Х.Эрдэнэт-Од: Охид маань алтан медалийн үзүүрээс атгаад алдлаа гэж бодоод уйлцгаасан байх

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2014-09-01 14:36 GMT+8

Х.Эрдэнэт-Од Монголын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн анхны шигшээ багт хүчин зүтгэсэн цагаасаа хойш ёстой л нэр шигээ эрдэнэ байж од болон гялалзаж байсан цаг саяхан.

Тэрээр дэлхийн аваргын хүрэл медал, багийн дэлхийн аваргын хүрэл медаль, самбо бөхийн дэлхийн таван удаагийн аварга, улсын 15 удаагийн аварга, тивийн хошой аварга, Азийн наадмын аварга гэх цолоо даруухан зангаараа өнөөдрийг хүртэл далдалсаар ирсэн нэгэн.

Харин энэ удаад Х.Эрдэнэт-Од дэлхийн дэвжээнд дасгалжуулагчийн хувиар дахин од болон гийлээ. Монгол бөхийн өргөөнд хурсан олныг нулимс дуслуулан зодог тайлах үед нь дэндүү их харуусал төрж байсан. Харин тэрхүү харуусал минь бахдал болж хувирахыг өөрийн нүдээр үзэх сайхан байлаа.

-Дэлхийд ноёлсон Монголын хүчирхэг жүдочиддоо болон танд баяр хүргье. Долоон жилийн дараа амжилтаа ахиулж ахин нэг шат давлаа?
-Маш их баяртай байна. Бид бүхний ард маш олон хүний итгэл найдвар үргэлж хамт байдаг. Манай охид итгэл алдахгүй сайхан барилдлаа.

-Б.Мөнгөнчимэгийн барилдаанаас эхлээд л алтан медаль ойрхон байлаа шүү?
-Тийм ээ. Алтан медаль хүрээд алдчихсан болохоор харамсалтай л санагдаж байна. 

-Францын багийн бүрэлдэхүүний хувьд үнэхээр хүчирхэг баг байлаа. Зөвхөн энэ жилийн дэлхийн аваргаас гэхэд нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн шүү дээ?
-Тэгсэн. Зөвхөн энэ жилийнх гэлтгүй олимп, дэлхийн аваргуудтай баг. Францын охид Лондонгийн олимпиос таван медаль хүртсэний дөрөв нь энэ бүрэлдэхүүндээ багтсан. Багийн дэлхийн аваргад ч сайн барилдсан. Францын дасгалжуулагч тэмцээний дараа "Монголын болон Польшийн охид жинхэнэ сюрприз байлаа" гэж ярьсан. Ерөнхийдөө медаль авдаг багууд нь ээлжилж авсаар ирсэн. Ингэж тэсэрч гарч ирдэг баг ховор л доо. Манай охид үнэхээр тэсэрч чадлаа.

-Охидууд нь ингэж тэсрэх зөн совин мэдрэгдэж байв уу. Дасгалжуулагч хүний хувьд өглөөнөөс эхлээд хэр итгэл төрж байсан бол?
-Жингийн барилдааны үед маш тайван унтаж амраад байсан. Харин өнгөрсөн шөнийн хувьд сэрвэлзээд л, зүүдлээд сайн унтаж чадаагүй. Гэхдээ их гоё зүүд зүүдэлсэн болохоор билэгшээсэн. Жүдочид маань нэгэн гэр бүл. Түүн дотор дасгалжуулагч хүн бол ээжийн үүрэг гүйцэтгэгч. Тийм болохоор эх хүний зөн совин гэдгээр их гоё мэдрэмж төрөөд л өглөөнөөс хойш цоглог байгаад байсан. Цагаанаа таарчихаад "Эгч яагаад өнөөдөр их цоглог байна" гэж асуугаад л. /инээв.сур/

