Авлигатай тэмцэх газар ба Ерөнхийлөгч

GoGo.mn

2009-10-09 16:31 GMT+8

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “гоё гоё амлалт”-ууд түрүүчээсээ биелж авлигагүй нийгмийг цогцлоон байгуулах ажилдаа шуурхайлан орж байна аа.

Энэ нь ч сүүлийн үед болж өнгөрсөн үйл явдлын тоймоос илт харагдаж байгаа. Түүнээс онцлоод хэлбэл, Ерөнхийлөгч хэдхэн хоногийн өмнө АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг шинээр томилов. Ингэхдээ өөрийн хүмүүсээр зөвлөлийг бүрдүүлсэн гэх агаад түүний гэнэтийн энэ шийдвэр олон хүнийг гайхшруулж, ”Ерөнхийлөгч үнэхээр авлигатай тэмцэх гээд байна уу, эсвэл АТГ-ыг өөрийн мэдэлд авах гээд эхлэв үү” гэсэн харыг төрүүлээд байна.

Тэгвэл улс төрийн хүрээнийхэн олон нийтийн дунд үүсээд байгаа энэ хардлагыг үнэний ортой зүйл гэдгийг өгүүлж байна. Тухайлбал, Ерөнхийлөгч шинэ зөвлөлийг байгуулахын тулд хэд хэдэн тухайлбал, “Олон нийтийн зөвлөлийн журам”-ын 8.2-т заасан “Зөвлөлийн гишүүнийг шалгаруулахдаа хэвлэл мэдээллээр зарлана” гэсэн заалтыг зөрчиж орхижээ гэцгээх болж. Ингэхдээ олон нийтийн зөвлөлийн гишүүдийг шинээр томилохоос хоёр хоногийн өмнө дээрх журамд өөрчлөлт оруулж, ямар ч сонгон шалгаруулалт энэ тэр гэлгүйгээр томилгоо явуулсан юм байх. Уг нь АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүд дөрвөн жилийн хугацаатай томилогддог бөгөөд гол үүрэг нь авлигатай тэмцэх үйл хэрэгт олон нийтийг татан оролцуулах бас ямар нэг байдлаар улс төрийн амбийцгүй хүмүүс байх ёстой. Гэтэл Ерөнхийлөгчийн шинээр томилсон зөвлөлд Ж.Батзандан, Р,Бурмаа, М.Ичинноров зэрэг улс төрийн тавцан өөд идэвхийлэн зүтгэгчид багтсан байгаад олон нийт гайхширч басхүү энэ байгууллагын бие даасан хараат бус байдлыг алдагдуулах гээд байна уу даа гэсэн хардлагыг төрүүлээд байгаа юм.

Шинэхэн Ерөнхийлөгчтэй холбоотой авлига тойрсон бас нэг асуудал нь АТГ-ын даргыг солих нь гэсэн яриа. Олон нийт энэ талаар “Ерөнхийлөгч энэ санаагаа АТГ-ын дарга Ч.Сангарагчаатай хийсэн уулзалтын үеэр илт тод болгосон. Уг нь албан тушаалын наймаа далд явагддаг гэж бодож байлаа. Харин одоо ч ил цагаандаа гарч дээ” гэцгээж байгаа бол үүнтэй зэрэгцэн АТГ-ын даргад нэр дэвшигчдийн жагсаалт эхнээсээ тодорч эхлээд байгаа тухай улстөрийн хүрээнийхэн ярьцгааж байна.

Эх сурвалжийн өгүүлж буйгаар тус газрын даргад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Хурц, Тагнуулын ерөнхий газрын дарга асан н.Билэгт, Иргэний хөдөлгөөний тэргүүн Ж.Батзандан, нийтлэлч Б.Батбаяр буюу Баабар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Дорлигжав нарын нэр яригдаж байгаа гэх. Хэрэв асуудал ийм дээрээ тулж АТГ-ын дарга өөрчлөгдөхдөө хүрвэл тэр суудалд залрах магадлал хамгийн өндөртэй нь Д.Хурц юм байна. Тэрээр Ц.Элбэгдоржийн тун ойрын хүн бөгөөд ТЕГ-т ажиллаж байгаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн болжээ. Бусдынх нь тухайд хуульд заасан шалгуур тодруулбал, хуульч эрх зүйч мэргэжилтэй, 55 нас хүрсэн, төрийн байгууллагад тасралтгүй 15 жил ажилласан байх гэсэн шаардлагыг хангахгүй хасагдах магадлал өндөртэй байгаа юм байна.

