодлоо хуваалцана гэж бараг үгүй. Хөгшинтэйгээ ч үг солих
нь цөөн. "Хүн юм асуухаар хариу өгөхгүй юм. Хааяа нэг таван сольж байгаач
дээ. Дүлий дүмбэ оргиод л суух юм" гээд уурлаж байгаа харагддаг. Мод
хөрөөдөж, түлээ хагалахаас гадна хар, шар хоёр нохойгоо хооллоод л өдрийг
өнгөрөөж байна.
-Ганцаараа мод хөрөөддөг нь ямар
учиртай юм бэ. Хөгшинтэйгээ цуг хөрөөдөж болдоггүй хэрэг үү?
-Яахав дээ, тэгээд л сурчихсан. Ер нь надад аливаа ажлыг ганцаараа хийх нь
амар байдаг. Бухимдал маань ч тайлагддаг.
-Та их тайван хүн санагддаг.
Бухимдах үе гарах уу?
-Чадмаг хийдэг байсан ажлаа хийж чадахаа байчихаар өөрийн эрхгүй бухимдана.
Хүн хөгширнө гэдэг хүсмээр зүйл биш. Түлээнийхээ модны буланг өргөж дийлэхээ
л больчихож байгаа юм. Тийм ахуй цагт залуу нас бодогдож, хүдэр чийрэг явсан
үеэ яалт ч үгүй санагалздаг юм билээ. Гэхдээ цагийн жам хойно, юу хэлэх билээ
дээ.
-Хэдэн онд гэр бүлтэй болсон бэ?
-Налайхын нүүрсний уурхайд санхүүгийн хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогчоор
тасралтгүй 36 жил ажилласан. Ажил амьдралын гараа минь Налайх дүүрэгтэй салшгүй
холбоотой. Гэр бүлийн хүн Г.Чимэгдэлгэр энэ дүүргийн уугуул иргэн. Бид 1958
онд гэр бүлж, дараа жил нь том хүү Батдорж мэндэлсэн. Хүү маань одоо тус дүүргийн
ИТХ-ын даргаар ажиллаж байна. Манайх дөрвөн хүү, хоёр охинтой. Хүүхдүүд маань
ихэвчлэн гадаадад сургууль соёл дүүргэсэн. Том охин Нямдэлгэр аавынхаа мэргэжлийг
өвлөж, "Монголын цахилгаан холбоо" ХК-нд нягтлан бодогчоор ажиллаж
байгаа.
Миний бие ханьтайгаа учраад хагас зуун жилийн нүүр үзээд байна. Ач, зээ нийлээд 20 гаруй болж. Их л өнөр өтгөн айл өрх болжээ. 2002 онд "Дэлхийн энх тайвны төлөөх гэр бүлийн Монголын холбоо"-ноос "Шилдэг гэр бүл" өргөмжлөл олгосон. Мөн гэргийд маань "Монголын саран ээж" нийгэмлэгээс "Есөн эрдэнийн эх" титэм хүртээсэн.
-Саяхан "Нийслэлийн шилдэг гэр
бүл"-ээр шалгарсан гэж дуулдсан?
-Тийм ээ. Олон зуун жилийн түүхтэй нийслэл хотынхоо 369 жилийн ойгоор
"Нийслэлийн шилдэг гэр бүл"-ээр шалгарч өргөмжлөл хүртсэндээ тун
баяртай байна. Үр хүүхэд, хань ижил, олон түмний минь гавьяа. Мөн залуу сайхан
цагтаа "Тунгалаг Тамир" кинонд, сор болсон жүжигчдийн хамт тоглож,
шилийн сайн эр Цахиур Төмөрийн дүрийг чадан ядан бүтээсний минь ач буян.