-Хэсгийн аварга болтлоо манай охид дараалан илт давуу байдлаар 4:1 гэсэн тооны харьцаагаар яллаа?
-Сугалааны хувьд гэвэл сайн, муу гэж байхгүй шүү дээ. Яагаад гэхээр өнгөрсөн жилийн медаль хүртсэн дөрвөн баг дээр хуваагдаж орж байгаа. Өнгөрсөн жилийн мөнгө, хүрэл медаль хүртсэн баг нь манай хэсэгт байсан болохоор хүчтэй зооноос гарч ирсэн. Олимп, дэлхийн медальтнуудтай Кубын багийг буулгаж авч чадсан. Миний мэдэхийн Кубын охид багийн дэлхийн аваргаас медальгүй мултарч байгаагүй. Тасралтгүй медаль хүртэж олон ч түрүүлсэн баг.

-Кубын багт өмнө нь манайх хэдэн удаа ялагдсан бэ?
-Хоёр ч удаа ялагдсан. Тийм болохоор сугалаа хараад л Кубын багийг заавал ялах ёстой шүү гэсэн бодолтой гарсан. Нөгөө талаас Бразилийн багийг гарч ирэх болов уу гэтэл Польшийн охид мундаг барилдлаа.

-М.Бундмаа гавъяат, Б.Мөнгөнчимэг нарын хэн хэнд нь ялалт авчрах боломж байлаа. Х.Баттулга ерөнхийлөгч гэхэд Б.Мөнгөнчимэгийг сайн барилдах боломж байсныг өөрт нь хэлж байсан?
-М.Бундмаа маань эхний хоёр барилдаанд маш сайн барилдсан. Эхний хүний барилдаанаас бүх зүйл шалтгаалдаг. Багийн барилдааны гараа эхлэл нь сайн байвал араас барилдах хүмүүсээ хурцалдаг. Эхний хоёр гараанд үнэхээр Бундмаадаа баярлахаас өөр аргагүй. Ялалт авах суурийг маш сайн барьж өгсөн. Сүүлийн шийдвэрлэх барилдаанд яалт ч үгүй барилдаан таараагүй.

-Хэсгийн эхний барилдаанд 52кг-д А.Цолмон гарч ирсэн. 63кг-д гэхэд Б.Мөнгөнчимэг, Ц.Цэрэннадмид хоёрыг ээлжилж авч гарч ирлээ. Дасгалжуулагчийн хувьд энэхүү сонголт хэр хүнд байв?
-
Дасгалжуулагч хүн хэн нь илүү сайн байгааг хараад сонголтоо хийнэ л дээ. Мэдээж хэрэг эрсдэлтэй сонголтын өмнө ирсэн. Аль аль жинд хоёулаа сайн байсан.

-Б.Мөнгөнчимэг хамраа гэмтээчихсэн үү. Хацраа лав нэлээд халцалчихсан харагдаж байсан?
-Тэмцээний өмнө хамар нь гэмтчихсэн. Тэгээд барилдаж байхад нөгөө гэмтсэн хамраа хөндөөд, жаахан манарсан гээд барилдааны дараа ярьж байсан. Манай охины хувьд жаахан туршлага дутчихав уу. Ялж байна гэдэг бодлоосоо гарч чадалгүй сүүл рүүгээ нэлээд сандраад эхэлсэн. Миний ойлголтоор хамарнаас илүү энэ л гол алдаа байсан байх. Өрсөлдөгчийн хувьд дэлхийн аварга хүний туршлага зааж яллаа.  

-Францын охидтой гар барьчихаад манай жүдочид медалиа голонгуй татамигаас гарч ирсэн. Харин та бүгдийг нь үнсэхэд уйлж харагдсан. Таны хувьд хэзээ баярын нулимс унагав?
-Миний бодлоор баярласандаа уйлцгаагаагүй л болов уу. Барилдаандаа болоод анзаараагүй байж байгаад алтан медаль иймхэн зөрлөө гэж бодоод уйлцгаасан байх. Баярласнаас илүү харамслын л нулимс байсан болов уу.

