Махатма Ганди-Энэтхэг улсын эцэг, аугаа энэ их хүний тухай, түүний
бүтээлч үйл ажиллагаа, гүн ухаан, сургаалийн талаар яриад
яриад дуусамгүй түүхтэй. НҮБ-аас түүний төрсөн өдөр аравдугаар сарын 2-ныг энэ
жилээс Олон улсын хүч үл хэрэглэх өдөр болгон тэмдэглэх шийдвэр гаргасан юм. Иймд
энэ өдрийг тохиолдуулан Махатма Гандийн төрсөн өдрийг энэтхэгчүүд хэрхэн
тэмдэглэдэг тухай сонирхуулъя.
Энэ хүнийг энэтхэгчүүд эх орныхоо эцэг хэмээн хайрлан хүндэлж буйн илэрхийлэл болгож
нэрний нь өмнө Махатма /Маха Атма/ гэдэг хинди үг оруулан дээдэлдэг.
Маха Атма нь Great Soul буюу Их соён гэгээрүүлэгч гэсэн утгатай
юм. Махатма Гандийн мэндэлсэн өдрийг Энэтхэгт бүх нийтээр тэмдэглэдэг
баярын өдөр болгож, түүний номлол сургаалийг залуу үедээ таниулах ажил хийдэг
уламжлалтай. Тэр өдөр Махатма Гандийн дурсгалд зориулсан хөшөө, том цэцэрлэгт
хүрээлэнд өглөөнөөс үдэш хүртэл Дели хотынхон тасралтгүй цувж хүндэтгэлээ
илэрхийлнэ. Өглөө эрт ном хурж, хөшөөнд нь цэцэг өргөснөөр баяр эхэлдэг. Энэ
ёслолд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон жирийн иргэд, улс төрийн бүх
намын удирдагчид оролцдог заншилтай. Тэд Гандийн сургаалийг ярилцан хоорондоо
маш сайхан эв нэгдэлтэй байж энэ өдрийг өнгөрөөнө.
Махатма Гандийн “Гурван сармагчин” гэж урлагийн алдартай бүтээлийг хүмүүс
андахгүй. Ёс бус зүйлийг харахгүй, хов живийг сонсохгүй, муу муухай үг
хараал зүхэл хэлэхгүй гэсэн сургаалийнх нь илэрхийлэл гэдгийг ч мэднэ.
Энэ сургаалийг нь түүний мэндэлсэн өдөр хүн бүр баримтлах учиртай.
Махатма Ганди өөрийн оюун ухаан, боловсрол мэдлэг, хөрөнгө мөнгөө Энэтхэг орон,
түүний иргэдийн сайн сайхны төлөө зориулж, тэднийг удирдан чиглүүлж, эрх чөлөөг
нь олж өгсөн гавьяатай. Тэрбээр хэзээ ч бусдаас илүү гарахыг хичээж
байсангүй. Энэтхэгт үйлдвэрлэсэн хэдхэн ам цагаан даавуугаар биеэ ороож,
малын арьсан гутал өмсдөггүй, энгийн амьдралтай эгэл жирийн хүн байлаа.
Энэтхэг, Английн хамтран бүтээсэн “Махатма Ганди” киног үзсэн олон
монгол хүн Гандийн гүн ухаан, үйл ажиллагааг сонирхон шагшин магтаж
байсныг би санадаг юм. Тэднээс над руу утасдаж зарим зүйлийг
тодруулан лавлаж байсан удаа ч бас бий. Зарим нэгээс нь сонирхуулъя.
1869 оны аравдугаар сарын 2-нд Мохандас /эх эцгийн өгсөн нэр/ Энэтхэгийн
Гужарат мужид Карамчанд Гандийн хүү болон төрсөн нь хожим Махатма Ганди
гэж өргөмжлөгджээ. Түүнийг 13 настайд ээж, аав нь сүй тавьж Кастурба
Маканжи гэдэг охинтой хуримлуулсан. Хожим нь тэд дөрвөн хүүтэй
болсон юм. Мохандас 18 настайдаа Англид суралцахаар явахад ээж нь гурван янзын
тангараг тавибал зөвшөөрнө гэсний дагуу дараах тангарагийг өргөсөн гэдэг. Үүнд:
-Махан хоол идэхгүй/Амьтны амь
тасалж махаар нь хоол хийнэ гэдэг том нүгэл хэмээн үздэг. Үүгээрээ Бурхны
шашинтай ижилхэн/
-Архины төрлийн зүйл хэрэглэхгүй
/Архи бол хүний эрүүл мэндэд хортой. Залуу хүний тэнцвэрийг алдагдуулах аюултай
гэдэг/
-Эхнэрээсээ далдуур өөр эмэгтэйтэй
хавьтахгүй. Энэ шаардлагын дагуу тангараг өргөж, ээжийнхээ хүслийг биелүүлж
хуульч болоод эх орондоо эргэн ирж идэвхитэй амьдрал тэмцлээ эхэлсэн түүхтэй.
