UFC группын Ерөнхий захирал О.Амартүвшин: Бид дэлхийн аль ч номер нэг бүтээгдэхүүнтэй өрсөлдсөн дутахгүй, илүү сайн гэдгийг энэ шагнал баталлаа

GoGo.mn

2009-09-14 13:14 GMT+8

-UFC группын хувьд чацарганы жүүс, тос гэсэн бүтээгдэхүүнээрээ олны талархлыг хүлээсэн компани. Сүүлийн үед танай морьтой гэх тодотголтой “Чингис” архи “Юнайтед Водка-2009” наадмаас Азиас анх удаа алтан медаль авлаа гэдэг мэдээлэл шуугиан тарьж эхэллээ. Чухам ямар учиртай шагнал вэ?
-Морьтой Чингис брэндийг бид гурван жилийн өмнөөс бэлтгэж технологи дээр нь хоёр жил шахам ажилласан. Анх өндөр зэрэглэлийн архи гаргаж амт чанар дээр нь нэлээн ажиллаж засаад Европын мэргэжлийн эрдэмтдээс зөвлөгөө авч, өөрийн гэсэн ноу-хау бүхий сайн чанарын фильтр технологийг гаргаж авсан. Худалдаанд гараад жил орчим болж байна. Ингээд ойн дээрээ нэлээн том, нэр хүндтэй арга хэмжээнд оролцоод амт, үнэртэхүйн мэдрэхүйгээр хамгийн өндөр оноо авч алтан медаль авсанд манай хамт олон сэтгэл хангалуун байгаа. “Юнайтед Водка” уралдаан нь үйлдвэрлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнийг явуулаад түүнийг нь мэргэжлийн 40 хүнтэй баг үнэлж дүгнээд байр эзлүүлж дараа нь тухайн үйлдвэрлэгч нарыг нь урьж оролцуулдаг арга хэмжээ. Энэ жилийн арга хэмжээний онцлог нь Францын Канн хотод Канны кино фестивальтай давхцаж болсон учир нэлээн олон орны том том үйлдвэрлэгч нар цугласан.

Ер нь иймэрхүү арга хэмжээ болдог хэд хэдэн газрууд бий л дээ. Европ төвтэй, Америк төвтэй гэж. АНУ төвтэй нь илүү шоу талдаа. Үйл ажиллагаа маркетинг сурталчилгаа талыг нь хардаг. Бүүр зарим нь медалийнхаа өнгөнд харгалзах төлбөрөө төлөөд медалиа авдаг арга хэмжээ ч бий. Харин Европ талдаа нь болохоор илүү мэргэжлийн талруугаа болдог. Цагаан архины үүсэл чинь өөрөө Европоос гаралтай тэр дундаа Орос, Польшоос гаралтай. Тэгэхээр энэ уралдаанд цагаан архины гол үйлдвэрлэгч нар жинхэнэ чанараараа өрсөлддөгөөрөө маш их нэр хүндтэй. Тиймээс бид Европ төвтэй энэ арга хэмжээг сонгож оролцсон. Тэгээд яг үндсэн гол үйлдвэрлэгч нартай нь очиж өрсөлдөөд амт чанараараа хамгийн сайн нь гэж шалгарлаа. Цаашид бүтээгдэхүүнээ яаж улам сайжруулхав, дэлхийн зах зээл дээр яаж гаргахав гэдэг дээр л ажиллана даа.

-Манайд хэдийгээр 70, 80 жилийн түүхтэй архины томоохон үйлдвэрүүд байдаг ч хараахан ийм амжилтыг үзүүлж чадаагүй байгаа. Харин “UFC” группын хувьд үйл ажиллагаа явуулаад удаагүй залуу компани ийм шагнал авна гэдэг үнэхээр нэр төрийн хэрэг. Тэгэхээр богино хугацаанд ийм амжилтанд хүрсэний нууц нь юундаа байна вэ?
-Би анх л “UFC” группыг байгуулсан цагаас ярьдаг байсан. “Бид нарын хувьд борлуулалтын тоо хэмжээ нэг их чухал биш ээ. Нэгдүгээрт, манай бүтээгдэхүүний чанар бусдаасаа ямагт илүү байдаг юм шүү” гэдгийг ойлгуулахад багагүй хугацаа хөрөнгө мөнгө зарцуулсан. Өнөөдөр “UFC”-ын бүтээгдэхүүн өндөр шагнал авч байгаа нь тохиолдлын хэрэг биш гэж үзэж байгаа. Бид нар гадны нэлээн олон бүтээгдэхүүнтэй өөрсдийн бүтээгдэхүүнийг харьцуулсан амталгаа тест хийдэг. Тиймээс энэ бүтээгдэхүүнээ өндөр шагнал авна гэдэгт итгэлтэй байсан. Бүтээгдэхүүний чанар гэдэг өөрөө тодорхой цаг үеийг даван туулж гарч ирдэг. Нөгөө талаас цаг үеийг даван туулж байна гээд хуучин уламжлалаараа яваад байж болохгүй. Өнөөдөр дэлхий даяар шүүлтүүрийн асар олон технологитой болчихлоо. Манай технологийн хувьд орчин үеийн технологийг уламжлалт аргатай хослуулж гарч ирсэн. Тиймээс ч дэлхийн номер нэг гэгддэг Grey Goose ч юм уу Абсолют алинтай нь ч чанараараа өрсөлдөхөд дутах юмгүй.

