Хүүхдийн мөнгийг ирэх сарын 1-нээс олгох саналаа УИХ-д уламжиллаа

"НИЙГМИЙН ТОЛЬ"

2010-06-04 08:51 GMT+8

Ардчилсан намын уламжлалт 4-11 уулзалт өчигдөр боллоо. Уулзалтад намын дарга Н.Алтанхуяг, нийслэлийн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нар оролцов.

Энэ удаагийн уулзалтаар УИХ-ын төвшинд хэлэлцэж байгаа улс орны хөгжилтэй холбогдох томоохон асуудлуудаар сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

Уулзалтын эхлэл Тавантолгойн багц асуудал байлаа. Энэхүү том орд газар нь 6.4 тэрбум тоннын нүүрсний нөөцтэй хэмээн тогтоогоод буй. Засгийн газраас тус орд газрыг хоёр хувааж ашиглах санал гаргаад байгаа билээ. Нэгд, тал хувийг нь Монголчууд дангаараа эзэмшинэ. Иргэдэд баялгийнхаа эзэн байх боломжийг нь нээж өгөх гэнэ.

Ингэхдээ "Эрдэнэс МГЛ" дангаараа төлөөлж, Монгол хүн бүрт үнэгүй хувьцаа эзэмших гэнэ. Өөрөөр хэлбэл, иргэдэд үнэгүй хувьцаа эзэмшүүлэх бодлого баримтлаж байгаа ажээ. Мөн үндэсний компаниудынхаа оролцоог ч хангах аж.

Хоёрт, орд газрыг ашиглаж эхэлснээр хагас боловсруулсан хийгээд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргах зайлшгүй шаардлагатай болно. Төмөр замаар дамжуулан Хятад болон ОХУ-ын нутаг дэвсгэрээр тээвэрлэлт хийн, Солонгос, Япон, Германд хүргэх шаардлагатай.

Иймд Тавантолгойг ашиглахад бусад орны оролцоог оруулах юм. Одоогоор тодорхой шийдэлд хүрээгүй байгаа ч ирээдүйг харсан оновчтой бодлого гаргах үүднээс тал бүрээс нь нухацтай хэлэлцэх шаардлагатай талаар Шадар сайд НАлтанхуяг хэлсэн юм.

Түүнчлэн Оюутолгойн ордыг дагаж манай улсад томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэх боломж бий. Үүнээс урьтаж "Утаагүй Улаанбаатар" төслийн хүрээнд хийгдэх 100 мянган айлын орон сууцыг барих, аймгийн төвүүд рүү хар зам тавих, зарим сумын төвийг шилжүүлэх ажлыг эхлэх хэрэгтэй талаар онцлов.

Мөн тус намын удирдлагууд хүүхдийн мөнгийг ирэх сарын 1-нээс олгох талаар УИХ болон Засгийн газарт санал хүргүүлэхээ уламжилсан юм. Хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг ирэх сарын 1-нээс олгох бүрэн боломж манайд бий гэнэ. Гагцхүү төсөвт л суулгаж өгөх хэрэгтэй аж. Ирэх сарын 1-ээс дээрх мөнгийг олгоход 120 тэрбум төгрөг шаардлагатай. Харин жилийн хугацаанд олгоход 240 орчим тэрбум төгрөг хэрэгтэй аж. Энэ мөнгөний эх үүсвэрийг төсөвт суулгаж, өгснөөр асуудал шийдэгдэх боломжтой гэнэ.

Гэхдээ "Хүний хөгжил сан" руу гар дүрэх огтхон ч шаардлагагүй тал аар онцолсон юм. Учир нь тус сангаас олгож буй 120 мянган төгрөг газрын хэвлийн баялгаас хүртэж байгаа хишиг. Иймд тусдаа ойлголт гэдгийг С.Эрдэнэ хэлэв.

Мөн IV амаржих газрын асуудлаар Нийгмийн бодлогын байнгын хороонд санал оруулжээ. Шинээр баригдах амаржих газар байршлын хувьд хэтэрхий хол, алслагдмал, байршлаа олоогүй. Жирэмсэн эх эмнэлгийн үзлэгт орох боломж хомс, ямар нэгэн халдварт өвчин гарч хаагдах тохиолдолд ачааллаа өөр эмнэлэгт шилжүүлэх боломжгүй. Иймд үүнийг гурав хуваагаад ачаалал ихтэй дүүргүүдэд гурван амаржих газар барих боломжтой аж.

Л.Нинжсэмжид http://www.niigmiintoli.mn/

GoGo Facebook Хуудас
 
 
Та хувийн эмнэлэгт хүүхдээ үзүүлэхдээ сэтгэл хангалуун байдаг уу?
Нийт 2450 санал өгсөн байна.

Дээшээ