Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Жамбаажамцтай хөрөнгө оруулалтын сангийн талаар ярилцлаа.
-Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлагдсан. Хуулийг дагалдах журмууд нь батлагдсан уу?
-Өнгөрсөн онд батлагдсан энэ хуулийн ач холбогдол их. Хөрөнгийн зах зээл хөгждөггүйн гол шалтгаануудын нэг нь мэргэжлийн томоохон хөрөнгө оруулагчид байдаггүйтэй холбоотой гэж үздэг. Тэднийг бий болгох нарийвчилсан зохицуулалт бүхий гол хууль нь батлагдсан.
Энэ хуулийг дагаж гарах олон дүрэм, журам бий. Тухайлбал, хөрөнгө оруулалтын менежментийн компанийг бүртгэх, зөвшөөрөл олгох, хамтын болон хувийн хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулах, бүртгэх болон нэгж эрхээ зарахтай холбоотой гээд олон харилцааг зохицуулсан журам гарах ёстой байсан. Тэдгээр журмыг Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан байгаа. Өөр өөр хэлбэл, одоо ямар нэгэн сан байгуулахад хууль, эрх зүй, дүрэм журмын талаас бүрэн боломжтой гэсэн үг.
Хөрөнгө оруулалтын сан бас онцлогтой. Тодорхой мэргэжлийн менежментийн компани хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах учиртай. Хөрөнгөө кастодиан банкинд хадгалуулдаг, хөрөнгө оруулалтын бодлоготой байдаг. Хаалттай, нээлттэй аль ч хэлбэрээр байгуулж болно гэж хуульд тусгасан байгаа. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш хөрөнгө оруулалтын менежментийн хоёр компани Монголд тусгай зөвшөөрөл аваад байна.
-Ямар хоёр компани вэ?
-Санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг туршлагатай хоёр компани авсан. Нэг нь “Бодь инвест”. Нөгөөх нь үнэт цаасны зах зээлд олон жил ажилласан брокер, дилерийн компанийн охин компани. Одоо энэ хоёр компани сан бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Хөрөнгө оруулалтын сангууд зайлшгүй менежментийн компаниар л үүсгэн байгуулагдах ёстой.
Менежментийн компани үүссэний дараа сан байгуулна гэсэн үг л дээ. Нөгөө талаас сан байгуулахад кастодиан банкгүй байсан нь хүндрэлтэй байсан. Өнгөрсөн наймдугаар сарын 25-нд “Голомт” банк кастодианы тусгай зөвшөөрлийн эрх авсан бол энэ сарын 21-нд Худалдаа хөгжлийн банк энэ үйлчилгээг үзүүлэх эрх авсан. Тэгэхээр сан байгуулагдах дэд бүтэц бий болж, бүртгэл хийдэг газруудаа байгуулж, хууль тогтоомж, дүрэм журмууд нь батлагдсан гэсэн үг.
-Гадаадын хөрөнгө оруулагчид манай хууль, эрх зүйн орчныг сайжирсан гэж харж байгаа болов уу?
-Монголд болж буй чуулга уулзалтуудад оролцон, энэ чиглэлийн мэдээллийг хөрөнгө оруулагчдад өгч байгаа. Санхүүгийн зохицуулах хороон дээр ч гадаадын хөрөнгө оруулагчид ирж уулздаг. Тэд хөрөнгө оруулалтын сангийн бизнесийг сонирхож байгаагаа илэрхийлдэг. Мөн дотоодын үнэт цаасны томоохон компаниуд ч их сонирхож байгаа.
Тэдний сонирхлыг татаж буй нэг хөшүүрэг нь татварын асуудал. Хөрөнгө оруулалтын сангийн орлогыг татвараас чөлөөлөхөөр холбогдох хуулиудад тусгасан байгаа. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын сан аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөгдөх юм. Мөн сангийн оруулах актив буюу хөрөнгө оруулах хэрэгслүүд олон төрөлтэй байх юм. Тухайлбал, үнэт цаас, үл хөдлөх хөрөнгө, алт, таваар, гаднын болон дотоодын Засгийн газрын бонд гэсэн санхүүгийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулж болно.
-Тэд Монголд сан байгуулахыг ихээхэн сонирхож буй юм байна, тийм үү?