Нөгөөтэйгүүр, архи хэрэглээн дээр очихоороо хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг бүтээгдэхүүн ш дээ. Тэгэхээр хүмүүс эрүүл мэндээ бодсон ч тэр хамгийн чанартайг нь л хэрэглэдэг байх ёстой.

-Монголчуудын хувьд хэдэн зуун жилийн турш цагаан архи үйлдвэрлэж ирсэн дэлхийн том компаниудтай өрсөлдөөд алт авчихна гэхээр өрсөлдөгчдийн хувьд хэрхэн хүлээж авсан бэ?
-Өмнө нь манайхаас энэ уралдаанд том том үйлдвэрлэгч нар оролцож байсан. Манайх анх удаа алтан медаль авсан. Энэ утгаараа нэлээн сонирхсон. Яагаад эдний бүтээгдэхүүн алтан медаль авчихав гээд л. Арга хэмжээний үеэр компаниудын бүтээгдэхүүнүүд бүгд ширээн дээр тавигдсан байсан. Мэдээж үйлдвэрлэгч нар үнэрлэж үзээд л аль нь сайн мууг ялгадаг болчихсон хүмүүс ш дээ. Тэгээд бүгд “Танайх үнэхээр төгс байна. Эхлээд танайхыг хэрэглэе, дараа нь бусдыгаа хэрэглэе гэж наргиантай байдлаар баяр хүргэж, амжилт хүсээд бүтээгдэхүүнээсээ өшөө ихийг авчирахгүй яасан юм бэ” гэж байсан. Дараа нь үйлдвэрлэгч нар санал солилцсон. Тэгэхэд тэд “Нэгдүгээрт, монголчуудын хэрэглэж байгаа ус үнэхээр сайн байх шиг байна. Дээрээс нь та нар цэвэр улаан буудайн хэрэглэдэг учраас илүү сайн байна” гэж ярилцацгаасан.

-Энэ шагнал тухайн компанидаа төдийгүй улсдаа ч ихээхэн нэр хүнд ашиг орлогыг авчирдаг шагнал гэдэг юм билээ?
-Тийм тийм. Үе үед алтан медаль авч байсан бүтээгдэхүүнүүд дэлхий даяар Европ даяар томоохон борлуулалттай болдог түүхүүд бий. Бид нар бас нэлээн найдлага тавьж байгаа. Монголчуудыг водка үйлдвэрлэдэг гэдэг ойлголт Европод байгаагүй. Тиймээс хүмүүс ялангуяа дистрибьютер компаниуд энэ талаар нэлээн сайн мэдээлэлтэй болсон. Манайх энд түрүүлснээрээ дэлхийн хамгийн шилдэг 100 водка гэдэг жагсаалт болон танилцуулга номонд орчихож байгаа юм. Мөн Франц, Белгийн хэвлэлүүдээр манай талаар нэлээн гарсан. Энэ утгаараа цаашид дэлхийд танигдаж экспорт хийхэд нэлээн дөхөм болно л доо. Хэд хэдэн газраас экспортлох санал ч ирчихээд байгаа. Тиймээс Grey Goose-ээр Францыг, Абсoлютаар Шведийг таньдаг шиг “Морьтой Чингис”-ээр Монголыг таних цаг ирсэн.

GoGo Facebook Хуудас
 
 

САНАЛ АСУУЛГА

Засгийн газраас 2015 оны Монгол улсын нэгдсэн төсвийн төслийг өргөн барихдаа Орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулан аймгуудад төсвийн эрх мэдлийг үе шаттай шилжүүлэх талаар тусгажээ. Энэ дагуу нийт 800 обьектын 200-г нь эхний ээлжинд орон нутагт шилжүүлнэ. Та энэ өөрчлөлтийг дэмжиж байна уу?
Нийт 202 санал өгсөн байна.
  •  
     
  •  
     
  •  
     

Дээшээ