Баабартай ярилцлаа. Түүний бичээгүй, оролдоогүй салбар гэж үгүй. Түүнтэй бид улс төр, уул уурхай яриагүй. Өнөөдрийн нийгмийн үндэс болсон боловсролын тухай, боловсролын үнэ цэнийн талаар ярилцсан юм.
-Та амьдралдаа хичнээн ном уншсан бэ?
-Мэдэхгүй би тоолж
үзээгүй. Уул нь утга учиргүй олон ном
уншаад байх ч тийм сайхан юм биш л дээ. Хамгийн гол нь хүний мэдлэг системтэй байх л ёстой. Ухаан, ухаан дээр суурилсан
мэдлэг, мэдлэг дээр суурилсан мэдээлэл гэсэн дараалал байдаг. Сараа дахиад
хүүхэдтэй болчихжээ гэдэг бол мэдлэг ч биш, ухаан ч биш, энэ бол ердөө мэдээлэл.
Цаг минут болгонд бидэнд гаднаас орж ирж байгаа иймэрхүү мэдээллүүдийг
цэгцэлдэг зүйл бол мэдлэг. Мэдлэгийг хүн
системтэй сургалтаар олж авдаг юм. Мэдлэг ухаан дээр суурилж тогтоно. Ухаан
голдуу төрлөхийн байдаг. Угаасаа дебил, оюуны хөгжлийн коффицент нь 70-аас доош
төрчихсөн бол цаашаагаа мэдлэг авах боломж байхгүй. Юу хэлэх гээд байна гэвэл
өдөр тутам сонсож уншиж олж авч байгаа зүйл чинь ихэнхдээ мэдээлэл байдаг,
түүнээ ангилж ялгаж чадахгүй бол энэ нь хэнд ч хэрэггүй хог, тархи чинь хогийн
сав болноо л гээд буй хэрэг. Цаанаа хүлээж авч ангилах мэдлэг болон ухааны
суурь байхгүй бол тэгтлээ их ном унших хэрэг юун. Ухаан бол цаанаасаа байгалиас
өгөгдсөн задлан шинжлэх, тогтоох авъяас. Харин мэдлэг бол ангилал зүй. Чамд юу
хэрэгтэйв, чи юу мэдмээр байна, юунаас
таашаал авмаар байна, түүнийгээ л мэдэж аваад, зөв ангилахаар эргээд тэр чинь
хэрэг болдог. Яг л компьютертэй адилхан. Зөв ангилж ялгаагүй компютэрээс чи
хэрэгтэй файлаа хайгаад хайгаад олж чадахгүй шүү дээ. Байшин тоосгоноос бүтдэг.
Тоосгыг зөв, ном журмаар нь төлөвлөсөн дагуу технологиор нь өрөөд тавьчихсан
болохоор байшин болчихсон байна. Овоолоод тавьчихвал хог. Овоолоостой тоосго л
гэж ярихаас байшин гэхгүй биз дээ?
-Тэгвэл боловсрол гэж яг юу юм бэ. Таныхаар
томъёолбол?
-Боловсрол гэдэг
бол орчныхоо тухай зөв системтэй мэдлэгтэй болохыг л хэлнэ. Яагаад нар манддаг,
салхи хаанаас үүсдэг гээд наад захын байгалийн ойлголтоос эхлээд хүний нийгэм
гэдэг чинь юу юм, нийгэмд өөрөө ямар байр суурьтай байх ёстой юм гэхчлэн явсаар
зөв боловсон хооллох хүртэл багтах байхаа.
