Өнгөрсөн хаврын улс төржсөн дуулиан дунд Хэрлэн голын усыг говь руу татах
тухай яриа гарч, багагүй цаг хугацаанд гол сэдэв болж хэвлэлийн хуудсыг
хэдэнтээ дүүргээд авсан билээ.
Ц.Шаравдорж тэргүүтэй говийн аймгуудаас сонгогдсон зарим гишүүний гаргасан
саналаар Хэрлэн голын усыг хил давуулаад алдчих биш харин говь руугаа татаж өөрсдөө
ашиглая гэсэн нь нэлээд хэл ам дагуулсан. Нэг бус хүн “Үнэхээр Хятад руу ороод
алга болчихдог эх оронч бус голоо эх оронч болгож, говийн цангасан байгаль хүн
зоныг тэтгэх нь чухал” хэмээж байсан бол нэр бүхий эрдэмтэд голын гольдролыг өөрчлөх
нь Хэрлэн голыг ширгээх аюултай талаар ярьж байсан. Юутай ч энэ асуудал УИХ-ын
гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнийг “Хэрлэн гол хэрчигдэх ёсгүй” гэсэн нийтлэл
бичихэд хүргэсэн билээ. Уг яриа ч тэгсгээд замхарч, Хэрлэн хаанахын ямар нуурт
очиж цутгадаг тухай мартаж эхлэх үед тэр Далай нуурт хүрлээ. БНХАУ-ын Өвөр
Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн нутагт орших Далай нуурт эх
нутгийн маань энэ гол яарсаар хүрдэг ажээ. Нуур Хайлаар хотоос 300 орчим км
зайтай оршдог аж. Зах хязгаар нь харагдахгүй бас далай адил хүчтэй шуугин ирэх
таталт, түлхэлттэй болохоор энэ нуурыг Далай хэмээн нэрлэдэг биз ээ гэж
бодогдлоо. Наймдугаар сарын аагим халуун ч энэ нуурын дэргэд мартагддаг аж.
Газрын зураг дээрх Далай гэдэг нэрнээс нь гадна Хөлөн нуур хэмээн энэ их усыг
нутгийнхан нь нэрийддэг байна. Нуур уртаашаа 90, өргөөшөө 42 км. 1980-аад оны үед
усны түвшин их хэмжээгээр нэмэгдсэнээс эргээр нь нутагладаг хүмүүс өөр газар
руу нүүхэд хүрч байжээ. Тэр үед шинэ Далай хүртэл үүсээд авчээ. Харин сүүлийн үед
нуурын түвшин илэрхий багассан талаар нутгийн олон ярьж байлаа. Хэдийгээр
харьяалагдах улс орон өөр ч Далай нуураар нутаглах тэр хүмүүстэй ойлголцоход
ямар ч бэрхшээл байхгүй юм. Дорнодын буриадтай ярьж байгаа мэт л санагдана.
“Уг нь тэр овгорт далайн эрэг байсан юм. Гэтэл одоо нэлээд хэдэн метрээр дотогшилчихоод
байна” гэж тэд харуусангуй ярина. Яагаад ч юм Далай хэмээх тэр нуурын тухай
миний бодол их өөр байсан. “Харийн нутгийн Далай гэдэг нуурт Хэрлэн гол хүрдэг
гэнэ лээ” гэсэн хүнийрхүү яриа толгойд эргэлдэх ч яг далай мэт давалгаалах Хөлөн
нуурын торгон элсэн дээр сууж байхад “Хэрэв Хэрлэн энд ирэхээ больж, энэ нуур
ширгэвэл хүн төрөлхтөн нүд, сэтгэлээ баясгах байгалийн том бэлэгнээсээ хагацах
нь байна шүү” гэж сэтгэл эмзэглэм бодол төрж байлаа. Хөлөн нуурыг гол тэтгэгч
нь Хэрлэн ажээ. Манай Буйр нуураас эх авч ирдэг нарийхан Оршуун гол байх ч нийт
усны дөрөвний нэг орчим нь Хэрлэнгийн ус байдаг бололтой юм.
