Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140400 төгрөг боллоо


2011-04-06 13:48 GMT+8

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний Хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 хувиар нэмэгдүүлж 140 400 төгрөг болгосныг өнөөдөр мэдээллээ.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны хамтарсан мэдээлэлд дурьдсаны дагуу дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цагт 835 төгрөг 71 мөнгө буюу сард 140 400 болж байгаа ажээ. Хуучин энэ нь цагт 642 төгрөг 85 мөнгө буюу сарын 108 мянган төгрөг байсныг та бүхэн санаж буй биз ээ.

Ийнхүү нэмэх шийдвэрийг гаргахын өмнө НХХЯ-наас ОУХБ, Үндэсний статистикийн газартай хамтран хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох, мөрдүүлэхтэй холбогдуулан цалин хөлс, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, амьжиргааны түвшний өөрчлөлтийн асуудлаар судалгаа хийлгэсэн байна.

Өнгөрөгч 2010 оны аравдугаар сарын 1-ээс төр, төсвийн байгууллагын ажилтны цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 30 хувь нэмэгдүүлсэн тул Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний энэ өөрчлөлт нь нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмж, цалинд нөлөө үзүүлэхгүйг тооцсон талаараа тэд ярьж байлаа.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох, мөрдүүлэх асуудлыг Үндэсний хорооны хурлаар хэлэлцэж, шийдвэрлэхдээ нийгмийн түншлэлийн талууд асуудалд бодитой хандах, амьжиргааны өртгийн өөрчлөлт, дундаж цалин, хөдөлмөрийн бүтээмж, эдийн засгийн өсөлт, хэрэглээний үнийн индекс зэрэг эдийн засгийн гол хүчин зүйлүүдийн нөлөөлөл, судалгааг сайтар хийх, хуулийн заалтыг мөрдлөг болгосон гэж НХХ-ийн сайд Т.Ганди ярьлаа.

Мөн энэ үеэр Үйлдвэрчний эвлэлийн зүгээс мэдээлж буйгаар цаашид салбаруудад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өөрчлөлттэйгээр тусгана гэлээ. Өнөөдрийн 30 хувийн нэмэгдэл нь хамгийн багаар тооцогдсон бөгөөд илүү өндөр бүтээлтэй салбар болох уул уурхай, ашигт малтмалын салбаруудад үүн дээр 40-50 хувиар нэмэгдүүлэх ажээ.

Харин Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос нийт гишүүддээ хандан энэхүү шийдвэрийг хүндэтгэн ажилтнуудынхаа тоог цомхотгохгүй байх, цаашид ажлын байр нэмэгдүүлэх тал дээр чармайлт гарган ажиллана хэмээн найдаж байгаагаа хэллээ.

О.Ариунбилэг

GoGo Facebook Хуудас
 
 
Та хувийн эмнэлэгт хүүхдээ үзүүлэхдээ сэтгэл хангалуун байдаг уу?
Нийт 2444 санал өгсөн байна.

Дээшээ