Эргэн тойрныхоо тухай системтэй ойлголт мэдлэгтэй болохыг л хэлэх юмуу даа. Хүн
хүний нийгэмдээ хүн болдог учир мэдээж ямар нэгэн хэмжээгээр боловсрол авч
таарна. Боловсролыг мэргэжлээс ялгах хэрэгтэй. Гарын уртай учир сийлбэр хийдэг
бол тэр боловсрол биш боловч боловсролтой болчихвол тэндээс нандин урлаг төрж
магадгүй. Маш сайн хагалгаа хийдэг эмч байлаа гэхэд энэ бол боловсрол гэхээсээ
илүү мэргэжил юм. Ер нь нийгэм
судлаачдын үзэж байгаагаар аль ч нийгэмд хүмүүсийн таван хувь нь л өндөр
боловсролтой байдаг. Хүний нийгэм гишүүн болгоноосоо өндөр боловсрол
шаарддаггүй. Дээр үед нийгмийн язгууртан
хэсэг нь өндөр боловсролтой байсан. Тийм бололцоо, шаардлага нь байсан. XX зуунаас хүн төрөлхтөн хөгжлийн цоо шинэ
эрэмбэд гарч иржээ. Тэгэхээр гарвал, нийгмийн анги давхрагаас үл хамаараад хэн
хүнд боловсролтой, ялангуяа өндөр боловсролтой болох бололцоо нээгдсэн байна. Хүний
нийгэмд хөдөлмөрийн хуваарь гэж нэг чухал юм бий. Иймээс хүн болгон ямар нэг
мэргэжил эзэмшдэг, үүнээс гадна бүх нийтэд ямар нэг хэмжээгээр боловсрол
олгодог тогтоц буй болжээ. Үүнийг бид ерөнхий боловсрол гэж нэрлээд байгаа шүү
дээ. Хими, математик, физик, астроном
гээд ерөнхийдөө л хүний эргэн тойрон дахь ертөнцийн тухай анхдагч түвшингийн
хэмжээний боловсролыг дунд сургуулиас авч байгаа. Сэтгүүлч хүнд математик нэг их хэрэг байхгүй байж магадгүй.
Гэхдээ л дэлхий дээр амьдарч байгаа зургаан тэрбум хүн болбол бүгдээрээ язгуур гаргах,
Ньютоны хууль, молекулын тухай төсөөлөлтэй байх ёстой. Эрин зуун ингэж шаардаж
байгаа юм.
-Харин өндөр боловсрол гэж...?
-Өндөр
боловсрол гэдэг бол нийгэм дотор байдаг оюунлаг хүмүүст илүү хамааралтай болов
уу. Дээд сургууль ч өндөр боловсрол өгч чадахгүй. Дээд сургууль голдуу мэргэжил
олгодог, энэ нь нарийсахаараа мэргэшил болгож болно. Харин нарийн тодорхой
юманд мэргэшсэн, дээр нь өндөр боловсролтой байх юм бол нийгэмд амьдрахад илүү
хямд. Яг төдөн балл оноо авахаараа өндөр боловсролтойд тооцогдоно гэсэн нарийн
зааг хэмжүүр шалгуур байхгүй л дээ. Боловсрол нь системтэй мэдлэг олсон хүнд
хүнээс өөрөөс нь хамаарч буй болон тогтоно. Боловсролтой хүн гэж ямар хүнийг
хэлэх вэ, ямар хэмжээний юм мэдсэн байх
ёстой вэ гэж би өөрөө боловсрол олж байх үед тохиолдож байсан бэрхшээл гэдэг ч
юм уу, түүн дээрээ тулгуурлаад “Дори
идэр дүүдээ” гээд ном бичсэн. 30-аад мянган хувь борлогдсон. Ямар мэргэжил
эзэмшсэнээс үл хамаараад хөгжмийн, бүжгийн, түүхийн, киноны, физикийн тухай анхны ойлголттой байх л
ёстой. Харин нийгмийн цөөхөн хэсэг нь ийм өндөр боловсролтой болдог учир
төрөлхийн авьяас гээч юмнаас ч бас хамааралтай. Ер нь бурхан шудрага болохоос
тэгш биш. Энэ хорвоогийн хүний хагас нь эмэгтэй. Эсвэл гайхалтай сод тенор, сафорон
хоолойг хэдэн зуун мянгаас нэгэнд нь заяадаг. Эйнштэйн, Ньютоныг зуун жилд нэг
удаа илгээдэг. Олонхи хүнд өөрт нь таалагдахгүй гоо сайхан, царай зүсийг
хайрласан байдаг.