Т.Сандуйжав гуай үгээ зөөн удаан ярих юм. "Манай өвгөн үг ярианд тааруу. Бие нь муудсанаас хойш барагтайд дуугарахаа байсан" хэмээн гэргий нь хэлж байв. Хоёр хөгшин заримдаа муудалцдаг гэнэ. Энэ нь өвгөний зөрүүд зангаас болдог аж. Тэрээр хөлд орооцолдоод хэцүү байдаг гэж төвөгшөөн аливаа баяр ёслолд дээл өмсөж очих дургүй. Энгэртээ одон медаль зүүх бүр ч дургүй юм байх.
Нэг удаа ахмадуудын баярт өвгөнийхөө үгэнд орон энгэр хоосон очоод бусдын өмнө эвгүй байдалд орсондоо Г.Чимэгдэлгэр гуай гомдолтой байсан. "Энэ намар "Нийслэлийн шилдэг бүл"-ээр шалгарч шагналаа гардаж авахаар очихдоо өвгөн бид хоёр бараг зодолдох нь холгүй юм болов. Өнөө зөрүүд зан нь хөдлөн дээл өмсөхгүй гэж гүрийгээд. Уурлаж нэг, аргадаж нэг үзэн дээл өмсгөсөн шүү" гээд инээж байлаа.
-Халх даяар цуутай Засагт ханы
Цахиур Төмөрийн дүрд та санамсаргүй байж байгаад гэнэт тоглосон гэдэг. Энэ
тухайгаа эргээд дурсвал?
-Тэр чинь 1969 он юм. Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч Р.Доржпалам,
Ч.Лодойдамба гуайн гэргий ардын жүжигчин Ч.Долгорсүрэн, зураглаач Баттулга нар
манай Налайх дүүрэгт ирж сонгууль авч байгаа байдалтай танилцсан. Гол нь Цахиур
Төмөрөө л хайгаад байсан хэрэг. Өмнө нь Х.Баянмөнх аварга тэргүүтэй олон
хүнийг шалгаад бүгд тэнцээгүй юм билээ. Сонгуулийн цаг бараг шувтрах үед
би ажлаа тараад санал өгөхөөр очлоо. Тэгтэл энд, тэндээс зураг аваад инээлгэж,
уурлуулж, дуулуулж үзэх гэж оролдов. Надад мэдэж байгаа юм алга.
Огт танихгүй нэг хүн "Чи улсаас 25 төгрөг идсэнээ мартаагүй биз" гэв. Гэнэт уур хүрсэн гэж жигтэйхэн. Гэтэл өнөө хүмүүс чинь боллоо, олчихлоо гээд баярлалдаад явчихав. Байгаа байдал хийгээд уурласан минь өнөө Цахиур Төмөр дүрээрээ байж. Ингэж л Засагт ханы сайн эрийн дүрийг бүтээсэн түүхтэй. Төд удалгүй хот орж Итгэлт баян, Эрдэнэ ах, дүү Хонгортойгоо танилцаад Архангай аймгийн Их Тамир сум руу зураг авалтад гарлаа. Ажлын зав зай, мөн урлаг уран сайханд тааруухан болохоор дургүйхэн л байлаа. Гэвч "Чи минь хичээж л үзээрэй. Энэ олон хүн чамд итгэж байна. Олны итгэлийг алдалгүй тэр сайхан хүний дүрийг дэлгэцэнд бүтээж чадах юм бол хожим үр хүүхдэд чинь хүртэл хэрэгтэй шүү" гэж аминчлан захисан ханийн минь үг санаанд ороод болдоггүй.
-Зураг авалтын үе хамгийн хэцүү нь
юу байв?
-Ширлүүлж эргэн дээрээс усанд унах. Толгойгоороо, эсвэл босоогоороо уначихаад
нэг л болж өгөхгүй есөн удаа дахисан юм даг. Тамирын голын түргэн урсгалд
ширлүүлээстэйгээ хөвж бусдыгаа сандаргасан. Кино хийх гэж хүний аминд хүрэх
нь гээд Ч.Долгорсүрэн гуай уйлж байсныг санаж байна. Ер нь Ч.Долгорсүрэн
надад их хайртай байсан. "Цахиур Төмөрөө би өөрөө олсон юм" гээд
өмчирхдөг байлаа. Зураг авалтын үед хамгийн их зааж зөвлөж, тулж түшиж
байсан хүн маань Долгорсүрэн гуай байв. Эр хүн шиг нуруулаг, ховор заяах
эмэгтэй байсан даа. Миний бие эхэндээ бараг чадахгүй байх гэж боддог байсан.
