“Манай аав намайг хот руу сургуульд явуулахгүй гэсэндээ хүнтэй суулгах гэсэн байгаа юм. Тэгэхээр нь би зугтаачихсан. Өнөөхтэй нь уулзаа ч үгүй. Тэгээд би энүүнд “чам руу л очих гэж тэгсэн байна ш дээ” гэж хэлээд байгаа юм” гэж яриад л Д.Бүндэн гуай учиргүй инээнэ. Эхнэр нь болох Л.Дуламжав гуай инээмсэглэж “шал хамаагүй юм яриад” хэмээн ичингүйрнэ.
Энэ бол тоонот гэрт толгой холбож, тостой тогоонд хошуу холбосноор 61 жилийг ардаа үдсэн Монгол Улсын нэгэн өрх айлын эзэн, эзэгтэй хоёр.
Д.Бүндэн гуайг “сурах бичгийн Бүндэн” гэвэл боловсролын салбарынхан андахгүй. Бага ангийн тооны сурах бичгийг энэ хүн 40 гаруй жил зохиосон гэж үзвэл бидний үеийнхэн бүхэлдээ энэ хүний “ухаанаас” суралцсан гэж хэлэхэд буруудахгүй.
Харин эхнэр Л.Дуламжавын хувьд гэвэл хамгийн залуу буюу 32 насандаа Алдарт эхийн I одонгийн эзэн болсон, анх удаа Монгол дээлний эсгэлт загварыг гаргасан, анхны хувцас загварыг үзүүлсэн гээд олон зүйл бий. Тэрээр 18-р сургуульд насаараа хөдөлмөрийн багш хийж, 1985 онд тэтгэвэрт гарчээ.
Ингээд наян насыг давсан хоёр буурайтай хийсэн ярилцлагаа хүргэе.
АМЬДРАЛЫГ УУРААР ШИЙДДЭГГҮЙ
-Өнөөдрийг хүртэл 61 жилийг хамтдаа өнгөрүүлээд байгаа та хоёр минь анх хэдэн онд, хэрхэн гэр бүл болсон талаараа сонирхуулахгүй юу?
Д.Бүндэн:
-Би Өвөрхангайн, манай энэ Говь-Алтайн хүн. Багшийн сургуульд гурван жил сурахдаа сүүлийн хоёр жилд нь энэ хүнтэй танилцаж, үерхсэн юм. Сургуулиа төгсөөд л би нутаг руугаа аваад явсан даа.
Л.Дуламжав:
-Манай Бүндэн Багшийн сургуулиа улаан дипломтой төгсөөд Их сургуулийн тооны ангид шалгалтгүйгээр орох эрхтэй болсон юм. Тэр үед бид хоёр хамт байхаар болсон байсан ч Улаанбаатар хотод орон сууцгүй болохоор хоёулаа хөдөө явахаар шийдсэн. Багшийн сургуулийн захирал маань “Их сургуульд орох эрх авчихаад сургуульд орохгүй гэлээ” гэж уурлаад улаан дипломыг нь шидэж өгч байсан юм. Би ч бас Орос хэлний дээдэд орох боломжтой байсан ч хоёулаа хөдөө амьдрахаар явсан даа. Энэ 20 настай би 18 настай сууж, Өвөрхангай аймагт очиж анхныхаа хүүхдийг Бүрд суманд төрүүлж байлаа.
-Тэгэхээр та хоёр чинь хамтдаа амьдрахын тулд улаан дипломоо хүртэл “золиослоод” хөдөө явчихсан хүмүүс юм аа?
Д.Б -Хэхэ тэгэлгүй яахав. Аймгийн төвд очиход аав гэр барьж өгөөд ханхай гэрт амьдралаа эхэлж билээ. Дуламжавыг аав ээж нь сургуулиа төгсөөд хүрч ирнэ гэж бодсон байх. Тэгсэн охиныг нь өөр хүн аваад Өвөрхангай явчихсан.
-Өө бүр гэртээ харилгүй шууд явчихсан хэрэг үү?