Харин ерөнхий
боловсрол бол өнөөгийн эринд хүн болгоноос шаардах ёстой юм шүү. Манайд өндөр
боловсролын тухай ярихаа болиё гэхэд ерөнхий боловсролын түвшин ямар байгааг “АХА”
гээд зурагтын нэг нэвтрүүлэг тодорхой харуулдаг. Сургуулиудын аль гайгүй хүүхдүүдийг нь авчраад оруулдаг. Тэгтэл элэг хатаж үхмээр юм хариулдаг, тэд
нар. “Чингис хааны эхнэрийг аль аймгийнхан булаасан бэ?” гэхэд “Архангай
аймгийнхан” ч гэх шиг... “Хоол боловсруулах эрхтэнг юу гэдэг вэ?” гэсэн чинь
“дэлүү” гэж байна. “Буруу, дараагийнх нь?” гэсэн чинь “хэлүү” гэдэг байгаа. Манай
ерөнхий төвшинг л харуулаад байгаа хэрэг шүү дээ.
-Манай залуус
орчин үед бүгд л өндөр
боловсролтой болохыг хүсч байгаа.
-Ер нь бол
өндөр боловсролын тухай асуудал цөөхөн хүнд хамааралтай. Харин шинэ зууны иргэн
болгон ерөнхий боловсролтой байх ёстой. Ерөнхий боловсрол дорой болохоор хүн өөртөө болоод нийгэмд хэрэгцээтэй мэргэжлээ
сонгож чадахгүй байна. Өнөөдөр 180 мянган хүн дээд сургуульд суралцаж байна.
Зөвхөн эдийн засгаар гэхэд 60, 70 мянга, хуулиар 40, 50 мянган хүн сурч байна. Хууль
зүйн мэргэжилтнээр ажиллах Монголын зах зээлийн багтаамж нь гурван мянга. Тэгэхэд
тийм олон хүн сурч байна. Эцсийн бүлэгт зах дээр ногоо зараад зогсож байх
байсан юм бол тэр дипломыг авах гэж хайран мөнгө цагаа алдах ямар хэрэг байв.
Гэтэл өнөөдөр маш олон мэргэжил зах
зээлд асар эрэлттэй байна. Манайд барилга барих хүн алга. Шаварчин, будагчин,
гагнуурчин маш их хэрэгцээтэй болчихоод байна. Ийм мэргэжилтэй хүмүүсийн
цалингийн хэмжээ асар өндрөөр үнэлэгдэж байна. Сайн асрагч, сувилагч их
хэрэгтэй байна. Гадны тусламжийн болон шашны байгууллагынхан өндөр цалин амлаад
мэргэжлийн сувилагч хайгаад явна, манайд тэр нь олдохгүй байна шүү дээ. Хий дэмий
нэг диплом авчихаар л ажил амьдрал олддог юм санаад байнаа даа. Зах зээлд
диплом биш чадвар борлогдоно шүү дээ. 200-гаад дээд сургууль ажиллаж байна. Яг
үнэндээ эд чинь ямар ч мэргэжил олгохгүй байгаа газрууд. Яагаад гэхээр хамгийн
нарийн мэргэжлийг хүртэл самбар дээр зааж байгаа. 300 мянган төгрөгөөр дээд мэргэжил
гэдгийг олж авах ямар ч боломж байхгүй.
Хүн сурахад асар их техникийн бааз хэрэгтэй. Үүнд мөнгө хэрэгтэй. Бүр асар их
мөнгө шүү. Энэгүйгээр самбар шохой хоёроор аргалж байгаа бол хулхи болж таарна
биз дээ. Ингэхээр сургууль өөрөө худлаа, луйврын, хулхи болж байгаа байхгүй юу.
- Сургалтын төлбөр нэмээд хэцүү байна гээд байна
шүү дээ, энэ оюутнууд.
