Монголын Бурхан шашинтны төвийн тэргүүн IX Богд таалал төгсчээ

Сэтгүүлч О.Ариунбилэг

2012-03-01 11:38 GMT+8

Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн, IX Богд Жавзундамба хутагт Жамбалнамдолчойжижанцан өнгөрсөн шөнө таалал төгсчээ.

IX Богд насан эцэслэсэнтэй холбогдуулан Улсын комисс байгуулж, комиссыг БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр даргалж байгаа ажээ.

Монголын Бурхан шашинтны төвийн тэргүүнээр залраад удаагүй байсан IX Богд Жавзундамба нь XVI жарны харагчин бичин жил буюу 1932 онд Төвдийн Лхас хотын ойролцоо Томсиг гэдэг газар эцэг Лувсанжамбал, эх Янжинлхамын гэрт төржээ.

Түүнийг 4 настайд нь XIII Далай ламын тамга түшиж байсан Радэн ринбүүчи, Найчүн Чойжин нар Халх Монголын наймдугаар Богд Жэвзүндамбын хойд дүрийн хувилгаан мөн хэмээн тодруулсан байна.

IX Богд Жэвзүндамба хутагт нь 8 настайдаа Радэн ринбүүчи Түвдэнжамбал-Ишээс гэцүл сахилыг хүртэж Жамбалнамдолчойжижанцан хэмээх алдартай болжээ. Тэрээр долоон настайгаасаа 21 нас хүртлээ Брайвун Гоман дацанд шавилан сууж гэвш Агваанчойдан, Халхын гэвш Дашжамц, Буриадын дүлба хамба Түвдэнням тэргүүтэн лам нарыг “Үндсэн багш”-д шүтэж буддын гүн ухаанд суралцжээ.

Хутагт бээр Ү Далай лам Лувсанжамцын үед Дагданпунцаглин хэмээн нэрлэгдэж байсан дээд дүрийнхээ хувилгаан Жонон Дарнатын хийдэд 29 хүртлээ Бурханы шашны тарнийн гүн ухааныг судалсан байна.

Улмаар IX Богд Жэвзүндамба хутагт 1961 онд БНЭУ-д дүрвэн гарч Даржаалин, Масури, Мадъяа Парадеш зэрэг газруудад оршин сууж байгаад Дээрхийн Гэгээнтэн XIV Далай ламын тааллаар 1991 онд Дармасала хотод суурьшжээ. Түүнийг 1992 онд Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Халхын Жэвзүндамба хутагтын IX дүрийн хувилгаан мөн болохыг баталгаалжуулж өөрийн гарын үсэг бүхий батламж бичгийг өргөсөн байна.

Түүнээс хойш Энэтхэг улсын Дармасала хот дахь Дагдан өргөөндөө заларч байгаад 2010 оноос Монгол орноо заларчээ.

Амьд ахуй цагтаа Монголдоо эргэж төрнө гэж айлдсан талаар улсын комиссыг ахлаж буй БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр мэдээлж байна.

Гандантэгчинлэн хийдээс 14.00 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийх ажээ.

М.Жаргал

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилгаар нэр бүхий 27 гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах шаардлагатай гэж үзэн, тогтоолын төсөл өргөн барилаа. Таны бодлоор Засгийн газрыг огцруулах нь зөв үү?
Нийт 737 санал өгсөн байна.

Дээшээ