Нуулгүй хэлэхэд, дүрээсээ халшрах үе ч байлаа. Гэвч чадварлаг уран бүтээлчдийн
нөмөр нөлөөнд энэ сайхан дүрийг дэлгэцэнд бүтээсэн.
-"Тунгалаг Тамир" кино
гарах бүрт танд юу бодогддог бол?
-Бараг үздэггүй. Манай хөгшин "Чи ядаж залуугийнхаа дүрийг
харчихаач" гэж байдаг. Би бол буруу хараад хэвтээд өгнө.
-Яагаад тэр вэ?
-Аливаад учир зүггүй баярлаад, хөөрч догдлоод, эсвэл хэн нэгэнд гомдож тунирхаад
байдаггүй зантай минь холбоотой байх. Энэ дүрийг олны сэтгэлд хүртэл бүтээж
чадсан юм болов уу даа. Уулзсан бүхэн "Цахиур Төмөр өө" гэж
хүндэтгэдэг юм. Дүрээ нэгэнт түмэн олонд зөвшөөрүүлж чадсан л бол болох нь тэр.
Түүнээс кино гарах бүрт үзээд байх дургүй. Үзэхийг ч хүсдэггүй.
-Киноны сүүлийн ангид та буудуулж
амиа алддаг. Зураг авалтын үед ямар нэгэн бодол төрж байсан уу?
-Хонины бэлчээрт Дулмаатай уулзаж
байгаа, Түгжилтэй адуу хөөж яваа хэсэг зүгээр санагддаг. Харин хамгийн эвгүй
нь буудуулж байгаа хэсэг. Өөрт сэтгэл зүйн ямар нэгэн өөрчлөлт ороогүй ч үр
хүүхдүүдэд минь хүнд туссан байв. Ямар сайндаа манай охин ангийнхандаа
"Манай аав хүнд буудуулсан. Гэхдээ одоо гэртээ амьд байгаа" гэсэн
инээдтэй яриа гаргасан. Мөн Налайхад гэртээ байж байтал бага сургуулийн хоёр
банди орж ирэн нэг нь намайг зааж "Тэр хар, чиний буудуулсан гээд
байсан Цахиур Төмөр чинь амьд байгаа биз дээ" гээд хөгшин бид хоёрын
инээдийг хүргэж байсан түүх ч бий.
-Сонирхож асуухад, та шилийн сайн
эрчүүдийн гарч хийморио сэргээдэг Шилийн Богд дээр гарч үзсэн үү?
-Үзсэн. Гэхдээ кинонд тоглосноос бүр сүүлд юм. Сүхбаатар аймгийн Онгон сум
орж явах замдаа гарсан. Одоог бодоход нас залуу байсан болохоор Шилийн Богд
дээр гараад Цахиур Төмөрийнхөө дүрд дахиад хувилах шиг болсон. Гэхдээ энэ
сэтгэгдлээ би хэнтэй ч хуваалцаагүй.
-"Тунгалаг Тамир"-аас
гадна хэд хэдэн кинонд тоглосон байх аа?
-Ердөө тавхан кинонд тоглосон. "Гарьд магнай" киноны Сандаг аваргын
дүр аятайхан санагддаг. Харин "Хөх ногооны униар", "Зуслангийн
найзууд" киноныхоо дүрүүдийг тоогоод байдаггүй.
-Залуудаа архи хүртэж байв уу?
-Кинонд тоглосны дараа нэг хэсэг уусан шүү. Ор танихгүй хүмүүс "Цахиур
Төмөртэй уулзсаны төлөө" гээд нэг шил юм бариад ирнэ. Уухгүй байж
болохгүй. Хөгшин үглэж байж болиулсан даа.
