М.Батчимэг: Хэвлэлийн эрх чөлөөний хууль хоёр тулгуур баганатай

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Б.Эрдэнэчимэг

2014-06-11 15:26 GMT+8

-Монголын сэтгүүл зүйн түүхэнд анх удаа доороосоо үүсгэл санаачлагатай, өдөр өдрөөр тэлсэн байгууллага бий болж байна-

УИХ-ын гишүүн М.Батчимэг өчигдөр Медиа консул Монгол клубын гишүүдтэй уулзан, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг танилцууллаа. УИХ-ын гишүүн М.Батчимэг энэ хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийг ахалсан юм.

Тэрээр, “Одоогоос жил хагасын өмнө энэ хуулийг анх хэлэлцсэн. Тэр үетэй харьцуулахад одоо хууль батлах таатай хөрс бүрджээ. Хэвлэлийн эрх чөлөөний хууль хоёр тулгуур баганатай. Нэг нь мэдээллийн хэрэгсэл өөрөө хараат бус ажиллах, нөгөө нь өөрийн зохицуулалт юм. Хууль санаачлагчид гадны туршлагыг судалсан. Герман улс сонгодог жишээ болохуйц улс. Зарим оронд хуульч, шүүгчид өөрийн зохицуулалтын байгууллагыг ахалдаг. Харин Германд цэвэр салбарынхан нь энэ системээ бүрдүүлдэг юм байна. Цаашид Өргөн нэвтрүүлгийн тухай хууль гэх мэт дагалдах хуулиуд гарах ёстой. Гэхдээ Эрх чөлөөний суурь хуулиа батлах нь дараагийн хуулиудын эх болж, дараагийн хуулиуд илүү сайн гарна” гэсэн юм.

Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн шинэчилсэн найруулгад гурван зүйлийг онцолжээ. Эдгээр нь,

-Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд төрөөс хараат бус байна.
-Редакц мэргэжлийнхээ хувьд хараат бус байна.
-Редакц хандивлагчид ивээн тэтгэгчдийн санхүүгийн хараат байдалд орохгүй зэрэг юм.

Энэ хуулиар сэтгүүлчийн эх сурвалжаа нууцлах эрхийг баталгаажуулсны сацуу Гэмт хэргийн тухай хуульд байсан “Гүтгэх” гэдэг зүйл заалтыг хассан талаар М.Батчимэг гишүүн онцолсон. Энэ нь сэтгүүлчдийн эрхийг хамгаалсан бас нэг алхам юм.

Дөрөв дэх засаглал гэж тодорхойлдог хэвлэл мэдээллийн салбар манай улсад эрчимтэй хөгжиж байгаа. Сайны хажуугаар саар зүйл ч гарч байгаа тул эрх зүйн болон ёс зүйн зохицуулалтын аль аль нь байх нь зүй. Харин дээрх хуулинд хэвлэлийн зөвлөлийг оруулах уу үгүй юу гэдэг асуулт үүсчээ. Хуулинд заан оруулснаар тухайн зөвлөл богино хугацаанд бэхжихэд нь дэмжлэг болдог сайн талтай гэнэ. Иймд “Хэвлэлийн зөвлөл” гэж бүлэг оруулан, “Хэвлэлийн зөвлөл үндэсний хэмжээнд нэг байх ба 9 гишүүнтэй байна” гэх мэтээр заажээ.   

Харин амьдрал дээр энэ зөвлөл хэдийнэ байгуулагдсан. Энэ нь Медиа консул Монгол клуб юм.

Медиа консул Монгол клубын тухайд...

2014-06-10, Хэвлэлийн хүрээлэнМедиа консул Монгол клуб энэ оны 1 дүгээр сарын 7-нд анхны уулзалтаа хийсэн юм. Үүнээс хойш 7 хоног бүр, тогтмол уулзалтыг сэтгүүлч, судлаачдын дунд хийсээр иржээ. Клубын зорилго нь Монголын Сэтгүүлчдийн эвлэлээс баталсан ёс зүйн дүрмийг одоогийн шаардлагад тохируулан шинээр батлан мөрдүүлэх юм.

Иймд өнгөрсөн зургаан сарын хугацаанд ёс зүйн дүрмийг зүйл нэг бүрээр нь хэлэлцжээ. Хамгийн анх 17 сэтгүүлч судлаач үүсгэн байгуулсан энэ клубэд одоо албан ёсоор 60 орчим сэтгүүлч нэгдсэн байна. Мөн 30-аад хэвлэл мэдээллийн салбарын холбоод дэмжихээ илэрхийлжээ.

Монголын сэтгүүл зүйн түүхэнд анх удаа доороосоо үүсгэл санаачлагатай, өдөр өдрөөр тэлсэн байгууллага бий болж байна гэж энэ клубыг санаачлагчид дүнэж байлаа. Клубын зорилго нь хараат бус, мэргэжлийн, өөрийн зохицуулалтын байгууллага бий болгох, ингэснээр иргэдийн эрх ашгийг хамгаалах юм байна.

Клубын гишүүд УИХ-ын 8 гишүүний боловсруулсан, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгатй танилцаад дараах саналуудыг хэлсэн юм.  

-Хэвлэлийн зөвлөл нь сэтгүүл зүйн ёс зүйн асуудлуудыг шийдвэрлэх өөрийн зохицуулалт бүхий онцлогтой байгууллага тул хуулиар зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулах шаардлагагүй,

-Зөвлөл төсвөөс тодорхой дэмжлэг авах. Ингэхдээ санхүүжилтийн эх үүсвэрийнхээ 40 хувийг улсын төсвөөс гаргуулах

-Төр өөрийн хэвлэл мэдээллийн байгууллага байгуулахгүй гэж заасан ч бодит амьдралд хэрэгждэггүй. ТӨХК улсын өмчит үйлдвэрийн газрууд, Аймгийн ИТХ зэргийг үүнд хамруулах,

-Уншигчдын бичсэн сэтгэгдэлд тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэл хариуцлага үүрэхгүй байх,

-Төсвөөр дамжуулан төрөөс нөлөөлөх эрсдэлтэй тул хамгаалсан заалт оруулах,

-Үйл ажиллагааг нь хязгаарлах аюултай тул зөвлөлийн талаар хэт нарийвчилсан заалт оруулахгүй байх зэрэг юм.

Монгол Улс 25 жилийн турш ардчиллаар замнасан ч одоог хүртэл хэвлэл мэдээллийн салбартаа өөрийн зохицуулах байгууллагагүй явж ирлээ. Иймд энэ байгууллагыг байгуулах цаг нь болсон, шаардлага ч бий гэж Медиа консул Монгол клуб үзэж байгаа юм.

Хамгийн сүүлд л гэхэд Diamond press бүлгийн гишүүд агентагуудаас тус бүрээс нь 10 сая төгрөг авч, шилдгээр өргөмжилсөн ёс зүйгүй үйлдэл гарсан. Үүний өмнөхөн УИХ-ын чуулганд гишүүд “Хаалтын гэрээ”-ний талаар ил тод мэтгэлцсэн. Тэгэхээр сэтгүүлчдийн одоо мөрдөж буй Ёс зүйн дүрмийг шинэчлэх шаардлага зайлшгүй байна.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 487 санал өгсөн байна.

Дээшээ