Сурч чадахгүйн зовлон дээр сургууль олдохгүйн гачлан нэмэгдлээ

"НИЙГМИЙН ТОЛЬ"

2013-05-03 08:28 GMT+8

Зургаан настнуудыг зургаан дахь жилдээ сургуульд бүртгэж эхэллээ.

Сургуулийн шатаар мөлхөн гарч, ангидаа ордог дүрсгүй, дараалал хүлээж тэвчилгүй дороо бие засчихаад багшаараа өмдөө татуулж, үйлчлэгчээрээ угаалгачихдаг хээгүй, нойр нь хүрвэл тэр дороо ширээгээ дэрлээд унтчихдаг томоогүй, даалгавраа хийсэнгүй гэж зандруулсан ч үл тоох хэнэггүйчүүдийн цуваа энэ намар дахиад л үргэлжилнэ.

Сурах ёстой хичээлийн хөтөлбөр нь балчирхан тэдэнд ахадсан дарамт болох нь энүүхэнд.

Цэцэрлэгийн хүүхдийн арчилгаа шаарддаг тэднийг хичээлд сургаж зүгшрүүлэх үнэхээр хүндрэлтэй гэдгийг учир мэдэх хүмүүс халаглан ярьж сууна.

Багшийн заасан дуу шүлгийг “Ба, бэ”-гүй цээжилж, дуртай цагтаа бие засаж, нүд гялбам тоглоомон дунд тааваараа тоглож, өдөр бүр тогтмол цагт унтаж заншсан зургаан настнууд сургуулийн босгоор алхсан эхний хэдэн сардаа ёстой л зүг чигээ олохгүй туйлж өгдөг гэнэ.

Барби хүүхэлдэй, уралдааны машинаа бал үзэг, дэвтэр номоор сольсон бяцхан жаалууд сурагч болж, эрдэмд шамдаж байгаагаа ойлгохгүй байх нь олонтаа.

Сургуулийн хүрэлцээ муу, бага насны хүүхэд нэмэгдсэнтэй холбоотойгоор нэг ангид 40-50 хүүхэд хуваарилагдах тохиолдол элбэг. Энэ нь эргээд сурган хүмүүжүүлэгч болон шинэхэн сурагчдад дарамт болдог.

Төр засгийн бодлогоор зургаан нас хүрсэн бяцхан үрс маань сургуулийн хаалга татдаг болсон нь хаана хаанаа хүндрэл учруулах нь бий.

Тухайлбал, төрийн албан хаагчид зургаан настай хүүхдээ сургуульд оруулна гэхээр ажил албаа зохицуулах асуудал нэн түрүүнд босч ирдэг байна. Тэд өглөө долоон цагт гэрээсээ гарч хүүхдээ хүргэж өгөөд ажилдаа явах болдог. Гэтэл цаг нь зөрнө, өдөр авах хүн байхгүй тул цайны цагаараа гүйнэ, ингээд ч зарим нь амждаггүй.

Хувийн бизнес эрхэлдэг, зах болоод дэлгүүрт зогсож ажилладаг хүмүүс нь нялх хүүхдүүдээ эмээ өвөөд нь даатгаад орхидог. Тэд л шинэ сурагчдыг нааш цааш зөөж, сургууль гэрийн хооронд түүчээлнэ.

Үнэндээ цэцэрлэг олдохгүй болохоор сургуульд эртхэн өгсөн нь дээр гэж үздэг болохоос зургаан настай хүүхэд өгөхөд сайн болоод хүмүүс өгөөд байгаа биш, цэцэрлэг олдохгүй учир таван настай ч хамаагүй сургуульд өгье гэдэг гэнэ. Эсвэл өөрөөс нь ялгагдахгүй нэгэн дүүгээ чирч гулдраад явах нь ч байдаг.

Долоон настай сургуульд орсон хүүхдийг хамаагүй намбатай юм гэж багш нь магтаж, эцэг эх нь ч зургаатайгаас дээр юм гэж олзуурхаж байгаатай нэг бус удаа таарсан.

Энэ нь ямар нэг тайлбаргүйгээр боловсролын салбарын өмнө тулгамдаж байгаа асуудлыг хөндөөд өгч байгаа юм.

Гэтэл энэ хичээлийн жилд “Дайран дээр нь давс нэмэв” гэгчээр сурагчдад сургууль олдохгүйн гачланг хотын захын хорооллынхонд бодитоор мэдрүүлэх нэгэн шийдвэр гарлаа.

БШУ-ны сайд Л.Гантөмөр сургууль, цэцэрлэгүүдийг ирэх хичээлийн жилд зөвхөн хамран сургах тойргийнхоо хүүхдийг ав гэсэн хачин шийдвэрийг гаргаж сургууль бүхэнд даалгажээ.

Гэтэл нийслэлд цэцэрлэггүй 45, сургуульгүй 19 хороо бий. Баянзүрх дүүргийн ес, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн тус бүр найм, Сүхбаатарын долоо, Чингэлтэйн зургаа, Хан-Уулын дөрвөн хорооны иргэд ойрын хэдэн жилдээ сургууль, цэцэрлэгийн бараа харахгүй болох гээд байна.

Тэгвэл энд харьяалагддаг иргэдийн хүүхдүүд хаанахын цэцэрлэгт хүмүүжиж, хаана сургуульд сурах болж байна вэ.

Сургууль, цэцэрлэг бүр өөрийн харьяалагдах хорооны хүүхдийг л сургуульдаа бүртгэж, тэдний өмнө хаалгаа нээж, бусдынх нь нүүрэн дээр хаах юм бол огт сургууль, цэцэрлэгг үй хороонд амьдарч байгаа хүүхдүүд яах болж байна. Ийм хороонд амьдарч байгаа хохь чинь гээд “Нүдэн балай, чихэн дүлий” өнгөрөх үү. Салбар хариуцсан Сайд аа.

Улаанбаатарт шинээр 232 цэцэрлэг барьж, хүүхэд байлгах аргагүй болсон 51 цэцэрлэгийг нураан буурин дээр нь шинийг босгох шаардлагатай гэдэг судалгааг мэргэжилтнүүд гаргасан байгаа.

Өнөө жил 92 цэцэрлэг, 75 сургууль шинээр ашиглалтад оруулж, нурах дөхсөн 18 цэцэрлэг, 20 сургуулийг нураан, шинээр барих төлөвлөгөөг БШУЯ гаргасан ч энэ жил амжина гэхэд итгэх аргагүй нь нүдэнд ил .

Зарим сургууль хүүхдүүдэд элдэв дарамт шахалт өгч байна гэнэ. 40-р сургууль гэхэд л хүүхдүүдээс мөнгө нэхсэн, мөн таван сарын 10-нд багтааж бүртгүүлэхгүй бол дүрэмт хувцас, ном өгөхгүй хэмээх зарыг үүдэндээ бичиж тавьсан тухай мэдээ ирж байна.

А.Байгалмаа

GoGo Facebook Хуудас
 
 
Та хувийн эмнэлэгт хүүхдээ үзүүлэхдээ сэтгэл хангалуун байдаг уу?
Нийт 2486 санал өгсөн байна.

Дээшээ