-Гэргий Дулмаа, Итгэлт баян зэрэг
уран бүтээлчидтэйгээ хэр олон уулзалддаг вэ?
-Ч.Лодойдамба гуайн 70, 80, 90 насны ойгоор уулзалдсан. Киноны маань уран бүтээлчид
хэн хэндээ их хайртай. Үргэлж уулзахыг бодно. Нэг удаа хөгшин бид хоёр
Дулмаатай (жүжигчин Ш.Дэлгэржаргал) уулзахаар Дарханд очсон юм. Тэгэхэд хань
С.Бужгар нь амьд байлаа. Гэвч Дулмаатайгаа уулзаж чадаагүй. Хотод ирээд эмнэлэгт
хэвтсэн байв. Бид хоёр Дарханаас галт тэргээр хотод ирэн шууд эмнэлэгт очиж
Дулмаагаа эргэсэн байв. Намайг бууддаг Түгжилд тоглосон нэрт жүжигчин
Готов бид хоёр дотны найзууд байлаа. Готовыгоо өнгөрөхөд киноны уран
бүтээлчдийн хамт очсон. Гэр бүлийнх нь хүн намайг хараад их баярлаж байсан
даа, хөөрхий.
-Танд Цахиур Төмөрийн дүрийг
бүтээсний чинь төлөө "гавьяат жүжигчин" цол өгчихөж болоогүй юм
уу?
-Яалаа гэж. Би ямар сургууль номыг нь дүүргэсэн мэргэжлийн жүжигчин биш.
Тэрхүү сайхан дүрийг бүтээж Монголын кино урлагт мөнхөрч үлдсэн минь хамгийн
том шагнал. Харин 2000 онд Цахиур Төмөрийн дүрийг чадмаг гаргасан хэмээн үнэлж
Ч.Лодойдамбын нэрэмжит шагналыг хүртээсэн дээ.
-Дэлгэцэнд мөнхөрч үлдсэн гэснээс
Цахиур Төмөрийн дууг оруулсан гавьяат жүжигчин Дагийранз гуай таныг
"Сандуйжав маань сайн хүн байсан сан. Даанч эрт өнгөрсөн дөө" гэж
хэлсэн удаатай. Тэгж хэлснээс нь хойш уулзсан уу?
-Гэртээ зурагт хараад сууж байтал Дагийранз тэгж хэлдэг юм. Эвгүй ч санагдах
шиг. Намайг өнгөрсөн гэж дуулсан байлгүй. Дагийранзтай уулзаагүй. Хөдөө мал малладаг
сурагтай. Харин гэр бүлийн маань хүн "Манай өвгөн амьд, миний дэргэд шовойгоод
сууж байна" гэсэн захиа бичсэн гэдэг. Эзэндээ хүрсэн юм болов уу, үгүй юм
болов уу.
Т.Сандуйжав гуайтай багагүй удаан хугацаанд хуучилжээ. Биед нь ямар нэгэн зовиур байхгүй мэт санагдсан. Хөгшнийх нь хэлсэнчлэн үг дуу тун цөөтэй нэгэн аж. Гэхдээ "Тунгалаг Тамир" киноны тухай ярихад нүдэнд нь гэгээ татаад ирнэ. Ялангуяа Ч.Долгорсүрэн гуайн тухай дурсахдаа их л элгэмсэг, уриалгахан болж байлаа.
Халх даяар цуутай Засагт ханы Цахиур Төмөрийн дүрийг Монголын кино урлагт дахин давтагдашгүйгээр бүтээн, мянга мянган үзэгчдийнхээ зүрх сэтгэлд эрдүү хоолойгоор "Эрдэнэ засгийн унага"-аа аялсан тэр л дүрээрээ үлдсэн энэ эгэл эртэй хөөрөлдсөн цаг хугацаа үнэтэй байсан. Тэрээр үгээ зөөн удаан ярих нь цаанаа л нэг донжтой. Зарим асуултад минь хариулаагүй. Би ч хариулт авах гэж хүчилсэнгүй. Өөрийнх нь аяар л байсан даа.