...Хүний сэтгэлийн уужмыг
Ганган Сэлэнгийн урсгал гэнэ
Хүлгийн сайны удмыг
Галшар нутгийн унага гэнэ
Сэлэнгийг санахаар сэрүү татна
Галшарыг бодохоор газар ойртоно... хэмээн Монголын их яруу найрагч, төрийн
шагналт зохиолч Цэгмэдийн Гайтав нэгэнтээ дуулсан нь учиртай.
Халх даяар шандаст хурдан хүлгүүдээрээ алдартай Галшар сум Хан Хэнтий аймгийн
нутгийн хамгийн урд захын сум бөгөөд нар зөв оргилон урссан Буянт булгийн хөвөөн
дээр гурван Зараа уулын дунд байрласан учир гадны аюул нөлөөллөөс хамгаалагдаж
заяа буян нь тэгширч дэлгэрч явах учиртай хэмээн буурал өвгөд минь бэлгэшээн
ирсэн билээ.
Зундаа шүд тасхийм хүйтнээрээ байдаг, өвөлдөө үл хөлдөн хоржигнон урсах өнө мөнхийн
Буянт булаг. Түүн лугаа Сүм, Гангат, Үнэгэд, Хүдэнт, Соёо, Зүлэгт, Цав, Сангийн
далай, Хөлийн булгууд, Чавчир, Ламын рашаан минь оргилон урсаж, хүн, мал,
амьтныг ундалсаар бидний үед ирэв. Галшар түмнийг олон жил ундаалан тэжээн
тэтгэж буй Буянт булаг газрын гүнээс эх аван Цагааннуурт цутгана.
... Зүлэг хөглөрсөн Буянт минь үеийн үед ундлав
Зартай Галшар морьд халхаар нэг тарав
Ханхайж явсан аав минь бөгтөр өвгөн болов
Хархан үстэй ижийд минь буурал сор суув
Өвгөдөө өтлөхийн хэрээр би өсөв
Өр зүрх минь их өртэй үлдэв... /Өврийн дэвтрээс/
Буянт булгийнхаа ногоон зүлэг, Цагаан нуурынхаа цэнгэг усанд шумбан тоглож өссөн
билээ бид. Домогт Их газрын чулуу энд хүрч төгсдөг. Ертөнцийн ер бусын уран барилга
гэмээр энэ гайхамшигт хад чулуун дунд эртний баатар эрс хоноглон байсан Сүмийн
хад, Бударын чулуу, Хайрхан чулуу, Авдран хад, түүн дотроо ноён суудал, хатан
суудал, уурга, эмээл тавих хад, мөнх ус тогтсон хадны ховдол гээд гайхан
бишрэхгүй байхын аргагүй хүн урласан мэт хад чулууд олон. Алсаас суварга мэт
гэрэлтэн харагдах Үйзэн цагаан, Цамба цагаан. Газрын холоос ив илхэн харагдах
Галшар, Артууд, Үнэгт, Төдөгтэй Хан уул, Хүдэнт, Цана, Түмэндэмбэрэл,
Баянхаан, Баян уул Дэлгэрцогт, Таван уул. Талын их хайрхнууд минь. Номин цэнхэр
зэрэглээ наадсан Ноён хөөвөр, Үүдэн, Бааран, Хүйс, Дондойн цэлгэр говиуд минь.
Зэгс, харганатай Улаан тал, зээрийн сүрэг халиурсан Тосонгийн тал минь.
...Галшар энэ миний хайртай ном
Гэрээслэл үлдээхгүйгээр хүүдээ орхих
Хамгийн том байшин... /Өөрийн шүлгээс/
Тал байтлаа говь юм шиг, говь байтлаа тал юм шиг ер бусын гайхамшигт энэ нутагт
төрж өссөн хүн бүрийн сэтгэлд Галшар хэмээх галтай ланзан тамга шиг хөх уул дүрэлзэнхэн
оршиж ямагт омогшил бахархлыг төрүүлж байдаг. Ээжийн минь төрх шиг оорцог бор
толгод, агь таана ханхалж, адуун сүрэг багширсан, аргалын утаат, агтны тоостой
нутагтаа холоос зорин ирэх шиг хосгүй сайхан зүйл үгүй.
