“Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах” гэх нэрийг та манай сайтаас олон удаа уншсан биз ээ. Хаа холын АНУ-аас сэтгэл зүрхнийхээ үгсийг уншигчдад хүргэж суудаг энэ хүнтэй Вашингтон хотноо очих үеэрээ таарсан юм. Гадаадад сурч, ажилладаг олон монгол залуусаас ярилцлага авч монголчууд хэрхэн дэлхийн тавцанд үнэлэгдэж буйг хүмүүст хүргэж чадсан тэрээр “Монголчууд Америкт” номынхоо хоёр дахь хэвлэлтэнд бэлтгэн сууна. Харнууд овогт Гомбосүрэнгийн Галбадрах:
- Завхан аймгийн Завханмандал суманд төрж, өссөн.
- Завханы Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн сургуулийг 1975 онд, УБДС-ийг зураг-шугам зургийн багшийн мэргэжлээр 1979 онд төгссөн.
- Завхан аймгийн Булнай, Тосонцэнгэл, Сонгино сумуудад багш, захирлаар ажиллаж байсан.
- АНУ-д Вашингтон ДС хот орчимд буюу Виржина мужид амьдардаг.
- “Гала интерпресс корпорэйшн” компанийн захирал
- “Монголчууд америкт” номыг 2012 онд бүтээсэн
- Одоогоор 400 гаруй нийтлэл, ярилцлага нийтлүүлээд буй
- “АНУ дахь онцлох 10 монгол хүн”-ий нэгээр хоёр жил дараалан шалгарсан
- Зохион байгуулдаг үйл ажиллагаа:
- -АНУ-д сурч буй оюутнуудын дунд “Надад хэлэх үг байна” илтгэлийн уралдааныг жил бүр
- -"АНУ дахь монголчуудын уран үгсийн чуулган" дэмжигч, зохион байгуулагчаар
САЙХАН СЭТГЭЛ, САЙН ҮЙЛ АСАР ХУРДАН “ХАЛДВАРЛАДАГ”
Галаа ахаас манай сайтад ярилцлага өгөөч гэсэн гуйлтыг минь зөвшөөрлөө. Гэхдээ нэг болзолтойгоор. Тэрээр “би хүмүүстэй ярилцлага хийхдээ ширээний ард хоёр цаг суугаад болчихдоггүй. Хийж буй ажлыг нь үзэж, өдрийг хамтдаа өнгөрүүлж, багагүй хугацаанд ярилцдаг. Надтай ч бас ингэж л ярилцлага хийгээсэй гэж хүсч байна” гэлээ. Мэдээж би зөвшөөрлөө. Түүний чулууны бизнесийн ажил өглөө 08.30 цагт эхлэх аж. Өдрийн турш нэг хотоос нөгөө хот руу давхиж, бэлдсэн чулуунуудаа баригдаж буй барилгууд руу зөөнө. Мөн ажилтан залуустаа ажлынх нь чиглэлийг өгнө.
-Таны бичсэн нийтлэл, хийсэн ярилцлага хүмүүст маш их хүрдэг. Ялангуяа сайхан сэтгэлийг, сайн үйлийг уриалсан бичлэгүүд чинь...
-Миний хийсэн ярилцлагын нэвтрүүлгийг үзсэн, нийтлэлийг маань уншсан 10 хүний хоёр нь л өөртөө нэг бодолтой үлдсэн байхад надад хангалттай. Тэр хоёр хүн цаашаа хоёр найздаа хэлнэ. Хүмүүс нэгэндээ урам хайрлаж, сайхан сэтгэлээр үлгэрлэдэг байх ёстой. Сайхан сэтгэл гэдэг чинь асар түргэн халдварладаг юм.
-Та ярилцлагаа хийгээд сууж байхдаа юу боддог вэ?
-Ерөөсөө асуулт боддоггүй. Ярилцагчийнхаа нүдийг л хардаг. Зүгээр л яриад байдаг хүн үү, эсвэл үнэхээр сэтгэл зүрхэндээ шатаж явна уу. Энийг харцнаас нь мэддэг. Хэрвээ асуулт асуувал тэр хүн асуултанд л хариулна. Илүү зүйл ярихгүй. Тэгээд дараагийн асуултыг хүлээнэ. Тэр хүний дотоод сэтгэлийг гаргаж бусдад ойлгуулахгүй юм бол ярилцлага хийсний үр дүн яаж гарах билээ. Ярилцаж байгаа хүн маань "Хэн юм бэ?" гэдэг л хамгийн чухал зүйл.
Тухайн ярилцагчтайгаа хамтдаа өдрийг бүтэн өнгөрөөж, хийж байгаа ажил төрөлтэй нь танилцдаг. Хэрвээ тэр хүний гоё сайхан яриаг нь чагнаад л ярилцлагыг нь оруулчихвал их аюултай. Ярилцлага худлаа байж болохгүй. Өнөөдрийн Монголын нийгэмд хүн бүхэн гайхалтай ярьдаг болчихсон. Ерөнхийлөгчөөсөө эхлээд хорооныхоо иргэн хүртлээ бүгдээрээ гоё ярина. Хүн юу гэж ярих ёстой вэ гэдгээ сураад байна. Яаж хөгжих, яаж хийх вэ гэдгээ ерөөсөө сурахгүй байна. Ярихаасаа гадна хийж бүтээж, зорьж яваа зүйл нь хамгийн чухал. Тэгээд мэдээж сул талыг нь гаргаж болохгүй, хэтэрхий магтаж болохгүй. Хэлэх гэсэн санаагаа л гаргах ёстой. Хүмүүстэй хийсэн ярилцлагынхаа төлөө өөр хэн ч биш, зөвхөн би л хариуцлага хүлээнэ шүү дээ.
-Америкт ирснийхээ дараа анх бичиж эхэлсэн гэсэн. Чулууны үйлдвэрийн ажилчин яагаад гэнэт бичих болов?
-Америкт ирснээс хойш өнгөрүүлсэн эхний хэдэн жил үнэхээр амаргүй байсан. Хувийн амьдрал болоод бизнесийн хувьд ч тэр. Би таван хүү, нэг охинтой. Охиныгоо таван настай байхад энд ирсэн болохоор санаж бэтгэрээд маш хэцүү байсан. Ирэнгүүтээ дүүгийнхээ чулууны үйлдвэрт хар ажил хийж эхэлсэн. Зав л гарвал шаналаад байхаар нь ёстой завсар чөлөөгүй ажилласан даа. Тэгээд ажлын бус цагаараа юм бичиж эхэлсэн.
-Урьд нь та бичиж байгаагүй юм уу?
-Багш байхдаа хааяа мэргэжлийн хэмжээндээ ганц нэг юм бичиж хэвлүүлж байсныг эс тооцвол бараг л үгүй дээ. Тэр үед www.orloo.com сайт байгуулагдаад удаагүй байлаа. Тайван бид хоёр нэг орой арга хэмжээнд сууж байгаад ярилцсан юм. Тэгээд боловсролын салбарын шинэчлэлийн талаар цуврал нийтлэл бичиж өгье гэсэн санал тавиад хамтарч ажилласан. Түүнээс хойш их бага хэмжээгээр бичсээр өдийг хүрлээ.
-Одоо бол өөрийн тань хийж буй бизнес нэлээн амжилттай, та ч бас их завгүй ажилладаг юм байна.
