Цагаан халаадтайгаа үлдэх аргад мэргэжлээсээ илүү гаршсан эмч нарын булхай

Зууны мэдээ

2010-10-04 14:10 GMT+8

Ердийн л нэг уушгины хатгалгаанаас болж эрэмдэг болсон бяцхан М.Номинжин удахгүй хоёр ой хүрнэ. Үнэндээ бол уушгины хатгаа түүнийг ийм болгочихсон юм биш л дээ. Хүний амьдрал, хүүхдийн амийг цагаан халааднаасаа хямдханд тооцдог эмч “сэтэртнүүдийн” ээлжит балгийн золиос нь М.Номинжин охин.

Хоёр нүд нь хараагүй болж, тархиных нь 70-80 хувь үхэжсэн ч, өөрийнхөө л мэдэх харанхуй орчлонгоос ээжийнхээ хайрыг тэр муухан ялгахтайгаа. Хэзээ өөрийг нь орхиж, голыг нь харлуулах бол гэж эмээхдээ бүсгүй эмч нараас бяцхан охинд нь “илгээсэн” үхлийн аюултай чадлаараа тэмцэнэ…

ВЕНИЙН СУДСАНД ТАВИХ ЁСТОЙ ГУУРСЫГ УУШГИНД ЗООГООД ОРХИЖЭЭ
Уушгины хатгалгаагаар өвдсөн, гурван сартай М.Номинжинг ЭНЭШТ-д хүргэж өгсөн тэр өдөр 2009 оны тавдугаар сарын долоон байв. Хэдийгээр охины хатгаа хүнд хэлбэртэй байгаагүй ч, энгийн тасгийг бодвол асаргаа сайтай гэж үзсэн учраас түүнийг шууд л Сэхээн амьдруулах тасагт хэвтүүлжээ.

Эмчилгээг нь үргэлжлүүлэх явцад буюу гурав хоногийн дараа охины судас олдохгүй байсан учраас венийн судсанд нь гуурс тавихаар болсон байна. Гуурсыг мэдээгүйжүүлдэг, эрчимт эмчилгээний эмч Б.Одгэрэл охины биед тавьжээ. Ажлынх нь цаг дуусч /18:00/ байсан болохоор харихаар гарах гэж байсан тэрээр их л яарч, гадуур хувцсан дээрээ цагаан халаадаа нөмөрч орж ирээд охины цээжинд гуурсыг байрлуулахдаа уушгинд нь хатгаж орхижээ.

Хоёр дахиа оролдож байж, сая нэг судсыг олов бололтой, утсаар “Би яг одоо очлоо” хэмээн ярьсаар, яарч сандран гарч оджээ. Шөнийн 00.00 цагийн үед буюу гуурсыг тавьснаас хойш зургаан цагийн дараа охиноо учир зүггүй уйлах чимээнээр ээж нь өрөө рүү сандран орлоо. Хүүхдийн бие бүхэлдээ хавантаж, резинэн бээлийг үлээчихсэн юм шиг болчихсон байв. Сувилагч нар охинд унтуулах тариа хийсэн ч нэмэр болсонгүй. Яав гэмээр, зогсолтгүй уйлж байв. Тухайн үеийн жижүүр эмч С.Очир энэ үед өрөөндөө байлаа.

Уг нь тэр хоёр цаг тутамд өвчтөн хүүхдүүдийг эргэж, тойрох ёстой. Гэвч 18:00 цагаас хойш зургаан цагийн хугацаанд хүүхдийг нэг ч удаа эргээгүй аж. Сувилагч нар нь сандралдан түүнийг дуудахад эмч охинд дахиад л унтуулах тариа хийж орхив. Хэсэг хугацааны дараа хүүхэд тайвширч унтсан ч, шөнийн 02:00 цагийн үед бие нь улам муудаж, хаван нь нэмэгдсээр байжээ.

Жижүүр эмч энэ үед охины биеийг рентгенд хартал өнөөх гуурс венийн судсанд биш, уушгинд нь зоогдчихсон байв. Хоёр цагийн дараа гуурсыг хянах ёстой тэрээр үүнийг анзаараагүй өнгөрсөн байжээ. Хэрэв жижүүр эмч үүргээ биелүүлсэн бол гуурс охины уушгийг найман цагийн турш хатгаж тамлахгүй байв.

Бяцхан биенийх нь бүхий л хэсгээр шингэн тарж, хавантан, уушги нь хийгээр дүүрч томорсноос зүрх нь шахагдаж зогсчээ. Хавантаж, хөөсөн уушгинд дарлуулсан бяцхан зүрх үхлийг сөрөн 20 минутын дараа арайхийж эргэн цохилсон ч эргээд л зогсчихов. Ийнхүү нэг зогсч, нэг цохилсоор шөнийн турш нийтдээ нэг цаг хэртэй хугацаагаар охины зүрх зогсчээ. Маргааш нь дахиад л 30 минут хэртэй зүрх нь зогссон учраас аппаратанд оруулжээ.

Үүнээс хоёр хоногийн дараа хүүхэд амьсгалж эхэлсэн байна. Б.Одгэрэл эмчийн тарьсан балаг үүгээр дуусаагүй байв. Тухайн өдөр гуурс суулгахдаа гадуур хувцсан дээрээ халаад өмсчихсөн байсан тэрээр гараа ч угаагаагүй байснаас болж охины цус бохирдож, судсаар нь идээ гүйчихсэн байжээ. Арай гэж ухаан орсон хүүхдээ ээж нь хөхүүлэх гэж оролдсон боловч чадсангүй. Мөөмөө яаж хөхдөгийг, амаа хэрхэн хөдөлгөдгийг, хэлээрээ яаж амталдгийг хүртэл ор тас мартчихсан байв. Ээж нь хэд хоног хичээсний эцэст охин дөнгөж л мөөмөө хэлээрээ тэмтэрч үздэг боллоо.

Гэтэл эмч нар эх, охин хоёрыг Сэхээний тасгаас энгийн тасаг руу шилжүүлж, тэнд нь хоёр хонуулаад л эмнэлгээсээ гаргахын түүс болов. “Одоо охин чинь зүгээр. Зүрх нь зогссоноосоо болоод жаахан томорчихсон байх. Хоёр жил хэртэй зүрхний эмчийн хяналтад байх хэрэг гарах байх” гэж хэлээд гаргав. Гуравхан сартай хүүхэд энэ аймшигт тамлалыг давсан ч, өдгөө өдөр бүр үхэлтэй тэмцэн амьдарч байна.

Үнэндээ бол эмч нар тэр аймшигт шөнө охинд ганцхан хүн төрхийг нь л үлдээсэн байжээ. Зүрх зогссоноос хойш хоёр минутын дотор амжиж хийх ёстой, тархи хамгаалах тариаг хийгээгүй орхисон байв. Үүнээс болоод хүүхдийн тархины 70-80 хувь нь үхжиж, хараагүй болчихсоныг ээжид нь хэлэлгүй, өөрсдөө ч анзаараагүй эмнэлгээс гаргасан нь энэ юм.

АЛХАМ ТУТАМДАА ШАХАМ АЛДАА ГАРГАДАГ ТЭРГҮҮЛЭХ ЗЭРГИЙН ЭМЧ НАР

Эмнэлгээс гарснаас долоо хоногийн дараа ЭНЭШТ-ийн амбулаторид хүүхдийг үзүүлэхэд тархины зураг авахуулах шаардлагатай гэв. Зураг дээр охины тархи үхжилт, битүү усжилттай гарчээ. Сайн гэсэн эмч болгон дээр очсон боловч бүгдийнх нь амнаас “Одоо ямар ч арга байхгүй, эмчилгээгүй” гэсэн ганцхан хариултыг охины ээж сонсч байв. Тиймээс охиныхоо тархины зургийг Хятад, Солонгос, Тайландын эмнэлэг рүү илгээж эмчлүүлэх боломж байгаа эсэхийг судалжээ.

Тайландаас “Хагалгаа хийх шаардлагатай. Гэхдээ үр дүнг хэлж чадахгүй нь. Хурдан охиноо авчирна уу” гэсэн захидал иржээ. Охины ээж хүүхдээ эмчлүүлэхээр орчуулагчийн хамт Тайландыг зорилоо. Бээжингээс Тайланд руу нисэх онгоцонд суух гэсэн ч харамсалтай нь бүтэлгүйтэв. Зогсоо зайгүй татаж, бие нь өвдөн шаналж байгаа жаахан хүүхдийг хараад нисэхийн багийнхан тэднийг авч явахаас эрс татгалзжээ.

