Д.Жаргалсайхан: Хаана асуудал байна тэнд бизнес бий

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Business Times

2009-10-26 14:37 GMT+8

Бизнес таймс сонин байгуулагдсаны 15 жилд зориулж өнгөрсөн хугацаанд манай сонинд нийтлэгдэж байсан шилдэг нийтлэл, сурвалжлага, ярилцлага хөргүүдийг уншигч та бүхэндээ цувралаар хүргэж байгаа билээ. Хүн гэдэг өнгөрснөө амархан мартдаг гэлтэй. Энэ ч утгаараа түүхийг эргэн сөхвөл тухайн цаг үеийн нийгэм, эдийн засгийн байдал хэрхэн өөрчлөгдсөнийг харах боломжтой юм.

Жуулчлалын бизнесийн салбарт мэргэшсэн хүний нэг бол "МИАТ Тур " компанийн ерөнхий захирал Дамбадаржаагийн Жаргалсайхан юм.

Тэрбээр М.Ломоносовын нэрэмжит Москва хотын Их сургуулийг онц дүнтэй, АНУ-д эдийн засгийн менежментын дээд курсыг тус тус төгсжээ.

Улс төр, эдийн засагч мэргэжилтэй. Улаанбаатар хотын Намын хороонд зааварлагч, Прага хотод Олон улсын оюутны холбоонд төлөөлөгч, "Газрын тос" компанид эдийн засагч, "Жуулчин" компанид захирлаар тус тус ажиллаж байсан аж.

-Өнөө үед бэрхшээлгүй бизнес эрхлэх нь үгүй болжээ. Иймд Та аялал жуулчлалын бизнесийн хүндрэлтэй асуудлаасаа хуваалцахгүй юу?
-Монголд аялал жуулчлалыг явуулахад хөнгөн зүйл үнэхээр байхгүй. Уржинан аялал жуулчлалыг 2005 он хүртэлх хөгжүүлэх хөтөлбөр Засгийн газраас гаргасан. Хэрэгжилт нь чухам ямар янзтай явж байгааг сайн мэдэхгүй юм. Манайд аливаа хөтөлбөр нь цаасан дээр үлдээд л хоцордог шүү дээ.

Аялал жуулчлалыг эрхлэн явуулах 200-300-аад аж ахуйн нэгжүүд зөвшөөрөл авсан гэдэг. Харин тууштай үйл ажиллагаагаа явуулж байгаа нь 100 хүрэхгүй байх. Энэ салбарын бизнесийг зарим хүмүүс амархан гэж боддог. Хөдөө нэг явуулаад л болох юм шиг ойлгоод байна. Манайх шиг ийм эдийн засгийн буурай хөгжилтэй оронд гадаадын хүмүүст үйлчлэх үйлчилгээ маш хариуцлагатай байх шаардлагатай. Тиймд улсын хэмжээнд аялал жуулчлалын бодлого байх хэрэгтэй. Үүний тулд хууль байх нь гарцаагүй.

Хөдөө явж байхад тухайн нутаг дэвсгэр дээр явж байгаа тул мөнгө гэдэг болсон. Манайд чинь улсын дотор улс бий болжээ. Хүн ойлгодохоор, харагдахаар тайлбар бичиг үзмэрт байдаггүй. Музей дотор гэрэл зураг авахлаар тоо томшгүй үнэ хэлнэ. Нийслэл хотод гадаадынханд музей үзүүлэхэд бэрхтэй. Музей тайлбарыг сайн хийж чаддаггүй. Наадмыг үзэх гэж нэлээн хүн манайд ирдэг. Үйлчлэх автобусны зөвшөөрлөөс эхлүүлээд энд бэрхшээл бий. Ямар зүсний морь нь ялгагдахгүй газраас морь харлаа гэж хэлэхэд хэцүү.

Бид аялал жуулчлалыг зөв зохистой хөгжүүлж чадах юм бол 100000 хүн авлаа гэхэд улсын экспортын 10 хувьтай тэнцэнэ.