... Галшар энэ миний
Өвөөгийн байшин
Жим бүхэн нь өөр
Жижиг толгод нь
Хөөрөг мэт
Хөөрхөн охидын уруул мэт
Тийм эрхэмсэг, тансаг... /Өөрийн шүлгээс/
Тэнгэрийн цэцэг шиг морьдынхоо уяан дээр аав минь догдлон сууж, адуу янцгаах үүрээр
ээж минь цайныхаа дээжийг хангай дэлхийдээ өргөн байх тийм амгалан талын сайхан
өглөөг би ганцхан Галшартаа харсан юм.
Дэлхийн өөр хаана ч тийм өглөө болдоггүй ээ.
...Галшарын бор толгод алтан пирамид мэт гэрэлтэж
Шөнийн 12 цаг болоход энд
Тэнгисийн цэргүүд шиг хүлэг морьд
Цаг хугацааг орлодог... /Өөрийн шүлгээс/
Тийм ээ. Номин цэнхэр, Зандан хүрэн, Норов хүрэн, Гуулин хээр, Хонгор зээрд,
Элбэг хээр, Идэр хээр, Бөгөн хул, Хулан хонгор, Босоо улаан, Одон улаан. Нэр нь
эрдэнэт хүмүүн лүгээ дуурссан гайхамшигт хурдан хүлгүүдээрээ миний Галшар
нутаг алдартай.
....Хармагнайн цэнгэг усаар ундаалсан
Хатан суудлын цэцэгт нугаар идээшилсэн
Ноён хөөврийн цэнгэг агаараар амьсгалсан
Нарлаг тосонгийн цэлгэр талаар байршсан
Унаган төрмөл эх нутгаа алдаршуулсан
Үй түмэн адуун сүргийн өвөг болсон хэмээн алдарт ерөөлч магтаалч Агваанжамбал
Галшарын хурдыг магтан дуулсан билээ.
Говийнхны хэлдгээр газрын хоймор, даяар монголчуудын хүлгийн хийморь, шүншиг
болсон энэ нутагт төрж өснө гэдэг ховорхон хувь тавилан. Домог түүхийн өлгий
болсон дорнын энэ цэцэгт тал олон мэргэд, хутагт хувилгаад, алдар цуутнуудын өсч
өндийсөн хөрст шороо юм.
Номын хүчээр бурхны хоосон чанарын гүнд нэвтэрч түвд, халх олноо “Тунгалаг
гэгээн цорж” хэмээн алдаршсан дорно дахины их гүн ухаантан Занын Агваанбалдан,
“Артын мэргэн бандида” хэмээн түмэн олноо хүндлэгдэж, “до” яамныхны хүнд хэцүү
дарамтыг номын хүчээр даван туулж 1960 он гартал амьдарсан Дамбийням зэрэг
цуутай хутагт хувилгаад энэ нутагт байлаа. Галшар нутагт Ганданшадавдаржаалан
хийд, Ламын хийд, Зодын хийд, Цанын хийд, Хүрэн сүм зэрэг бурхан шашны ариун сүм
дуганууд олон байв. Эдгээр сүм хийдүүд 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үед
устсан бөгөөд хошууны хамгийн том хийд болох Ганданшадавдаржаалан хийдийг
хожим Ишдоо гуай тэргүүтэй галшарчууд өөрсдийн хүчээр сэргээн босгож олны тусын
тулд буянтай үйл бүтээсэн билээ.
