Телевизийн сэтгүүлч, цэцэрлэгийн бяцхан хүү хоёрын хооронд болсон харилцан ярианы дүрстэй бичлэг хэсэг хугацаанд олны анхаарлын төвд байлаа. “Танихгүй эгчийн дүүгийн нэрийг бяцхан хүү хэрхэн мэдэх билээ” хэмээн сэтгүүлчийн асуултад хариулж буй хэрсүү хүүг өхөөрдөх нэг нь өхөөрдөж, шүүмжлэх нэг нь шүүмжилж, тал бүрээс нь тайлбарлан мэтгэлцэв.
Цахим орчинд олон арван хүн санал сэтгэгдлээ үлдээсний олонх нь бяцхан хүүгийн хариултыг зөвтгөж, эелдэг дотноор хүүд хандсан сэтгүүлчийн мэргэжлийн ур чадварыг голсон, гоочилсон, шоглосон, зарим нь бүр дайрч доромжилсон байх юм. Өнөөдөр монголчууд бидний дунд нэгэн муу зан түгээмэл ажиглагдаад байдаг болж. Бурууг бусдаас хайдаг, буруудсанаа улам цааш түлхдэг гэм. Ихэнх нь тухайн агшин, нөхцөл байдал, үйл явдалд биеэр оролцож, нүдээр хараагүй хэрнээ үнэн бодит байдлыг огтхон ч мэдэхгүй атлаа зүгээр л бусдыг буруутгахын тулд, өөрт хамаагүй зүйлд хүртэл уур бухимдлаа гарган олон нийтийн цахим сүлжээг ашиглан хэтэрхий бүдүүлэг аашлах юм. Яг үнэндээ, өгүүлж буй бичлэгийн үеэр сэтгүүлч, мэргэжлийн болоод харьцааны алдаа огтхон ч хийгээгүй. Монгол хүн, хэдийгээр өөрийнх нь дүү биш ч өөрөөсөө дүү хүнтэй “Миний дүү” хэмээн эелдэг найрсаг харьцаж, хандан ярьдаг. Энэ бол зүгээр л энгийн аман ярианы хандсан үг. Үүгээрээ бяцхан хүүг буруутгах гэсэнгүй. Хүүг Монголд төрж өсөөгүй байж магад гэх мэт зарим нэг зөн билэгтний санааг дэмжих ч гэсэн юм биш. Гагцхүү тухайн мөчид сэтгүүлчийн хандлага, ярианы өнгө аясыг бяцхан хүү ойлгож мэдэрсэнгүй. Үүнийг хүүхдийн хэл ярианы онцлогтой холбон тайлбарлаж болно. Хүүхдийн сэтгэхүй, хэл ярианы хөгжилтэй холбоотойгоор үгийн утгыг голдуу шууд утгаар нь ойлгох бөгөөд энэ мэт хүүхдийн хэл яриатай холбоотой маш олон хөгжилтэй яриа, онигоо байдаг. Нэг жишээ дурдахад, хоёр багш ангиа сольж шалгалт авах болжээ. Урд өдөр нь ангийн багш хүүхдүүддээ анхааруулж:
-За та нар сайн бэлдээрэй, Сувдаа багш их хатуу багш шүү. Яс авна шүү гэж хэлжээ. Маргааш нь шалгалт эхлэхээс өмнө нэг хүүхэд асууж байна гэнэ:
-Багш аа!
-Аан
-Ясаа хэзээ авах юм бэ?
-Юун яс?
-Та яс авна гэсэн биз дээ гэж. Тэгтэл ангийнх нь хэд хэдэн хүүхэд яс аваад ирсэн байсан гэдэг. Бас нэг болсон явдал: манай хүү 3-4 орчим настай байсан шиг санагдаж байна. Би хүүдээ халуун цай аягалангаа, миний хүү оочоод /ундны зүйлийг багаар сорж уух/ уугаарай гэлээ. Тэгсэн хүү маань шалан дээр өнхөрснөө, ингээд ойчих юм уу, тэгвэл яаж цайгаа уух юм бэ? гэж хэлээд бөөн инээдэм болж байсан. Энэ тохиолдолд хүүхэд хоёр өөр үгийн утгыг хольж хутгаж байгаа боловч оочилж уух гэсэн үгийн тухай ойлголт мэдлэг байхгүйн улмаас өөрийн мэддэг үгээр ухааран хариу үзүүлсэн.
Ер нь хүүхдүүдийн хөгжилтэй яриануудыг сонсож байхад, үгсийн хийсвэр болон шилжсэн утгыг мэдэхгүй, шууд утгаар нь ойлгосноос үл ойлголцол үүссэн байх нь элбэг.
Бидний өгүүлж буй харилцан яриа ч энэ хүрээнд хамаарна. Сэтгүүлч яриаг эхлүүлэхийн тулд:
-Миний дүүг хэн гэдэг вэ? гэж асуусан. Бяцхан хүүгийн эргэлзээ миний дүү гэсэн үгээс эхлэлтэй. Тухайн агшинд хүү, танихгүй эгчийн дүүгийн тухай бодон хариулж байгаа нь өөртөө хандаж буй харилцагчийн ярианы өнгө аясыг ойлгохгүй байгаа нь илт байлаа. Бичлэгийг дахин нягталж үзэхэд, сэтгүүлч, нүүрийн хөдөлгөөн, харц зэргээрээ өөриймсөг, элэгсэг, дотночилж хандсан нь тод ажиглагдаж байгаа тул сэтгүүлчийг буруу асуусан хэмээн элдэв муу үгээр хараан загнаж буй хүмүүс нэгийг бодууштай. Үг бүр утгатай бөгөөд нэмэлт утга, дагалдах утга, шилжсэн утга, салаа утга гэх мэтээр хэлний хэрэглээнд маш олон хувилбартай болдог. Өдөр тутмын ярианы хэлэнд миний дүү гэсэн холбоо үг нь өгүүлэгчийн сэтгэлийн хөдөлгөөн, өнгө аяс, харьцаа хандлагыг илэрхийлдэг баймж утга буюу дотночилж хандсан найрсаг харьцааг илтгэсэн нэмэлт утгатай хэрэглэгддэгийг хүү мэдэхгүй байгаад гол учир оршино.