-Засгийн газраас бизнесийн таатай орчинг бүрдүүлэх тухай хийж байгаа ажлын талаар ямар бодол саналтай байдаг вэ та?
-Нааштай эхлэл бий. Гаалийн татварыг тэглэсэн нь зөв зүйтэй. Зарим аж ахуйн нэгжүүдийн хувьд хүнд туссан байж магадгүй. Улс орны хувьд бүхэлд нь аваад үзэх юм бол ашигтай. Аялал жуулчлалын хувьд бол шууд хамаарах зүйл биш. Аялал жуулчлал бол үл үзэгдэх экспорт. Москваг нэг өдөр бариагүй гэдэгтэй адил, бүх юмыг нэг дор сайхан болгоно гэвэл худлаа л даа. Тийм учраас бизнесчүүд өөрсдөө хүний бодоогүйг бодож, авхаалжтай ажиллах хэрэгтэй. Монголд өртөг шинээр бий болгох хэрэгтэй. Хөлс хөдөлмөр орсон тэр бүтээгдэхүүн эхний ээлжинд дотоодын хэрэгцээг хангах, дараа нь импортын барааг өрсөлдөхүйцээр орлуулж болно.

-Та Засгийн газраас ямар ажлыг хийгээсэй гэж бодож явдаг вэ?
-Төсвийн газар ажиллаж байгаа хүмүүсийг цөөлөх хэрэгтэй байна. Мэдээллийн орчин үеийн бүтцийг бий болгож, өндөр чадвартай түшмэлүүдийг ажиллуулж, тэдэнд өндөр цалин өгөх нь зүйтэй. Хоёрт боловсрол, эрүүл мэнд хоёрыг онцгой анхаарах. Хүн амын холбогдолтой бүх мэдээллийн санг компьютероор хүн тус бүрээр бий болгох. Бидний сэтгэлгээнд техникийн дэвшил бүрэн шингээгүй учраас ахуй амьдралд харж байгаа гоо зүй маань манай үйлдвэрлэлийн гоо зүйгээс хамаагүй түрүүлээд байна. Томоохон компани, сургууль нээхийг Засгийн газар дэмжих нь зөв. Манайд гарч эхэлж байгаа нийгмийн ялгааг хүүхдүүд дээр шууд тусгаж болохгүй. Ерөнхий боловсролын бүх сургууль урьдын адил ижил хувцастай болох, энгэртээ сургууль анги, бүр овог нэрээ Япон шиг бичих хэрэгтэй. Америкт бидний нэг авууштай туршлага бий. Энэ нь дунд сургууль болгон өөрийн төгсөгчдөөс жил болгон урьж, лекц уншуулдаг уламжлалтай. Тэгэхэд манай төгсөгчид нь цуглархаараа гагцхүү архи дарс уудаг.

-МИАТ компанийг хувьчлах нь зүйтэй юу? Хэрэв хувьчилвал ямар хувилбараар хувьчилсан нь оновчтой гэж та үздэг вэ?
-Зорилгын маань зорилт бол хувьчлахдаа биш. Түүний үйл ажиллагааны үр өгөөж нь аль нөхцөлд илүү байх вэ гэдэгт байгаа юм. Өнөөдөр бусад орны томоохон компаниудыг харж байхад улс дэмжиж гаргаж ирүүлчихээд нийтэд зарж байгаа юм. МИАТ-ын хувьд бол нэгдүгээр зорилго нь хувьчилвал сайжирна гэсэн хувилбар одоо явж байна. Миний бодлоор улсын мэдэлд дийлэнхийг үлдээгээд, тодорхой хэмжээнд хувьцааг зараад, мөн ажилчид нь тодорхой хувьцаа өгсөн дээр болов уу. Нөгөө талаас гадны томоохон авиакомпанитай хамтарч ажиллаж байж үр өгөөжтэй болох байх.