Өвөр монголчууд манайд Хэрлэн голын усыг хагаслан татах тухай асуудал яригдсан
талаар ямар ч мэдээлэлгүй байлаа. Хөлөнбуйр аймгийн сэтгүүлчдэд ийм яриа гарсан
талаар ярихад ихэд гайхан хүлээн авч байсан. Хэдийгээр гольдролыг өөрчлөх эсэх
нь улс орны дотоод асуудал ч Хэрлэн гол ирэхээ боливол их Хөлөн далай минь хөөрхий
гэлцэж байв, тэд.
Тэндхийн нутгийнхан дунд ам дамжигдаж ирсэн нэгэн домог байдаг аж. “Эрт цагт Хөлөн,
Буйр хэмээх нэртэй эгч дүү хоёр нялх багаас эцгийн гэрт ижилдэн өсчээ. Нас биед
хүрээд хоёул айлын хүн болсон бөгөөд харь нутагт очицгоосон эгч дүү хоёр нэг
нэгийгээ ихэд санадаг байсан гэнэ. Хэдийгээр бие биедээ гүйгээд очмоор байсан ч
эр нөхрийн гарыг харсан бүсгүй хүнд амархан олдох унаа мал гэж үгүй, бас нялх
жаахан үрсээ хаяад явж төвддөггүй байсан биз ээ. Юутай ч эгч дүү хоёр бие биеэ
санасаар, уулзаж чадалгүй нэгэн насыг барсан аж. Амьдын хагацал үзэж, хоёр өөр
газар насыг өнгөрөөсөн эгч дүүс нэг нь Хөлөн нуур болж, нөгөө нь Буйр нуур
болжээ” гэсэн домгийг сонсоод сэтгэл жигтэйхэн шимширлээ. Нээрээ л үнэн байх.
Тиймээс ч Хөлөн, Буйр нуурыг хүйн холбоотой гэсэн яриа байдаг биз гэж
бодогдлоо. Ар гэр амьдралаа гэж явсаар уулзаж чадаагүй эгч дүү хоёрын уулзах
тэр их хүсэл нь Оршуун гол болж хоёр нуурыг холбодог байх гэж санав. Бас яагаад
ч юм энэ хоёр нуурын аль нэг нь алга болбол нөгөөдөх нь шаналан шаналсаар
ширгэх байх гэсэн домгийн үргэлжлэл сэтгэлд бууна. Нутгийнхан
“Эцгийн минь хоёр нүд шиг
Эгч дүү хоёр нуур минь” гэж хүртэл шүлэглэдэг юм байна.
Хөлөн нуурыг Далай гэх болсон нь ч учиртай бололтой юм. Хэмжээ нь жижиг боловч
далайд байх ургамал амьтан энэ нуурт байдаг гэж учир мэдэх хүмүүс ярих юм
билээ. Загас ихтэй гэгдэх Далай нуурт мөрөг загас их гэсэн. Бас сам хорхой хүртэл
байдаг гэнэ лээ. Далай нуурын захаас 100 метр алхсан ч бүсэлхийгээр татсан тэр
л хэвээрээ байх юм. Харин гүнзгий газартаа есөн метр хүрдэг гэсэн. Жижиг
хайргатай элс нь хөл нүцгэн алхахад таатай гэдэг нь жигтэйхэн. Энэ нуурын
шувууд нь олон төрөл байдаг аж. Өвөлждөг шувууд ч бий гэнэ. Сүүлийн үед олон
улсын шувуу судлаачид Далай нуураар багагүй эргэлдэх болжээ. Энэ нуурыг
тойруулаад хэд хэдэн жуулчны бааз байхаас гадна нуураа тойрч амьдардаг малчид
нь ч олноороо. Эндхийн хэл зүйн судлаач, эрдэмтэн Пүрэв хэмээх хөгшний тухай
яриаг сонсоод хилийн наана цаана ялгаагүй байгаль дэлхийгээ гэсэн хөгшдийн ахуй
