С.Баяр: Эрсдэлийг сааруулахын тулд бид бусад ашигт малтмалаа ашиглаж, эргэлтэд оруулах шаардлагатай

GoGo.mn

2009-07-06 11:45 GMT+8

Зэсийн үнэ өнгөрсөн жил рекорд дээд хэмжээ буюу 8930 ам.доллар хүрч манай улс нэлээд "хангалуун" байлаа. Гэвч энэ байдал удаан үргэлжлээгүй бөгөөд эмзэгхэн эдийн засагтай Монгол улсын хувьд түүхий эдийн үнийн уналт хүнд цохилт болсон.

Нийгмийн  халамжинд хамаг байдгаа зориулчихдаг манайх яах ч аргагүй төсвөө хумих шаардлага тулгарсан ч улстөрийн намууд сонгуулийн амлалтаа зөрчихгүй, иргэдэд “кок” алдахгүйн тулд зах замбараагүй олгогдсон халамжиндаа төдийлөн гар хүрч чадаагүй.

Манай Засгийн газар зэс гэдэг бүтээгдэхүүний үнэ буудаг юм, буух буухдаа уналтад хүрдэг  гэдгийг эрхээ биш ойлгосон байх аа. Дэлхийн зах зээл дээр он гарахын үед 2770 орчим ам.доллар болоод байсан зэс өнөөдөр 5000 орчим ам.доллар болж аз тохиолоо.

Одоо яах вэ. Эргээд зэсийн үнэ буувал яах вэ. Засгийн газар ямар алхам авч байна вэ гэдэгт Ерөнхий сайд С.Баяраас тодруулсан юм.

Тэрбээр  өнгөрөгч бямба гаригт хэвлэл, мэдээллийн ажилтнуудтай “Зангиагүй уулзалт” хийсэн бөгөөд сэтгүүлчдийн сонирхсон олон асуултад хариулт өглөө.

Бид та бүхэндээ  энэхүү уулзалтаар Ерөнхий сайдаас тодруулсан эдийн засгийн  холбогдолтой асуудлуудад хэрхэн хариулт өгснийг хүргэж байна.

Харин бусад асуудлын талаар юу гэж ярьсныг Та манай холбоотой мэдээнээс үзээрэй.  

-Зэсийн үнэ одоо нэмэгдэж буй ч эргээд унах аюултай. Иймд энэ эрсдлийг сааруулах ямар арга хэмжээ Засгийн газраас авч байна вэ?
-Эрсдэлийг сааруулахын тулд бид бусад ашигт малтмалаа ашиглаж, эргэлтэд оруулах шаардлагатай. Иймээс ч уран, коксжих нүүрс, алт зэрэг  ашигт малтмалууд дээр эдийн засгаа авч явмаар байна.

Нэгнийх нь үнэ буурлаа гэхэд нөгөөх нь нэмэгдэж байдаг. Тухайлбал, зэсийн үнэ унахад, алтных нэмэгдэж байх жишээтэй.

-Одоо эдийн засгийн хувьд хамгийн тулгамдсан зүйл барилгын салбар болчихоод байна. Барилгын салбар энэ хэвэндээ байвал банкуудыг чирэх аюул тулгараад буй. Үүнд төрөөс дорвитой алхам хийх хэрэгтэй юм шиг харагдаж байна.
-Манай Засгийн газрын тулгамдсан хамгийн том асуудал барилгын салбар болчихоод байгаа. Нэг хэсэг сэргэж байсан барилгын салбар одоо хүндхэн байдалд орчихоод байна. Банкууд их хэмжээний зээл гаргасан. Үүний хэрээр банкны салбарт хүндрэл учруулах учир бид гадна, дотны зээл, тусламж, хөтөлбөрийг барилгын салбар руу чиглүүлэхээр ажиллаж байна. Нааштай алхмууд харагдаж байгаа.

-Иргэдийн хамгийн их анхаарлыг татсан Оюутолгойн орд газрын гэрээний төсөл цаашид уул уурхайг ашиглах жишиг  болж чадах болов уу?
-Нөхцөл өөр учир энэ гэрээг жишиг болгож яг адилхан мөрдөх боломжгүй. Гэхдээ ямар ч байсан нэг жишиг бий болоосой л гэж бодож байна. УИХ-ын 76 гэрээ баталдаг буруу жишиг манайд бий. Эргээд парламентын 76-д хариуцлага хэрхэн тооцох нь бүрхэг.  Харин хуулийн дагуу гэрээ байгуулах эрхээ Засгийн газарт өгчихвөл хариуцлагаа хэн үүрэх нь тодорхой болно. Гэрээг яаралтай баталбал манайд хөрөнгө оруулагчдын байр суурь нэлээд эерэг болох юм. Оюутолгойн гэрээг бид таван жил ярьж байна. Өнөөгийн нөхцөлд таван сарын дотор л бүх зүйл өөрчлөгдөж байна шүү дээ. УИХ биш Засгийн газар гэрээг баталдаг жишигтэй болбол зүгээр байна.

-Хэдийгээр уул, уурхай чухал  ч бусдаар Таны хамгийн их анхаарлыг татаж буй асуудал?

-Иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх нь эхний асуудал. Чамлахаар чанга атга гэгчээр нааштай зүйлүүд ч байна. Монголчууд өнөөдөр бололцооноосоо доогуур амьдарч байна. Нэг хүнд ногдох ДНБ 5000 ам.долларт хүрчихвэл боломжийн амьдрал ирнэ.

Гэтэл өнөөдөр манайд 2000 ам.долларт ч хүрэхгүй байна. Дан ганц уул, уурхайн салбарын хөгжлөөр оргилд хүрэхгүй. Хүнээ хөгжүүлэх, амьдралыг нь чадваржуулах л эцсийн зорилт юм.

-Оюу толгой гэрээний төслийн тухайд хамтарсан Засгийн газар жаахан хойрго ажиллаж байна уу гэсэн яриа гараад байгаа.
-Засгийн тэргүүнээр ажиллаад нэг жил долоон cap боллоо. Энэ цаг үед дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал таарлаа. Хамтарсан Засгийн газар улс төрийн нөхцлөөс болж өсөлт буурсан гэвэл худлаа. Энэ хүндрэлтэй үед хамтарсан Засгийн газартай байгаад би баярладаг. Хэрэв хамтрах шийдвэр гаргаагүй бол харанхуй улс төржилт дунд юу ч урагшлахгүй байсан.

Банкин дахь иргэдийн хадгаламжийг даатгах зэрэг чухал хуулийг хамтарсны хүчинд цаг алдалгүй баталж чадсан.

Эдийн засагтаа холбогдсон асуудлуудад Ерөнхий сайд дээрх хариултуудыг өглөө. Зангиагүй уулзалт байсан учир улстөр, эдийн засагтай холбогдсон асуудлуудад Гүйцэтгэх засаглалын тэргүүн товч байдлаар хариулт өгч байсан.

Гэхдээ хүндрэлтэй байгаа эдийн засгийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцлагыг Ерөнхий сайд манай сайтын уншигчдад албаны ширээний араас өгөх биз ээ.

Ч.Болортуяа

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1812 санал өгсөн байна.

Дээшээ