П.Сумъяажав: Охидыг тамласан минь үнэн. Гэхдээ намайг уучилсан ерөнхийлөгчид баярлалаа

Зууны мэдээ

2011-01-18 11:47 GMT+8

Гэртээ байсан цэцэг шиг охидод халдаж дүүгийнх нь амийг хороогоод, эгчийг нь зэрэмдэглэж орхисон хэрэгтнүүд та бидэнтэй мөр зэрэгцэн эрх чөлөөтэй алхаж явна. Хэргийн эзэн П.Сумъяажав 2009 оны хоёрдугаар сард найз Д.Бямбадоржтойгоо хамсан танилынхаа гэрээс 11 сая төгрөг хулгайлахын тулд таван настай охиныг хөнөөж, 13 настай эгчийнх нь хоолойг хутгаар сийчин хүнд гэмтэл учруулсан юм.

Тэднийг гэмт хэрэг үйлдэхдээ насанд хүрээгүй байсан гэдэг үндэслэлээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилж, УИХ-аар баталсан Өршөөлийн хуулиар суллаад байгаа. Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн дарга, хурандаа Ж.Нямдаваа нэгэн цахим хуудаст өгсөн ярилцлагадаа “Охидыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгтнүүд Өршөөлийн хуульд хамрагдаагүй. Онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ хуульд хамрагдахгүй” гэжээ. Гэвч бодит байдалд хэрэгтнүүд өнгөрсөн арванхоёрдугаар сард эрх чөлөөт амьдралд хөл тавиад байна. “Монхоо” буюу П.Сумъяажавтай ярилцахаар тэдний гэрийг өнгөрсөн амралтын өдрөөр зорилоо. Аймшигт хэрэг үйлдэж, нэгэн гэр бүлийн амьдралыг бусниулсан хүн төрийн өршөөлийг хүртсэний үнэ цэнэ ямар байдгийг үзэх гэсэндээ тэдний гэрийг зориглож зорьсон хэрэг.

Гэхдээ дүгнэлтийг уншигч танд үлдээж, түүнтэй ярилцсанаа элдэв нэмэр, хачиргүйгээр хүргэж байна. Тэр Баянхошуунд, хоёр давхар байшинд амьдардаг байна. Нэгдүгээр давхраа хүнс, барааны дэлгүүр, үсчин, цайны газар, эмийн сангийн зориулалтаар түрээслүүлж, хоёрдугаар давхартаа өөрсдөө амьдардаг. Бусдын эд хөрөнгөд шунаж явахааргүй бийлэгжүү айл гэдэг нь хэн ч харсан анзаарагдана. Туранхай, өндөр биетэй, үл мэдэг гүйлгэнэсэн харцтай П.Сумъяажав өдгөө 18 настай, айлын отгон хүү гэнэ. Тэрээр гэртээ ганцаараа байсан бөгөөд ярилцлага өгөхөөс цаарагласангүй. Хэн ч сонсоход нуруу хүйт даам хэрэг үйлдсэн түүнээс үнэндээ болгоомжлох сэтгэл төрж байгаагаа ч би нууж чадсангүй.

-Өршөөлийн хуулиар суллагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Хүний амь хөнөөсөн ч, хуульд хамрагдсан нь чиний буруу биш. Гэвч үнэндээ Өршөөлийн хуульд хамрагдах ёсгүй байсан юм биш үү. Тэгэхээр энэ аз байсан гэж ойлгож болох уу?
-Би болчимгүй үйлдэл хийсэн нь үнэн. Түүндээ гэмшиж байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж намайг уучилсанд баярлаж явдаг. Би гэмшээд, цаашдаа сайн хүн болно гэж бодож байгаа. Одооноос төлөвшиж эхэлсэн шүү. Өнөөдөр хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд ганцхан над руу л дайрч, элдвээр бичиж байна. Гэтэл надтай хамт хэрэг үйлдсэн хам хэрэгтэн гэж бий. Түүнийг бичихгүй мөртлөө ганцхан намайг л “Толгойлогч” гээд үзэн ядах юм. Хам хэрэгтэн Д.Бямбадорж ч гэсэн давж заалдах өргөдөлдөө намайг их муухайгаар тодорхойлсон байна лээ. Тэр хүн бид хоёроос өөр хэн ч болсон явдлыг мэдэхгүй юм чинь гэж байгаа юм шиг надад л бүх бурууг тохох юм. Харин би гэмшээд дуугүй өнгөрч байгаа юм шүү. Тэр ч үүднээсээ хүмүүсийн хэл аманд ихээр өртөж байна.