Д.Б -Тэгсэн, их хөгийн юм болсон хэхэ. Хөөрхий аав нь Говь-Алтайгаас Баянхонгороор дамжиж манайд ирдэг юм байна. Охиныгоо ямар хүнтэй сууж, ямаршуу амьдарч байна гэж бодохгүй юу, зайлуул. Манайд хэд хоног байж миний шинж байдлыг үзэж гайгүйхэн сэтгэгдэлтэй болоод “Ингээд амьдар” гэсэн янзтай буцаад явсан. Тэрнээс жилийн дараа ээж нь бас хүрээд ирж байгаа юм. Бид хоёр аймгийн төв дээр нэг жил багшилчихаад Бүрд суманд би бага сургуулийн эрхлэгчээр, Дуламжав багшаар томилогдож очсон байсан. Тэгсэн ээж нь замын унаанд дайгдаад олоод ирж байгаа юм. Хүний ээж, аав гэж тийм л байдаг. Бас л хэд хонож намайг шинжиж шалгаж байгаад буцсан даа.
-Та чинь ерөөсөө бэр гуйгаагүй “том толгойтой” хүргэн байна шүү дээ. Шууд охиныг нь аваад явчихдаг?
Д.Б-Харин тийм. Тэгээд хойноос нь аав, ээж нь цувж ирж байхгүй юу. Бид хоёр аймгийн төвд нэг жил, Бүрд суманд хоёр жил болсон. Өвөрхангай аймгийн Бүрд сумын ард түмэн их сайхан хүмүүс. Бид хоёрыг тун сайхан хүлээж авч, их тусалж дэмжсэн.
-Хэдэн он юм бэ?
Д.Б -1953 онд төгсөөд 1956 он хүртэлх хугацаа юм. Хамгийн том охин маань Бүрд суманд төрсөн. Бид хоёр Багшийн сургуулийг төгссөн дунд мэргэжлийн хүмүүс учраас алсдаа дээд сургуульд орох гэж хот бараадлаа. Ар өврийн хаалга хэрэглэж байж 1956 онд хотод орж ирсэн. Хот орж ирээд Дуламжав 18-р сургуульд ажилд орж, би Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтэд орсон юм. Тэгээд удалгүй Москва руу Сурган хүмүүжүүлэх ухааны дээд сургуульд дөрвөн жил сурахаар явсан. Дуламжав энд ганцаараа олон хүүхэдтэй үлдсэн дээ.
-Хэдэн хүүхэдтэй?
Д.Б -Өө, ерөөсөө Бүрдээс эхлээд л гараад байсан. Юу билээ, Дуламжав аа? Бүрд суманд үндсэндээ хоёр хүүхэд байх аа?
-Ммхм.
Д.Б -Тэгээд бусад нь жил өнжөөд шахуу төрсөн. Тэр үед манайх “бараанк”-ын байшинд байлаа. Нүүрс түлнэ, модоо зөөнө. Тэр олон хүүхдийг цэцэрлэгт өгнө, авна гээд л ажил нь мундахгүй. Энэ бүхэнд Дуламжавын төрсөн дүү нар, манай дүү нар их тус болсон.
-Та олон хүүхэдтэй үлдсэн эхнэртээ их санаа зовж байсан байх даа?
Д.Б -Би өвлийн болон зуны амралтаараа ирж очоод л учир нь олдоно. Тэр хол гадагшаа явж сурдаг нь үнэндээ ирээдүйгээ л харсан хэрэг. Тэгээд ард талд дүү нарын их том найдвар байсан болохоор зоригтой явж байгаа юм.
-Дуламжав эгч ээ, та олон хүүхдээ ганцаараа харж байсан гэлээ. Хэдэн хүүхэдтэй байсан юм бол?
Л.Д:-Бүндэнг сургуульд явахад би дөрвөн хүүхэдтэй үлдсэн. Том нь найм, есөн настай байсан байх. Бага нь ой л өнгөрч байсан. Бүндэнг ирж очин суралцах хугацаанд бас гурав дөрвөн хүүхэд төрүүлсэн. Би 19-тэй анхныхаа хүүхдээ гаргаад 32 насандаа найм дахь хүүхдээ төрүүлсэн. Тэр үед Бүндэн сургууль төгсөж байсан юм. Найм дахь хүүхдээ төрүүлэхэд хамгийн залуу найм дахь хүүхдээ төрүүлж байна гээд радио, телевизээр сурталчлаад, раойны намын хороо дуудаж намайг үг хэл гэж загнаад. Тэгсэн манай ажлынхан “дахиад олон хүүхэд гаргана гэдэг үүрэг амлалт ав” гээд шоолохоор нь би ичиж уйлаад, өнөө намын хорооны даргадаа “би ер нь үг хэлж чадахгүй” гэсэн чинь дарга нар “чамайг хамгийн залуу нэгдүгээр одон авч байна гэж үг хэлэх бололцоо олгоод байхад чи юундаа дургүйлхээд байгаа юм. Чи заавал хэлэх ёстой. Монгол улс даяараа чи хамгийн залуу нэгдүгээр одон авч байна” гээд л хөглөж байлаа. Тэр үед хүүхдээ төрүүлээд 45 хоноод ажилдаа ордог байсан. Ажилдаа орчихоод хүүхдүүдээ хоёр цаг болоод л цэцэрлэгт нь очиж хөхүүлнэ.