-Энэ дэлхий
дээр тамхи, энэ кока коланаас авахуулаад сансрын пуужин хүртэл өөрийн жишиг
үнэтэй. Хайрцаг тамхи чөлөөт бүсд 30-50 цент. Үүнээс хямд байх бололцоогүй.
Хамгийн дор хаяхад жилийн 5-6 мянган доллароос доош үнээр стандарт дээд
мэргэжил олгох бололцоогүй. Сургалтанд байр сууцнаас эхлээд цалин хөлсөөр
дамжин сургалтын техник төхөөрөмж гээд асар их өртөг орно. Сургалт зохион
байгуулагчид цаана нь ашгаа бас олох ёстой. Гэтэл үүнээс 10-20 дахин бага мөнгөөр
олгож байгаа мэргэжил боловсрол гэгч нь яаж ч бодоод стандартынх байж чадахгүй.
Бүр цаанаасаа бололцоогүй зүйл. Чи хар даа,
Улаанбаатарт хувийн дээд сургууль ямар төлбөртэй байна, тэгтэл хувийн цэцэрлэг
ямар үнэтэй байна? Наад захын цэцэрлэгийн ганц сарын төлбөр 80 мянган төгрөг.
Цэцэрлэгийн хүүхдийнхээс хэд дахин бага төлбөр төлчөөд дээд мэргэжил олж болох
уу? Цаана нь бас өндөр боловсрол нэхдэг байх шүү! Угаасаа л бололцоогүй зүйл
баймаар. “Hartford” гээд сургууль саяхан манайд ороод ирлээ. Тэд хэдийг нэхэж
байна? Үсчин, тогоочийн мэргэжил олгоё гээд тэд хэдийг нэхэж байна? Тав,
зургаа, долоо, найман мянган доллар авна
гэж байна. Санхүүгийн ийм нөхцөл бүрдүүлж байж гэмээнэ мэргэжилтэн бэлтгэх
хэмжээнд очино. Тэгтэл манай оюутнууд улайм цайм хулхи сургалтын төлбөрөө улам хас
гэж шаардаад байдаг. Хамаа байхгүй тэр сургалтын мөнгийг нь хасаад улам чанаргүй
болгож болох л байх л даа. Тэгэхээр жишгийн үнийг нь төлөөд мэргэжил олж авах
тухай биш, зүгээр л нэг батламж цаас, тэмдэгтэй болохын төлөөх асуудал болоод
байнаа даа. Тэгвэл тэр дипломоо шууд л худалдаад авчихгүй юу, хамаагүй хямд
тусна шүү дээ.
-Манайхан улсын сургуулиудаа төлбөргүй
болгоод, босгыг нь өндөрсгөе гэж их ярьж байгаа. Гадаад орнууд ч ийм туршлага
байдаг бололтой.
-Яалаа гэж
улсын сургуулийг төлбөргүй болгож болдог юм бэ. Тэр сургууль чинь юугаараа
амьдрах юм. Хаанаасаа багш нарыгаа цалинжуулах юм. Яаж тэр үнэтэй тоног
төхөөрөмж олж ирэх юм. Энэ хорвоогийн
бүх юм үнэтэй. Хүнд юм үнэгүй өгье гэсэн чинь алъя л гэсэн үг шүү дээ. Төр
иргэдийн өмнө бага дунд боловсрол олгох үүрэг хүлээсэн болохоос, дээд болон
тусгай мэргэжил бол тухайн хүний сонголтын асуудал. Иргэдийг заавал ерөнхий
боловсролтой болохыг шаардаж байгаа болохоос хэн бүгдийг нь эрдэмтэн доктор
профессор, академич болоодох гэж шахаж шаардаад байгаа юм бэ? Ийм юм шаардаж
зовоогоогүй бол өөрийнхөө сонирхолд өөрөө төлөх нь шудрага баймаар.