-Төрийн өршөөлд хамаарсныг чинь хүн бүхэн хүлээж авах албагүй шүү дээ. Дүүг нь хөнөөж, эгчийг нь хүнд гэмтээсэн чинь үнэн биз дээ?
-Үнэн.

-Ер нь яагаад та хоёр тийм болчимгүй зүйл хийсэн юм бэ?
-Тийм нөхцөлд хүрнэ гэж бодоогүй. Тэгээд ч хүн хөнөөх санааг би гаргаагүй. Мөнгийг нь авъя гэдгийг л гаргасан.

-Охидыг яагаад амьд үлдээчихэж болоогүй юм бэ?
-Урьд өдөр нь бид “Нарантуул” захаас наалддаг тууз, нүүр далдалдаг малгай, уяа зэргийг худалдаж авч, бэлдсэн байсан. Охидод танигдахгүйг хичээснийх шүү дээ. Даанч танигдчихсан учраас аргагүйн эрхэнд аминд нь хүрсэн. Том охиныг нь би, бага охиныг нь Д.Бямбадорж хариуцаж “нухсан”.

-Чамайг том охиныг нь шархдуулснаас гадна бас хүчирхийлсэн гэх юм?
-Тэрнийг мэдэхгүй байна.

-Өөрийнхөө үйлдлийг үү?
-Үгүй. Би хүчирхийлээгүй.

-Тэгээд Д.Бямбадорж хүчирхийлсэн юм уу?
-Үгүй л дээ. Шүүх эмнэлгийн шинжилгээр хүчирхийлсэн гэж гараагүй гэх юм билээ. Тэгсэн мөртлөө хүчирхийлсэн гэж надад давхар ял өгсөн.

-Тэгээд хохирогч зохиож яриад байгаа хэрэг үү?
-Тэр нь ч хаашаа юм бэ. Би лав хүчирхийлээгүй. Тэгээд ч өөрийгөө удирдан жолоодох чадвартай.

-Энэ тухайгаа шүүх хурлуудад хэлж байв уу?
-Хэлээгүй.

-Тэгвэл чиний хэлж байгаагаар шүүхээс үйлдээгүй хэргийг нэмж хүлээлгэсэн болж таарах нь ээ?
-Үгүй. Надад нэг хүн хэлж байсан юм. “Чамд хэдэн ч зүйл, ангиар ял хүлээлгэсэн чи 15 жилийн хорих ял авна” гэсэн болохоор хүчирхийлсэн гэсэн зүйл, ангид тийм ч санаа зовоогүй юм.

-Цагдаа нар чамайг хэргийг чинь хүлээлгэх гэж дарамталсан уу?
-Тэр бол байх л асуудал. Байлгүй яахав. Тодорхой хэмжээгээр дарамталсан.

-Чиний үйлдсэн гэмт хэрэг тодорхой байтал дарамтлах шаардлага байсан гэж үү. Эсвэл чи хэргээ хүлээхгүй байсан юм уу?
-Эрүүгийн хуульд бүрэн төгс үйлдээгүй буюу завдалт хэрэг гэж байдаг гэсэн. Намайг анх тэр зүйлээр яллаж байснаа нэг бичигт гарын үсэг зурчих гээд дарамталсаар байгаад зуруулсан юм. Тэр нь бүрэн төгс үйлдсэн хэрэг байсан юм билээ.

-Та хоёр анхандаа хэргийг үйлдээгүй гэж мэлзсэн үү?
-Үгүй. Шууд хүлээн зөвшөөрсөн.

-Ер нь яагаад энэ хэргийг үйлдэв. Бодож тунгаадаг л байх?
-Тухайн үед амьдралаас залхаж, үхмээр санагддаг болчихсон байсан үе. Өглөө босоод цайгаа уучихаад өөр юу ч хийдэггүй байсан болохоор тэр биз. Тэр жил сургуулиасаа гарчихсан байсан. Тэгээд Барилгын коллежид суралцах гэж байсан чинь Отгонхүү ахынхан (хохирогч) болиулчихсан.

