“Энэ жилийн наадам онцгой содон”/Нэгдүгээр хэсэг/

GoGo.mn

2011-07-11 16:28 GMT+8

Нар хур тэгширсэн цэлмэг сайхан энэ өдөр Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа Төв цэнгэлдэх хүрээлэнд үзэгчдийн сэтгэл хөдлөл дор сайхан болж өндөрлөлөө.

Монголын  тулгар төрийн 2220, Их Монгол улсын 805, Үндэсний эрх чөлөөний болон ардын хувьсгалын 100, 90 жилийн их ойнууд тохиож буй Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа өнөөдөр Төрийн ордноос Есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх рүү залах ёслолоор эхэлсэн юм.

Ингэж Төв цэнгэлдэх хүрээлэнд есөн хөлт цагаан тугийг залах ёслол болоход үзэгчид ухайн дуугаар баярласан сэтгэлээ илэрхийлж байлаа. Есөн хөлт цагаан тугийг цэнгэлдэхэд байрлуулсны дараагаар уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмэндээ хандан Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлж наадмыг эхлүүллээ.

Ерөнхийлөгч хэлэхдээ “энэ жилийн наадам онцгой содон. Энэ жил Монгол нутаг даяар олон жилийн ган зүдгүүрийг тайлсан аргагүй сайхан зун болж байна. Хүн арддаа ойр, байгаль дэлхийдээ ээлтэй байвал түмний үйлс тэгширч, уул ус баясан цэнгэж, өлзий буянаа хайрладаг. Азай буурлуудын магнай тэнийсэн, хүүхэд багачуудын цолгин дуу хуур цуурайтсан Монгол наадам тэнүүн сайхан болох нь дамжиггүй” гээд “Үндэсний их баяр наадмын сүр жавхлан төгөлдөр ёслолыг ийнхүү эхлүүлж байгааг өндөр төрийн Их цагаан сүлд заларсан энэ хүндэт хоймроос даяар олноо тунхаглан зарлаж байна.  Сайхан наадаарай” гэсэн юм.

GoGo Facebook Хуудас
 
 
Та хувийн эмнэлэгт хүүхдээ үзүүлэхдээ сэтгэл хангалуун байдаг уу?
Нийт 2629 санал өгсөн байна.

Дээшээ