-Долоон жилийн өмнө таны хувьд багийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан. Д.Цэрэнханд гавъяат, П.Лхамдэгд, Б.Мөнхзаяа гээд үнэхээр мундаг бүрэлдэхүүн байсан шүү?
-Кубад ялагдаж хүрэл медаль авсан байхгүй юу. Тухайн үед долоон жинд барилддаг байсан. Оноо авахгүй бол тэнцээд л, арай өөр байсан. Харин энэ жил Кубаас даагаа хатуухан нэхэж чадлаа.

-Д.Сумъяагийн хувьд нэгдүгээрт таны гарын шавь. Нөгөө талаар яг таны  үндсэн жинд барилддаг. Хэсгийн аварга болчихоод медаль ч үгүй хоцрох үнэхээр харамсалтай дэндүү хайран санагдлаа?
-Миний өөрийн жин учраас ерөнхийдөө надад амар л даа. Сумъяагаа медаль авчихлаа, зооноос гарчихна л гэж бодсон. Санаснаар минь болсонгүй. Өнгөрсөн жилийн дэлхийн аварга, мөнгөн медальт Силваг ялчихсан болохоор медальд хүрчихлээ л гээд....

-Өөрөө барилдааныхаа талаар танд юу гэж ярьсан бол?
-Дасгалжуулагч хүний хувьд хамаагүй энэ талаар шууд ярихгүй л дээ. Өөрөө ч энэ талаар яриагүй. Цаана нь нарийн ширийн зүйл байгаа. Хамаагүй очоод загнаад байж болохгүй. Ялахад нь очоод чи медаль авах нь тодорхой гэхгүй. Хүн, хүнд нь тохируулж харьцах ёстой. Юу ярих, яаж харьцах вэ гэдэг чинь бас их учиртай. Болж өгвөл өөрийнх нь давуу талуудыг хэлж өгөөд л орхичих хэрэгтэй. Тэрнээс ялагдсан гээд дарамт үүсгээд байх шаардлагагүй. Тэртэй, тэргүй цаг нь ирээд, ир нь таарахаараа авдгаа авна. Тэмцээний үед биш бэлтгэл үед бүхнээ хэлж ярьчихсан байх ёстой. Бид хоёрын хувьд нэлээд ажилласан, зооны судалгаагаа ч нарийн хийсэн.

-Хагас шигшээд Португалын Монтейротой барилдахаар гарч ирнэ гэсэн зураглалыг хийчихсэн байсан уу. Өмнө нь "Мастерс" ялагдсан болохоор та хоёр ямар мэх бэлдэж дэвжээнд гарсан бэ?
-Бид хоёр групп дотроо нарийн судалгаа хийсэн. Өнгөрсөн жилийн аварга Силва болон мөнгөн медальт АНУ-ын бөхийн эсрэг бүх зүйлээ хийгээд бэлдчихсэн байлаа. Бэлдсэнийхээ дагуу ч хийж ялсан.

-Португалийн Монтейрод өмнө нь дэлхийн шилдгүүдийн тулаан "Мастерс" ялагдсан. Хагас шигшээд таарахад яаж барилдаарай гэж зөвлөв?
-Монтейротой биеэ бариад сайн барилдаж чадаагүй. Амьхандаа тайван байлгах гэж нэлээд үзсэн. Тэглээ гээд ямар дотор нь орж чадах биш дээ.

-Багийн барилдаанаас харахад манай охид их л хүчтэй дайчин барилдаануудыг гаргасан. Жингийн барилдаанаас илүү багийн барилдаанд жүдочид сэтгэлзүйн хувьд арай илүү барилдлаа?
-Багийн барилдаан чинь өөрийнхөө бус бусдынхаа төлөө гэж барилддаг байхгүй юу. Хувь хүндээ ирж буй дарамт ч бага учраас сэтгэлзүйн хувьд чөлөөтэй барилдаж чаддаг. Гаргая, хийе гэсэн бүх зүйлээ багийн барилдаанд гаргаж хүссэнээрээ бодож сэтгэж барилдаж чаддаг. Миний хувьд багийн  дэлхийн аваргад олон удаа барилдсан. Тэр ч утгаараа Монголын эмэгтэй жүдочид багийн барилдаанд сайн барилддаг гэж хэлнэ дээ.