-Санаанд багтамгүй юм. Та их ядардаг байсан уу?
Л.Д:-Ядрах зав байгаагүй. Миний гавьяа хүүхдүүддээ ханиад ч хүргэж үзэлгүй өсгөсөн дөө.
-Нууц нь юу байна?
Л.Д:-Цагаан цуу ямбуу тэр үед хямдхан байсан. Тэгээд би олон метр цуу ямбуу авчихаад тэрэн дээрээ мөлхүүлдэг байлаа. Ариун цэвэр сайн сахидаг л гэсэн үг.
Тэгээд шөнө нь конспектоо бичнэ, дэвтэр засна, үзүүлэнгээ хийнэ. Хүүхдээ хөхүүлж арчилна ёстой л зогсоо зайгүй ажилладаг байлаа. Хүүхдүүдийнхээ хувцас, куртикийг ч бас өөрөө л оёчихно. Гэсэн ч ажлаа ерөөсөө тасалдаггүй, чөлөө авдаггүй.
-Та Бүндэн ахыг “ийм олон хүүхэдтэй байхад заавал гадаадад сураад байхдаа яахав” ч гэдэг юм уу, ер нь дэргэд чинь байхгүй болохоор уурлаж бухимдаж байсан уу?
Л.Д:-Үгүй ээ, манай ээж их тайван хүн байсан. Ээж маань “амьдралыг уураар шийддэггүй. Ууртай хүн хэзээ ч зөвддөггүй” гэж хэлдэг. Бухимдах юм гаралгүй яахав. Гэхдээ тэгээд уураа бусдад гаргаад байна гэдэг буруу. Бид хоёр хүүхдүүдээ ч харааж загнаж үзээгүй. Хөгшиндөө ч гэсэн уурлаад бухимдаад байдаггүй. Хуралтай оройтоод ирэхэд нь ч хоолыг нь манаж сууж байгаад л өгдөг байсан.
-Таныг сургуулиа төгсгөж ирэхэд дахиад нэг хүүхэд төрж, есөн хүүхэдтэй болж. Та найман хүүхдээ өсгөлцөхөд тийм ч их хувь нэмэр болж чадаагүй юм чинь ес дөх хүүхэд дээрээ ёстой сайн тусалсан байх даа, яасан бол?
Д.Б -Би ирээд Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэндээ ажилласан. Миний ажил бас хөдөө явдаг ажил байлаа. Хөдөө явж багш нарт туслалцаа үзүүлнэ. Нэг явахдаа 45 хоногоор жилд хоёр удаа явна. Тэгээд хүүхдүүдийнхээ дэргэд байж чаддаггүй. Намайг хүүхдүүд маань их санана. Намайг хамгийн их санадаг чинь хэд дэх нь билээ?
Л.Д:-Найм дахь нь...
-Хэн юм бол оо найм дахь хүүхэд нь?
Д.Б -Отгонцэцэг байхгүй юу. Тэр санахаараа халуурдаг. Манай хүн албан газарт очиж “хүүхэд маань аавыгаа санаад халуураад байна яах вэ” гэж хандсан байгаа юм. Тэгэхээр албан газраас гэрт очиж шалгана. Тэгээд манай охин намайг очихоор л халуун нь буугаад зүв зүгээр болчихдог байсан юм.
ХАМТЫН АМЬДРАЛАА ЭХЛҮҮЛЖ, ГЭР БҮЛЭЭ БОСГОСОН ХҮМҮҮСТ ЭД МӨНГӨНИЙ АСУУДАЛ БОЛ ЮУ Ч БИШ
-Энэ 61 жилийн хугацаанд та эхнэртээ өгсөн хамгийн том бэлэг нь юу вэ? Яаж баярлуулж байв?
Д.Б -/инээв/ Мэдэхгүй... одоо санахгүй байна.