Тэрбээр улс төрийн үйл ажиллагаагаа Өмнөд Африкаас 1893 оноос эхэлж 1914 он
хүртэл үргэлжлүүлэн Натал Энэтхэгийн Конгресс гэдэг улс төрийн нам Өмнөд Африкт
байгуулж, хар, шар арьстны эрхийг хамгаалах тэмцлээ идэвхтэй явуулсан. Нутагтаа
ирээд үнэний төлөө, хүч үл хэрэглэх тэмцлээ бүх Энэтхэг даяар өрнүүлж, англичуудыг
нутгаасаа гаргах үйл ажиллагааг амжилттай явуулсан. Английн удирдлага дор
Энэтхэгт ажиллаж байсан энэтхэгчүүдийг ажлаасаа татгалзахыг
уриалсан нь амжилтад хүрч байв.
Хинду, лалын шашинтныг хооронд нь сүсэг бишрэлээр хуваахын эсрэг хатуу байр
суурьтай байсан юм. Энэ нь олон мянган хүний хооронд цус урсгасан тэмцэл болж
хувирна гэдгийг тэрбээр урьдчилан харж байсантай холбоотой болов уу. Сүүлдээ
Энэтхэгийн Конгресс намын нөлөө бүхий хүмүүсийн оролцоотойгоор Энэтхэг,
Пакистан улс бий болсон түүхтэй.
Гандийг хинду шашны шовонист үзэлтэй нэгэн 1948 оны нэгдүгээр сарын 30-нд
буудан хороож, улс орон даяар эмгэнэн гашуудсан. Түүний хорвоогоос буцахдаа
хэлсэн сүүлчийн үг нь “ Ээ, бурхан минь”. Эцсийн үгийг нь дурсгалын цогцолборт нь
тодоор бичиж мөнхөлсөн байдаг.
Махатма Ганди гэдэг нэрийн дор Энэтхэгийн улс төрийн бүх нам, олон төрлийн
шашин, янз бүрийн зорилготой олон нийтийн байгууллага нэгддэг. Ийм ч
учраас олон шашин, улс төрийн олон урсгал бүхий ардчиллыг дээд зэрэгт нь
хүртэл хөгжүүлж чадсан нэг тэрбум гаруй хүн амтай Энэтхэг орныг нэгтгэн
зангиддаг хүч болж чаддаг юм билээ.
Түүний төрсөн өдөр Энэтхэгээс халин өргөжиж, дэлхий нийтээр анх удаа тэмдэглэх
гэж байна. Өөрөөр хэлбэл, олон улсын энх тайван, хүч үл хэрэглэх өдөр
болгон Гандигийн төрсөн өдрийг олон улсын хэмжээнд анх удаа
тэмдэглэж байна.
Монгол, Энэтхэг хоёр гүрэн 2700-3000 жилийн өмнөөс эртний хэлхээ холбоотой. Бурхны
шашнаар холбогдсон, оюун санааны хөрш болсон Энэтхэг орны эцэг Махатма
Гандиг монголчууд, ялангуяа сэхээтний хүрээнд “Их Ганди “ хэмээн нэрлэдэг нь
Маха Атма гэдэг санааны монгол хувилбар болов уу. Хэдийгээр хүч үл
хэрэглэх үзэл бодол нь коммунистуудын зэвсгийн хүч, тэмцлээр засгийн эрхийг
авах онолтой нь төдийлөн нийцдэггүй боловч түүнийг нь манай үе
үеийн удирдагчид ойлгон хүндэтгэж, Шинэ Делид айлчлах бүртээ цэцэг өргөн
хүндэтгэж ирсэн түүхтэй.
Монгол-Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд
зориулж Улаанбаатарын нэгэн гудамжийг түүний нэрээр нэрлэж, сүрлэг сайхан
хөшөөг нь босгосон. Энэтхэг судлалын төвөөс эрхлэн гаргадаг сэтгүүлийн нэгэнд
түүний хөшөөний зургийг тавиад доод талд нь Махатма Ганди Монголд гэж бичсэн
байдаг юм. Ийнхүү Махатма Гандийн онол сургаал манайд биет байдлаар түгэн
дэлгэрч эхэлсний илэрхийлэл энэ юм. Шинэ Делид Улаанбаатар хотын маань нэртэй
гудамж бий. Түүнийг энэтхэг нөхөд маань хайрлан тордож байдаг шиг бид
Гандийн гудамж, хөшөөг арчлан хамгаалж чаддаг бил үү гэсэн асуулт гарч
ирж болох юм.
О.Нямдаваа