-Эмэгтэй -78кг, +78кг гээд хүнд жинд залгамж халааг хэрхэн бэлдэх вэ. Д.Цэрэнханд гавъяат, П.Лхамдэгдийн хэмжээнд барилдах бөхчүүд хэр ойрхон байгаа вэ?
-Харин тийм ээ. Манайхны хувьд намхан нуруутай болчихоод байна. Өндөр биетэй махлаг охидууд чинь барилдахгүй юм. /инээв.сур/ 

-Монголын жүдо төдийгүй самбо бөхийн спортын олон анхдагчийн амжилтын түүчээ танаар овоглогддог. Одоо тамирчны бус дасгалжуулагчийн үүднээс таны нэр дээр дахин нэгэн том амжилт бичигдлээ. Цаашдаа энэ амжилтын буухиа тасралтгүй үргэлжлэх болтугай?
-Баярлалаа. Ерөөлөөр болог. Ажлын үр дүн захаасаа гарч байна. Гэхдээ цаашид үүнээс илүү боломж бололцоо байгаа гэж итгэдэг. Монгол Улсад эмэгтэй жүдо анх хөгжихөд л энэ спорт хөгжсөн. Жүдо бөхдөө хайртай, тодорхой хугацааг зориулсан болохоор энэ спортоос холдож чадаагүй л дээ. Манай охидын амжилт тасралтгүй өсч байгаа. Өнгөрсөн жил анхны дэлхийн аварга төрсөн. Энэ жил багаараа мөнгөн медаль авлаа. Миний үед цөөхөн эмэгтэйчүүд барилддаг. Хоёр, гурван тамирчин гадаад явж ганц медаль авбал авдаг, авахгүй бол хоосон ирдэг үе байсан.

-Ш.Цэвэлмаа багш та хоёрын хувьд Бразилийн олимпийн өмнөх нэгэн том шалгалтаа өглөө. Дараа жилийн дэлхийн аваргаар сүүлийн шалгалтаа өгнө. Эмэгтэйчүүдийн жингийн барилдааны талаарх дүгнэлтийг сонирхвол?
-Манай охидод дутах зүйл алга. Өөрийгөө дахиад дайчлахад л шилдэг наймд ороод ирэх боломж байна. Шилдэг наймд орсны дараагаар анхаарлаа хандуулаад барилдахад л медаль хүрэх зам нь нээлттэй байна. Бүгдээрээ л ахисан түвшинд. Өөр, өөртэй итгэж боломжоо мэдрэх шаардлагатай. Энэ тал дээр ч цаашид анхаарч ажиллана. Бэлтгэл сургуулилтын хувь дутагдах зүйл алга. Бүхий л зүйлийг холбооны зүгээс хангаж өгсөн. Тактик, барьц гээд ажиллах зүйлүүд байна.  

-Тантай мөр зэрэгцэн татамид өрсөлдөж явсан тамирчид дасгалжуулагчийн албанд шилжчихсэн үү?
-Тийм. Эмэгтэй дасгалжуулагчдын хувьд ихэнх нь манай үеийнхэн. Надтай барилдаж байсан жүдочид ч одоо байгаа учраас барилдааныг нь мэднэ. Тийм ч учраас Д.Сумъяад энэ талаар илүү зөвлөдөг байх. Мацүмато Каори, саяны дэлхийн аварга Удака гээд бүгдтэй нь барилдаж ялж,  ялагдаж байлаа. Удакаг нэг ялж байсан. Тэр хэдийг хараад саяхан л барилдаж байсан цаг санагдаад л. Гэтэл дасгалжуулагч болсноос хойш зургаан жил өнгөрчээ.  