Л.Д:-Яагаав өнөө хойно байхдаа чулуун шигтгээтэй ээмэг, бөгж, зүүлт өгсөн ш дээ. Одоо хүртэл надад байдаг.
Д.Б -Хойно байхдаа би хятадын том улаан алчуур аваачиж зардаг байлаа. Тэгээд тэрнийхээ мөнгөөр авчирсан байх л даа. Түүнээс 60-хан рублийн стипенд авдаг байсан юм чинь. Тэгээд энэ хүнд гутал гэх мэтийг авчирнаа авчирна.
Л.Д:-Гэхдээ л хамгийн үнэтэй нь тэр ээмэг зүүлт байсан.
-Та нөхөртөө ямар бэлэг өгч байсан бэ?
Л.Д:-Би харин тэр алчууруудыг нь авч өгнө.
Д.Б -Өө надад бүр шарсан гуя хүртэл өгч явуулдаг байлаа шд.
-Хойно байснаасаа хойш амьдралынхаа хугацаанд тэгвэл юу бэлэглэсэн юм бэ?
Д.Б -Өө тэр яахав... Тэрэн дээр бид хоёр тэгж сүйд болоод байдаггүй. Ярьж хөөрч байгаад л гэртээ хэрэгтэй юмсаа авчихдаг. Тэр тийм сүйдтэй асуудал биш.
-Гэр бүлийн төлвлөгөө гэж байдаг. Хоёулаа амьдралынхаа тэдэн жилд тийм болно шүү, тийм юм авна шүү гэж төлөвлөж байсан уу?
Д.Б:-Үгүй тийм юм төлөвлөөгүй. Ер нь нэг орон сууцтай больё гэж л хоёулаа ярьдаг байсан. Тэгээд ажлаас орон сууц өгсөн. Мөнгө хураасан бол хурааж болохоор л байсан. Гэхдээ бид хоёр хүүхдүүддээ сайхан хоол унд авч өгч байгаагаараа л амьдардаг байсан. Хүн ер нь шуналгүй амьдарвал зовлонгүй байдаг. Юманд шунаад ирэхээрээ л зовлонгоо дууддаг.
-Эд материалын бэрхшээлийг даван туулж чадахгүй салж байгаа гэр бүлүүд бас байна. Ийм тохиолдолд гэр бүлүүд яаж хамтдаа даван туулах ёстой юм бэ?
Д.Б -Ухаалгаар хандах хэрэгтэй шүү дээ. Хоёулаа амьдрах гэж үнэн бодож л байгаа юм бол эцсээ хүртэл үзээд алдах хэрэгтэй. Тэмцэх хэрэгтэй. Хамтын амьдралаа эхлүүлсэн, гэр бүл босгосон хүмүүст эд мөнгөний асуудал бол юу ч биш юм шүү дээ.
ААВ ЭЭЖ НЬ ЭВТЭЙ БАЙХ ГЭДЭГ ГЭР БҮЛИЙН НЭН ТЭРГҮҮНИЙ АСУУДАЛ
-Танай гэр бүлийн эрхэм нандин зүйл нь юу вэ?
Д.Б -Аав ээж нь хоорондоо эвтэй байх гэдэг нэн тэргүүний асуудал. Гэр бүлийн хоёр хүн хоорондоо эв дүйтэй, үлгэр жишээч байх ёстой. Ялангуяа манай хүн хоол унд хийх, хувцас оёх, цэвэрч нямбай байх гээд хүүхдүүддээ сайн үлгэр жишээ үзүүлэгч. Энэ талаар нь би их үнэлдэг. Би бол хичээл ном давтахад нь үлгэр үзүүлэхийг боддог.
-Дуламжав эгч ээ, Та 32 настайдаа найман хүүхэдтэй болсон гэхээр их залуухан байж. Залуу хүмүүс чинь болзох, хамтдаа зугаалах, кино ший үзэх гээд л “асуудлууд” бий. Зав гардаг байсан болов уу?
Л.Д:-Завгүй байсан ч гэсэн хүүхдүүдээ харуулчихаад л концерт үзнэ, театрт юм үздэг л байсан.
-Хүүхдүүд нь одоо бага нь хэд, том нь хэдтэй вэ?
Л.Д:-Том нь 56-тай, нас бардаг нь 58 хүрсэн байх байсан. Бага нь 48-тай одоо Солонгост байгаа. 12 ач, зээтэй. 6 гуч, дөчтэй.