-Яагаад?
-”Нарантуул” зах дээр суулгаж, бараагаа заруулах гээд л тэр. “Мөнгө сайн олж байгаад сургуулийнх нь сертификатыг худалдаад авчих. Эсвэл дээд сургуульд сур” гэж ятгасан. Үүнд нь жаахан дургүй хүрээд байсан юм.

-Тэгээд арай сургуульд оруулсангүй гэж өширхсөн юм биш биз дээ?
-Үгүй. Тухайн үед амьдралаас уйдчихсан, нэг л сонин байсан гэж хэлээд байна шүү дээ. Бас РС тоглоомд их донтчихсон байсан маань нөлөөлсөн байх.

-Тэднийд мөнгө байгаа гэдгийг яаж мэдсэн юм бэ?
-Гэрээр нь байнга орж, гардаг байсан болохоор мэдэлгүй яахав. Бид муухан хамаатнаас дээр шахам, гэр орноороо орж, гардаг байсан юм.

-Сейфны түлхүүрийг хаана байгааг бас мэдэж байсан хэрэг үү?
-Тийм. Тэгээд онгойлгоод мөнгийг нь аваад зугатсан.

-Аймшигт хэрэг үйлдсэн тэр оройдоо найз нөхөдтэйгөө шөнийн цэнгээний газар болон зочид буудлаар үйлчлүүлсэн тухай хавтаст хэрэгт өгүүлсэн байдаг. Энэ тухайгаа ярихгүй юу?
-Би бол тэгээгүй, гэртээ л байсан.

-Чи тэгвэл авсан мөнгөө юунд зарцуулсан бэ?
-Зарцуулж чадаагүй.

-Хэрэг хэзээ нэгэн цагт илэрнэ гэж бодож байсан уу?
-Мэдэхгүй ээ.

-Та хоёр хохирогчийнхыг өглөөнөөс хойш манасан. Тухайлбал, охидын ээж Д.Дашжидыг гэр рүүгээ орохоор шатаар өгсөж явааг харсан гэж мэдүүлсэн байдаг?
-Тухайн үед Дашжид эгчийг биднийг харчихлаа гэж бодоод гэр рүү орохоо больсон. Ерөөсөө гэмт хэрэг үйлдэхээ болъё гэж бодсон юм. Гэсэн ч орохоор шийдсэн.

-Та хоёр гэрт орчихоод “Монхоо ах нь дэлгүүр ороод чихэр аваад ирье” гээд эргэж гарсан байсан?
-Хөөрхий охидыг харчихаад зүрхшээгээд Д.Бямбадоржид “Хоёулаа энэ явдлаа зогсооё, гаръя” гээд шивнэж хэлээд гарсан. Түүнээс биш чихэр авчирна гэж хэлээгүй. Харин нэг асуудлаас болоод эргээд орсон юм.

-Ямар асуудал?
-Нэг тийм асуудал байсан.

-Тэрийгээ нуулгүй хэлчихэж болохгүй юм уу?
-Хэлмээргүй байна.

-Чи найз охинтой байсан. Магадгүй түүнтэйгээ муудалцчихсан байсан юм уу?
-Найз охинтой байсан л даа. Гэхдээ тэрнээс болоогүй.

-Хөөрхий охид та хоёроос их л удаан аврал эрсэн байх даа?
-Яримааргүй байна. Би тухайн үеийн үйлдэж байсан хэргээ санахгүй байна. Тэгээд ч бид айлгах санаатай хоолойг нь бага зэрэг л огтолсон юм. Гэхдээ миний огтолсон хутга иртэй байж таараад лав орчихсон юм билээ.

-Хохирогчид чамайг нэг ч удаа “Уучлаарай” гэж хэлээгүй хэмээн ярьдаг. Алаг үрийг нь хөнөөчихөөд яагаад тэгж хэлж болдоггүй юм бэ?
-”Уучлаарай” гэж хэлэхээр ална, тална гээд миний өөдөөс дайрах хүмүүс. Шүүхийн танхимд ч миний биед халдаж, битүү гэмтэлд оруулж байсан удаатай шүү дээ. Гэхдээ би тоогоогүй. Тэд өөрсдөө “Уучлаарай” гэж хэлэх боломж олгодоггүй юм чинь дээ. Тэгж хэлсэн, хэлээгүй намайг насан туршдаа үзэн ядаж амьдрах хэмжээний сэтгэлтэй учраас дэмий байх гэж бодох юм.