Бид яагаад юмыг заавал үнэгүй байх ёстой гэж үздэг юм бэ? Энэ хорвоод
үнэгүй юм гэж огт байхгүй. Улс даана гэвэл татвараар дамжуулж хэн нэгнээс нь
аваад нөгөөд нь өгч буй хэрэг. Нийгмийн татварын ихэнхийг төлж буй цөөн хэдэн
хүн, компани энэ орны бүх иргэдийн бага дунд боловсрол эмнэлэг эрүүл ахуйг дааж
байна. Одоо байчихаад хобби сонирхолоо хүртэл тэднээр даалгах гэж үү? Зүй нь эмнэлэгийн үйлчилгээ ч төлбөртэй байх
ёстой. Эм тарианаас авахуулаад л бүх юм чинь өртөгтэй юм байгаа биз дээ. Чухам
тэгж байж бид чанартай эмнэлэгийн үйлчилгээтэй болно. Тэгж байж бид эмнэлэгээс
стандарт үйлчилгээ нэхэх эрхтэй болно. Үгүйдээ л моралийн хувьд шүү дээ.
Өнөөдөр манайх арван мянган хүнд оногдох оюутнуудынхаа тоогоор дэлхийд
тасархай нэгдүгээрт орж байна. Гэтэл үнэхээр энэ 180 мянган оюутнууд олж буй
боловсролын төвшингөөр стандарт шаардлага хангаж байна уу гэвэл огт үгүй. Дээр
үед манай орон 10 мянган хүнд оногдох эмнэлэгийн ороороо дэлхийд дээгүүрт ордог
байсан. Одоо бол үгүй. Яагаад гэхээр эмнэлэг дотор ор тавьчихсаныгаа бид нар
эмнэлэгийн ор гээд байдаг байлаа. Гэтэл тэр эмнэлэгийн ор гэдэг олон улсын
ойлголт чинь нэг орыгоо дагаад тийм тийм тоног төхөөрөмж, төчнөөн сувилагч,
асрагч, эмч дагалдаж байж хэлэгддэг жишигтэй. Тэр нь үгүй бол эмнэлэгийн ор биш
зүгээр л ор юм. Түүнээс биш эмнэлэг гэгдэх байшин дотор баахан ор чихчихээд
дэлхий стандартад хүрчихлээ, эсвэл илүү гарчихлаа гээд байж болохгүй шүү дээ.
Тэгэхээр манай оюутнуудыг зүйрлэвэл яг л ийм болчихоод байна. Химийн анги
төгсөөд манай хүрээлэнд ирсэн шинэ мэргэжилтнийг буфер найруулаадах гэсэн чинь
ойлгохгүй урдаас “юу байдаг юм?” гээд зогсож байсан тохиолдлыг санаж байна. Ийм
хүнийг химич гэж нэрлэх ямар ч үндэс байхгүй.
-Химич биш гэхэд хуульчийн мэргэжлийг туршилтын
лабраторигүйгээр эзэмшиж болно шүү дээ.
-За тэгвэл
асуудлыг нөгөө талаас нь тавъя. Ямар хэрэгтэй гэж хуульч болох гээд байгаа юм? Хаана
тэр ажиллах орон тоо байгаа юм? Хэн ажиллуулах гээд байгаа юм? Зах зээлд геологич, барилгын
инжинер дутагдаад эрэл сурал болоод байхад яагаад өөрөө ийм сонголт хийсэн юм
бэ? Энэ улс хэрэгцээнээсээ олон арав дахин олон хуульчтай болчихлоо шүү дээ. Ер
нь тэгээд сургалтанд дэндүү илүү төлөөд байна гэж заргалдаад хаалга үүд эвдээд,
хүн амьтан зодоод гүйх юм, үхэх гэж байгаа юм шиг хэн тэгээд тэднийг сураадах гэсэн юм? Заавал би үнэгүй сурна,
заавал би хямдхан сурна, тэгээд чи надад өндөр боловсрол олгоодох гэдэг чинь ер
нь юу гэсэн үг вэ? Чи рестаронд 10 төгрөгтэй орчихоод заавал би энд сууж тэр
хоолыг л энэ мөнгөндөө иднэ гээд дайраад байж болох уу? Тэр мах нь ямар үнэтэй
билээ, байрны үнэ, цахилгаан нь ямар үнэтэй билээ. Рестораны эзэн чамд байгаа
10 төгрөгөөр чинь чамайг хооллох ямар ч бололцоогүй. Үүнтэй л адилхан шүү дээ.
