Шинжлэх ухааны академийн Археологийн Хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид энэ сарын эхээр Сүхбаатар аймгийн Түвшинширээ сум, Дэлгэрхаан уулын орчимд эртний Түрэгийн язгууртны дурсгалт газар очиж ажиллажээ.
2011 онд энэ газар археологийн авран хамгаалах хайгуул хийх явцдаа олон хөшөө, цэцэг хээ дүрсэлсэн хавтан бүхий цогцолбор дурсгалын хөшөөнөөс түрэг бичээс илрүүлжээ.
Ингээд энэ оны зургаадугаар сарын 5-10-ны өдрүүдэд тухайн гэрэлт хөшөөнөөс цаасан хэв авчээ. Археологийн бүрэн судалгаа хийгээгүй учраас тандалт судалгаагаар 10 гаруй хөшөө байна гэж тогтоогоод байгаа гэнэ.
Одоогоор хөрсөн дээр ил байгаа хоёр хөшөөнөөс хэв аваад үзэхэд нэг нь бичээстэй болох нь тодорхой болсон бөгөөд тэрхүү бичээс нь эртний Түрэгийн язгууртанд зориулсан байсан нь тодорхой болжээ.
Ингээд зургаадугаар сарын 12-18-ны хооронд Осакагийн их сургуулийн профессор Такаши Осаватай хамтран энэ бичээсийг тайлж уншиж, урьдчилсан тайлан судалгаа хийсэн байна. Эрдэм шинжилгээний ажилтан Р.Мөнхтулга “судалгааны үр дүнгээс үзэхэд гэрэлт хөшөө нь хааны дараа орох том язгууртан хүнд зориулсан гэдэг нь тодорхой байна. Үсгийн зурлага, дотор нь гарч байгаа үг болон хөшөөний хэмжээ том байгаа нь харагдаж байна.
Зөвхөн хоёр хөшөөнөөс хэв аваад үзэхэд нийтдээ 20 мөр 2832 үсэг, 646 үг, 30-аад тамга гарсан тул энэ нь маш том язгууртанд зориулсан дурсгал гэдэг нь ойлгомжтой. Мөн тоосгоны жижиг хэлтэрхий гарсан бөгөөд тахилын сүм байх магадлалтай. Энэ нь VIII зууны эхэн хагас үеийн Монголын дорнод хэсгийн түүхийн чухал сурвалж болсон дурсгал гэдэг нь тодорхой болсон” гэлээ.
Бичээсүүдийг эртний түрэг бичгийн хэлээр туурвижээ. Дурсгалын эзэнд зориулан ":ebim e:", ":begim e:", ":yerim e:" буюу "орд гэр минь ээ", "ноён минь ээ", "нутаг минь ээ" гэх зэрэг тахилын үгсийг маш олон давтан сийлсэн байна.
Нас барсан ихэс язгууртанд зориулсан уг тахилын онгоныг байгуулах ёслолд оролцохоор ирсэн овог аймгийн язгууртнууд хөшөөнд тамгаа сийлсэн бололтой. Дэлгэрхааны дурсгал дахь хоёр хөшөөнөөс бичээс, тамга, нэг хөшөөнөөс тамга илэрсэн ба цаашид ч бусад 10-аад чулуунаас бичиг, тамга илрэх төлөвтэй байгаа нь энэ дурсгалыг нэг хүнд бус ураг төрлийн ойрын холбоо бүхий хэд хэдэн хүнд босгосон байж болохыг илтгэж байгаа гэнэ.
“Өөр бусад бичээстэй хөшөө гарч ирвэл илүү үр дүн өгөхөөр байгаа нь илэрхий байна. Түүнээс үүдээд ямар том дурсгал, ямар ач холбогдолтой дурсгал вэ гэдэг нь харагдах юм” хэмээн эрдэм шинжилгээний ажилтан Р.Мөнхтулга хэллээ.
Одоогоор уг дурсгалт газрыг улсын хамгаалалтанд аваагүй байгаа бөгөөд урьдчилсан судалгааныхаа үр дүнг ССАЖЯ, БШУЯ-нд танилцуулахаар бэлтгэж байгаа аж.
А.Цацрал