-Бүндэн ахаа, хүүхдүүд нь хэдий дөч, тавь гарсан ч гэсэн хүүхдүүдээ санана биз?
Д.Б -Би охин хүүхдүүдээ л санадаг. Эрэгтэй хүүхдүүдийг нэг их тоодоггүй. Охин хүүхэд гэдэг чинь их хэцүү, өрөвдмөөр байдаг. Энд тэнд яваа охидуудаа л их бодно.
-Монгол хүүхдүүдэд суран бүсний амт хэрэгтэй, чангалж байхгүй бол болохгүй гэдэг дээ. Сурган хүмүүжүүлэгч хүн таны хувьд та юу бодож байна?
Л.Д:-Тийм юм байхгүй. Манай хүүхдүүд зодуулах нь бүү хэл загнуулж ч үзээгүй. Тийм байлаа гээд хүмүүжилгүй болно гэж байхгүй.
-Залуус бол 61 жил суусан гэхээр “нэг нэгнээсээ уйдахгүй юм байх даа” гэж л асуух байх шүү?
Д.Б: -Харин ч нэгэндээ улам дасчихдаг юм. Улам л биенийгээ бодно.
Л.Д:-Нүднийхээ харцаар л ойлголцчихдог болно. Уурлалаа гэхэд л дуугүй болчихно.
-Л.Дуламжав эгчийг уурлачихаар та яаж аргаддаг вэ?
Д.Б: -Аяндаа зүгээр болчихно хэхэ. Тэгээд маяглаад байдаггүй. Нэгнээсээ хол байж чадахгүй болчихдог. Хөгшний маань хийсэн гурилтай шөл л надад хэрэгтэй. Өөр хүний хийсэн хоолонд хоолшихгүй. Ийм л жишээтэй.
-Сүүлийн үед хүмүүс бие биедээ хайртай гэж их хэлж байх хэрэгтэй гэж ярих болж. Та хоёр бие биедээ энэ үгийг хэр их хэлдэг байв?
Д.Б: -Бид хоёр тийм юм ерөөсөө ярьдаггүй. Тийм налиганасан юм байхгүй.
-Та 18-хан настай сайхан охинтой танилцаж үерхэж байхдаа хэлдэг л байсан байх даа?
Д.Б: -Тэр үедээ яасан л биз... Одоо яаж ч байсан юм бүү мэд ээ. Санах юм байхгүй хэхэ.
-Жаран жилийнхээ амьдралыг эргээд харахад хамгийн дурсгалтай зүйл нь юу вэ?
Д.Б: -Москвад сурч байхдаа төгсөх жилээ урьсан юм. Тэр л их дурсгалтай. Москвагийн талбайгаар явж олон юм үзэж, хэд хоног хамтдаа байсан.
Л.Д:-Ази африкийн эмэгтэйчүүдийн бага хурал гэж болсон. Хотын хэмжээгээр уралдаан зарлаж тэрэнд нэгдүгээр байр эзлээд тэр хуралд урилгаар суусан. 1972 онд анхны мода өөрөө өмсөж үзүүлсэн ухааны юм уу даа. Бас далан хэдэн онд 1, 18-р сургуулиудын гэр ахуйн кабинетийг Филатова дарга шалгасан. Намайг хүүхдүүдэд заах арга, үзүүлэн сайн байна гээд “улс даяар энэ хүний туршлагыг нэвтрүүл” гэж үүрэг өгсөн. Хөдөөнөөс зөндөө багш нар захиа бичнэ. Хотын гэр ахуйн бүх багш нар ирж манай кабинетыг үзэж туршлага судална. Анхны монгол дээлний эсгүүрийг бас гаргаж байлаа. Их ажил хийсээн.
Хоёр бууралтай ийнхүү ярилцлаа. Гэр бүл гэдэг энгийн атлаа агуу нэгжээс эх орон эхэлнэ. Гэр бүлээс олсон зөв хүмүүжил эх орноо гэсэн нэгнийг бий болгоно. Сүүлийн үед гэр бүл гэх ойлголт дэндүү хэврэгхэн болсон учир бид энэхүү ярилцлагыг залуустаа онцгойлон хүргэж байна. Хамгийн эрхэм нандин, юу юунаас ч илүү үнэ цэнэтэй гэр бүлээ хайрлан хамгаалж яваарай.
Хоёр бууралдаа эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе.