“Монгол Контент” таван нас хүрлээ

GoGo.mn

2010-10-15 08:36 GMT+8

Дижитал контент хэмээх цоо шинэ салбарт хамгийн анх хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаагаа эхэлсний тав дахь жилийнхээ ойтой Монгол Контент ХХК-ийн хамт олон золгож байна.

Энэ хугацаанд бид гар утас, персонал компьютер, телевиз зэрэг хэрэглэгчийн төхөөрөмжүүд дээр Монгол хүний оюун ухаанаар бүтсэн контентууд дүрслэгдэж, эгшиглэж, уншигдаж байх тэр боломжийг бий болгохын тулд ажиллаж ирлээ.

Үүний хүрээнд бид контент бүтээгч, түгээгч, хэрэглэгч гээд энэ салбарт оролцож байгаа бүх хүн сэтгэл ханамжтай байх зөв бизнесийн загварыг амжилттай бий болгоод байна.

Өнөөдрийн байдлаар бид контентийн бизнес эрхлэгч 600 гаруй аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн сүлжээг бий болгож хамтын ажиллагааг хөгжүүлж ирлээ. Энэ тоо цаашдаа ч нэмэгдэх нь дамжиггүй юм.

Түүнчлэн, бидний бас нэгэн амжилттай нэвтрүүлсэн ажил бол Интернэтийн орон зайд цоо шинэ өнгө төрх, үйлчилгээнүүд бүхий Үндэсний портал GoGo.mn юм. Үүний үр дүнд интернэт дэх Монгол агуулгын хэрэглээ эрс өсөн, өрсөлдөөн нэмэгдэж байна. Ингэж интернэт зар сурталчилгааны өгөөж, хүртээмж мэдээллийн хэрэгслүүд дотор тэргүүлэх хандлагатай болоод байна.  

Өнгөрсөн хугацаанд бид голдуу дуу хөгжим, хэвлэл мэдээлэл, график зургийн уран бүтээлчидтэй хамтран ажиллаж ирсэн бол саяхнаас ном зохиол, кино дэлгэцийн уран бүтээлчидтэй хамтран ажиллах сууриа тавилаа.

Энэ мэтчилэн бид  дижитал контентуудыг бүтээж, хэрэглэгчдэд түгээж, харилцан ашигтай ажиллахаас гадна Монгол Контент хэмээх нэн орчин үеийн компанийг амжилттай зохион байгуулж, зөв засаглал, өвөрмөц соёл, эрүүл менежменттэй нэгэн бүтээлч хамт олныг бий болгож чадсанаараа бахархаж буйгаа энд онцлон тэмдэглэмээр байна.

Бидний ажиллаж буй энэ салбар одоо ч нэн шинэ хэвээрээ. Хийх зүйлүүд маань улам их ундарч, хөгжлийн хурдацтай хийгээд гэрэл гэгээтэй ирээдүй биднийг хүлээж байгаад итгэл дүүрэн байна.

Ингээд Монгол Контент компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгч Та бүхэндээ болон бидэнтэй хамтран ажиллаж буй нийт түнш байгууллага, хувь хүмүүсдээ талархлаа илэрхийлээд бидний цаашдын хамтын ажиллагаа ч дардан шулуун байх ерөөлийг өргөж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Монгол Контент ХХК -ийн хамт олон

GoGo Facebook Хуудас
 
 
Төсвийн хэмнэлт эдийн засаг тогтворжиход нөлөөлж чадах уу ?
Нийт 5130 санал өгсөн байна.

Дээшээ