Шүдний эмчилгээний үнэ хэрээс хэтэрчээ

Нийслэл таймс

2011-03-07 12:45 GMT+8

Сүүлийн жилүүдэд манай улсад шүдний эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг хувийн хэвшлийн эмнэлгүүд яг л борооны дараах мөөг шиг олширох боллоо.

Нийслэл хотод шүдний хувийн эмнэлэг гэхэд л 160 гаруй, дүүргүүдийн эрүүл мэндийн кабинетүүд нэмэгдээд тоо томшгүй олон эмнэлэг орон сууцны булан тохой бүрт байдаг. Өнөөдөр захын нэг хувийн эмнэлгийн үнэ ханшийг сонирхоход буйланд нь суулгаж хиймэл шүд хийхэд доод тал нь 100 мянга, ломбодоход 7000, цоорсон нэг шүдийг эмчлүүлэхэд 20 гаруй мянган төгрөг гээд тус тусдаа үнэтэй ажээ.

Тэгвэл манай иргэдийн дийлэнх нь дунд буюу дундаас доогуур амьдралтай. Ингэхээр өдрийн талхны мөнгөе арай ядан залгуулдаг иргэд бараг нэг сарынхаа цалингаар шүдээ янзлуулна гэдэг худлаа л болов уу.

Бас нэг зүйл гэвэл яах аргагүй эмчилгээний чанар. Үнэ өртөг нь өндөр, буулгаж болдоггүй юм аа гэхэд үйлчилгээ нь сайн байх хэрэгтэй баймаар. Арай гэж шүдээ янзлуулаад дуусангуут чанаргүй муу материалаар хийсэн ломбо хоёр сар ч хүрэхгүй хугацаанд уначихна.

Саяхны нэг жишээ дурьдахад оюутан Ц.Дарь дипломын жүжгээ тавихаас өмнө "Инээмсэглэл" гэх хувийн эмнэлэгт очиж шүдээ авахуулжээ. Тус эмнэлгийн эмч мэдээ алдуулах тариа олигтой ч хийлгүй арай гэж шүдийг нь авсан гэнэ. Харин оюутан эмчийн хариуцлагагүй үйлдлээс болж жүжгийнхээ дараа ухаан алдаж унасан бөгөөд эмчлүүлсэн эмнэлэг дээрээ очсон ч зад загнуулаад гарчээ. Энэ мэтчилэн халаасан дахь мөнгийг нь тоолж хүний амь насанд халтай зүйл хийж суудаг цагаан халаад нөмрөгсөд нэмэгдсээр л байна.

Монголд шүдний эмчилгээ оношилгооны үндсэн баримтлал гэж байдаг. Үүнд 0-16 насны хүүхдүүдийн шүдний тусламжийг төр хариуцаж, 16-55 настай эмэгтэй, 16-60 настай эрэгтэй хүмүүс шүдний төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг төлбөртэй авна гэж заасан байдаг байна. Харин тэтгэврийн насны хөгшчүүл гурван жилд нэг удаа хиймэл шүд үнэгүй хийлгэх боломжтой гэнэ.

Тэгвэл хувийн эмнэлгүүдэд хөгшчүүлийн асуудал огтын хамаагүй зүйл болж хувираад байна. Настангууд ихэнхдээ улсын харьяалалтай эмнэлгүүдээр үйлчлүүлдэг бөгөөд төрөөс санхүүжилтээ авдаг эмнэлгүүд хувийн эмнэлгээс ч муу үйлчилдэг аж.

Багаж хэрэгсэл нь хоцрогдсон хүнд суртал ихтэй дээрээс нь нөгөө л эрхэм эмчийн мэдлэг тааруу гээд олон асуудал гарч ирдэг байна. Хөдөө орон нутгийн иргэд ихэнхдээ үйлчлүүлдэг нэгдүгээр эмнэлгийн шүдний тасагт очиход жар нэлээн гарсан эмэгтэй амандаа үглэсээр гарч ирэхтэй таарсан юм. Учир нь тус эмнэлгээр хийлгэсэн ломбо сар ч болохгүй уначихсан, дахин эмчилгээ хийлгэнэ гэхээр хөдөө
явах гээд байдаг. Заавал хувийн эмнэлэгт очихоос өөр аргагүй болчихлоо гэсээр явсан юм. Иймэрхүү дүр төрхтэйгээр иргэд маань үнийн шахалт, чанаргүй үйлчилгээ хоёрын дунд хохирсоор л...

Өндөр хөгжилтэй оронд эрүүл мэндийн зардал жилд 2000 ам.доллар ногддог бол манай орны хувьд нэг хүнд ногдох эрүүл мэндийн зардал 35 ам.доллар байдгийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргажээ. Гэтэл иймхэн хэмжээний зардлыг манайхан гаргах нь битгий хэл талд нь ч хүрдэггүй гэж байгаа. Ядаж улсаас энэ тал дээр нь анхаардаггүй юм аа гэхэд энэ олон чанаргүй шүдний эмнэлгүүдээ зохицуулж үйлчилгээг нь иргэддээ ойртуулмаар байна.

Р.Эрдэнэбат

GoGo Facebook Хуудас
 
 
Та хувийн эмнэлэгт хүүхдээ үзүүлэхдээ сэтгэл хангалуун байдаг уу?
Нийт 2380 санал өгсөн байна.

Дээшээ