-Энэ жил “Гала интерпресс корпорэйшн” компанийг дүүгийнхээ хамтаар байгуулаад ажиллаж байна. Одоогоор манай компанийн хийж байгаа ажил нь энэ чулууны бизнес. Бид хоёр энэ бизнес рүү ороод хэдхэн сар л болж байна. Цаашдаа их өргөн хүрээнд олон ажлыг хийх санаа бий.
-Та энд хараар ажиллаж байгаа гэсэн. Гэтэл албан ёсны бичиг баримтгүй байж яаж компани байгуулаад ажиллаад байдаг юм бэ?
-Дүү минь өөрийн бичиг баримт дээрээ тулгуурлан байгуулсан юм. Гол нь бид хууль, зарчмын дагуу л ажиллаж чадвал гадуурхагдах шалтгаан үгүй л дээ. Америкт компани байгуулаад ажиллах тийм ч хэцүү биш. Гол нь энэ их өрсөлдөөн дунд тэсч үлдэж, өөрийн орон зайгаа бий болгох гэдэг л амаргүй.
БИД ЦӨӨХҮҮЛЭЭ МӨРТЛӨӨ МУНДАГ
Галаа ах уг нь сэтгүүлч хүн биш л дээ. Тэр Mонголдоо шугам зургийн багш, дунд сургуулийн захирал байсан хүн. Америкт хийж байгаа ажил нь чулууны бизнес. “Нэг л өдөр би бичиж эхэлсэн. Амьдрал намайг бичиж сургасан юм” хэмээсэн тэрээр жирийн нэгэн бичвэрээс томоохон хэмжээний нийтлэл, ярилцлага хийх хүртлээ өсөн дэвжжээ. Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид гуай түүнийг “иргэний сэтгүүл зүйг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буй хүн” гэж хэлсэнд ихэд талархаж, энэ нь тун ч оносон тодорхойлолт хэмээн ярьсан юм. Учир нь тэрээр өөрийгөө сэтгүүлч, шилдэг нийтлэлч, зохиолч зэргээр дуудахад “ахдана” хэмээсэн.
-До.Цэнджав гуай Америкт ирчихээд, цагийн зөрүүнээс болоод унтаж чадахгүй байсан учир "Монголчууд Америкт" номыг нойроо хүргэх гээд шөнө уншиж эхэлж. Арга хэмжээний дараа бид хоёр уулзаж ярилцахад, “Би уг нь нойроо хүргэх гэж номыг чинь эхлүүлсэн боловч долоон цаг тасралтгүй уншиж дуусгалаа. Чиний ярилцлагууд үнэхээр өөр байна” гэж хэлсэн. Тэгээд “хоёр дахь номоо гаргавал редакторлоё” гэлээ. Мэргэжлийн хүнээс сонсоход сайхан үг. Хүмүүс намайг томчуудтай ярилцлага хийлээ, жирийн хүмүүстэй ярилцлага хийсэнгүй гэж зэмлэдэг юм. Би өнөөдөр Америкт байна. Монголоос сэтгүүлч зардлаа гаргаж ирээд ийм хүмүүстэй уулзаж ярилцлага хийхэд амаргүй. Нөгөө талаасаа ийм хүмүүс тэр болгон хэн нэгэнд ярилцлага өгөөд байх дургүй. Тиймээс энэ боломж давуу талаа ашиглаж энэ хүмүүстэй ярилцлага хийх ёстой. Мэдээж жирийн хэрнээ мундаг хүмүүсийн чин сэтгэлийг уудалж олон нийтэд хүргэх санаа бол бий.
-Таныг “Монголчууд Америкт” номынхоо нээлтийг их сайхан хийсэн гэж сонссон.
-Тэгсэн. Номонд ярилцлага нь орсон 35 хүндээ номын хавтас болоод өөрдийнх нь хэлсэн хамгийн сайхан үгсийг багтааж жаазлаад, гарын үсгээ зураад өгсөн. Тэр хүмүүс ханандаа бахархалтайгаар хадсан гэнэ лээ. Энэ чинь жаахан юм шиг боловч миний хувьд асар том зүйл. Номынхоо нээлтийг хийхийн тулд Чикагогоос сонгодог хөгжмийн хамтлаг авч ирж, энд тайз засаад бүх найруулгаа өөрөө хийсэн. Хоёр хөтлөгчийн нэг нь Чикаго, нөгөө нь Сиэтлээс ирсэн. Намайг үнэлж хүндэлдэг бүх л хүмүүс өөрсдөө зардлаа гаргаад, тэр их холоос ажил амьдралаа зохицуулаад ирцэгээсэн нь намайг их баярлуулсан шүү. Ер нь л тэр орой Америкт байгаа Монголын сонгодогууд цугласан даа. Монголын бахархал гэдэг утгаар нь хүн болгон чин сэтгэлээсээ дэмжиж, хамтарч хийсэн. Монголд ч миний дотны хүмүүс "Монголчууд Америкт" номны минь нээлтийг их сайхан хийсэн шүү дээ.
Номынхоо хоёр дахь цувралыг 2015 оны өмнө гаргана. Ярилцлага авахаар 30 хүн товлосноос 15 хүнтэйгээ ярилцчихсан. Долдугаар сарын 25-нд Техас, наймдугаар сард Лос Анжелес нисч дараагийн зочидтойгоо уулзахаар төлөвлөөд байгаа.
-Таны дараагийн зорилт юу вэ?
-Ирэх 2015 ондоо багтаад майкрософт, гүүгл, харвард зэрэг дэлхийн хэмжээний байгууллагуудад ажиллаж байгаа болон дэлхийн хэмжээнд үнэлэгдэж байгаа монголчуудаасаа 21 хүн сонгон цуглуулж, Монголдоо нэг уулзалт шоу хийх санаа бий. Өнөөдөр Монголд минь дутагдаад байгаа "Монгол хүн өөрөө Монголын баялаг" гэсэн санаагаа л батжуулах бодолтой.
Гадаадад амьдарч байгаа монголчуудтайгаа ярилцлага хийгээд байгаа нь гурван зүйлийг хэлэх гээд байгаа санаатай. Нэгдүгээрт, Монголын залуус та бүхэнд боломж байна. Чи өнөөдөр мөнгө, улстөр битгий хөө. Яг одоо амьдралдаа нэг зорилго тавьчихаад, түүнийхээ төлөө унаж тусаад ч хамаагүй зүтгэ. Чи тавьсан зорилгодоо хүрэхээр тэвчээртэй хөдөлмөрлөж чадвал НҮБ, Дэлхийн банк, Майкрософт гээд хаана ч ажиллаж болно. Хоёрдугаарт, Монголын төрд хандаж байгаа юм. Өөрсдийнхөө хүч боломжоор дэлхийн хэмжээнд хүрчихсэн энэ хүмүүсийг манай төр засгийнхан хөгжил дэвшилд ашиглаач. Америктаа томдоо тооцогдох эмнэлэгийн эрхтэн шилжүүлэх лабораторийн орлогч захирал, Калифорнийн удирдлагад тээврийн бодлого төлөвлөлтийг нь хариуцсан мэргэжилтэн, Харвардад багш, Америкт цөөхөн байдаг балетын төгөлдөр хуурчийн нэг, балетын бүжигчин гээд өчнөөн олон хүн байна. Гуравдугаарт, бусад Монголчууддаа хандаж битгий нэгнийгээ элдвээр хэлж доош нь хийж байгаач ээ, одоо л бие биенээ дэмжих цаг болжээ. Хүсвэл монголчууд бид бүгдээрээ мундаг байж чадна шүү дээ гэдгийг хэлэх гээд байгаа юм. Монголчууд бид гадагшаа гараад хориодхон жил болж байна. Гэтэл энд 200, 100 гаруй жил болчихсон үндэстэн олон бий. Тэдэнтэй харьцуулахад бид хориодхон жилийн дотор ийм түвшинд хүрч чадаж байна. Тийм болохоор нэгнийгээ дэмжье. Бид цөөхүүлээ мөртлөө мундаг. Үүнийгээ хүлээн зөвшөөрөөд цаашаа явья. Нэг монгол хүн дэлхийн тавцан дээр гараад ирнэ гэдэг чинь араасаа арван монголыг татах боломж гарч ирж байна гэсэн үг. Яриад байгаа уулзалт шоуг хийх зорилго нь энэ бүх санаагаа ил гаргах. Монголчуудынхаа нүдэнд нь харуулаад өөрсдөд нь мэдрүүлмээр байна. Үндсэрхэг үзэл, бахархал, үлгэр жишээ гэдэг зүйлийг жинхэнэ утгаар нь харуулах хэрэгтэй. Одоо Монголд гарч байгаа "Монгол хүн-Монголын баялаг" нэвтрүүлэг маань ч энэ санаагаар л хийгдсэн.
-"Монгол хүн-Монголын баялаг" нэвтрүүлэгтэй та яаж холбогдсон юм бэ?
-"Монгол хүн-Монголын баялаг" нэвтрүүлгийг хамтран хийх талаар продюсер Халиунбат, найруулагч Ч.Хоролдорж нар надтай холбогдон санал тавьж, дараа нь тэд Вашингтон ДС-д ирж бид уулзалдаж ярилцсан. Тэд энэ нэвтрүүлгийн санаачлагчид нь, харин би дэмжиж оролцогч нь. АНУ-аас бэлтгэсэн 8 дугаарыг би хөтөлж, тэд бэлтгэсэн. Тэд маш сайн баг. Хэдийгээр би өөрөө үзэж амжаагүй байгаа ч энэ нэвтрүүлгийг тэдэнтэй хамтарч бэлтгэж олон нийтийн хүртээл болгосондоо маш их баяртай байгаа. Энэ нэвтрүүлгийг үзэж үнэлж байгаа хүмүүсийн сэтгэгдлээс анзаарч, энэ нэвтрүүлгийг цааш нь үргэлжлүүлж олон дугаар хийх хэрэгтэй юм гэсэн бодол төрсөн. Энэ талаар бид хоорондоо ярилцаж байгаа.
БОЛОВСРОЛЫН ДЭД САЙД ДЭЭР ОРООД “НАМАЙГ ЗАХИРАЛ БОЛГООД ӨГӨӨЧ” ГЭЖ ГУЙЖ БАЙЛАА
Г.Галаа ахтай ажилладаг монгол залуус ихэнх нь АНУ-д магистр, бакалаврын зэрэг горилж байгаа оюутнууд. Чөлөөт цагаараа ажиллаж байгаа тэднээс "хичээлээ хийж амжиж байна уу, даалгавар хэр байна” гэхэд “даалгавар маш их өгнө. Гэхдээ дажгүй ээ, бид хийгээд байж амждаг" гэж хариулсан юм. Харин Монголоос дээд сургууль төгсөөд очиж байгаа залууст сэтгэл дундуур байдгаа Г.Галбадрах нуусангүй. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын дунд сургуулийн захирал асан тэрээр Монголын боловсролын шинэчлэлийн талаар есөн цуврал нийтлэл гаргажээ.
-Энд ирж байгаа зарим залуусыг хараад үнэхээр хэлэх үг олддоггүй юм. Ном уншдаггүй. Их сургууль төгссөн ном уншдаггүй хүнээр бид яах юм бэ. Ном уншдаггүй хүнтэй юу ярих вэ.
-Та Завхан аймгийн Тосонцэнгэл сумын дунд сургуулийн захирал байсан гэсэн. Захирлын ажлаа орхихдоо харамсаж байв уу?
-Монголын боловсролын салбарт дэд сайд дээрээ ороод “би захирал болмоор байна” гэж хэлж байж дунд сургуулийн захирал болсон ганц хүн нь би байх /инээв/. Тэр чинь 1991 он юм уу даа. Тэгээд захирлын ажлыг боломжийн хэмжээндээ хийсэн. Надад харамсах зүйл байхгүй. Намайг боловсролоос гарахад зарим хүн харамсаж байна гэдгээ илэрхийлж, "Монголын боловсролд гарз болсныг хүмүүс ойлгохгүй дээ" гэж хэлж байсан. Миний хувьд хийх юмаа хийсэн учраас, энэ үг л надад хангалттай санагдсан.
-Захирал байсан үеэ дурсаач гэвэл?
-Өглөө 08.00 цагт бүх багш, хүүхдүүдтэй мэндлэхээс л ажлаа эхлүүлдэг байлаа. Ингэхдээ хүүхдүүд болоод багш бүрийн нүдийг харна. Ядруу харагдвал "асуудал байна уу, гэр бүл нь зүгээр үү" гэж асуугаад ямар нэгэн зүйл болсон бол "би ажлыг чинь зохицуулья та харь" гэнэ. Ер нь аливаа ажил их жаахан юмнаас эхэлдэг юм ш дээ. Манайхан дандаа том юм ярьж дээгүүр сэвнэ. Хүмүүсээр хүндлүүлэхийн тулд эхлээд хүмүүсийг хүндлэх хэрэгтэй. Ямар ч удирдах хүн ажилтнуудаа хүндэтгэхгүйгээр дээшээ харж загначихаад яваад байвал яагаад ч хүндлэл хүлээж чадахгүй гэдгээ ойлгох хэрэгтэй. Чи өөрийгөө лаг гэж бодож байгаа бол илүү гэдгээ харуул, юм хий тэгээд эцсийн эцэст гарцаагүй хүлээн зөвшөөрүүл. Хамгийн гол нь хийж хэрэгжүүлэх гэж байгаа зүйлээ хамт ажиллаж байгаа хүмүүстээ зөвөөр ойлгуулж, тэдэнд хийх итгэл үнэмшил бий болгох нь чухал. Тэгвэл л амжилтад заавал хүрдэг. Эс тэгвэл хэцүү дээ.
-Баргийн хүнийг ажлаа өгөхөд нь “энэ салбарт том гарз гарлаа” гэж хэлдэггүй байх. Та чухам юу хийсэн болохоор тийм үг сонсох хүртэл тэр хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүрч чадсан юм бол. Зарим нэгэн ажлаасаа сонирхуулаач?
-Дэд сайд дээр захирал болмоор байна гэж орохдоо “Хамтын удирдлагатай сургууль” гэдэг төсөл бичсэн байсан. Тэр төслөө бичихдээ сэтгэлдээ төсөөлж байсан санаануудаа л ихэнхийг нь хэрэгжүүлсэн. Сайн багш нар, сайн удирдлагуудтай баг болж сайн ч ажилласан. Олон ч зүйлийг өөрчилсөн. Багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт гэж тэр үед орон нутгийн багш нар Улаанбаатар орж дэлгүүр хэсч байгаад л дуусдаг байлаа. Сургалт нь ч олигтой юм биш. Хэдэн настай багш нар сууж байнга ярьдаг зүйлээ ярьж байгаад л дүн тавиад явуулна. Тэр үед манай сургууль аньс түүж, жилийн гурван сая төгрөг төсвөөс гадуур олдог “баян сургууль” болсон байлаа. Тэгээд бид энэ сургалтыг өөрчлөхөөр шийдсэн. Заах аргын нэгдлүүддээ “та нарт хэрэг болох багшаа сонгоотох” гэсэн. Жишээ нь химийн заах аргын нэгдлийнхэн МУИС-ийн Адьяа багшийг, Физикийнхэн УБДС-ийн Батбямбыг, математикийнхан "Гавьяат багш" Маамыг, түүх газарзүйнхэн МУИС-ийн О.Пүрэвийг, монгол хэлнийхэн Боловсролын хүрээлэнгийн Баттогтохыг гэх мэтээр сонгосон. Тэгээд хот орж сонгож нэр заасан багш бүртэй уулзлаа.
“Манай сургууль ирж очих замын зардал, очоод байрлах зочид буудлыг нь төлнө. Бид та нарт мөнгө өгч чадахгүй, аньс, үхрийн мах өгнө. Та нар манай сургууль дээр долоо хоног ажиллаад өгөөч” гэхэд бүгд зөвшөөрсөн. Тэд ирэнгүүтээ манай багш нарын хичээл дээр суугаад, дараа нь хүүхдүүдээс шалгалт авч, сургалтын программ дээр ажилласан. Тэгээд “багш нарын алдаа энд байна, хүүхдүүд энэ дээр муу, энэ дээр сайн байна” гэдгийг гаргаж өгсөн. Тэр үед би “Улсын сургалтын програмыг өөрчлөөд, манай сургуульд тохирсныг гаргаад өгөөч. Хариуцлагыг нь би хүлээнэ” гэлээ. Тэгсэн бүр задраад илүү санаачлагатай, сайхан санаануудыг гаргасан даа. Жинхэнэ сургалт энэ л байсан. Багш нартаа “муу байх чинь хамаагүй, бодит түвшнээ тогтоо. Тэгээд тогтоосон түвшнээсээ ахихаа л бод, ахиснаар чинь бид ажлыг чинь дүгнэнэ” гэж хэлдэг байлаа. Түүнээс “чи хичээлээ муу зааж байна” гэж ярихгүй. Энэ бүхний хүчинд тэр сургууль минь үнэхээр сайн түвшинд хүрч чадсан. Тэр нь миний мундагийнх биш л дээ. Зорилгоо ойлгосон болохоор хүн болгоны хичээл зүтгэл шингэсэн. Одоо ч гэсэн зарим шавь нар маань фэйсбүүкээр орж ирээд багшаа таны шавь байсандаа бахархдаг шүү гэдэг.
-Хэдэн жил захирал хийсэн юм бэ?
-Би 12 жил нь багш хийгээд, сүүлийн найман жилд нь захирал хийсэн. Тэр үедээ одоогийн боловсролын салбарт яригдаад байгаа зарим шинэчлэлийг хийсэн юм. Миний амьдралын алтан үе тэр. Одоо ч би тэр үед яаж хийж байснаа бодохоор гайхдаг юм. Үнэхээр бүх сэтгэлээ зориулсан даа. Олон хүн сайн муу хэлдэг, гэхдээ бүх нийтээрээ хүлээн зөвшөөрөгдөх хамгийн том ололт нь зах зээлийн хамгийн хэцүү үед, хөдөөгийн сумын арван жилийн сургуулийг улсын хэмжээнд шилдэг сургууль болгож чадсан. Тэр үед Монголын боловсролд гаднаас орж ирж байсан бүх төслийг сургуульдаа авч байлаа. “Азийн хөгжлийн банк”, “Соросын сан”, “Английн хүүхдийг ивээх сан”-ийн төсөл, "Мэтгэлцээн" хөтөлбөр гээд бүгдийг нь авч байсан. Ерээд оны хэцүүхэн үед сумын сургууль маань телевизтэй, бүрэн тоноглогдсон компьютерийн танхимтай байлаа. Дараа нь Завхан аймгийн долоон сургууль, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул сумын арван жил, Архангайн Цахирын сургуулиуд бидэнтэй нэгдэж бүсийн сургууль болсон. Өөрөөр хэлбэл гурван аймгийн арван сургуулиуд боломжоороо нэгдэж ажилласан. Тэр үед “дунд сургуулиудын цогцолбор” гэдгийг анх хийж байв. Завхан аймагт тэр үед бүрэн дунд сургууль 10 байсан. Тэгэхэд манай сургуулийн сурагчид Завхан аймагт ирж байгаа их дээд сургуулийн хуваарийн 60 шахам хувийг, аймаг улсын олимпиадын олон төрөлд манай сургуулийн сурагчид медаль авна. Багш нарын ур чадварын уралдаанд дөрвөн жил манай сургуулийн багш нар түрүүлсэн. Маш сайн хамт олон ч бүрдсэн. Үр дүн нь чамлахааргүй.
-Ийм сайхан үр дүнтэй ажилласан байж яагаад захирлын ажлаа өгчихсөн юм бэ?
-Нэг өдөр аймгийн засаг дарга биднийг дуудаж байна. Удирдлагуудаа аваад зуун ная гаруй км газрыг туулаад очлоо. Тэгсэн биднийг Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулаад “яасан их дураараа дургидаг юм. Хийж байгаа ажлаа аймгийн засаг даргатай зөвлөсөнгүй” гээд загналаа. Тэгэхээр нь миний гэдэн хөдлөөд “яахаараа арван жилийн захирал аймгийн засаг даргатай ажлаа зөвлөдөг юм” гэчихлээ. Гэтэл аймгийн засаг даргыг боловсролдоо анхаараад төсөл авах гээд хот орохоор нөгөөхийг нь аль хэдийнээ Галбадрах сургуульдаа авчихсан байдаг байж. Тэгэхээр нь бид сүүлийн таван жилийн дотор гучин сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг ингэж хийж, чанарын ийм ахиц гаргасан гээд бүгдийг нь үзүүлсэн. Тэгсэн харин 30 мянган төгрөгөөр торгоно гэнэ. Би 50 мянган төгрөгийн цалинтай байсан үе шүү дээ. Тэгээд ерөөсөө энэ тогтолцооны эсрэг явах боломжгүй юм байна гэдгийг ойлгоод ажлаасаа гарахаар шийдсэн.
МАНАЙ МОНГОЛЧУУД ҮНЭХЭЭР ИЛҮҮ...
-Манайхан чулууны үйлдвэрлэлийн салбарт үнэхээр мундаг болчихжээ. Та энэ ажлыг хэдэн жил хийж байна?
-Гал тогоо, ванны өрөөнд чулуу зүсч, өнгөлж тавих ажлыг найман жил хийсэн. Одоо бол өөрсдийн бизнесээ босгож байгаа. Америкт ер нь ямар ч ажлыг сайн хийх л юм бол цаашид оршин тогтоно. Хатуу хууль, стандарттай. Чи хууль, стандартаа л чанад сахих ёстой болохоос харласан байна уу, ямар үндэстэн байна гэдэг нь огт хамаагүй. Эдний барилгын ажил тогтсон стандарттай, тэрийгээ яг таг мөрддөг нь сайхан. Нөгөө талаасаа хүмүүсийн ажиллах боломж болон аюулгүй байдалд их анхаардаг. Жишээ нь, баригдаж байгаа барилга руу дуулгагүй хүн ойртох ч эрхгүй. Монголд бол толгой дээр нь төмөр унаад л алчихаж байгаа биз дээ. Тэгж барилга барьж болохгүй ээ.
-Манай улсын хувьд шинээр баригдсан барилгыг улсын комисс хүлээж авдаг. Тэрэн дотор нь Мэргэжлийн хяналтын газраас гэх мэтээр албаныхан байдаг. Америкт яаж хүлээж авдаг вэ?
-Энд барилгын ажил эхлэхтэй зэрэгцээд улсыг төлөөлсөн хяналтын ажилтан нь тухайн барилга дээр байрлаж бүх процесс аюулгүй байдлыг нь хянаж байдаг. Бүх ажил нь шатлалтай. Эхний шат болох газар шорооны ажил нь дуусангуут хянаж үзээд цаашаа явж болно, болохгүй гэх зөвшөөрлийг нь олгоно. Ер нь стандартаа бариад хийчихсэн байхад л элдэв зовлон байхгүй. Манай компани яагаад сайн ажиллаж байгаа юм гэхээр стандартаа барьж чадаж байгаа учраас л тэр. Дээр нь хугацаагаа нарийн сайн тохирох. Үүнд тохируулаад бид бас ажлын графикаа зохионо. Энд бол цаг хугацаа, чанар бол ажлын хэмжүүр.
-Танай компани ажлаа хийх гэрээгээ байгууллаа гэж бодьё. Гэрээ байгуулсан компани чинь эхлээд мөнгөө шилжүүлэх үү, ажил дууссаны дараа юу?
-Эхлээд урьдчилгаа өгнө. Гүйцэтгэлийн дараа үлдсэн мөнгийг нь олгоно. Мэдээж бүх харилцаа гэрээгээр зохицуулагдана. Нэг барилгын гүйцэтгэл дээр чиглэл чиглэлээрээ олон компаниуд ажилладаг. Компани болгон өөр өөрийн хариуцсан ажлаа гүйцэтгэж, ерөнхийд нь базаад харах юм бол тогтоосон хугацаандаа тогтсон графикаар ажил явж байгаа нь гүйцэтгэлээсээ анзаарагдана. Тэд бие биенээсээ огт өөр компаниуд мөртлөө өөр хоорондоо хамааралтайгаар ажил нь урагшилдаг. Тэгэхээр энд хариуцлагын тогтолцоо нь эдийн засгийн хөшүүргээр илэрдэг гэсэн үг. Америкийн бизнесийн энэ систем дээр монголчууд маань өөрсдийн бизнесээ амжилттай эхэлж байна. Монголчууд ер нь шал өөр.
-Юугаараа өөр гэж?
-Монголчууд яагаад мундаг байдаг гэхээр аливаа ажлыг хийх аргаа өөрөө олдог байхгүй юу. Америкчуудын муу тал нь робот шиг хандлагатай. Энэ замаар л явах ёстой гэсэн бол өөр зам руу орохгүй. Монголчууд бол энэ замаар явж байснаа түгжрэл үүсээд эхлэнгүүт аль түгжрэлгүй замыг хайж олоод явчихдаг. Асуудлын гарцыг хэд хэдэн хувилбараар нь бодоод олчихно. Би монгол хүний энэ зан чанараар нь бахархдаг. Америкчууд хариуцлагаас маш их айдаг учир ямар нэгэн эрсдэлтэй алхам хийдэггүй. Аргагүй ч байж магад, ямар нэгэн эрсдэлтэй алхам хийгээд байдал буруугаар эргэвэл амьдрал нь дуусч мэднэ. Монголд бол "эр хүн долоо дордож найм сэхдэг юм, дахиад оролдоод үзнээ" гээд л явж байна шүү дээ. Энд ч гэсэн яг л тэр байдлаараа. Америкчууд монголчуудыг өндрөөр үнэлдэг. Хар ажил хийж байгаа мөртлөө л боссынхоо зиндаанд сэтгээд явчихаар тэр байх даа. Гэхдээ юм болгонд монгол зангаараа "яаж ийгээд аргалчихна" гэдэг муу зуршил бас бий. Би энд олон найзтай. Тэгээд сонсохоор манайхан эмэгтэй, эрэгтэй гэлтгүй бүгдээрээ л хэдэн жил ажиллаад л босстойгоо найз болчихдог. Гэхдээ бас боловсролын ялгаа үнэхээр бий. Хар ажил хийж байгаа Мексикчүүд гэхэд л бараг бичиг үсэггүй шахам.
-Та манай монголчууд энд бизнес эрхлээд тун амжилттай явж байна гэлээ. Гэтэл манайхан яагаад монголдоо ингэж ажиллаж болдоггүй юм бол?
-Би дээхнэ “Монголчууд бид залхуу гэж үү” гээд бичиж байсан. Орчиндоо л байгаа юм. Жишээ нь нэг бүсгүй хими цэвэрлэгээний газар ажилд оржээ. Ажил нь 07.00-18.00 хүртэл, өдөр нэг цаг амарна. Хэрвээ ажлаас хэдэн удаа хоцорвол "баяртай". Яагаад гэвэл цаг бол цаг, ажил бол ажил. Хэн нэгнийг найрах, хэн нэгэнтэй зохицох гэдэг зүйл огт байхгүй. Тэр хүн ажлаа алдана гэдэг цалингүй болно гэсэн үг. Цалингүй болвол байрныхаа мөнгийг төлж чадахгүй. Чи нэг удаа байрныхаа мөнгийг хоёр хоног хэтрүүлээд өгөхөд чиний төлөх ёстой мөнгөний 10 хувиар нь торгууль бичээд өгчихнө. Чамтай хэн ч хэрүүл хийхгүй. Дахиад байрныхаа мөнгийг төлөхгүй хэд хэдэн удаа давтагдвал, бүх юмыг чинь гаргаад өөр хүн оруулчихна. Чи гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй болохоор. Харгис юм шиг санагддаг. Хариуцлагыг мөнгөөр хэмжиж байгаа энэ тогтолцоо өөрөө зөв. Муж бүр өөрийн гэсэн хуультай. Виржиниа мужид хурд хэтрүүлснээс болоод автын осол их гарааад байхаар нь хурд хэтрүүлж байгаа хүмүүсийн төлөх торгуулийг өндөр болгочихсон. Хэн ч ийм их мөнгө өгөхийг хүсэхгүй биз дээ. Сарынхаа цалингаар нэг удаа хурд хэтрүүлээд торгууль хүлээх үү, хурдаа тохируулаад явах уу. Ердөө л сонголт.
-За манайхан ингэвэл бослого гаргах байлгүй дээ.
-Бослого гэдэг юм огт ярихгүй. Чи эрхээ эдэлж болно. Гэхдээ бусдад муугаар нөлөөлж, саад болж болохгүй. Зарчим нь ердөө л энэ. Монголд яагаад ингэж болдоггүй юм. “Их мөнгөөр торгох гэлээ бид яаж амьдрах юм бэ” гэхийнхээ оронд хуулиа сахия л биз дээ. Өөр яахын. Бид хуулийн өмнө гонгинох эрх байхгүй. Ямар ч тайлбар сонсохгүй торгодог л байх хэрэгтэй.
-Америк диваажин уу?
-Энд хил зөрчиж ирсэн мексик, испаничуудын хувьд диваажин байж магад. Харин Монголчуудын хувьд диваажин биш ээ. Энэ бол зөвхөн боломж л олж авах орон. Харин монголчууд маань энэ боломжийг сайн ашиглаж, өөрсдийгөө хөгжүүлээд Монголдоо очиж ажиллаж амьдрах хүсэлтэй. Америк бол цагаачдын орон.
-Манай монголчууд ямар байдаг вэ?
-Монголчууд л бүгд эх оронч сэтгэлтэй яагаад юм мэдэхгүй. Цусанд нь байдаг шиг байгаа юм. Монголоо муулж байгаа хүн хааяа таардаг юм аа, гэхдээ тэд бол маш өчүүхэн хувь нь. Магадгүй тэд гаднаа тэгж дүр эсгэчихээд дотоод сэтгэлдээ эх орноо санаж байж ч болно. Монгол хүн, монгол морь хоёр хэзээ ч эх нутаг руугаа гүйдэг юм. Монголчуудын дасан зохицох чадвар бол үнэхээр сайн шүү дээ. Нэг залуу цайны газар аяга таваг угаагчаар ажилд орж. Хэдэн мексиктэй солонгос эзэнтэй газар. Тэгээд хэдэн сар ажиллаж байгаад арай ахиу цалинтай ажил хайгаад л нөгөө ажлаа тоох ч үгүй хаяад явчихна. Гурван жилийн дараа нөгөө хоолны газраа босстой нь яг адилхан машин уначихсан ганган амьтан буцаж очиж л дээ. Тэгсэн өнөө мексикчүүд нь гурван жилийн өмнө ямар байсан яг тэр хэвээрээ байж. Монголчууд ийм л хүмүүс. Үнэтэй машиныг нь унана, үнэтэй гар утсыг нь барина. Үнэн давилуун /инээв/. Буруушаах аргагүй юм аа. Хоёр талаас нь л харах хэрэгтэй. Үргэлж бид бусдаас илүү шүү гэдэг бодол толгойд нь яваад байгаа байхгүй юу. Яагаад өнөөдөр бид бусдыг шүүмжлээд муулаад байна гэхээр өөрсдийгөө мундаг гэж бодоод байгаа хэрэг. Нэг талдаа онгироо юм шиг мөртлөө нөгөө талдаа яалт ч үгүй л байх ёстой зүйл юм шиг байна. Анх би буруутгаж боддог байсан, одоо бол өөрөөр хараад байгаа юм /инээв/.
-Залуучууд мундаг болж байна шүү, тийм ээ?
-Үнэхээр мундаг. Миний хамгийн том бахархал энэ залуучууд. Эд нарын төлөө би ямар их юм хийхийг хүсдэг гээч. АНУ-д суралцаж байгаа, сургуулиа төгсөөд ажиллаж байгаа маш олон залуустай уулзаж ярилцдаг. Тэдний мэдлэг боловсролын түвшин, асуудлыг харж байгаа цар хүрээ, багаар ажиллаж байгаа чадвар нь огт өөр. Тэд дэлхийн хэмжээнд өөрсдийгөө бэлтгэж байна. Миний найзууд дандаа л залуучууд. Би залуучуудад хэлдэг юм. Монголын хөгжлийн цаг үе та нар дээр ирлээ. Одоо цаашдаа зөвөөр үлгэрлэж чадвал Монгол хэзээ ч мөхөхгүй. Тийм болохоор Монголынхоо ирээдүйг эндээс маш өөдрөгөөр харж байгаа.
ОЮУТОЛГОЙГООС ОРЖ ИРЭХ ОРЛОГЫН 10 ХУВИЙГ БОЛОВСРОЛД ЗАРЦУУЛНА ГЭЭД ЗААЧИХ Л ДАА
-Хэдийгээр бие нь хол ч сэтгэл нь үргэлж л эх орондоо байдаг нь энд байгаа монголчуудын ярианаас андашгүй байна. Таны хувьд эх орныхоо талаар санаа зовинож явдаг ямар асуудлууд байдаг вэ?
-“Сүүлийн гурван жилийн дотор Стэнфорд, Харвардад хятад оюутнууд дүүрэн ирж байна. Хятад боловсон хүчнээ ямар аймаар бэлтгэж байна аа” гэж миний нэг ярилцлагч надад ярилцлага өгөхдөө хэлсэн. Засгийн газрынхаа тэтгэлэгээр суралцахаар ирж байгаа оюутнууд нь өндөр ухамсартай. Бид “муусайн хужаанууд” гэж мянга хараагаад ч нэмэргүй. Хятад улс маш бодлоготой явж байна. Хойд Каролинод Эрхтэн шилжүүлэх эмнэлэгийн лабораторийн орлогч захирал хийж буй Гансувд гээд бүсгүй бий. Эмнэлэгийнх нь ерөнхий захирал хятад хүн. Тэгээд Гансувд “манай захирал жил бүр нэгээс хоёр хятад хүн дадлагажуулаад буцааж байна. Би Монголоос хоёр хүний зардлыг даагаад явуулаатхаач гэж хүсээд ч ирэхгүй байна. Би бас албан тушаалаа ашиглаад хоёр ч болов хүн бэлдчихмээр байна” гэж байсан. Бүх салбарт Хятадууд дандаа ирээдүйг харж яваад байна. Тэр олон мянган залуусыг энэ өндөр боловсролоор бэлтгэж байна гэхээр удахгүй Хятад мундаг чадалтай боловсон хүчнээр дүүрэх нээ. Миний бодлоор Оюутолгой болоод бусад уул уурхайгаас орж ирэх орлогын 10 хувийг зөвхөн боловсролд зарцуулна гээд заачихмаар санагддаг юм. Бүр хуульчилж өгөөд. Тэр 10 хувиараа дэлхийн энэ өндөр түвшиний их дээд сургуулиудад оюутнуудыг засгийн газрын тэтгэлэгээр явуул л даа. Монголчуудыг сайн ухамсарлуулаад явуулчихсан байхад Хятадуудаас сурлагаараа давна уу гэхээс яавч дутахгүй. Эх захгүй яриад л, маргалдаад байгаа тэр уул уурхайгаасаа ядаж боловсон хүчинтэй үлдье л дээ. Тэгж бэлтгэгдсэн боловсон хүчнүүд чинь Монголын хөгжлийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлж байх учиртай. Хувь хүний хөгжил л Монголыг хөгжүүлнэ шүү дээ, өөр юу хөгжүүлэх гэж?
-Бодууштай л санал. Бидэнд бусдаас суралцах зүйл их л байх шиг. Гэвч юунаас эхлэх юм бол?
-Цаг барих, нэгэн лүүгээ хараад инээмсэглэх, уучлаарай баярлалаа гэж хэлж сурах, хогоо хогийн саванд хаях гээд бидэнд сурах энгийн зүйл их байна. Энэ бүхнийг хийж сурахын тулд заавал Засгийн газрыг харах шаардлагагүй. Гэтэл сурах ёсгүй, дасах ёсгүй зүйлд дасаад байна. Цагдаа, шүүхийнхнийг найрч болдог юм, улстөрчид дээшээ гарахаараа авлига авах нь хэвийн зүйл, тогныхоо мөнгийг өгөхгүй гүрийгээд байж болдог юм гэхчилэн дасч болохгүй зүйлсийг бүр аль хэдийнээ хүлээн зөвшөөрөөд байна. Ингэвэл бид яаж хөгжих вэ. Бид 50 орчим цуврал нэвтрүүлэг хийхээр төслөө бэлтгэж байгаа. Энэ нь Америкаас шууд хуулбарлаж, эх орондоо хэрэгжүүлж болох нийгмийн халамж үйлчилгааний талаарх санаанууд юм. Жишээ нь замын тэмдэглэгээ Америкт ямар байна, Монголд ямар байна. Ийм болохын тулд бид өөрсдөө юу хийх ёстой вэ гэсэн санаанууд дээр тулгуурлана гэх мэт олон зүйлсийг хийхгүйгээр эндээс явж болохгүй. Мөн бид "Хорт хавдартай хүмүүст туслах сан" байгуулахаар багаа бүрдүүлж байгаа. Монголд хорт хавдар юунаас болж ихсэж байна. Агаарын болоод хөрсний, усны бохирдол, баталгаагүй хоол хүнс, ядуурлаас үүдэлтэй бухимдал. Хорт хавдрын өвчлөл Монголд нийгмийн шинжтэй, муу үр дагавартай болж байна. Улаанбаатарын утаанаас болж одоо хэдхэн жилийн дараа ямар олон хорт хавдартай хүн гарна гэж бодож байна. Гэтэл яагаад Засгийн газар юу ч хийхгүй байна аа? Яагаад энэ талаар хэн ч санаа зовж санаачлахгүй байгаа юм бэ. Бид 2015 оноос нэлээд далайцтай ажиллаж эхлэхээр бэлтгэж байгаа.
Бид энэ улстөрчдийг бүр гайхаад байдаг юм. Энд ирж уулзалт арга хэмжээгээ дуусгаад дэлгүүр хэсч байгаад л явна. Улс орныхоо хөгжилд хэрэг болох ганц хэрэгтэй санаа олоод харчихгүй. Хүмүүсийн дунд яваад л мэдчих ёстой зүйлийг ч үл тооно. Би тийм мундаг хүн биш. Гэхдээ Монголын улстөрчдийг үнэхээр голдог. Тогтолцоо нь муу байлаа гэхэд сэтгэл нь хаана явна вэ? Бид нар ийм зүйл бодож хичээж байхад, тэд нар яасан арчаагүй байна аа гэж. Тэд биднээс маш хол илүү байх ёстой хүмүүс. Гэтэл...
-Нэгнийгээ шилдэгээр шалгаруулсан хүмүүс л байх шиг байна даа.
-“Үйлчлүүлэгчийг хаанд өргөмжилсөн хамт олон” гэсэн дарцаг хойноо тавьчихаад үйлчлүүлэгчээ орж ирэхэд хэдэн ярвайсан үйлчлэгчтэй. Тэр орж ирж байгаа үйлчлүүлэгч өөрийнх нь цалинг өгч байгаа гэдгийг ч ойлгох чадваргүй хүмүүс зогсож байдаг. Тэгээд л баахан туг дарцаг нэг нэгэндээ өгөөд л. Гранпри, шилдэг гэдэг шагналаараа бол манай улс Гиннесийн номонд орохоор болсон байх. Тэгээд тийм шилдэг юм бол хөгжил нь хаа байна, үр дүн нь хаа байна. Байхгүй бол тэрийгээ боль л доо. Одоо сүүлдээ энэ шагнал өгч монголчуудыг хагаралдуулдаг солиорлоо Америкт авчирч байна. Тэр яам агентлагийнхан нь энд ирчихээд “шагнал гардуулчихмаар хүн хэн байна, нэрийг нь гаргаад өгчихөөч” гээд явж байдаг. Саяхан Хөдөлмөрийн яамнаас албаныхан ирээд хүмүүсийг “Хөдөлмөрийн яамны тэргүүний ажилтан” гэж шагнаад явлаа. Шагналыг нь өгчихөөд “та анкетаа бөглөөд, зургаа авахуулчих” гэнэ ээ. Хэнийг доромжлоод байгаа юм бол. Соёлын тэргүүний ажилтан гэх шагналыг бас тэгж халаасалж ирдэг. Тэгсэн атлаа өгөх ёстой хүмүүстээ болохоор өгөхгүй бөөн чирэгдэл болно. Шагнал ардаа дандаа хэрүүл, талцал дагуулдаг. Хүн хийх ёстой ажлаа хийснийхээ төлөө шагнуулах ёс байхгүй. Тэгээд дээр нь “төмрөөр” яах гээд байгаа юм. Би чамд нэг түүх ярьж өгье. Манай ажлынхан нэг америк хүний гэрт чулуу тавьжээ. Тэр хүнийг Монголд ТЭЦ IV-ийн төсөл дээр ажиллаж байхад нь "Алтангадас" одонгоор шагнасан байна. Тэгсэн нөгөө америк чинь “Надад ийм шагнал өгсөн. Энэ танай Монголчуудад их чухал юм шиг байгаа юм. Надад бол хэрэггүй. Та нар авах уу” гээд өгч. Ийм л байна. Яагаад энийг ойлгохгүй байгаа юм бэ. Тэгснээс цалинг нь хэдэн хувь нэмчихвэл хүний амьдралд хэрэгтэй.
ХҮМҮҮСИЙН ИТГЭЛ НАЙДВАРЫГ АЛДАХГҮЙ ЮМСАН...
Галаа ахтай өдөржин ярилцаж явсаар цаг 21.00 дөхөх үест гэрт нь очлоо. Ганцаараа амьдардаг гэхэд тун ч тохилог гэрт нь аяга хоол идэнгээ өдрийн турш хөөрөлдсөн бид хоёрын яриа үргэлжилсээр...
-Та амьдралын талаарх өөрийн бодлоосоо хуваалцаач. Таны амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?
-Хүний амьдралыг хараад байхад давтамж нь сайн, муугаар ээлжилж байдаг юм шиг. Амьдралынхаа талаар эргэцүүлэн бодоход миний амьдрал арван жил их сайн, арван жил уналтын байдалтай явж ирсэн байдаг. Ер нь амьдрал хүнийг дандаа шалгаж байдаг юм байна. Хэрвээ тулгарсан хүнд асуудлынхаа өмнө сөхрөөд суучихвал амьдрал надад дахиж хэзээ ч боломж олгохгүй. Даваад гарчихвал харин боломж олгоод байгаа юм. Илүү хэцүүг нь даваад гарахаар бүр ч их боломж олгоод байх шиг. Энэ амьдралд өмнөө тохиолдсон бүхий л асуудлын шийдвэрийг чи өөрөө л гаргадаг. Тэгэхээр өөрийн гаргасан шийдвэрийнхээ сайн үр дагаврыг өөрөө эдэлж, муу үр дагавраа өөрөө л үүрнэ. Хэзээ ч, хэнд ч битгий гомд. Яагаад гэвэл чи өөрөө гаргасан шийдвэр.
Хэрэв ухаараад харах юм бол, хүний амьдрал чинь их энгийн зүйл. Хүн болгонд өөр өөрсдийн боломж байгаа. Өөртөө байгаа боломжоо ашиглаад, чадвал илүү хөгжүүлээд түүндээ сэтгэл хангалуун амьдрах юм бол аз жаргал нь тэр. Чадал нь хүрэхгүй зүйлдээ шаналаад, өөрөөсөө илүү хүнд атаархаж хорсоод, хэр хэмжээнээсээ хэтэрсэн зүйлд шунаад л байх нь зовлонг авч ирдэг. Бас өөртөө бус бусдад таалагдах гэж амьдрах нь зовлон болдог. Яг энэ үзлээрээ бол би их эрх чөлөөтэй хүн. Өөрийнхөөрөө байх, өөрийнхөөрөө амьдрах, өөрийн хүссэн зүйлээ хийх, өөртөө үнэнч байх гэдэг нь миний зарчим.
-Та бизнесээ эрхлээд, дээрээс нь төрийн бус байгууллага, элдэв арга хэмжээ зохион байгуулах, ярилцлагаа хийх, нийтлэлээ бичих гээд энэ бүхнийг яаж амжуулаад байна аа?