-Тэгэлгүй яахав. Гэхдээ манай улсын эдийн засаг, санхүүгийн нөхцөл сайнгүй байна. Сан байгуулах тусгай зөвшөөрөл бүхий менежментийн хоёр компанийн ажил нь ямар түвшинд явж байгаа вэ гэдэгт бид анхаарал тавин ажиллаж байгаа. Тэд энэ оны эцэс, эсвэл ирэх оны эхээр сангаа байгуулах болов уу. Хөрөнгө оруулалтын бодлогоо гаргаад, томоохон хөрөнгө оруулагч нартай уулзаж, бодлогын баримт бичгээ танилцуулаад явж буй тухайгаа тэд бидэнд тайлагнаж байгаа.
-Гадаад орнуудаас аль улс сонирхож байгаа бол?
-АНУ, Люксембургийн вант улсад хөрөнгө оруулалтын сан сайн хөгжсөн туршлагатай. Харин манайд сан байгуулна гэдэг нь шинэ зүйл, бидэнд хангалттай туршлага байхгүй. Монголчууд сангийн талаар төдийлэн сайн ойлголтгүй учраас мөнгөө банкинд хадгалж, үл хөдлөх хөрөнгөд оруулж байна шүү дээ.
БНСУ-ын томоохон хөрөнгө оруулагчид манайд сан байгуулахыг ихэд сонирхож байгаа юм билээ. Ерөнхийдөө сан байгуулна гэж сонирхож байсан хөрөнгө оруулагчид хүлээлтийн байдалд орчихлоо гэж хэлж болно. Тэд “Оюутолгой” төсөл хэрхэн шийдэгдэхийг харж байгаа гэж байнга илэрхийлэх болсон.
-Хөрөнгө оруулалтын сан байгуулбал хэн хэнд ашигтай вэ. Гадаадын хөрөнгө оруулалтын нэг суваг болно гэж ойлгож байгаа.
-Хөрөнгө оруулалтын мэргэжлийн том сангууд байгуулагдвал олон талын ач холбогдолтой. Хамгийн түрүүнд “доголон” бүтэцтэй байгаа манай өнөөгийн санхүүгийн зах зээлд хэрэгтэй. Бизнес эрхлэгч нар санхүүгийн эх үүсвэрээ ихэнхдээ зээлээр шийдэж байгаа.
Тэд IPO хийгээд, хувьцаагаа арилжаад хөрөнгө оруулалт босгох боломжтой гэдгийг мэднэ. Гэтэл хувьцаагаа хэнд борлуулах юм бэ, мэргэжлийн том хөрөнгө оруулагч нар манайд байхгүй гэдэг асуудал дээр очоод гацдаг. Харин урт хугацаатай санхүүгийн эх үүсвэртэй хөрөнгө оруулагч бий болбол тэдэнд хувьцаагаа зарах гэж компаниуд уралдана биз дээ. Энэ бол хамгийн чухал нь. Ямартай ч хөрөнгийн зах зээл одоогийнхоос нэг шат ахина гэж бид харж байгаа.
Нөгөөтэйгүүр, компаниудын засаглал сайжирна, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хамгаалагдана. Хуримтлал бүхий иргэд, аж ахуйн нэгжүүд хөрөнгөө санд оруулж өгөөжөө хүртэх боломж бүрдэнэ. Мэргэжлийн сан өөр олон чиглэлээр ашиг тусаа өгнө. Мөн даатгалын сангууд байна. Магадгүй цааш “мөрөөдвөл” хувийн тэтгэврийн сангууд гэж бий. Ийм сангууд байгуулагдаж байж санхүүгийн зах зээл хөгжинө.
-Хөрөнгө оруулалтын санд ажиллах мэргэжлийн боловсон хүчин манайд хэр хангалттай бол?
-Манайх хүний хөрөнгийг удирдах хөрөнгө оруулалтын менежментийн бизнесийн туршлага багатай. Гэхдээ санхүүгийн бизнес бол хүний мөнгийг удирддаг, итгэлцэл дээр явагддаг бизнес гэдгийг хэлмээр байна. Банк гэхэд хадгаламж эзэмшигчдийн мөнгийг удирддаг бол томоохон андеррайтерийн компани гэдэг юм уу, хувьцаат компаниудад бас л тэр чиглэлд туршлагатай хүмүүс бий. Тэгэхээр манай санхүүгийн зах зээлд ажиллаж байгаа хүмүүс тодорхой хэмжээнд хүний хөрөнгийг удирдах туршлага хуримтлуулсан. Олон төрлийн сангуудыг гаднын туршлагатай хүмүүс удирдах, тэднээс суралцах шаардлага үүснэ л дээ.