АТГ-ын тухайд олон нийтийн зүгээс том биш жижиг жараахай хөөцөлдөж байна гэсэн шүүмжлэлд байнга өртдөг бөгөөд энэ талаар тус газрынхан “Бид том, жижиггүй л шалгадаг. УИХ, Засгийн газрын гишүүн, сайд, яам, агентлагийн дарга, шүүгч, прокурор цагдаа гээд бүх л төрөл албадаас шалгаж байгаа, шалгасан. Шалгаад хэргийг шийдвэрлүүлэхээр явуулсан. Түрүүчээсээ зохих ялаа авсан.” гэсэн тайлбарыг хийдэг юм. Харин сүүлийн үед АТГ авлигын загалмайлсан эцэг гэх Н.Энхбаярын хэргийг шалгаж эхэлсэн нь олон нийтэд таалагдсан бөгөөд “АТГ одоо л ажлаа хийж эхлэх нь” гэж байсан. Гэвч шинэ Ерөнхийлөгчийн олон нийтийн зөвлөлийг шинэчлэсэн нь дахин эргэлзээ төрүүлж эхэллээ. Энэ талаар учир мэдэх зарим нь “АТГ ямагт төрийн тэргүүний мэдэл дор байх юм байна. Өмнөх Ерөнхийлөгчийн тухайд Олон нийтийн зөвлөлөө өөрийн хүмүүсээр бүрдүүлсэн байсан. Гэтэл шинэ ерөнхийлөгч үүнийг давтлаа” хэмээн дургүйцэж буй юм.

Ц.Элбэгдоржийн зарлигаар шинээр томилогдсон Олон нийтийн зөвлөлийн гишүүд

-Р.Бурмаа “Сонгогчдын боловсрол төв”
-Ж.Батзандан “Иргэний хөдөлгөөн”
-П.Эрдэнэжаргал “Нээлттэй нийгэм форум” ТББ
-Р.Батсайхан. “Нирун фильм” студи
-Г.Даваахүү. “Глоб Интернэшнл” ТББ
-Б.Гэрэлмаа. “Зориг” сан
-Ж.Мөнх-Эрдэнэ. “Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо”
-Д.Сүхбаатар. МУИС-ийн НШУС
-Г.Баярцэцэг.Судлаач, Нээлттэй Нийгэм Форумын зөвлөх
-Ш.Цогтоо. МУИС-ийн Хууль зүйн сургууль
-А.Баатархуяг. 25 дугаар суваг телевиз
-Ц.Энхцэнгэл. Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим
-М.Ичинноров. Эрх зүйн шинэтгэлийг дэмжих төв
-Т.Хасбаатар. “Нэг ардчилал” клуб
-Г.Байгальмаа. “Ардчилал” сан.

Н.Энхбаярын үед АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан Олон нийтийн зөвлөлийн гишүүд

-Э.Болорчулуун - Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн тэргүүн
-Ч.Дамбажав - Дашчойлин хийдийн тэргүүн хамба
-Д.Загдсүрэн - МҮОХ-ны ерөнхийлөгч
-Ч.Чойсамба - МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш
-Б.Зангад - Монголын урлагийн ажилтны холбооны зөвлөх
-Э.Эрдэнэжамъян - Монголын скаутын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга
-М.Амбага - “Монос” эрдэм шинжилгээний төвийн захирал
-М.Сүхбаатар - “Хүний эрх аюулгүй орчин сан”-ийн тэргүүн
-П.Доржсүрэн - Удирдлагын академийн Төрийн удирдлагын тэнхимийн эрхлэгч
-Н.Дугар - Улс төр судлаач
-Б.Тогтохбаяр - “Паблик төв” төрийн бус байгууллагын тэргүүн
-Д.Намсрайжав - Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн
-Б.Оюунгэрэл - Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал
-Ч.Ганхуяг - Хас банкны гүйцэтгэх захирал
-Г.Эрдэнэбат - МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Сургалтын албаны дарга

GoGo Facebook Хуудас
 
 
ЖДҮ-ийн сангаас зээл авсан гэж үзэж буй УИХ-ын гишүүд, Сайд нарт ямар хариуцлага тооцох нь зүйтэй гэж та бодож байна?
Нийт 3163 санал өгсөн байна.

Дээшээ