-Хувийн амьдралын олон асуудлаа хойш тавьдаг. Эхнэрээсээ салаад олон жил болж байна. Ганцаараа л амьдардаг. Энэ нь их зүйл хийж амжих боломж юм даа. Ажлаасаа ирээд нилээд олон цагийг интернетэд зарцуулна. Их юм уншиж, олон мэдээллүүдийг харьцуулж, бичих гэж бодож байгаа сэдэвтэйгээ холбоотой мэдээллүүдийг хайна. Их ч олон найзуудын харилцаа болон ажил хэрэг минь интернетээр явагддаг. Надад э-майл бичсэн хүнд болж л өгвөл хариуг нь бичих гэж хичээнэ. Амралтын өдрүүдээрээ өөр хотууд руу явах, ажил хэргийн шугамаар уулзаж ярилцах хүмүүстэйгээ уулзах, хааяадаа найзуудтайгаа дэмий юм шиг л цагийг өнгөрөөдөг. Хэтэрхий ядарчихгүй бол долоо хоногтоо заавал нэг юм бичиж амжих гэж хичээдэг юм аа. Юу ч хийж амжилгүй өнгөрсөн долоо хоногтоо "Яагаад юу ч хийж чадалгүй өнгөрөөчих вөө" гэж өөрийгөө сэтгэлдээ зэмлэх. Надад урмын үгс хэлдэг уншигчдийн хүлээлт намайг ийм амьдралын хэмнэлд оруулчихдаг юм шиг байгаа юм. Гэхдээ харамсдаггүй ээ.
-Хүмүүсээс сонссон хамгийн сайхан урмын үг?
-Их гоё үгс сонсдог. Намайг хаа ч очсон тухайн хотын оюутан залуус, Монголчуудын холбооныхон ирж уулздаг юм. Их ч хүндлэл шүү. Нэг удаа Сиэтлд очсон. Тэгсэн нэг настай хүн дээр над дээр ирснээ “Галаа, чи бидэн дээр бурхнаас ирсэн хүн” гэхээр нь би “юун том үг вэ” гэсэн чинь "Тийм биш ээ Галаа. Бидний сэтгэл дотор оршиж байгаа зовлон шаналал бүрийг чи л бусдад зөвөөр ойлгуулж чаддаг. Чи бол бидэнд бурхнаас ирсэн хүн. Үүний чинь төлөө гарыг чинь атгасандаа баярлаж байна" гэж хэлсэн. Энэ бүр дэндүү гоё үг. Тэгээд л би магадгүй ганцаараа байх хэрэгтэй, хүмүүс намайг ингэж хүлээж авч байхад би энэ хүмүүсийн хүсч байгаа зүйлийг хийх хэрэгтэй юм гэдгийг ойлгосон. Бас нэг эмэгтэй Чикагоос утсаар залгаад "Битгий өвдөөрэй, битгий үхээрэй гуйя. Чи харь газарт амьдарч байгаа монголчуудынхаа сэтгэлийн гүн дэх багтралыг хүмүүст хүргэж чаддаг болохоор чи бидэнд хэрэгтэй хүн шүү" гэж хэлсэн. Ийм гоё үгнүүдийг сонсох их сайхан хэрнээ заримдаа өөрөөсөө айх сэтгэл төрнө.
-Хүмүүс биеэр амсаж туулаагүй байхдаа аливааг ойлгохгүй юм л даа. Анх нэг хэсэг маань гадагшаа гарч эхлэхэд бараг л тэнд жаргаж яваа хүмүүс гэж ойлгодог байлаа. Одоо харин “гадаадад байгаа хүмүүс эх нутагтаа ирж ясаа тавих юм гэнэ. Монгол ямар оршуулгын газар уу” гээд л байх болж. Эх орноо гэсэн сэтгэл үргэлж уяатай байдаг та бүхэнд их л хатуу сонсогддог байх даа.
-Би нэг нийтлэл бичсэн юм. “Гадаадад байгаа монголчууд муу хүмүүс үү” гэх тэр нийтлэлдээ би сүүлийн арван жилийн дотор гадаадад байгаа монголчуудаас эх орон руугаа илгээсэн мөнгийг статистикийн тоо баримтаар нь хавсаргасан. Энэ илгээж байгаа мөнгөөр монголд хэчнээн орон сууц, хичнээн баар цэнгээний газар тооцоо хийгдсэнийг бид мэдэхгүй. Энэ хүмүүсийн өөрөөсөө харамлан байж явуулсан мөнгийг та нар ингэж үрдэг шүү гэж. Бас тэд хэрхэн ажиллаж амьдарч, ямар хэцүү бэрхийг туулдаг тухай бичсэн. Тэрнээс хойш гадаадад байгаа монголчуудыг хүмүүс бага зэрэг ойлгож эхэлсэн болов уу. Миний хийх ёстой, бусдад ойлгуулах ёстой асуудлын нэг нь энэ.
ТӨРИЙН ДУУЛАЛ ЭГШИГЛЭХЭД УЙЛДАГГҮЙ МОНГОЛ ХҮН БАЙДАГГҮЙ
-Удахгүй наадам болох нээ. Эндэхийн монголчууд наадмаа сайхан тэмдэглэнэ биз?
-Долдугаар сарын 12-нд наадмаа тэмдэглэнэ. Монголын төрийн далбааг өргөж, Төрийн дуулал эгшиглэхэд энд байгаа монголчууд бүгдээрээ уйлдаг юм. Бид тэгтлээ бэтгэрдэг. “Халуун элгэн нутаг” дууг явахад бас бүгд уйлна. Нэг л өдөр наадмаа тэмдэглээд маргааш нь ажилдаа явцгаана даа. Харь энэ газарт монголчууд наадмаа тэмдэглэхдээ өөрийгөө монгол хүн гэдгээ мэдрэх гэж, үр хүүхдүүд болон өрөөл бусдад монгол гэдгийг нь сануулах гэж хичээдэг юм. Н.Жанцанноров гуайн хэлдгээр жилдээ хоёр удаа хийдэг монгол хүний "дархлаа" ны вакцин юм даа. Сайхан шүү дээ.
-Нутаг буцах боломжгүйгээр есөн жил хараар амьдарчээ. Эх орноо санадаг л байх даа...
-Эх орон гэдэг чинь ямар гоё гээч. Та нар төсөөлөхгүй ээ. Онгоцоор нисээд Буянт-Ухаа дээр буухад би газар үнсээд уйлах байх аа. Мэдэхгүй юм, би тийм эх оронч хүн байгаагүй. Энд ирээд л эх орон гэж ямар агуу зүйл болохыг сэтгэл зүрх, бүхий л зүйлээрээ мэдэрч байна. Буцаад очих эх орон гэдэг ямар их нөмөр нөөлөг, ямар их итгэл найдвар, ямар их уярал хайр байдгийг гадаадад ажиллаж амьдрахдаа сэтгэл зүрхээрээ мэдэрч байна даа. Хэдийгээр эх орноосоо хол байгаа ч эх орныхоо хөгжлийн төлөө чадах зүйлээ хийнэ ээ. Бас хүмүүст туслаж, тэднийг баярлуулж байхыг хичээнэ. Амьдрал богинохон шүү дээ.
-Их ажлынхаа хажуугаар бүтэн өдрөө надад зориулж ярилцлага өгсөнд тань баярлалаа. Сайхан наадамлаарай. Мөн удахгүй эх орондоо учран золгохын ерөөл тавья.
-Баярлалаа.