Аргаа барахдаа тэд Бээжингийн Хүүхдийн нэгдсэн төв эмнэлгийг зорив. Тэндхийн зөвлөх эмч “Ямар ч найдвар байхгүй. Одоо битгий хүүхдээ зовоо. Зүгээр өөрөөр нь байлга. Авч болох ганцхан арга хэмжээ нь таталтыг нь зогсоох. Хагалгаа хийлээ гэхэд дэмий л тархийг нь цоолоод өнгөрнө” гэжээ.  Арга буюу таталт зогсоодог эмийг нь тэндээс өндөр үнээр худалдаж аваад буцжээ. Эмийг заасан заавраас нь дөрөв дахин илүү хэмжээгээр 10 хоног өгсний дараа л охины таталт намдсан байна.
 
Одоо охин орчинтойгоо харилцах ямар ч мэдрэмжгүй, өөрийнхөө уруул, гарыг хүртэл цус шүүртэл нь хазаж орхино. Тэгсэн хэрнээ өвдөлтийг мэдрэхгүй. Солонгосоос захиж авчруулдаг ганцхан төрлийн тэжээлийн сүү л охины хоол болдог. Өөр ямар ч хоолыг бие нь хүлээж авч, шингээх чадваргүй болсон байна. Охины унтдаг цаг нь хэтэрхий богино. 24 цагт ердөө л 4-5 цаг унтана. Бусад үед нь байнга уйлагнаж, татдаг болжээ. Сонсохоос хүртэл халширмаар энэ зовлонг үүрч яваа бүсгүйн зовлонд нэрмээс дэндүү олон.
 
Бээжингээс тэднийг ирсний дараахан ЭНЭШТ-ийн эмч нар охины тархинд хагалгаа хийх шаардлагатай гэжээ. Ямар ч найдвар байхгүй гэсэн, Бээжингийн Хүүхдийн нэгдсэн төв эмнэлгийн зөвлөх эмчийн хэлснийг дамжуулсан ч “Тэр одоо юу яриад байгаа юм” гэсээр ар гэрийнхнээс нь “Гомдолгүй” гэсэн гарын үсэг аваад Нэгдсэн гуравдугаар эмнэлэгт хагалгаа хийсэн байна. Хагалгаа ч гэж дээ, охины биеийг өмнөхөөс нь дордуулж, үнэндээ бол ээжийнх нь зовлонг нэмжээ. Охины тархийг нэг талаас нь дөнгөж цоолонгуут шинээр харвалт үүссэн учраас сандарсан эмч нар тэр хавиас нь бага зэрэг цус соруулж авсан болоод л эргүүлээд бөглөчихөж. Баруун талд нь харвачихсан байсан тархи энэ хагалгааны үеэр зүүн талдаа нэмж харважээ. Бараг алхам тутамдаа алдаа гаргаж байгаа энэ эмч нар бүгдээрээ тэргүүлэх зэргийнх гэвэл та итгэх үү?

“ИЛБЭТЭЙ” ХАВТАСТ ХЭРЭГ
Хэрэг гарснаас хойш жил илүү хугацаа өнгөрч байна. Гэсэн ч хүүхдийн эрүүл мэнд, ээжийн амьдралыг хохироосон эмч нар одоог хүртэл хариуцлага хүлээгээгүй, ажлаа хийгээд явж байх юм. Гуурсыг охины уушгинд зоосон Б.Одгэрэл эмчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тэр орой хариуцлага алдаж, хүүхдүүдээ эргэж тойроогүй жижүүр эмч С.Очирт ч мөн эрүү үүсгүүлэх хүсэлтийг хохирогчийн ар гэрийнхэн тавьсан ч мөрдөн байцаагч Г.Эрдэнэболд үл ойшоосоор байна.
 
Өнгөрсөн хугацаанд шүүх эмнэлгийн дүгнэлт гурван ч удаа гарчээ. Мөрдөн байцаалтыг сунжраах шалтаг болсон шүүх эмнэлгийн дүгнэлт эхэндээ эмнэлгийн ч, хохирогчийн ч талд гарсангүй. Хоёр дахь удаа ч мөн ялгаагүй бөөрөнхий хариулт гарав. Харин гурав дахь нь “Охины тархины эдэд нилэнхүйдээ төрөлхийн өөрчлөлттэй” гэж гаргажээ.

“Мандахзориг овогтой Номинжин нь хүүхдийн тархины саа өвчнөөр өвдсөн бөгөөд энэ нь 2009 оны тавдугаар сарын 12-ны өдөр баруун эгэмний доорх венийн судсанд хатгалт хийсэн ажилбарын хүндрэлтэй холбоогүй болно… Тухайн өдөр М.Номинжингийн амьсгал, зүрх, судасны үйл ажиллагаа зогссон талаар тэмдэглэсэн зүйл байхгүй байна” гэсэн шүүх эмнэлгийн дүгнэлт дурайж байна.
 
“Чи л охиныхоо зүрхийг зогссон гэж яриад байгаа болохоос биш үнэндээ өөр хаана ч тийм тэмдэглэл алга байна шүү дээ” гэж гурав дахь дүгнэлтийг гаргасан шинжээч эмч Г.Энхбаатар хохирогчийн ээжид хэлжээ. Зөвхөн ЭНЭШТ-ийн архивт хадгалагддаг, эх хувиараа хэний ч гарт очих ёсгүй өвчтөний түүхийн дэвтэр Шүүх эмнэлгийн эмч нарын гарт оччихсон байв. Охины ээж хүүхдийнх нь зүрх тэр шөнө хэд, хэдэн удаа зогссон талаар өвчтөний түүх дээр тэмдэглэснийг эмч нарт хэлээд дэвтрийг дэлгэтэл…

Нүдэндээ ч итгэмээргүй юм болов. Дэвтрийн хуудсуудыг хэн нэг нь урж аваад, оронд нь өөр хуудас шинээр нааж, дээр нь ёстой л дуртай бүхнээ “эрээчжээ”. Дэвтэр ганцхан шүүх эмнэлэг ч биш, энэ хэрэг дээр ажиллаж байгаа, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч Г.Эрдэнэболд болоод хэрэгт холбогдогч эмч нарын гарыг дамжиж байсан нь энэ аж. Энэ зөвшөөрлийг олгосон эзэн нь ЭНЭШТ-ийн Клиникийн захирал Ш.Энхтөр. Эмч С.Очир, Алтанчимэг нар Ш.Энхтөр захирлын зөвшөөрөлтэйгөөр өвчтөний түүхийг нийтдээ таван удаа авсныг эмнэлгийн баримт, бичигт тэмдэглэжээ.

Эрүү үүсгэсэн хэргийн материалыг тухайн хэрэгт хамаатай эмчид өгсөн нь эмч нар нэгийгээ хаацайлсан сонгодог жишээ байжээ. Хавтаст хэргийн материал ийнхүү солигдсон учраас хохирогчийн ар гэрийнхэн мөрдөн байцаагч Г.Эрдэнэболдыг шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэх хүсэлтийг Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газарт тавьжээ. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэх, эсэх нь өнөөдөр тодорхой болно.

ХҮНИЙ СУДАС ШИГ ХОЛБООТОЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХАН

Энэ хэрэгт дүгнэлт гаргасан НМХГ-ын байцаагч Д.Одончимэг ажлаасаа халагджээ. Тэрээр мөн л охиныг төрөлхийн өвчтэй гэсэн ташаа дүгнэлт гаргасан нь ажлаасаа халагдах шалтгаан болсон юм. Тэрээр М.Номинжингийн ээжид “Хамгийн харамсалтай нь нэг хүүхдийн асуудлаас болоод тавын таван эмч хоолноосоо салах гээд байна шүү дээ, миний дүү” гэж байсан гэдэг.
 
Эрүүл мэндийн яамны байцаагч Соёлтгэрэл ч гэсэн эмч нарт хариуцлага тооцох үүргийг ЭНЭШТ-ийн захиргаанд нь өгсөн байна. Асуудал ингэсгээд дарагдчихсан учраас хохирогч Эрүүл мэндийн сайдад хүсэлт гаргажээ. Үүнээс хойш бараг бүтэн жил өнгөрч байгаа ч С.Ламбаа сайд одоо болтол тодорхой арга хэмжээ аваагүй байна.
 
Тухайн үед жижүүртэй байсан эмч Б.Одгэрэл, С.Очир, С.Бямбасүрэн нарыг мөрдөн байцаагч нэг удаа дуудаж уулзахдаа хохирогчийг бас ирүүлжээ. Зүрхний тасгийн эрхлэгч С.Бямбасүрэн эмч энэ үед бүсгүй рүү хорсолтойгоор харж, “Чи битгий шоуд. Хүн танихгүй мангар юм байж юу яриад байгаа юм. Би тэнд чинь байгаагүй мэдэв үү. Хүн алддаг юм. Бид нар робот биш юм чинь алдах эрхтэй. Чи одоо болно шүү дээ, болиоч” гэх зэргээр цамнаж гарчээ. Мөрдөн байцаагч нягтлалгүйгээр, С.Бямбасүрэн эмчийг авчирснаас ийм зүйл болж, хохирогчийг эвгүй байдалд оруулжээ.

Хамгийн хачирхалтай нь, тэр үед бүсгүй рүү эрээ цээргүй хашгичиж байсан С.Бямбасүрэн эмчийн гарын үсэгтэй тэмдэглэл хавтас хэрэгт  тэрээр хэрэг гарах үед тэнд байсан мэтээр шинээр нэмэгдсэн байх юм.

Хавтаст хэргийн материал ийнхүү хоног, хуга¬цаа өнгөрөх тусам, хохирогч охины эсрэг “баримт”-аар арвижиж, эмч нарыг нь “Энхийн цагаан тагтаа” болгож хувиргасаар байна. Эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй, ур чадваргүйгээс болж бяцхан хүүхдийг амьтнаас ялгаагүй болгож орхисон эмч нар албан тушаалтайгаа, цагаан халаадтайгаа үлдэх аргад харин эзэмшсэн мэргэжлээсээ ч илүү гаршсан бололтой. Танил тал, нэг анги, төгсөлт, анд нөхөр, хамаатан садан гээд эрүүл мэндийн салбарынхны хүчирхэг, хүний судас шиг холбоо, хэлхээний өмнө хөөрхий хохирогч нар сөхөрч байна.

Идээ бээрийг нь шахах “ид шидтэн” л гарч ирдэггүй юм бол хүмүүсийн амьдрал эмч “сэтэртэй” эрлэгийн элч нарын гарт төгсгөл болсоор байх биз. Дашрамд дурдахад, дээр өгүүлсэн ЭНЭШТ-ийн эмч нар болон ЭМЯ, НМХГ-ын байцаагч эмч нар бүгдээрээ нэг үеийн, нэг төгсөлтийнхөн, эсвэл найз нөхдийн холбоотой байлаа.
   
Уг нь М.Номинжин охин тэр өдөр ЭНЭШТ-д очих ёсгүй байсан гэдэг. Харьяаллынхаа дагуу Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт очсон ч, түүний хамаатан, ЭНЭШТ-ийн Нярайн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч С.Энхтуяа “Манайх гурав дахь шатлалын эмнэлэг. Хүүхэд хүндэрвэл манайд л очдог юм. Охиноо аваад эртхэн ЭНЭШТ- рүү яв” гэж ятгасаар байж. Охин үнэхээр төрөлхийн өвчтэй байсан уу, үгүй юү гэдгийг тэрээр эмч хүнийхээ, ойр дотных нь хүний ч хувьд шүүхийн өмнө нотолж болно. Гэтэл тэр хар өдөр “авралт бурхан”-ы дүрээр заларч, эх, охин хоёрыг эмнэлэг рүүгээ авч явсан С.Энхтуяа эмч өдгөө хамаатнаа “танихаа” байжээ.

Мэргэжил нэгт нөхдийнх нь нэр хүнд түүнд ойр дотных нь хүний амь наснаас  илүү үнэтэй байгаа бололтой. Тэр үнэхээр ийм хүн чанаргүй хүн үү, эсвэл удирдлагынх нь зүгээс ирсэн ямар нэгэн дарамт түүнд хамаатнаа “танихаа” болихоос өөр сонголт үлдээсэнгүй юү. Сүүлдээ бүр ЭНЭШТ-ийн эмч нар охинд биш, охин эмч нарт гай тарьчихсан ч юм шиг ханддаг болжээ.

Эмч, эмнэлэг, цагдаагийн байгууллагынхны хоорондох “хүйн холбоо” эцэстээ шүүхийн өмнө эхээсээ эрүүл саруул мэндэлсэн хүүхдийг төрөлхийн эрэмдэг болгож, ээжийг нь эмч нарын нэрээр “шоудсан” худалч гэж тунхаглаад дуусах бололтой.  

ЭНЭШТ-ийн Клиникийн захирал Ш.Энхтөр: ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ЭМЧ Ч ӨВЧТӨНИЙ ТҮҮХИЙГ ҮЗЭХ ЭРХТЭЙ

Хавтаст хэрэгт хамгийн чухал нотлох баримт болох учиртай өвчтөний түүх яагаад эмч нарын гарт эх хувиараа очсоныг тодруулахаар ЭНЭШТ-ийн Клиникийн захирал Ш.Энхтөртэй утсаар холбогдлоо.

-Мандахзориг овогтой Номинжин охиныг танай эмч нар хохироосон гэх хэргийн материал бидэнд байна. Өвчтөний түүхийг өөрчилсөн гэсэн гомдлыг хохирогч охины ээж гаргаж байна?
-Наад хэргийг чинь хууль, мэргэжлийн хяналтын байгууллагад шалгаж байгаа. Хохирогч эмэгтэй өмгөөлөгчтэйгөө хамт өнгөрсөн пүрэв гаригт “Өвчтөний түүхийн хуудас солигдсон байна” гэж надад хэлсэн. Би тэдэнд гомдлоо албан ёсоор, бичгээр өг гэж хэлсэн. Солигдсон уу, үгүй юу гэдгийг мэргэжлийн хүмүүсийг томилоод шалгуулж болно. Үүнийг тогтоогоогүй байхад хамаагүй бичиж болохгүй байх.
 
-Энэ хэрэгт эрүү үүсгэсэн байтал өвчтөний түүхийг авч үзэх зөвшөөрлийг та олгосон юм биш үү?

-Хэрэг үүссэн, үүсээгүй нь хамаагүй. Манайх шинжлэх ухааны байгууллага. Өвчтөний түүхийг эмчлэгч эмч хүссэн цагтаа авч үзэж болно. Энэ бол аль ч улсын, аль ч эмнэлгийн дотоод ажил. Эрдэм шинжилгээний байгууллага учраас өвчтөний түүхийг хэдэн ч удаа, ямар ч эмч авч үзэх эрхтэй. Үүнийг хориглосон хууль байхгүй.

-Хэрэгт холбогдсон эмч байсан ч үзэж болно гэж үү?

-Тийм. Энэ чинь эрдэм шинжилгээний байгууллага шүү дээ. Өвчтөний түүхийг эмч, их сургуулийн багш, сувилагч үзээд хийсэн эмчилгээндээ анализ хийдэг судалгааны л эмнэлэг.
 
-Эх хувиараа эмч нарын гарт очих ёсгүй биз дээ. Зөвхөн архивт хадгалагдаж байх ёстой биш гэж үү?

-Наад хүмүүс чинь өөрсдөө олоод авчихсан байна лээ. Яаж олж авсныг би мэдэхгүй.
 
-Эх хувиар нь үзэх зөвшөөрлийг Та олгосон юм биш үү?
-Хэнд?

-Тухайлбал С.Очир эмчид?

-Тэр эмч учраас хэдэн ч удаа үзэж болно.

-Тэгэхээр та үзэх зөвшөөрөл олгосон нь үнэн юм байна, тийм үү?

-Би цаашид ч өгнө.

Б.Хулан

GoGo Facebook Хуудас
 
 
Та хувийн эмнэлэгт хүүхдээ үзүүлэхдээ сэтгэл хангалуун байдаг уу?
Нийт 2361 санал өгсөн байна.

Дээшээ