-“Оюутолгой”-н нэгдүгээр шатны бүтээн байгуулалтад гэхэд зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан. Манайд их хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй өөр том төслүүд бий. Хэрэв сангууд байгуулагдвал том төслүүдийг санхүүжүүлэх боломж бүрдэх үү?
-Ер нь манайд эх үүсвэрийн дутагдал их. Дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалт, уул уурхайн төслүүд, цахилгаан станц, зам, барилга гээд. Үүнд хөрөнгө оруулалтын эх үүсвэр шаардлагатай байдаг. Хэрэв хөрөнгө оруулалтын сангууд бий болоод, магадгүй барилгын томоохон төлөвлөлтүүд хийх, орон сууцны хорооллууд барихад сангууд хөрөнгө оруулбал давуу талтай. Одоо манай эх үүсвэр зөвхөн банкнаас хараат, богино хугацаатай, өртөг өндөртэй байгаа. Урт хугацаатай хөрөнгө орж ирвэл бизнес хийхэд улам л таатай болно.
-Хөрөнгө оруулалтын сангийн эерэг талыг ярилаа. Гэхдээ мөнгө угаах зэргээр ямар нэг эрсдэл бий юү?
-Мэдээж хөрөнгө оруулалтын сан эрсдэлтэй. Сангийн ач холбогдол асар их гэдгийн хажуугаар эрсдэл байлгүй яахав. Хөрөнгө оруулалтын бодлого нь бодит байдалд нийцэхгүй, эсвэл эрсдэлтэй санхүүгийн хэрэгслийг санхүүжүүлснээс ийм нөхцөл үүсэж болно. Нөгөө талаас тодорхой хэмжээний мөнгө угаах, буруу хэлбэрээр ашиглаж хөрөнгө оруулагчдад хохирол учруулахыг ч үгүйсгэхгүй.
Гэхдээ манай оронд энэ харилцааг зохицуулсан хууль тогтоомж бий, хянаж шалгадаг бүтэц ч бий. Мөнгө угаахын эсрэг хуультай. Тодорхой хэмжээнээс давсан санхүүгийн зуучлалд хяналт тавьдаг. Түүнчлэн Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль ч “боломжийн” хууль.
Санд мөнгөө оруулсан хөрөнгө оруулагч нар өөрсдөө хяналт тавина. Кастодиан банк бас зарцуулалтыг хянана. Мэргэжлийн менежерүүд хөрөнгийг удирдана гээд хяналтын олон бүтэцтэй гэсэн үг. Түүнээс бус ганцхан менежерт даатгаад, түүний гараар бүх зүйл шийдэгдэхгүй шүү дээ. Манай хуулиар бол нэгж эрх эзэмшигчид ч хөрөнгийн зарцуулалтад хяналт тавихаар зохицуулагдсан.
-Санг зөв замаар явна гэсэн итгэл муу байх шиг. Өмнөх түүх давтагдах вий гэсэн болгоомжлол байдаг?
-Хууль батлагдахад Улсын их хурлын гишүүдэд хүртэл хадгаламж зээлийн хоршоо шиг юм болчих вий, олон хүний мөнгийг хуримтлуулж тэднийг хохироох вий гэсэн болгоомжлол байсан л даа. Сан нь худал амлаж хүний мөнгийг цуглуулахгүй. Манай хөрөнгө оруулагч иргэд, аж ахуйн нэгжүүд одоо нэлээд хашир, хамаагүй юм руу хөрөнгө оруулахаа больсон. Нэлээд туршлагажсан гэх юм уу даа.