амьдрал ижил юм гэж санагдлаа. Хайлаарт амьдардаг 80 гарсан Пүрэв гуай багаасаа
зүүн эрэг дээр нь тоглож өссөн нуур руугаа жигтэйхэн яардаг гэнэ. Тиймээс ч
шавь нар нь боломж гарвал өвгөн багшаа Хөлөн нуурын хөвөөнд авчирдаг ажээ. Нэг
удаа цөн түрэх үед нуурын хөвөөн дээрээ ирсэн өвгөн эрдэмтэн ихэд уйлжээ. Түүний
багад Хөлөн нуурын цөн түрэх үед хатуурч хөлдсөн мөс хайлахдаа нэг нь нөгөөгийнхөө
дор орж урссаар бүр 2-3 метр өндөр уул шиг юм хөвж явдаг байсан байна. Харин
тэр сүрдмээр байдал нь алга болсон нуураа хараад Пүрэв гуай “Өвгөн миний буруу
болжээ. Нуур минь нуур биш болж” хэмээн уйлж байсан гэдэг. Буйр нуурын маань
эгч нь ч юм уу, дүү нь ч юм уу, энэ нуурын эрэг дээр хонолоо. Өглөө нуурын
мандал дээр наран гарч ирэхийг харах гэсэн хүсэл шөнө амрахгүйгээр үүрийн
гурван цагт босох чадал өгсөн байх. Нар дөрвөн цагт мандчих байх гэсэн таамгаар
гурван цаг өнгөрөөгөөд л Далай нуурын хөвөөнд хүрлээ. Шөнийн харанхуй, нуурын
мандал хоёрыг зааглах гүн улаан туяа бас хээр хонохоор шийдсэн сар л эрэг дээр
байна. Далайн энтэй нуур эргээс таталтаа аваад эхэлчихжээ. Шөнийн түлхэлтээр
хаягдсан хоосон хясаа, бас ургамал амьтан нь ялгагдахгүй усны ертөнцийн эд юмс
үүрийн харанхуйд үл мэдэгдэм цайрна. Нар мандахыг хүлээж эрэг дээр цаг гаруй
зогссон ч усны мандал дээр ирэх шинэ өдрийн өнгө хором хормоор өөрчлөгдөх нь
сонин байлаа. Талд газар доороос гэнэт нар гараад ирдэг шиг нуурын мандал дээр
улаан нар огцомхон гараад ирэх юм билээ. Ертөнцийн нөгөө бөөрнөөс үл мэдэх хүчтэн
нэг их том гэрэлт улаан тоор шидчихсэн мэт.
Хэнтийн тэр өндөр уулнаас эх авах Хэрлэн голыг яаран урсдаг хэмээн дуулдаг нь
санамсаргүй хэрэг биш билээ. Хүчтэй урсгалтай Хэрлэн гол тэр их замыг туулан
энэ нуурт цутгах хүртлээ маш их ядардаг байх гэж саналаа. Тэгээд энэ хөлгүй их
далай мэт Хөлөн нуурт л ирээд амсхийдэг байх даа гэж бодов. Хэрлэнгийн усыг хөдөлгөх
эсэх тухай яриа шийдвэрт хүрээгүй байгаа энэ үед ингэж бичсэн маань ямар нэгэн
хөндлөнгийн санаа агуулаагүй билээ. Ямартай ч тэр их усны хөвөөн дээр очсон хэн
боловч цутгах их урсгалыг нь хаана гэж хэлж зүрхлэмгүй юм байна лээ. Далай
нуурыг нүдээр харсан говийн хүн “Хэдийгээр миний говь ус муутай ч энэ сайхан
далайг үгүй хийчихээд устай амьдарна гэх хүн манай говийнхноос олдохгүй дээ”
гэж байсан нь яахын аргагүй байгалийн бэлгийг нүдээр харсан хүний үг биз ээ.
Э.Энэрэл