-Азийн наадамд энэ бүрэлдэхүүнээрээ зодоглох уу?
-Тийм ээ. Тамирчид маань дэлхийн аваргад нэлээд анхаарал хандуулж бэлтгэл сургуулилт хийсэн учраас ядарчихсан байгаа. Очоод бэлтгэлд гараад Азийн наадмаа зорино доо. Өнөө өглөө би бүр нэг зүйлийг маш их гайхлаа.

-Юуг тэр вэ?
-Тэмцээний дундуур гадаа гараад жаахан алхлаа. Тэгсэн чинь бүр алхаж байгаадаа бараг гайхаад юу билээ гэж бодогдоод /инээв.сур/. Өглөө цайгаа уугаад автобусанд суугаад "Трактор" ордонд ирдэг. Тэгээд өдөржин бужигнаад шөнө болсон хойно буудалдаа ирээд л унтаад өгнө. Ингэж явсаар алхаагүй удчихаж. Нэлээд хол алхсан чинь хөөрөөд  байгаа ч юм шиг санагдаад өөрийгөө гайхлаа.

-Алхаж байгаадаа гайхах баярлах бодол төрж байгаагаас харахад танаас ядрав уу гэж асуух гэсэн асуултын минь хариулт бэлэн байлаа. Тамирчин байхдаа дасгалжуулагчийн энэ их хөдөлмөрийг хэр их мэддэг байв?
-Үнэнийг хэлэхэд тамирчин байхдаа дасгалжуулагчийн хөдөлмөрийг нэг их ойлгодоггүй байж. Одоо л бол бүр илүү яс махандаа хүртэл мэдэрч байна даа. Дасгалжуулагч болохоор зарим зүйл хүртэл өөрчлөгдчих юм. Би бэлтгэлийн үеэр хааяа барилдахаас өөрөөр тэгтлээ ширүүн барилдахгүй байгаа шүү дээ. Гэтэл жүдочдын кимоногоос хааяа барихад л гарын хумс сөрөөд явчихна. Барилдаж байхдаа ийм ширүүнийг нь огт мэдэрдэггүй л байсан.

-Бээжингийн олимпийн дараа зодог тайлж, удалгүй охинтой болж байсан. Дахиад хүүхэдтэй болсон уу?
-Хүүтэй болсон. Одоо гурван нас хүрч байна.

-Ш.Цэвэлмаа багшаас ярилцлага авч байхад манай бага охин барилдах байх. Жүдо сонирхоод байгаа юм гэж ярихдаа нүднээс нь маш их баяр хөөр харагдсан. Тамирчнаас дасгалжуулагчийн албанд шилжсэн хүний хувьд ийм бодол байгаа болов уу гэж асуух гээд?
-Жүдо өөрөө маш хэцүү спорт. Гэмтэж бэртэнэ, хувь хүнээс илүү их зүйл шаардана, олон ялалт, ялагдлын ард гарч байж амжилтанд хүрнэ. Миний хувьд хүнд спорт гэдгийг нь мэдэхгүй хар багаасаа ороод л холилдоод өдий хүрчихсэн. Би жүдо бөхдөө юунаас ч илүү хайртай. Хамгийн гол нь эрсдэл гэдэг талаасаа хэцүү гээд байгаа юм шүү, зөвөөр ойлгоорой. Амжилт гаргавал амьдралаа аваад явчихна. Амжилт гаргахгүй бол амьдралаа золиослоно. Өчнөөн тамирчин ийм замналаар явж байгаа. Охиноо бол жүдогоор барилдуулахгүй. Харин хүүгээ бол барилдаг гэж боддог. Спорт бол хатуужил өгдөг учраас хүүгээ бол дэмжинэ.

-Цаг зав гарган ярилцсан танд маш их баярлалаа?
-Та бүхэнд ч баярлалаа.

GoGo Facebook Хуудас
 
 
Өргөн хэрэглээний, нэг удаагийн гялгар уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэр гуравдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Та гялгар уутны хэрэглээгээ багасгаж эхэлсэн үү?
Нийт 1765 санал өгсөн байна.

Дээшээ