XҮIII зууны дунд үед Хардэл бэйсийн, зууны сүүлчээр Бишрэлт бэйсийн, Ардын
хувьсгал ялсны дараа Галшар уулын хошуу, 1956 онд Галшар, Буянт сум нэгдсэнээр
Галшар сум хэмээн нэрлэгдэж өдгөөг хүрсэн энэ нутагт Богд Жавзандамба хутагтын
дэргэдийн зураач “шар” хэмээх Дорж, даншгийн дархан аварга Ренцэн, уртын сайхан
дууч Дэмчиг, Богдхаант Монгол Улсын шударга баатар Бумжаргал амьдарч байлаа.
Орчин цагийн Монголын түүхэнд мөрөө үлдээсэн Бүрэн эрхт Элчин сайд Хаянгийн
Банзрагч, Монгол улсын хөдөлмөрийн баатар Ланцаагийн Дамдинсүрэн, Монголын
нэрийг дэлхийд дуурсгасан нэрт эрдэмтэн “физикийн” хэмээх Д.Чүлтэм,
шинжлэх ухааны доктор М.Наваанчимэд, эх орныхоо төлөө халуун амь, бүлээн цусаа
өгсөн Халх голын дайны баатар, Тамсагийн домогт зургадугаар дивизийн дарга
Ч.Шаарийбуу, алдарт ерөөлч магтаалч Агваанжамбал гээд дуурсах нэртэй
алдартан манай нутагт олон.
Галшар хурдны удмын адууг өөрийн олон жилийн нөр их хөдөлмөр оюун ухаанаар үндэслэн
бий болгогч, билэг авьяаст их шинжээч, уяач, зураач, номч эрдэмтэн, Хардэл
жанжин бэйс олноо “Өвгөн ноён” хэмээн алдаршсан Мижүрдоржийн Пүрэвжав, хамтран
зүтгэгч Дагмид мээрэн, “өвчит” Баянжаргал, Жунай, Лувсанцэрэн, Халтар болон
Монгол Улсын анхны алдарт уяач Донойн Цэгмид зэрэг домог болсон өвгөдийн нэрийг
дурсахгүйгээр Галшарын хурдан удмын адууны тухай ярих аргагүй.
Хардэл жанжин бэйс өвгөн ноён М.Пүрэвжавтан “Нууцаас нууц, далдаас далдын
шулуун журамт судар” хэмээх морийг шинжиж засах тухай алдарт судраа 1880-1890
оны үед зохиожээ. “Би Энэтхэг, Түвдийн мэргэн шинжийн судар олныг үзэн
мэргэжсэнээс одоо над хүрэв. Үзсээр нүд болхи болж, явсаар хөл мөлхи болов,
хэлсээр хэл цулчич болов, мэдсээр цээж давч балар болох ажээ. Одоо заяа, засал
хоёрын ялгалыг олон судар үзэж, монгол шинжээчин бүгд таван хүн хамтдаж, морин
эрдэнэсийг уях засал бүхнийг тодорхой өгүүлц” хэмээн судрын оршилд бичжээ.
Хардэл жанжин бэйс өвгөн ноён М.Пүрэвжавын тухай олон домог, хууч яриа байдаг.
Өвгөн ноёны албат Дагмид мээрэн гэгч олон жил морь уясан хэдий ч айраг түрүү
авдаггүй морины хорхойтон байж. Түүнийг Өвгөн ноён цаашдаа сайн уяач болох хүн
гэдгийг шинжиж мэдсэн хэрэг. Өвгөн ноён нэг өдөр Дагмид мээринг дуудан ирүүлж
“Чи хө, гайгүй сайн морь уях дөртэй боллоо, чамд хонгор үрээ, зээрд морь хоёрыг
өгье. Үүгээр түрүүгээ онгойлго. Хонгор үрээг хоёр түрүүлгээрэй. Түүнээс илүү
хэрэггүй биз дээ, цаашдаа адуутай болно биз” гэж хэлжээ. Өвгөн ноёны хайрласан
хонгор үрээ, хүрэн морийг түрүүлгэж Дагмид мээрэн анх түрүү авч эхэлсэн түүхтэй.