-Тэд чинь үрээ алдсан хүмүүс шүү дээ?
-Хамгийн гол нь “Уучлаарай” гэдэг үгэндээ биш, мөнгө төгрөг авна гэж яригдаад байгаа юм. “Уучлаарай” гэх үгийг хүлээж авах бол аль хэдийнэ хэлчих л байсан.

-Хохирогчид ярихдаа П.Сумъяажавынх хохирлоо барагдуулах чадалтай айл. Чамайг хүний мөнгөнд шунахааргүй баян айлын хүүхэд гэдэг. Гэтэл одоог хүртэл хохирол байтугай оршуулгынх нь зардлыг хүртэл өгөөгүй байгаа гэх юм?
-Тухайн үед хоёр сая 550 мянган төгрөг өгсөн. Ер нь шүүхээс тогтоосон мөнгө хэтэрхий их байна. Яагаад гэвэл манайх есүүлээ амьдардаг. Хүн харахад л хоёр давхар объекттой харагддаг ч олон банкинд давхар өр, зээлтэй байгаа. Хэрэв бидний энэ хөрөнгийг битүүмжилвэл аав, ээж ар гэрийнхэн маань давхар яллагдана шүү дээ. Заримдаа тэд маань автобусны ч мөнгөгүй болсон байдаг.

-Тэгээд ер нь мөнгөн хохирлыг барагдуулах бодол байна уу?
-Өгөхгүй биш, өгнө. Гэхдээ яваандаа л өгөх байх. Одоо бол надад мөнгө алга.

-Давж заалдах шатны шүүхээс чамайг Өршөөлийн хуульд хамрагдах хүн байна гэж сулласан ч, дээд шатны шүүхийн шийдвэр өөрөөр эргэж болох юм. Сэтгэлзүйн бэлтгэл бий биз дээ?
-Тодорхой хэмжээнд эргэлзээ байгаа. Гэхдээ яаж ч бодсон... (дуугай болов)

-Яаж ч байсан хамаарна гэсэн үг үү?
-Үгүй ээ. Яасан ч надад ялгаа байхгүй. Найман сар хоригдохдоо би бүхнийг ухаарсан.

-Магадгүй Өршөөлийн хуульд хамрагдахгүйгээр 15 жил хүмүүжээд гарч ирэх байсан юм уу?
-Үгүй ээ. Тэр утгаараа биш. Дээд шүүхийн шийдвэрээс хамаараад надад төлөвлөсөн хэд, хэдэн ажил байна. Бас сургуульд сурах хүсэл эрмэлзэл дүүрэн байна.

-Д.Бямбадорж та хоёр одоо холбоотой байгаа юу?
-Холбоогүй. Тэр хүн намайг шүүх хуралд муухайгаар мэдүүлсэнд гомдсон. Адилхан хам хэрэгтэн байж. Би хамгийн анх санааг нь гаргасан нь үнэн. Гэтэл өдөөн турхирсан гэж хэлсэн. Тэгж ярих юм бол, би Д.Бямбадоржийг айлын ганц хүү гэж бодоод хэргийг нь үүрээд гарчихсандаа ч яахав гэж бодож байсан юм шүү дээ. Гэтэл тэр миний итгэлийг алдсан.

-Одоо чи гэр зуураа л байна уу?
-Тийм. Дээд шүүхийн шийдвэрээс хамааран төлөвлөсөн ажлаа хийнэ.

-Ямар ажил төлөвлөсөн юм бэ. Сонирхож болох уу?
-Амьдралаа сайжруулах ажил байж таарна шүү дээ.

-Зарим хүн Өршөөлийн хуулийг алуурчдыг өөгшүүллээ гэж шүүмжлэлтэй ханддаг. Энэ хуульд “өлгийдүүлсэн” хүний хувьд өөрийнхөө байр суурийг хэлэх л байх?
-Өршөөлийн хууль маш зөв хууль. Хэрэв Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж намайг уучлаагүй байсан бол би тэр чигтээ буруу хүн болох байсан. Энэ дашрамд бас дахиад л “Баярлалаа” гэж хэлмээр байна. Цаашдаа илүү ихийг хийнэ.

Д.Болормаа

GoGo Facebook Хуудас
 
 
Утаанаас салахын тулд ямар арга хэмжээ авах нь хамгийн зүйтэй вэ?
Нийт 23 санал өгсөн байна.

Дээшээ