Ирэх сарын 1-нээс тамхи татаж болохгүй газрууд...


2013-02-21 14:47 GMT+8

Ирэх сарын нэгнээс бүх нийтээрээ “тамхичид”-ын эсрэг “босч” нийтийн эрүүл мэндийг хамгаалахаар болсон билээ.

Тамхины эсрэг энэхүү хуулийн шинэчилсэн агуулгын дагуу хаана тамхи худалдаалах, хаана тамхи татахыг хориглож буйг хүргэж байна.

Худалдааны хориглосон заалтууд:

-Интернэтээр тамхи худалдах
-Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метрийн дотор тамхи худалдах
-Баар, цэнгээний газар тамхи худалдахыг тус тус хориглосон байна.

Харин дараах газруудад тамхи татахыг хориглоно:

-Бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл
-Олон нийтийн үзвэр, үйлчилгээний газар;
-Шатахуун түгээгүүрийн газар, шатах, тослох, тэсэрч, дэлбэрэх бодис материалын үйлдвэр, түүний нөөцийн     агуулах
-Зорчигч тээврийн буудал, зочид буудлын нийтийн танхим, тамхи татахыг хориглосон өрөө
-Нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газар
-Аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны дотоод орчин
-Агаарын хөлөг, зорчигч тээврийн галт тэрэг
-Цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, тэдгээрийн гаднах орчин, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн.

Аж ахуйн нэгж, байгууллага хуульд заасан тамхины хяналтын үйл ажиллагаатай холбогдсон зохицуулалтыг байгууллагынхаа хөдөлмөрийн дотоод журамд тусгаж, хэрэгжилтэд    нь хяналт тавьж, байгууллагын орох хаалга, хүлээлгийн танхим, хонгил, бие засах газар болон бусад шаардлагатай газарт тамхи татахыг хориглосон  анхааруулах тэмдэг байрлуулах үүргийг хүлээхээр болсон байна.

Хэрэв энэхүү хуулийн заалтыг зөрчсөн тохиолдолд,
-Иргэн: 50000 төгрөгөөр
-Албан тушаалтан: Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр
-Хуулийн этгээд: Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох бөгөөд хуулийн этгээдийн хувьд тамхи болон хууль бусаар олсон орлого болон сурталчилгааны материалыг хураах юм.

Тамхины хэрэглээ жилээс жилд өсөж, хэрэглэгчдийн нас залуужиж байгаа энэ цаг үед “Тамхины хяналтын тухай” хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтүүд үр дүнгээ өгнө гэдэгт эрх бүхий байгууллагууд итгэлтэй байгаа бөгөөд чимээгүй “тахал” тамхинаас өөрийгөө болон дотнын хүмүүсээ хамгаалахад иргэн таны оролцоо хамгийн чухал юм.

А.Сүрэн

GoGo Facebook Хуудас
 
 
Төсвийн хэмнэлт эдийн засаг тогтворжиход нөлөөлж чадах уу ?
Нийт 4737 санал өгсөн байна.

Дээшээ