Өвгөн ноёны адууны удмаас уяач, шинжээч Дагмид мээрэнд шилжин очсон хурдны
угшлаас Дагмид адуу үүссэн түүхтэй. Ийм адуу биерхүү, эрэвхий богино, хэнхдэг
цээж зузаан, омруу уруул элбэг, дэл сүүл өтгөн, ахар сүүл урт, уяа орох тусам
галбир нь гоёмсог болдог. Дагмид адууны удам Хэнтийн ихэнх сумдаар тархсан. Мөн
түүнчлэн Галшар хурдан удмаас салбарласан бяцхан ялгамжтай адууг Жигээ адуу
гэх нь ч бий. Жигээ хэмээх Дамбадаржаа шинжээчийн адуу нь урт биетэй, доош
тонгойн давхидаг, дэл сүүл өтгөн, хөл бүдүүн, булчин сайтай байдаг. Энэ адууны
удам Хэнтий, Төв аймгийн олон сумдад тархсан.
Өвгөн ноёны цуутай хурдан хүлгүүдийн талаар цухас өгүүлье. Зандан хүрэн. Өвгөн
ноёны нэртэй хурдан азаргануудын нэг. Том жижиг бүх уралдаанд урдаа адуу оруулж
үзээгүй хүлэг. Зандан хүрэн азарганы галбир шинжийг харуулсан М.Пүрэвжав
бэйсийн зурсан зураг, зормол сийлбэр бий. Идэр хээр. Элбэг хээрийг нас ахих үед
гарч ирсэн учраас “Идэр” хэмээн нэрлэсэн. Идэр хээр Цэцэн хан, Далай ван, Боржигон
цэцэн вангийн наадмуудад түрүүлсэн. Нэг жилд таван том наадамд түрүүлж байсан
цуцашгүй шандаст хүлэг байв. Нас гүйцсэн хойноо улсын баяр наадамд түрүүлсэн
мэдээ байдаг. Өлгөр хүрэн. Өвгөн ноёны домогт хурдан азаргануудын нэг. Адуунд
байхдаа толгой нь ганцаараа морьтой хүн шиг харагддаг байжээ. Өвгөн ноён Өлгөр
хүрнээ хялгасан бийрээр зурсан зураг өдгөө хадгалагдаж байна. Хонгор зээрд. Өвгөн
ноёны ач хүү Пунцагнамжил Зоригт бэйсээс Хонгор зээр гэдэг хүрэн азаргыг гучин
адуугаар худалдан авчээ. Өвгөн ноён Хонгор зээрдийг уяж Элбэг хээртэй
уралдуулж байсан гэдэг. Хонгор зээрд биеийн галбир, гоо үзэмжээрээ гойд сайхан
азарга байв. Хонгор зээрдийг өвгөн ноён зурснаас эш авч зураач Ж.Саруулбуян
Монгол Улсын манлай, алдарт уяачийн малгайн залаан дээр харагддаг цалин мөнгөн
толин дээрхи хийморийн бэлгэдлийн хүлэг болгон дүрсэлжээ. Элбэг хээр. Галшарын
домогт хурдан морьдын нэг нь Элбэг хээр юм. Элбэг хээр улсын чанартай томоохон
наадамд 17 удаа түрүүлсэн. Элбэг хээр уралдсан морьдоос хол тасархай түрүүлэхдээ
толгойгоо дарж, урд хоёр хөлийн хооронд хийгээд замын турш бараг нэг ч удаа өндийлгүй
давхидаг байжээ. Гуулин хээр. Домогт Элбэг хээрийн өмнөхөн алдраа дуурсгасан
их насны морь. Өвгөн ноён Далай вангийн хошуунаас шинжиж авсан адуу. Хошууны
наадамд уралдаж буй бүхий цагтаа ямар ч морь өмнөө оруулж байгаагүй гайхам
хурдан хүлэг байв.