Дээрэм тонуул хийх гээгүй л юм бол шүү дээ.
-Хүмүүс өөрсдөө үүнийг хүсээд байна шүү дээ.
-Боловсрол,
мэдлэг олно гэдэг ойлголт маань шал буруу ухагдахуунтай болчихсны л гор энэ. Сайн
тал байнаа, хүмүүс юутай ч сурахын төлөө байна. Олон залуус дэмий хулигаантаж
явахын оронд худлаа ч гэсэн номын мөр хөөж байна. Гэхдээ одоо бид нарт тоо хангалттай болчихлоо. Чанар хэрэгтэй. Англид 80 дээд сургууль байгаа, манайд 200 дээд
сургууль байна. Монголын хүн ам Английнхаас 30 дахин бага. Тэгэхээр бид Англиас
70 дахин олон дээд сургуультай болж таарч байгаа биз?
Одоо тэгэхээр энэ олон сургуулиудыг яамаар юм бэ дээ? Хоорондоо нэгдээд явбал
арай дээр байж магадгүй, ядахнаа материаллаг бааз нь өргөснө. 1990 онд манайд
16 мянган оюутан байсан. Одоо 180 мянга. 16 мянга байхад найман мянган оюутан
нь шаардлага хангасан сайн оюутан байсан гэж бодъё. Хүн ам тэгтлээ өсөөгүй болохоор одоо 10 мянган сайн оюутан байгаа. Тэгэхээр
цаана нь 170 мянга нь ямар ч шаардлага хангахгүй болж таарч байгаа биз?
-Авьяас чадвартай хүүхдүүд санхүүгийн боломжгүйгээсээ болоод хохирохгүй гэж үү?
-Авьяас чадвартай
хүүхдүүд хэцүүдээд байна гэж их ярьдаг. Үнэхээр авъяас чадвартай хүн өнөөгийн
ертөнцөд ажиглагдахгүй өнгөрөхөө больсон. Зах зээл өөрөө авъяас чадварыг анадаг
төдийгүй эрэл хайгуул хийдэг. Учир нь авъяас чадвар гэдэг бол хамгийн үнэ хүрэх
эрдэнэ. Чухам иймээс л өдгөө ч Монголын томоохон компаниуд дээд сургуулиудаар
чадварлаг хүүхэд хайж санхүүжүүлдэг. Олимпиад уралдааныг өдгөө хувийнхан их
санхүүжүүлдэг болсон нь мөн л авъяас чадвар эрэлхийлж буй хэрэг. Эм Си Эс,
Боди, Мобиком зэрэг компаниуд чадварлаг оюутныг эртнээс илрүүлж сургалтыг нь
дааж ирээдүйн боловсон хүчнээ бэлдэх өөрийн тогтсон системтэй болжээ. Чадалтай
хүүхдүүд сонгогдоод, шалгараад гараад ирдэг. Ядуу гэр бүлээс гарсан, суут, гоц
хүмүүс Монголоор дүүрэн байхгүй, мэдээж. Байгааг нь дэмжих газрууд түүж аваад
байгаа. Байгалаас заяасан тийм авьяас байхгүй бол стандарт хэмжээндээ мөнгийг
нь төлөөд л явах хэрэгтэй. Төлбөрөө нэмэхгүй бол сургууль
техник, технологио сайжруулах боломжгүй гэсэн
үг. Гадуур гурил үнэд ороод байхад багш нарынх нь цалинг хэвээр нь байлгая
гэсэн үг. Тийм үү. Манайд нэг талаас тухайн салбараар мэргэжсэн гэгдэх
үнэмлэхтэй хүн олон боловч нөгөө талаас мэргэжилтэн олдохгүй байна. Мэргэшиж
чадсан, ажлаа мэддэг сэтгүүлч, дизайнэр, хуульч, нягтлан тун ховор олдоцтой.
