А.Энхтуул шатрын дэлхийн аварга боллоо

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
"НИЙГМИЙН ТОЛЬ"

2010-08-02 09:28 GMT+8

Манай улсын өсвөрийн тамирчин ОУХМ Алтан-Өлзийн Энхтуул шатрын өсвөр үеийн дэлхийн аварга боллоо. Дэлхийн аваргын 17 насны ангилалд түрүүлсэн түүнд Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэснийг Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар уламжлав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж баярын мэндчилгээндээ "Манай эх орон " FIDЕ " -гийн эмэгтэйчүүдийн "Гран при" тэмцээнийг анх удаа зохион байгуулж байгаа билээ. Ард олон оюуны спортыг дэмжин, сонирхож байгаа энэ өдрүүдэд өсвөрийн шилдэг тамирчдын дундаас дэлхийн аварга төрсөнд билэгшээж байна" гээд оюуны спортын хүнд шалгуурыг давж, Монгол хүний оюуны цар хүрээг дэлхийн тавцанд дуурсгасан ОУХМ А.Энхтуулд баяр хүргэн, цаашид спортын олон олон давтагдашгүй амжилтын эзэн байхыг хүсэн ерөөсөн байна.

Энэ удаагийн шатрын өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Туркийн Кайсери хотноо долдугаар сарын 21-30-ны өдрүүдэд явагдаж өндөрлөлөө. Манай улсаас 15 насны ангилалд Б.Баярмаа, 17 насны ангилалд ОУХМ А.Энхтуул нар оролцсон юм.

"FIDE" буюу Олон улсын шатрын холбоо, сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулжээ. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 29 орны 500 гаруй өсвөрийн шатарчин оюун ухаанаа уралдуулсан ажээ. Тус тэмцээнд ОҮХМ А.Энхтуул сүүлийн өргийн тоглолтод Туркменистаны шатарчин дэлхийн аварга Жораева Говхертэйг буулган авсан байна. Ийнхүү А.Энхтуул хувийн тоглолтоороо өсвөрийн дэлхийн аварга хэмээх нэр хүндтэй цолыг эх орондоо анх удаа авчирлаа. Түүнтэй сүүлийн өрөгт тоглосон Туркменистаны шатарчин 17 насны ангиллын дэлхийн чансааг тэргүүлж явсан юм.

Өмнө нь А. Энхтуул 2006 онд Чехийн Прага хотод болсон өсвөр үеийн багийн дэлхийн аваргад амжилттай оролцож, өөрийн багийн гурван хүүхдийн хамт алтан медаль хүртэж байсан билээ. Мөн тэрбээр 2008 онд Германы Дрездин хотноо болсон насанд хүрэгчдийн дэлхийн шатрын олимпиадад их мастер Б.Мөнгөнтуул, ОУХМ Д.Янжиндулам, спортын мастер Ц.Мөнхчулуун нарын хамт амжилттай тоглон багаараа дөрөвдүгээр байрт, "С" хэсэгтээ тэргүүн байр эзэлж тусгай байрын шагнал, цомыг хүртэж, спортын мастер Ц.Мөнхчулууны хамт ОУХМ болох болзлыг хангасан билээ.

Нэг хэсэг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаар овоглон явсан ОУХМ А.Энхтуул анх есөн настайдаа “Төр Монгол” сургуулийн шатрын клубт орж хичээллэсэн байдаг. Түүний дараа Биеийн тамирын "Аварга" дээд сургуулийн харьяа лицей сургуульд сурч байжээ. Түүнд анх шатрын эрдмийг зааж өгсөн ачтан бол яах аргагүй З.Батболд багш юм. Харин тэрбээр 2006 оноос хойш Монгол Улсын гавъяат дасгалжуулагч, олон улсын мастер П.Жигжидсүрэн багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа.

А.Энхтуулыг бага байхад шатрын спортоос гадна урлагийн гоц авьяас нь илэрч байв. Тэрбээр 2001 онд "Бяцхан тод авьяастан" тэмцээний тусгай байрын шагналыг хүртэж, Монголын хүүхдийн ордны "Эрдэм" алтан медаль, Монголын хүүхдийн төлөө үндэсний төвийн "Авьяас" алтан медалиар энгэрээ мялаалгаж байсан. Харин 2002 онд "Шилдэг авьяаслаг сурагч", мөн ондоо өсвөр үеийн "Алтан цом" дууны уралдаанаас мөнгө, дараа жил нь тус уралдаанаас алтан медаль хүртэж байв. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумандаа 2002 онд "Дэгдээхэй нас-1" анхны бие даасан тайлан тоглолтоо хийсэн. Түүний дараа жил "Дэгдээхэй нас-2" тоглолтыг хийж байлаа. "Цоглог нас" бие даасан тоглолтоо 2003 онд Хэнтий аймгийн Бор-Өндөрт, 2004 онд Өвөр Монголын Хөх хотод тус тус хийж, "Хүслэнт нүүдэл" шатрын номоо 2009 онд гаргасан билээ. Багаасаа авьяаслаг, хөдөлмөрч дайчин хүүхэд байсны тод жишээ нь энэ бүхнээс харагдана.

Өсвөрийн дэлхийн аварга А.Энхтуулын амжилт гаргах боломж бололцоог нь хангаж өгдөг Дарханы "Хар төмөрлөг"-ийн үйлдвэр, "Бороо гоулд" компани, "Монгол Чех металл" компанийн хамт олонд баярлаж талархах нь зүйтэй болов уу. Эдгээр компаниуд Монголын шатрын спортын түүхэнд мөнхрөх гавъяа байгуулж, оюуны спортод нүдээ олсон хөрөнгө оруулалт хийж чадлаа. Ийнхүү 14 настайдаа ОУХМ-ын болзол хангаж байсан А.Энхтуул, 17 насандаа дэлхийн шатрын өсвөр үеийн аварга болсон нь Монголчууд бидний бахархах зүйлийн нэг боллоо.

Н.Отгонбаатар




GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 301 санал өгсөн байна.

Дээшээ