Хэл ярианы хөгжлийн хувьд, 5-6 настай хүүхэд өөрийн тухай энгийн үгээр бүрэн харилцан ярилцах чадвар эзэмшсэн байдаг гэж боловсрол судлалын ухаанд үздэг. Гэвч хүүхдийн амьдарч буй орчин, тухайлбал, хот болон хөдөөний ахуй амьдрал, гэр бүл, сурч хүмүүжиж буй цэцэрлэг сургуулийн орчин нөхцөл зэргээс хамаараад хүүхэд бүрийн хэл ярианы чадвар харилцан адилгүй болох нь тодорхой. Товчхондоо хүүхдийн хэл ярианы хөгжилд тухайн хүүхдийн оюун ухааны хөгжил, сэтгэн бодох чадвараас гадна танин мэдэхүй, соёлын орчин чухал нөлөөтэй билээ.
Тухайн харилцан яриа болоод санал сэтгэгдлээ бичиж, ярьж буй хүмүүсийн санал, дүгнэлт зэргээс үүдээд хамгийн түрүүнд бодогдсон зүйл бол монголчуудын ахуй соёл, нийгмийн харилцааны өөрчлөлтөөс шалтгаалж монгол ярианы хэл маш хурдацтай хувиран өөрчлөгдөж байгаа явдал юм. Нөгөө талаас харилцан ярианд харилцах орчин онцгой чухал байдгийн нэг жишээ болно. Ямар орчинд хэн, хэнтэй харьцаж байгаагаас шалтгаалаад ярианы сэдэв, үг сонголт, үгийн утгын хувирал, дуу хоолойны өнгө, өгүүлбэрийн урт богино зэрэг харилцан адилгүй байдаг.
Юуны түрүүнд олон нийтийн дунд бичгийн хэл, ярианы хэл хоёрын ялгаа заагийг мэддэг хүн улам цөөрсөөр байна. Хэзээ ч ярьж байгаа шигээ бичиж, бичиж байгаа мэт ярьдаггүй. Сүүлийн жилүүдэд энэ байдал улам даамжирч эх хэлээрээ санаа бодлоо оновчтой зөв илэрхийлэх чадвар муудсаар байгаа нь илэрхий ажиглагддаг.
Улс үндэстэн даяараа нэгэн утгаар ойлгож ухаарах тийм л хэлээр бид харилцах учиртай. Чухам ямар төрлийн найруулгаар ярьж, бичиж байгаагаас шалтгаалаад үгийн сонголт, үг давталт, үгийн хэлбэржилт, өгүүлбэрийн хэв маяг зэргээрээ харилцан адилгүй. Тухайлбал: албан бичгийн, уран зохиолын, сонин нийтлэлийн, эрдэм шинжилгээний хэл найруулга гэх мэтээр найруулгын дөрвөн төрлөөр ялгаатай байдаг. Түүнчлэн нарийн боловсруулсан зөв бичих зүйн тусгай дүрмийн дагуу бичиж, мөн бичсэнийг зөв дуудах хэм хэмжээтэй.
Харин ярианы хэл нь зарим талаар бичгийн хэлний найруулгаас ч эртний түүхтэй бөгөөд ялгарах тодорхой онцлогтой. Юуны өмнө хэлэх зүйлийг урьдчилан бэлдэж нягталдаггүй, үгийн сонголт, өгүүлбэрийн зохион байгуулалтын хувьд бичгийн хэлнийх шиг тогтсон нарийн дэс дараанд баригддаггүй, харилцан яриа зонхилдог гэх мэт онцлогийг нэрлэж болно. Эдгээрээс харилцан яриа нь албан бус чөлөөтэй харилцах орчин нөхцөл, аливаа юм үзэгдэл, үйлд хандах хандлага, үнэлгээ, сэтгэлийн хөдлөл зэргийг чөлөөтэй илэрхийлэх боломжтой байдаг. Түүнээс гадна урьдаас бэлтгэлгүй шууд нүүр тулан харилцах үед хүмүүсийн харилцааг хөнгөвчлөх, хэлний хэрэглүүрийг хэмнэх үүднээс дохио зангаа, нүүрийн хөдөлгөөн, харц зэрэг маш олон хүчин зүйлүүд нөлөөлж байдаг. Ялангуяа сэтгүүлч, сурвалжлагч зэрэг мэргэжлийн хүн бусадтай ярилцахдаа харилцаж буй хүнээ зөв үнэлж, боловсон соёлтой, эелдэг найрсаг харьцах нь чухал.
Эх хэлний эргэн тойронд өрнөж буй олон асуудалд хэлний цөөн хэдэн эрдэмтнээс гадна Монгол эх орноо гэсэн сэтгэлтэй хүн бүхэн сэтгэл зүрхээрээ нэгдэж, эх хэлээрээ уран яруу ярьж, алдаа мадаггүй, зөв сайхан найруулан бичихийн төлөө дор бүрнээ хичээн мэрийж, цаг ямагт эрэлхийлэн суралцаж байх нь зүйтэй юм.
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн
хэл шинжлэлийн тасгийн ажилтан,
доктор С.Энхжаргал