Ялангуяа хувийн хэвшлийнхэн ийм хүний эрэлд хатаж байна. Менежерийн тухай
яриагүй байна шүү. Тэр бол бүр олдохгүй. Харин нүдээ аниад дуртай зүг рүүгээ
чулуу шидэхэд л нэг бизнес менежментийн дипломтой хүний толгойг хага цохиж
болно.
Харин
эмнэлэгийн үйлчилгээг үүнтэй адил дүйцүүлж болохгүй нь мэдээж. Элэг солих мэс
заслал 100 мянган доллар орчим байдаг. Тэр болгонд улс үнэгүй даах ямар ч
бололцоогүй. Иймээс төрөөс өөрийн хариуцах хэсгээ тогтоож өгөх хэрэгтэй. Гоц
халдварт өвчин, гэнэтийн осол, төрөх, нийгмийн халдварт өвчин, анхан шатны
тусламж гэх мэтээр. Үлдсэнийг нь сайн даатгалын системээр л авч явна, өөр арга
байдаг юм уу?
-Тийм л дээ. Та дээр өндөр боловсрол олгохын тулд
ЕБС-ийн сургалтын тогтолцоог өөрчлөх хэрэгтэй гэж байсан. Үүний тулд хамгийн
нэгдүгээрт юу хийх хэрэгтэй вэ?
-Хүүхдүүдийн зарим нь бичихдээ, нөгөө нь дуулахдаа сайн. Хүүхэд
байхаас нь энэ авьяас гэдгийг нь илрүүлж, тэр чадвараараа зах зээлд гарахдаа
амьдрах тэр мэргэжил рүү нь дөхүүлж өгөх гол үүрэгтэй юм шүү дээ, ЕБС. Чамд монгол хэлний хичээл гэж орж л байсан
байх тийм үү. Ядаж энэ хичээл дээр хүүхдийг өргөдөл бичээд сургачих л хэрэгтэй
байна шүү дээ. Ангийнхаа охинд захиа бичээд сургачих хэрэгтэй байна. Өөрөө
өөрийгөө илэрхийлж байж хүн болбоос хүний нийгэмд амьдарна. Хүн өөрийгөө
илэрхийлж чадахгүйгээр нийгэмд яаж байр сууриа эзлэх юм бэ? Иймээс Өрнөдийн
сургалт үүнийг их анхаардаг. Шалгалтанд юун түрүүн эсээ, зохион бичлэг байдаг
биз дээ. Ингэхээр ядахнаа дунд сургуулийн монгол хэлний сургалтанд энэ тал нь
давамгайлмаар байна. Би ийм юм хүсч байна, тийм орчинд ормоор байна, ийм зүйл
таалагдахгүй байна гэдгээ бусдад ойлгомжтой л илэрхийлж сурах нь өгүүлбэрт буй
байц гишүүнийг олж илрүүлэхээс хавьгүй чухал юм. Намайг дунд сургуульд байхад
байц гишүүн гээд л нэг сонин юм заагаад байсан. Тухайн үедээ тэрийг нь
ойлгоогүй, одоо ч ойлгоогүй. Байц ойлгооогүй нь намайг 40 жил үг холбож
амьдрахад огт саад болоогүйг бодоход хэл судлаачдаас өөр хэнд ч хэрэггүй зүйл
байсан бололтой.
-Энэ жилээс манай ЕБС 12 жилийн тогтолцоонд шилжиж байна. Энэ
таныхаар зөв үү?
-Зөв байлгүй
яах юм. Олон улсын жишигт хүрч байгаа хэрэг. High school гээд байгаа ахлах
сургуульд нь тухайн хүүхдүүдийг ямар
мэргэжлээр явахыг нь тодорхой болгоод, түүн рүү нь хандуулаад өгчихдөг.