-Монголд үндэстний хөрөнгөтөн бий, байхгүй, дөнгөж төрж байна гэхчлэн ярьцгаадаг. Харин та аль суурин дээр байна?
-Миний бодлоор бол хөрөнгөтөн хүн ямарч гэсэн хэнээс ч хамаарахгүй болсон, нийгмийн давхарганы төлөөлөгч. Хоёрт худалдан авах чадвар их өндөр, нийгмийн дундаж хэсэг бий болсон байх. Ийм нөхцөлд дундаж хэсэг нь илүү орлоготой хүмүүсийгээ ингэж амьдарч болдгийг хардаг юм байна гэсэн уур амьсгал бий болсон цагт хөрөнгөтөн бий юу, байхгүй юу гэсэн яриа гарна. Жинхэнэ баян хүн хэн бэ гэж Ротшельдээс асуухад баян хүн гэж хүүгийнхээ хүүгээр амьдарч чаддаг хүнийг хэлнэ гэжээ. Одоо манайд зарлагдаад, бичигдээд байгаа хүмүүсийн дотор баян хүн байгаа эсэх нь юу л бол. Харин сураг нь дуулдаагүй хүмүүсийн дотор бол байгаа юм шиг. Учир нь ердөөсөө нэр нь гараагүй хүмүүс, компани хувьчилж байгаа байшин барилгыг Нью-Йорк хотынхоос өндөр үнэлж авч байна.

-Манай улсад ямар бизнесийг түлхүү хөгжүүлвэл илүү ашигтай ажиллаж чадах вэ?
-Мөнгөний боломжтой хүн бол манай түүхий эдээр гадагшаа өрсөлдөж чадахуйц бараа хийж гаргах. Манайд ажиллах хүч, үндсэн хөрөнгө харьцангуй хямд.

Зарим хүмүүс бизнес улам л алга болно гэж ярьдаг. Миний бодлоор бол тэгэхгүй. Хаана асуудал байна тэнд бизнес байгаа. Гагцхүү хувь хүний мэдлэг чадвар, хүмүүжил, боловсролоос их шалтгаална.

-Жуулчид манай оронд ирэхдээ юуг илүү сонирхож ирдэг вэ?
-Монголын байгаль манайхаас гоё гэж ирдэггүй юм шиг. Монгол гэдэг орон урьд нь хаалттай байлаа. Чөлөөтэй болсон орныг сонирхох гэж ирдэг бололтой. Хоёрт Чингис хааны оронг сонирхох гэж ирнэ. Харамсалтай нь манайд энэ суут хүний талаар сонирхуулах зүйл маруухан. Монголын нүүдэлчин ардыг үзэх гэж бас ирнэ.

Монголд дахин ирж байгаа хүний тоо хэд вэ гэдгийг үзвэл сонин юм. Энэ тоог гаргах хэрэгтэй байгаа юм. Тэгвэл таны энэ асуултад тодорхой хариулт өгч болно.

-Дорнод аймгийн Тамсагаас нефть гарлаа. Урьд өмнө нь үүнийг яагаад гаргаж чадаагүй юм бол оо?
-Саяхан газрын тосны бүтээгдэхүүн хуваах тухай гэрээг ганцхан хүн хийсэн юм шиг яригдлаа. Манайд анхнаасаа бүтээгдэхүүн хуваах гэрээ байсан. Тамсагийн орчинд нефть байгаа эсэхийг 1990-1992 онд мэдэж байсан. Газрын тосны дэд бүтцийг бий болгоход нэлээн олон жил хэрэгтэй. Манай орон чинь олсон юмныхаа хагасыг шатаадаг "гайхамшигтай" орон. Ийм орон дэлхийд бараг байхгүй дээ.

-Та улс төр сонирхдог уу? Аль намын гишүүн бэ?
-Сонирхолгүй яахав. Аль ч намын гишүүн биш.

-Дараагийн УИХ-ын сонгуульд Та нэрээ дэвшүүлэх үү?
-Үгүй.

1997 он

Б.Туяа

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