Нөгөө талаас хөрөнгө оруулагчид хамгийн түрүүнд сангийн хөрөнгө оруулалтын бодлоготой нь танилцаад, улмаар хэн удирдаж хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулахыг харж байж мөнгөө оруулах эсэхээ шийднэ. Мөнгөнийх нь найдвартай байдал, хадгалалтыг кастодиан банк хариуцна. Тэрнээс биш нэг хүн сайхан “донгодоод” хүмүүс мөнгө авчирч өгөөд, түүнийг нь үрэн таран хийгээд явдаг бизнес биш. Манай иргэд ч ийм зүйлд хууртахаа больсон гэж би боддог. Тэгэхээр манайд сан хөгжих бололцоотой. Одоо зах зээлд бүтээгдэхүүн бий болгох шаардлага бий.
-Тэтгэврийн санг хэзээ байгуулах вэ?
-Энэ асуултад чиг үүргийн хувьд би шууд хариулах боломжгүй. Гаднынхан хөрөнгөө хуримтлуулдаг. Хуримтлал бол асар чухал. Тэр хуримтлалаа компанийн хувьцаа, Засгийн газрын үнэт цаасанд байршуулахаас гадна банкинд ч хадгалуулж болно. Манайх одоогоор улсын тэтгэврийн сантай. Хувийн тэтгэврийн сантай болох чиглэлээр холбогдох байгууллагууд нь ажиллаж байгаа байх.
Дэлхийн банкнаас гэхэд Монгол дахь хувийн тэтгэврийн сангийн талаарх зохицуулалтын талаар судалж, Тэтгэврийн бодлогын шинэчлэлийн хувилбаруудыг гаргасан байсан. Тус банк Монголд тохирох ямар хувийн сангийн хэлбэрүүд байгааг судалсан юм билээ. Бас хувийн тэтгэврийн сангийн хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулагдсан гэж сонссон.
-Хоёрхон компани сан байгуулах зөвшөөрөл авсан нь чамлалттай санагдлаа?
-Мэргэжлийнхэн хууль батлагдчихвал л сангууд байгуулмаар байна гэдгээ ихээр илэрхийлж байсан ч хууль батлагдсаны дараа чимээгүй болсон. Сан байгуулах дэд бүтэц бий болгох нь байтугай одоо гадаадын хөрөнгө оруулалт асар муудсан байна. Анхны сангууд үүсгэн байгуулагдаагүй нь тооцоолсноос чамлалттай л байна. Төрийн зохицуулах байгууллага өөрсдөө сан үүсгэн байгуулж чадахгүй. Хуульд зааснаар менежментийн компани тусгай зөвшөөрөөл аваад санг нэг жилийн дотор үүсгэн байгуулах ёстой.
Нэг жилд үйл ажиллагаа явуулаагүй бол лицензийг нь хүчингүй болгох хуультай. Зөвшөөрөл авсан компани ирэх жилийн гуравдугаар сараас өмнө сангаа байгуулах ёстой. Санхүүгийн зохицуулах хороонд одоогоор хөрөнгө оруулалтын сан байгуулъя гэсэн ямар нэгэн хүсэлт албан ёсоор ирээгүй байна. Ерөнхийдөө гадаадын хөрөнгө оруулагчид “Оюутолгой”-н хоёр дахь шатны бүтээн байгуулалтын асуудал шийдэгдэхийг л харзнаад байх шиг байна.
Олон улсын үнэлгээний “Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулчихлаа. Энэ бүгд нөлөөлж байгаа. Хууль батлагдангуут хөрөнгө оруулалтын сан “гарч ирээд, цойлно” гэж байхгүй л дээ. Байгуулагдахаасаа эхлээд хөрөнгө татан төвлөрүүлэх гээд тодорхой нарийн дарааллын дагуу явагдана.
-Хөрөнгө оруулалтын сан байгуулагдахад дагаад менежмент, туршлага орж ирэх давуу талтай гэж харж байна?
-Тэгэлгүй яахав. Ихээхэн туршлага хуримтлагдана. Ер нь сангууд байгуулагдаж, томоохон активууд цуглараад, түүнийг удирдаад явбал санхүүгийн зах зээлийн олон дэд бүтэц хөгжих боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, менежментийн компаниуд бий болно, тэдгээрийг мэргэжлийн хүмүүс удирдана. Түүнийг дагаад манай боловсон хүчин сайжирна, суралцана, дотоодын кастодиан банкууд хөгжинө, хөрөнгийн биржид арилжаалагддаг санхүүгийн хэрэгслүүд нэмэгдэнэ, томоохон багцын хөрөнгө оруулалт өснө.
Ц.Болормаа