Өөр нэг дурдахгүй өнгөрч болохгүй зүйл бол Гал шарчууд байнга адууныхаа удам
угсааг сайжруулж байсан бөгөөд бусдад бас харамгүй байв. Энэ сацуу адууны өртөг
ханшийг хамгийн өндөрт аваачсан хүмүүс бол галшарчууд. Тухайлбал, хуучин Түшээт
хан аймгийн шадар сайд Сэцэн ван Гүрсоронзонгомбосүрэн Хардэл бэйсийн хошуу
буюу Галшар нутгаас удган хатиртай цагаан морийг зуун унагатай гүүгээр худалдан
авч байсан түүхтэй. Мөн галшарын хурдан Хонгор азарганы гол үр болох Нүцгэн
зээрд гэдэг онц хурдан морийг 80 лан алтаар худалдан авч байжээ.
Нутгийн хэдэн дүү нар нийлж “Наран зүгийн хурд” хэмээх гал байгуулан ажиллаж
байгаагаа саяхан над дуулгасан. Нэг хэсэг тасарсан Галшарын домогт уяачдын
залгамж халаа ийнхүү эцэг өвгөдөөс өвлөгдөн ирсэн өв их соёлоо сэргээн мандуулахаар
санаа сэтгэл нийлэн ажиллаж эхэлсэн нь баярлууштай. Нутгийн хэдэн ах нар чинь
аль болохоор дэмжиж туслахыг хичээнэ. Сайн хүний үр, саальтай гүүний унага гэж
монгол түмэн маань ярьдаг. Галшарын домогт хурдны үр төл халх даяар тархаж
монгол наадмыг чимэн түмэн олноо цэнгүүлэн хурдалсаар байна. Буяндэлгэрийн Хүрэн,
Даваахүүгийн “Цолмон халтар”, Эрдэнэчулууны шарга гээд төрийн наадмын түрүү,
түмэн эх болсон хосгүй сайхан буянууд Галшар адуунаас эх угшилтай байдаг. Уг
хурдны голомт өдгөө ч Галшар нутгийнхаа цэнгэг усаар ундаалж, цэцэгт нугаар
идээшлэн цэлгэр тал, цэнхэр говьдоо байсаар байна.
Өвгөн ноён Галшар дан удмын адууг бий болгохдоо бүхий л амьдралаа зориулсан бөгөөд
адууныхаа угшил угсааг байнга сэлбэн сайжруулсаар ирсэн олон баримт байдаг.
1909 онд эцэг өвгөн ноён М.Пүрэвжаваас хэргэм залгамжилж хошуу ноён болсон
Монгол Улсын цэргийн тэргүүн сайд, гаалийн хэргийг ерөнхийлөн шийтгэгч сайд
П.Доржцэрэн төр засгийн өндөр алба хашихын сацуу эцэг Пүрэвжавын нутаг орондоо
бий болгосон их хурдыг эрхэмлэн хүлгийнхээ угшлыг сайжруулах зорилгоор Англи
улсын Ларсоны пүүсийн Шанган морин уралдаанаас эрлийз морь худалдан авч
байсан баримт байдаг.
Нутгийн эрхэм дүү нар үүнийг бас санаж, адууныхаа удам угшлыг байнга сэлбэн
сэргээж, сайжруулахын чухлыг эрхэмлэн буй нь магад биз ээ. Нутгийн дүү нарын
санасан бүхэн сэтгэлчлэн бүтэж, монгол наадмын түмэн эхүүд уяан дээр чинь үүрсэж,
унасан хүүхэд, уясан эзэн, нутгийн зон олон, монгол түмнээ үеийн үед баясан
цэнгүүлж явахын ерөөл талбия.
... Галшарын хурдан хүлэг нь
Гал бутаргах туурайтай нь үнэн
Газар цавчлах шандастай нь үнэн
Тураг сайхан биетэй нь үнэн
Төрийн наадамд түрүүлдэг нь үнэн
(ерөөлч, магтаалч Агваанжамбалын магтаалаас) билээ.
Нутгийн хүү, яруу найрагч
Гомбо-Очирын Нэргүй