Дэлхий чинь улам л даяаршаад байна. Тэгэхэд манай хүүхдүүд ЕБС төгссөн гээд 10
жил сурчихаад яваад очдог, олон улсын стандартыг хангахгүй байна. За тэр жилээ
яахав гаднаас нь дуурайчихдаг юм байж, дотор талаасаа өөрчлөлт хийх хэрэгтэй
байхгүй юу. Хүн дунд сургуульдаа компьютер дээр наад захын ажиллагааг хийчихдэг
чадвартай болох ёстой. Англи хэлээр эхний хэмжээнд яриад ойлголчихдог болчихсон
байх шаардлагатай байна. Манай хүн ам бага, монгол хэлээр ярьдаг хүн цөөн.
Өнөөдөр чи зах дээр наймаа хийлээ ч гадны хүнд юмаа худалдаж чаддаг л байх
хэрэгтэй. “Далай ээж” зах дээр махны
худалдагч бол л доо. Хэлтэй нь хөлтэй гэдэг шиг хэлтэй нь л махаа зарна. Ядаж
дунд сургуульд хүүхдийг машин бариад сургачих хэрэгтэй. Хавтгай болсон энэ
дэлхий цаанаасаа ингээд стандарт шаардаад байна, хөөе.
-Таны сурч байх үеийнхээс одоогийн сургалтын чанар
хэр зэрэг муудсан бэ?
-Би Их сургуулийн сургалтын чанар тэгтлээ
муудчихсан гэж бодохгүй байна. Яагаад гэвэл энэ чинь олон жилийн туршлага,
уламжлалтай шүү дээ. Манай ШУТИС-ийг төгссөн хүүхдүүд дажгүй, гадаадад
гологдохгүй ажиллаад л байна. Чанар бол тэгтлээ муудчихсан гэж бодохгүй байна.
Дээр үед сайн байсан одоо бол муудчихсан гэж яриад байж болохгүй л дээ. Энэ улс
орон чинь бас хөгжөөд л байгаа. Ёстой нэг харлуулна гэхчээр дээр үед л сайхан
байсан гэж гүрийх нь аль зэрэг үнэнтэй нийцэх бол? Дээр үед ч манай улс чинь
ядуу байсан даа.
-Та эзэмшсэн мэргэжлээрээ ер нь ажиллах уу?
-Би биохимийн
мэргэжилтэй. Олон жил үүгээрээ ажилласан. Эрдэм шинжилгээний ахлах ажилтан
хүртэл дэвшиж явлаа. Польшид сураад Лондон, Москвад эрдмийн зэрэг хамгаалсан. Одоо
бол өөр юм оролдох болсон. Тухайлбал номын бизнес хийж байна.
-Яг одоогоор ямар номон дээр ажиллаж байна?
-Би одоо
багаараа ажилладаг болсон. Баг толгойлдог боллоо. Чадалтай залуучуудтай
хамтраад. Бид нар жилийн өмнө Oxford-ийн толь хийж дууссан. Тэрийг бидний
хориод хүн хамтарч хийсэн. Одоо Колинзийн 72 мянган үгтэй англи-монгол, монгол-англи
толь хийж байна. Монгол хэлний үгсийн сангийн том толь хийж байна. Нэг боть
нэвтэрхий толь зохиож байна. Үүнээс гадна Буддийн шашны голлох “Бодь мөрийн зэрэг”
гээд буддийн шашны гол гол сургаалиудыг орчуулж цувралаар гаргах тийм ажлыг хийж
байна. Хийх ажил дэндүү их байнаа хөө. Бас л сайн мэргэжилтний эрэлд хатаж
байна. Бидэнтэй хамтарч ажиллах хэнийг ч дуртай авч ажиллуулна. Харин чанарын
өндөр шаардлагатай шүү.
Ярилцсан: Ч.Болортуяа